sonin.mn
Дэлгэрийн Чойрын хийд дээр жил бүрий зуны эхэн сарын хорин тавны өдөр Майдар эргэх ёслол болдог болсны учрыг өгүүлбээс; Манай хийд урд олон жил сонгосон газаргүй тэмээгээр нүүж хурлаа хурдаг байж. Тэндээс Зава Дамдин гуай бээр Утайн Даяанч Лам, Мэргэн Шовгор Лам тэргүүтэй олон мэргэд болон Наймдугаар Богд хаанаас асуун айлтгаад Дайчин Бэйсийн Хошууны Дэлгэрцогт уулын энгэрт Гүнжаргалант шандын эхэнд Дашчойнжирлин буюу Богд хааны шагнасан алдар ЧойенОдсаллин 1918 онд байгуулснаас олноо Дэлгэрийн Чойр хэмээн алдаршсан. Хийд дээр хурал ном, сургууль дацан эхлэсэн цагаасаа Майдар эргэх ёслолыг хийж байсан тухай Зава Дамдин гуай "ЧойенОдсаллингын түүх хавар цагийн хөхөөн дуу" хэмээх сударт дурьдсан ба Майдар эргэх ёслолыг хийх болсон уг гарвал болон түүхийг "Нанхиадын Фасяан (манай эрний 337-422) ламын замын тэмдэглэл"-ийг орчуулж тайлбар хавсаргасан, түүнд Фасяан лам бээр сударт Ли орон хэмээн алдаршсан тэр үеийн Уйгар гүрэн одоогийн Дээд Монголын орноор зорчиж Энэтхэг Хутагтын орноо морилохдоо Монгол оронд Буддын шашин ихэд дэлгэрээд зарим хот балгадад хаад, хатад, ноёд түшмэд, хутагтан хуврагууд, ард олноороо Бурхадын дүр, ном судар үзэсгэлэнт морь тэргэн дээр залж ордон сүмээс хотын гудамжаар залан бүх нийтээр хүндэтгэл үзүүлэн хүжис анхилж, хивс болон торго дурдангаар чимгэлэн , залуу охид, хөвгүүд байшингийн дээрээс цэцгийн хур буулгах, элдэв хөгжмийн зэмсэг дуурсгах, бүжиг дууриал үзүүлэх тэргүүтнийг үгээр хэлэхийн аргагүй гайхамшигтай болох соёлын тухай бичсэнийг Зава Дамдин гуай тэр үеийн Монгол орноо дэлгэрсэн Их Хүрээ болон бусад хийдүүдийн Майдар эргэх ёслолтой дүйцүүлэн айлдсан байдаг. 
1937 онд Их Хүрээний сүүлчийн Майдар эргэж зүүн хойно заларч байхад Зава Дамдин гуай хэдэн шавь нарын хамт морилж очиход Хүрээ гэсгүй Гомбодо гуай бээр хүндэтгэн угтаад олонд хандаж их дуугаар "зогс!" хэмээн айлдаад Хүрээ Майдар тэр аяараа зогсоход Зава Дамдин гуай тэргэн дээр гарч Их Майдар бурханд хадаг өргөн ерөөл тавиад маш ихэд хайлсан гэдэг. Тэндээс удалгүй зуны эхэн сарын хорин тавны "Дагинасын буулттай өдөр" тэр бээр Гандангын дэнж дээрх номын өргөөндөө очир завилалаар оршиж бясалгалын агаарт жанч халсан бөгөөд шадар агч шавь нар нь тэргэн дээр залж Хүрээнээс нууцаар гарч Дэлгэрцогт уулын хүрээний баруунтаа Цамын Ус хэмээх ариун дагшин газар шарилын суварга байгуулж жинсрэг өргөх буюу Галын Бурханд өргөн чандарлахад зүрх, хэл, мэлмий гурав нь шатал үгүй нэг бөлөг мөнгөн ус мэт мэлтэгнэж байгаад шүтээн болж үлдсэн нь одоо ч буй.
