sonin.mn
Эх үрсийн баярыг угтаж залуу гэр бүл тэр дундаа ахлагч нарын төлөөллийг оролцуулахаар төлөвлөж нэлээд эрэлд гарсны эцэст Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн хорооны ахлагч, тэргүүн ахлагч Б.Эрдэнэчулууныг сонгосон юм. Ойрхон ажилладаг болохоороо гэргийд нь гэрийн эзнийг зочноор урьж, гэрт нь очиж сурвалжлага хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлбэл “Миний зүгээс татгалзах зүйлгүй. Өөртэй нь яриад шийднэ биз дээ” гэв. Юутай ч гэрийн эзэгтэйгээс зөвшөөрөл авчихсан юм чинь бараг л болчихно биз гэсэн бодол зурсхийж тэргүүн ахлагч руу залгалаа. Хэрэг зорилгоо хэлтэл жаахан цааргалангуй захирагчаасаа зөвшөөрөл авна тэгээд маргааш хариу өгье гэх нь тэр. За татгалзвал гэргий нь буюу Өнөрөө эгчээр түрий барьж гэрт нь “дайраад” орчихно доо гэж бодов. Гул барих гээд байгаа Өнөрөө буюу тэргүүн ахлагчийн гэргийг манай уншигчид андахгүй сайн мэднэ. ЦДБЭЧ-ын Сургалт, соёл хүмүүжил, марктингийн албаны дарга, хошууч Р.Өнөржаргал шүү дээ. Дөрвөн мянга гаруй тоглолт хөтөлсөн, 60 гаруй дууны шүлгээс эхлээд “Хүннү” дуурийг бичсэн гээд энэ хүний тухай элдвийг ярьж танилцуулах нь илүүц биз. Удалгүй тэргүүн ахлагч Б.Эрдэнэчулуун утасдаж, маргааш ажил тарсны дараа гэрт нь уулзахаар боллоо. Маргааш орой нь 20 цагийн орчим сурвалжлагын гол дүр маань ажлаа тараад гэртээ ирчихсэн гэж дуулгав. Хаяа нийлж шахуу амьдардаг болохоор төд удалгүй яваад очлоо. Гэрийн эзэгтэй хаалга тайлж, бид ар араасаа орж ирлээ гэсээр биднийг угтав. Жаахан оройтчихов уу даа гэвэл “Харин ч эрт байна. Бид хоёр орой 9, 10 цагийн үед л уралдаж гэртээ ирнэ. Тэрнээс ч оройтно. Худалч хүнд шөнөдөө л бараа бараагаа харах өдрүүд олон” гэж найр тавилаа. Гэрийн эзэн маань гал тогоондоо дүү нь бололтой нэгэн охинтой хоол унд бэлтгээд тун завгүй. 
 
 
Харин гэрийн эзэгтэй цэцэрлэгээсээ ирсэн охин шиг л эрхлэнгүй энд тэнд гарч даашинзныхаа хормойг дэрвүүлэн, гүйх нь халаг байх юм. Би таныг үргэлж урлагийн тайзнаа ихэмсэг, эрхэмсэг, гоёмсог байдаг хүн одоо ч галын өрөөндөө хормогчтой байгаа байх даа гэж төсөөлж орж ирсэн юм сан. Харин тэгсэн чинь “гэр хэмээх тайзан” дээрээ өнөөх янзаараа шахуу зогсож байх юм гэвэл “Өө, би чинь гал тогоо руу тэр бүр ордоггүй. Хань, охин хоёр маань л бүгдийг хийчихдэг. Та нарыг ирэх сургаар ямар жүжиг тоглох гэж байгаа биш, тийшээ очиж хоол унд гээд яах вэ. Байгаагаараа л байя. Энэ гэрт миний оролцоо тун бага. Гэрийн эзэгтэй гэж хэлэхэд хэцүү. Анхандаа ч энэ байдлаасаа ичисхийдэг байсан бол одоо ч бүр цайрсан” гэж хошигнож, хөгжөөн нэмэв. Нээрээ ч тийм бололтой. Сайн ханьтай учрах нь заяа сайтайгийн шинж гэдэг биз гэвэл “Ёстой үнэн, миний ханийг надад бурхан хайрласан гэж боддог. Цэргийн, дээр нь урлагийн гэсэн хэцүү, цаг наргүй хоёр мэргэжилтэй хүнийг ойлгож, дэмжиж, найдвартай ар тал минь болно гэдэг хэрийн хүний даах ачаа биш шүү. Ээж маань миний ханийг аавын чинь оронд бурхны илгээсэн бэлэг гэдэг” гэв. 
