sonin.mn
Энэ удаагийн "Хувилбартай асуулт"-ын зочноор Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн захирагч, хурандаа А.Бүрнээбаатарыг урилаа.
 
Та ямар улиралд төрсөн бэ?
 
-Алтан тариа халиуран найгасан намрын улиралд төрсөн.
 
Хүүхэд насны хөгжилтэй дурсамж...
 
-Миний хүүхэд нас Зайсангийн орчим өнгөрсөн. Зунжингаа Туул голын усанд сэлж, хайрган дээр нь хэвтэж, цэлдэн хөх царайлсан хэдэн бор хөвгүүд байж билээ. Хамгийн гэнэн цайлган жаргалтай үе юм даа.
 
Таны бахархал...
 
-Энх амгалан эх орон, элэг бүтэн, эрүүл саруул үр хүүхдүүд, гэр бүлээрээ бахархдаг.
 
Хобби...
 
-Өмдний гоёмсог тэлээ тааралдвал гар татахгүй авчихдаг. Нэлээд тооны цуглуулга байгаа шүү.
 
Мөрөөдөл...
 
-Хүний мөрөөдөл хязгааргүй. Үр хүүхдүүд маань мэргэжил боловсролтой, зөв хүн болж хүмүүжээсэй гэж байнга боддог.
 
Дуртай спорт...
 
-Спортын бүх төрлийг сонирхдог, эвсэлтэй, элэгтэй. Гэхдээ дагнаж хичээллээд амжилт гаргачихсан төрөл байхгүй. Сүүлийн үед явган аялал сонирхоод байгаа.
 
Хэлэх дуртай үг?
 
-Цагийн байдлыг зөв үнэлэх хэрэгтэй.
 
Таныхаар хайр ямар өнгөтэй вэ?
 
-Тунгалаг.
 
Бурхан, чөтгөр хоёрт юу гэж захих вэ?
 
-Нүгэл, буяныг ялгаж, аливааг зөв дэнслээрэй.
 
Баярласан, уурласан үедээ...
 
-Баярласан үедээ гаднаа мэдэгдүүлэхийг хүсдэггүй.
Уурлаж бухимдах үе байлгүй яахав. Түргэн гардаг, буулт нь зөөлөн талдаа.
 
Та хэр өр нимгэн хүн бэ?
 
-Нас ахихаар илүү өрөвчхөн болдог юм шиг байна. Өөрийнхөө үр хүүхэдтэйгээ харьцуулж бодоод л өрөвдөөд байх жишээтэй.
 
Үзэн яддаг зүйл?
 
-Худлаа хэлэх, хэлсэн үгэндээ хүрэхгүй байх. Хүн ер нь “За” гэвэл “Ёогүй” л байх ёстой.
 
Эх орон гэж юу вэ?
 
-Юугаар ч сольшгүй эрдэнэ.
 
Амьдралд хар цагаан өнгө хэрхэн хослодог бол?
-Цагаан нь бараг 90 хувь байх. Тийм учраас л амьдрал тогтоод байгаа юм шүү дээ.
 
Хүндэлдэг хүн?
 
-Олон байлгүй яах вэ. Төрүүлж өсгөсөн аав, ээж, амьдралын төлөө хамтдаа зүтгэж байгаа хань, эрдэмтэн багш нар гээд хүндлэхээс аргагүй хүн маш олон.
 
“Баярлалаа” гэдэг үгийг хамгийн сүүлд хэзээ хэлсэн бэ?
 
-Тантай ярилцахаас 10 гаруйхан минутын өмнө жижүүрийн үүрэг гүйцэтгэж байгаа ахлагчдаа хэлсэн. Ер нь аль болох урмын үг хэлж, баярлаж талархсанаа илэрхийлэхийг хичээдэг.
 
Өмсөх дуртай хувцас?
 
-Чөлөөт хувцас л биед эвтэйхэн байдаг юм.
 
Дуртай хоол?
 
-Элдэв орц хачиргүй гурилтай шөл.
 
Та шүтлэгтэй юу?
 
-Байхгүйтэй адил.
 
Таны эрхэмлэдэг зан чанар?
 
-Хүнийг хэзээ ч ялгаварлаж харьцдаггүй зан чанар хамгийн эрхэм. Би өөрөө ч тийм.
 
Та баян хүн мөн үү?
 
-Өнөр өтгөн гэр бүлтэй баян хүн.
 
Таныхаар хамгийн үнэтэй зүйл юу вэ?
 
-Мэдээж эх орон, гэр бүл бол хүний амьдралын хамгийн үнэт зүйл.
 
Сүүлчийн асуулт таны мэдэлд...
 
-Хүний амьдрал баян, бас богинохон. Идэвхтэй үе нь тун богино. Иймд санаа зөв, сайхан амьдарцгаая.
 
Х.Зул
Эх сурвалж: "Соёмбо" сонин