Хоол хийх зуураа бидний яриаг сонсох тэргүүн ахлагч маань дуугүйхэн инээмсэглэнэ. Ийм гэргийтэй болчихдог гэж яриа өдвөл “Ажил нь юм хойно, яалтай билээ. Гэрийн ажил, хоол унд гээд түүртээд байх зүйлгүй ээ. Хэн ч хийсэн яах вэ дээ. Би хоол хийх дуртай. Нэг бодлын стресс тайлах арга шүү дээ” хэмээн товчхон хариулаад бас л дуугүй болчихов. Ер нь дуу цөөнтэй гэдгийг нь мэднэ, ажлын тухай биш болохоор бүр ч ярих шинж алга. Бодлыг минь таасан юм шиг гэрийн эзэгтэй “Манай хүн нүдээрээ, би үгээр ярьдаг гэж тодорхойлж болно. Ер нь энэ хүн дуугарахгүй бол ганцаараа яриад байх жишээ олон бий. Намайг үглэхийг сонсож байгаад сандал дээрээ унтчихсан ч удаа бий. Дүү нар маань миний загнаж зэмлэхийг нэг их ойшоохгүй. Харин манай хүнийг үг хэлээгүй байхад л эмээнэ, хүндэтгэнэ. Ганц ах минь хүртэл энэ хүний талд шүү дээ. Суусныхаа дараахан бид хоёр муудалцаад, би явлаа гэсэн чинь Чука би бас явлаа гэдэг юм байна. Хаашаа гэсэн чинь агаагийнх руу гэдэг байгаа. Манай ахынхыг хэлж байхгүй юу. Бид бөөн инээдэм болоод л, дороо эвлэрсэн” гэж хошин, дүрсгүй дурсамж сэргээж хэсэг хугацаанд инээлдэцгээв. Энэ бүсгүйн араас нэлээд “гүйсэн” үү? Цэргийнхэн төдийгүй ард түмний дунд ч чамгүй танигдсан хатагтай шүү дээ гэвэл Өнөрөө хошууч “Миний хойноос нэг их гүйгээгүй ээ. Ер нь яаж танилцсанаа би ярьчихъя. Тэр нь дээр. Би чинь тухайн үед Ахлагчийн сургуулийнхантай их ойр дотно байлаа. Урлагийн үзлэг, урлаг, соёлын аливаа арга хэмжээ гээд туслана. Тийм болохоор хүндэт зочин мэт хүлээж авдаг байсан. Тэр үед Ахлагчийн сургуульд ажиллаж байсан хурандаа С.Ганбямба, хурандаа Д.Энхсайхан, дэд хурандаа Ш.Бат-Өлзий гээд бидний хэдэн нөхөд дотно үерхэнэ. Хурандаа С.Ганбямбын гэргий бол миний хуурай дүү, хурандаа Д.Энхсайханы гэргий нь дадлагын ажлаа хийхээр ирсэн миний шавь. Энэ хэд маань ханилаад суучихсан. Нэг ёсондоо би “холбогч”-ийн үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно. За тэгээд нэг өдөр сургуулиар яваад ортол үүдэнд хэдэн залуу теннис тоглож байв. Том алаг нүдтэй, дэрвийсэн урт сормуустай залуугаас теннисний цохиурыг нь гуйтал “Өгмөөргүй байна. Тоглож байна” гэдэг байгаа. Тэр дэд ахлагчаас бусад нь бол дуртай өгнө, өгдөг, өгөх ёстой мэт бодож явдаг надад бөөн цохилт болж байгаа юм чинь. Би С.Ганбямбын өрөөнд ороод “Энэ юун их зантай дэд ахлагч ирчихсэн юм бэ?” гэж бараг хашгирсан байх. Шинээр томилогдсон жагсаалын дарга байсан юм. Тэгээд л бидний эгнээнд элссэн. Манай найзууд бүгд амьтны нэрээр нэрлэгдсэн хочтой. Тухайн үед тэр дэд ахлагчийн төрсөн өдрөөр одоо манай энэ тавиур дээр байгаа хоёр зааныг бэлэглэж “Өнөөдрөөс эхэлж бидний дунд орлоо. Өөрийнхөө хочийг мэдэж ав даа” гэж хэлж байж билээ. Би хүн танихын ухаанд чамгүй суралцсан гэж өөрийгөө үнэлдэг. Гэтэл манай хүн ер нь их зантай, уншиж дуусдаггүй ном шиг. 
 
 
Анхны болзоо их сонин. 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай хүн “Бүх найзуудаа гэртээ урьсан юм. Та ирээрэй. Дөлгөөн нуурын буудал дээр 19 цагт хүлээж байя” гэсэн. Яваад очлоо, гэрт нь ортол аав, ээж, ах дүүс нь бүгд цуглачихсан, харин нэг ч найз нөхөд нь алга. Аймаар их гал түлчихсэн, хоол унд бэлдчихсэн, тэр гэр бүл тэр чигээрээ над руу хараастай. Одоо намайг долоо, найман аяга цай уусан гэж шоолдог юм. За тэгээд арай гэж гэрээс нь гараад бага дүүтэй нь хамт Сүхбаатарын талбай явсан юм. Он солигдохын өмнөхөн талбайгаас гэр гэртээ харихаар таксинд хамт суулаа. Гэтэл манай хүн шууд л “Би өөрт чинь сайн. Хамт амьдаръя” гэдэг байгаа. “Үгүй” гэвэл шинэ жил утгагүй болно. “За” гэвэл хэтэрхий хурдан зөвшөөрөх гээд байдаг. Гэвч надад удаан бодох хугацаа байгаагүй, тиймээс би “За” гэсэн. Гэхдээ хэлсэн боловч хүлээн зөвшөөрөх хүртлээ зөндөө уйлж, зовлон туулсан” гэж дурсамж задлав. Учир нь төд удалгүй ярьж чадахгүй болтлоо өвдөж, хүнд хэцүү цагийг эмнэлгийн орон дээр өнгөрөөх үед их зантай санагдсан тэр залуу өглөө бүр ажлын цаг эхлэхээс өмнө халуун хоол, цай бариад ирдэг байж. Бас ажлаа тараад ч заавал ирнэ. Энэ үед л энэ хүн миний заяаны хань мөн юм байна гэж лавтай итгэжээ.
Үүний дараа “Аавынхаа хашаанд гэр барьж өрх тусгаарласан цагаасаа л олны хөлд дарагдсан, бужигнасан айл болсон. Олон дүү нар маань манайхаас айлын бэр болж, ажил амьдралынхаа гарааг эхэлсэн. Өнөрөөгийнх аав ээжээсээ 11, манайх есүүлээ. Хаа хаанаа олуулаа өссөн болохоор олонтой байх дуртай. Ах дүүсээс гадна найз нөхөд ч олон. Зочингүй байх өдөр цөөхөн дөө” гэсэн гэрийн эзний тогтуухан яриа үргэлжилсэн юм. Залуу гэр бүлийн өмнө тулгардаг орон сууц, санхүүгийн тухай асуухад эзэгтэй “Бид хоёр олон жил гэрт амьдарсан. 300 айлын албан тушаалын орон сууцанд амьдрах эрхийг удирдлага, хамт олноосоо авчихаад хөл газар хүрэхгүй баярласан. Тэр үед хань минь энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан юм. Харин цалин мөнгөний тухайд яг үнэнээ хэлэхэд би нөхрөө хэдэн төгрөгийн цалин авдаг эсэхийг ч мэддэггүй. Авсан цалингаа нөхөртөө өгчихдөг” гэж наад асуултаа надаас холуур асуусан нь дээр гэсэн утга илэрхийлж байгаа нь тодорхой. Би ч жаахан гайхасхийтэл “Манайх олсноо олуулаа хуваагаад хэрэглэчихдэг айл. 100 төгрөгтэй явснаас 100 нөхөртэй яв гэдэг шүү дээ. Бидэнд талхны ч мөнгөгүй, танил худалдагчаасаа зээлээд явж байсан үе ч бий, хэдэн зуугаар нь олоод олонтойгоо хуваагаад явдаг үе ч бий. Мөнгө төгрөг хураагаад байдаггүй. Гэхдээ сүүлийн үед хүүгийнхээ боловсролд зориулж хуримтлал үүсгэж байгаа. Хоёр талынхаа ах дүүс дунд бид хоёр л илүү хариуцлага үүрч, хайр халамжаа түгээх ёстой гэж бодож, хичээж ирсэн. Одоо бол охин маань санхүүгээ зохицуулчихдаг болоод байгаа. Хүүхдүүд маань олуулаа бужигнаад, аливаа зүйлийг зохицуулаад сурчихсан” гэж Б.Эрдэнэчулуун онцолсон. Тэрээр аливааг болох, бүтэх талаас нь харж, эерэгээр хүлээж авахыг хичээдэг. Ер нь хүн аливаад чин сэтгэлээсээ хандаж, чадал хүрэхгүй байсан ч чадах хэмжээндээ хийхэд үр дүн, ач холбогдол нь заавал гардаг гэж ажил, амьдралдаа баримталдаг зарчмаа хуваалцсан. 
“2002-2008 он хүртэл Ахлагчийн сургуульд ажиллахдаа сонсогч нараа унтахад, өглөө сэрэхэд байж байх зарчмаар ажилладаг байсан. Жил бүр 18, 19 настай залуус элсдэг, тэднээсээ тийм гэж тодорхойлохын аргагүй эрч хүч авна. Цэрэгтэй ажиллахын жаргал зовлонг цэргийн дарга л мэдэрдэг. Өөрийгөө өөр мэргэжлээр, ондоо ажил хийнэ гэж төсөөлдөггүй” гэж ярих тэргүүн ахлагчийн яриа эрхгүй нэгийг бодогдуулна.
Бидний ярианы бас нэг сэдэв нь хүүхдийн хүмүүжлийн тухай байв. Хэл, уран зохиолын мэргэжилтнүүдийн дунд өсч хүмүүжсэн гэр бүл, ялангуяа ээжийн нөлөө хэр байдаг талаар асуухад “Нийгмээ дагаад техник, технологид суралцах, цахим ертөнцөөр аялах хэрэгцээ миний хүүд зайлшгүй шаардлагатай. Гэхдээ би хүүгээ хүн чанартай, тэр дундаа монгол хүн чанартай, монгол ухаантай болж өсөөсэй гэж, нэмээд сэтгэлдээ уянгатай эр хүн болоосой гэж хүсдэг. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Уянгын тойрог”-оос эхлээд олон шүлэг, зохиол уншиж, утгыг нь тайлбарлаж ярилцдаг. Үүнийг ойлгосон хүү минь бүсгүй хүнийг ижийтэйгээ адил хайрлана, эх нутаг, хүн ардаа хайрладаг болно. Гэхдээ энэ бүхнийг үзэж, сонсохоосоо илүү уншиж мэдрээсэй гэж хүсч, хичээдэг. Нийгмийн хөгжил, техник, технологийн шинэ эринээс хоцрох вий гэж бүү ай. Хүний хорвоо гэж хэлдэг болохоос техник, технологийн хорвоо гэдэггүй биз дээ. Бид хүүхдүүддээ гар утас, компьютер ашиглах талаар хориг тавьдаггүй. Муу зүйл биш шүү дээ. Хэл сурах, мэдээлэл авах гээд тал бүрийн ач холбогдолтой. Харин хэтэрсэн хэрэглээний хор уршгийг л ойлгуулах ёстой. Хамгийн чухал нь өөрийн гэсэн онцлог, монгол ухаанаар олонтой хөл нийлж амьдрах ёстой. Монгол ёс заншил, өв соёлд суралцах талаар бол өөр хэрэг. Ядаж сургалтын хөтөлбөрт суулгаж өгөхгүй бол монгол ахуй орчноосоо улам л холдоод байна шүү дээ” гэж хосууд үзэл бодлоо, хүүхдүүдээ хүмүүжүүлэх арга ухаанаасаа хуваалцсан. Ярилцсан сэдэв бүрийнхээ ард анхаарлын тэмдэг тавимаар санагдаж байв. Залуу гэр бүлүүд, ирээдүйн аав ээжүүд уншин нэгийг бодож, хоёрыг тунгаагаасай гэсэндээ тэр. Үнэндээ нэг их ухаалаг, дэгжин асуулт тавьж ярилцахыг хүссэнгүй. Жирийн л нэгэн залуу гэр бүлийн амьдрал, амьдрах ухаан, бие биеэ энэрэн хайрлах, бие биедээ итгэх, урам өгөх, түшиж тулах, алдаа оноогоо дэнслэх, ахиж дэвших, сурах суралцах, зовлон бэрхшээлийг давж туулах туршлага, сургамжийг л хуваалцах гэсэн юм. 
Хамгийн амар тайвныг хэрхэн яаж мэдэрдэг вэ гэж асуухад хоёулаа зэрэг шахам “Төлөвлөсөн ажлынхаа ард гарах хамгийн сайхан мэдрэмж” гэж хариулсан. Нэг нэгнийхээ үүрэг хариуцлагыг гэр бүлээрээ давхар үүрдэг. Аливаа баяр ёслолын арга хэмжээнүүдэд гэрээрээ санаа зовж, эрвийх дэрвийхээрээ бие биедээ тус болдог аж. Эхнэрийнхээ, ээжийнхээ хөтлөх арга хэмжээ, тоглолтуудын ард ёстой л нөгөө асаалттай танк шиг байж, гоёж гоодохоос эхлээд чадахаараа туслана. 
Долоодугаар сарын 10 буюу “Төрийн далбааны өдөр” бол эдний гэр бүлийн хувьд хамгийн чухал өдөр. Монгол Улс “Төрийн далбааны өдөр”-тэй болсон тэр үеэс л хошууч Р.Өнөржаргал төв талбайд тусгайлан зассан индрээс Төрийн далбаа цэлмэг тэнгэрт торох зүйлгүй мандахтай зэрэгцэн цэрэг эрс, мөрдэст бүсгүйчүүдээ бахдаж, магтаж зогсдог тэр мөч юутай ч зүйрлэшгүй сайхан байдаг нь тодорхой. Харин тэргүүн ахлагч Эрдэнэчулуун талбайн голд торгон цэргүүдтэйгээ энэ өдрийг цөөнгүй удаа угтжээ. Үүнээс гадна гэрийн эзний төрсөн өдөр тохиодог аж. Тийм болохоор хамгийн эрхэм чухал өдөр байлгүй яах вэ.
Орж ирэхдээ хоол хийж буй охины тухай цухасхан дурдаад өнгөрсөн. Дүү нь юм болов уу гэж бодсон, угтаа охин нь аж. Ааваасаа эрт өнчирч үлдсэн бидэнд ах минь аавын хайр, нөмөр нөөлөг болдог тиймдээ ч хүүдээ хань болгож өсгө дөө гэж өөдөсхөн чинээ ганц охиноо өгсөн юм. Тоодойсон жаахан охин минь одоо урлаг судлаач мэргэжил эзэмшиж, ээждээ туслаад явж байна гэж хошууч Р.Өнөржаргал миний эндүүрлийг тайлсан. Охиноо эрдэм бодовсролтой, аядуу зөөлөн, эрхэмсэг сайхан эмэгтэй, гэргий болж төлөвшөөсэй гэж хүсдэг аж. Харин хүү Э.Содбилэг нь 14 дүгээр сургуулийн 7 дугаар ангийн сурагч. Аавыгаа дуурайсан дуу цөөтэй, сурлага сахилгаар онц, шүлэг бичдэг авьяаслаг хүү. Мартсанаас гэрийн эзэн ч шүлэг найргийн талд чамгүй авьяастай гэдгийг мэдэх юм. 
Гэр бүлийн гишүүн бүр сонирхож цуглуулдаг зүйлтэй. Гэрийн эзэн аяга, эзэгтэй заан, охин нь гоёл чимэглэлийн зүйлс, харин хүү нь зоосон мөнгө цуглуулдаг. Энэ гэр бүлд бие биеийнхээ үзэл бодол, сонирхлыг хүндэтгэж, бие биедээ сэтгэл тавгүйтэх үг хэлэхгүй, доромж үгсийг огт хэрэглэхгүй байх зарчим үйлчилдэг гэнэ. Тиймдээ ч эерэг аядуу, хөөр хөгжөөнтэй орчин бүрэлддэг байх гэж бодогдсон. 
Бас нэг онцлох зүйлээ мартчих шахлаа. Гэрийн эзэн байрныхаа дизайныг өөрчилж, гал тогоо, унтлагын өрөөний тавилгаа өөрөө хийсэн гэдгийг сонсоод бараг л үнэн үү гээд асуучихаагүй. Гэргийдээ зориулж номын сан хүртэл хийж өгснийг хараад цагаахан атаа төрсөн. Үнэхээр үйлдвэрийн тавилгаас илүү гарахаар урлажээ. Бие биеийнхээ дутууг нөхөж, дундуурыг дүүргэсэн, хөдөлмөрч оюунлаг гэр бүл агаад сурах зүйл ч их байна даа гэж эрхгүй бодогдож байв. Бас нэг будилж орхисон зүйл нь аав ээж, ах дүүсийнх нь тухай. Дүүгээ хадамд гарахад, дүү минь тэмцээнээс ирээд шууд л манайд ирдэг, дүүгийнхээ жаахан охинд бид хоёр амь шүү дээ, хотын аав ээж, хөдөөний аав ээж, том ах маань гээд л тун чиг дотно ярих. Хэнийнхээ дүүг ч хэлээд байгааг, хэнийнх нь хадам хотынх, хэнийнх нь хөдөөнийх гэдгийг ялгахаа болиод нөгөө хонины найр гэдэг шиг хутгалдчихсан. Гэхдээ л их сайхан юм билээ. Гэрийн эзний хүний өөрийнх, баян ядуу гэж ялгалгүй хэнийг ч чин сэтгэлээсээ хайрлаж чадвал хайрын хариуд хайр л ирнэ гэж хэлсэн үг эрхгүй бодогдож байв.
Бидний дунд бусдыг эрхэмлэн хайрлах ухаан, хүүхэд насны хөгжилтэй дурсамж, амьдралын ээдрээ нугачаат өдрүүд, энхийг сахиулах ажиллагаа, ахлагчийн алба гээд маш олон сэдвээр яриа өрнөсөн. Мэдээж бүгдийг багтааж эс чадах тул өөрт чухал, онцлог санагдсан хэсгүүдийг сийрүүлэн бичлээ. Ярилцлагын төгсгөлд гэргий нь “Миний ханиа, хоёулаа өөрсдийнхөө тухай баахан ярьчих шиг боллоо. Туслаж дэмжиж ирсэн хүмүүсээ дурдаж баярлалаа гэж хэлэх нь зүйтэй байх” гэсэн санал гаргахад тэргүүн ахлагч “Би ч бас бодож л байлаа, энэ тухай. Нэрлэвэл барагдахгүй их жагсаалт гарах байх. Нэрлэх гэж байгаад хүн үлдээчихвэл базаахгүй хэрэг болно. Тийм болохоор биднийг гэсэн чин сэтгэлээр тусалж дэмждэг удирдлагууд, хамт олон, багш нар, анд нөхөддөө бүгдэд нь баярлаж явдгаа илэрхийлье” хэмээн тэдэндээ Эх үрсийн баярын мэндийг дэвшүүлснийг дамжуулъя. 
Цаг харвасан сум шиг өнгөрч, шөнө дунд хүрснийг ч анзаарсангүй. Ийм халуун дулаан уур амьсгалд ухаан энэрэл шингэсэн гэгээлэг, хөгжилтэй яриа сонсч, ухаарал, эерэг мэдрэмж аваагүй уджээ. Тэмдэглэлийнхээ төгсгөлд нэгэн нууцыг задлахад, тун удахгүй:
 
Хань минь, 
Уул шиг нөөлөгтэй элбэрэлд тань би
Уянгын дуу шиг эгшиглэж яваа шүү
Ээлээ өгсөн чинийхээ хайранд би 
Эрдэнийн чулуу шиг гялалзаж яваа шүү... гэсэн сайхан үгтэй дуу удахгүй мэндлэх аж. Гэргий нь ханьдаа зориулж байгаа гэсэн. Хэдий эзэнтэй ч сайн бүтээл ард түмний өмч байдаг хойно, нэгэн сайхан дуу олны сонорыг мялаах нь лавтай. Тэргүүн ахлагч Б.Эрдэнэчулууны тухайд БХИС-ийн Ахлагчийн сургуулийг инженерийн гинжит машины механикч жолооч, БХИС-ийн Иргэний боловсролын дээд сургуулийг эдийн засагч, Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг Төрийн захиргааны менежер мэргэжлээр тус тус төгссөн. ЗХЖШ-ын англи хэлний дамжаа, БХИС-ийн герман хэлний дамжааг дүүргэсэн. Үүнээс гадна ахлагчийн шат шатны дамжаа, тэр дундаа БХУА-ийн Ахлагчийн дээд дамжааг төгссөн. Сьерра Леон, Афганистан, Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай энхийг сахиулагч гэдгийг тодотгоё.
Ийнхүү Ахлагчийн сургуулийг дүүргэж, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангиас ажлын гараагаа эхлэн, Зэвсэгт хүчин гэдэг их айлаас насны ханиа олж, ажил амьдралын сайхныг мэдэрч, хийж бүтээж яваа жирийн нэгэн ахлагчийн гэр бүлийг уншигч тантай танилцууллаа.
 
 
Хошууч Х.Ганзул
Эх сурвалж: "Соёмбо" сонин