Тэр цагаас хурал ном, шашин соёл хаагдсан ба 1990 оны цагаан морин жил ард түмний ариун сүсэг бишрэл болон эр зориг, эрдэм үйлсээр эрх чөлөөтөй болж хурал ном сэргэхэд Зава Дамдин гуайн отгон шавь нар болох Гэнбэл, Мятав, Даваа гуай тэргүүтэй олон өвгөн лам нар Багшийгаа дахин хийддээ морилохыг бэлгэдэж жил бүрийн зуны эхэн сарын хорин таванд Майдар эргэх ёслолоо үйлддэг болсон ажгуу.
Майдар нь Энэ Галбын Сайн Цагийн Мянган Бурханы тав дугаарх агаад Өнгөрсөн, Одоо, Ирээдүй гурван цагын Бурхадын Ирээдүй цагийн Бурхан мөн. 
Чингэвээс яагаад одоо бидний Будда Шагжамүни-ын шашны үед ирээдүй цагийн Бурханыг урин залах ёслол хийж байна вэ гэвэл, Майдар-ын гэгээн өөрөө Бодсадын дүрээр Буддагын найман ахмад шавийн нэг болж залраад Бурханы шашинд туслах үүрэгтэй бөгөөд асрахуй сэтгэлээрээ алдаршсан болохоор цөвүүн цагийн амьтанд элдэв хувилгаан дүрээр хүмүүн хийгээд адгуус ба амьтай амьгүй дор хувилан туслаж явдаг Их Бодисун ба аливаа амар амгалан, сайн сайхан, өлзий хутаг, сайн цаг, сайн төрөлхийтнийг авч ирэхийн бэлгэдэл бөгөөд ер Майдар нь Сайн цагийн бэлгэдэл болсон ажээ. 
Түүний алдрыг Тэнгэрийн хэл бээр Майдар, Төвд хэл бээр Жамба, Монголын хэл бээр Асрагч хэмээмүй.
Зава Дамдин гуай Майдар Бурханд зориулж " Хутагт Итгэл Майдарын мөргөл, тахилын уншлага амар хялбар анхааран авахуй лугаа талбисан Утга Төгс Оньст Шат хэмээх оршвой" хэмээх тэргүүтнийг айлдсан нь эдүгээ гадаад дотоод зарим хийд оронд Майдар эргэх ёслолыг түүний заавраар мянган тахил өргөх тэргүүтэй зан үйлтэй хавсаргаж үйлддэг болой. 
Бас Майдар-ын гэгээн нь Гандан буюу Түшидийн орны эзэн бөгөөд тэрхүү орноо Тэнгэрийн хан хөвгүүний ёсоор залран буй тухай "Майдар-ын орны талбил"-д тодорхой гардаг ба эдүгээ Улаанбаатар хотын төв дэхь Чойжин Ламын Сүмийн гол Занхан сүмд Майдар болон Авид Бурханы шингод буюу орны талбил эртний эрдэмт Монгол урчуудын сийлбэр, хөөмөл, хэлхэх, будах, угсрах, байгуулах тэргүүтнээр нарийвчлан гоёмсгоор бүтээсэн нь оршсоор буй. 
Манай Өндөр Гэгээн болон түүний шавь нар Майдар Бурханыг тэнгэрийн хөвүүний хэв маягтай, мөнх арван зургаан настай, хив торгон хувцадтай, эрднийн эрих зүүж орой дээрээ Бодь суврага болон чандамани эрдэнээр чимсэн, лагшин үл ялиг нахисхийн зүүн өлмий дээрээ бат зогсож баруун өлмийгөө амраасан, баруун мутараар номын хүрд эргүүлэх чагжатай, зүүн мутараа сунгаж дүүрэн рашаант хумх соёрхсон, бүтэн лянхуа, саран дэвсгэр дээр оршсоноор ихэвчлэн бүтээсэн байдаг нь гагц урлагаараа гэхэд л дэлхийн эрдэмтэн мэргэдийг гайхан бишрүүлж байдаг нь өөр хаа ч ингэж бодитой болоод нарийн төгс урлаагүйд байдаг болов уу хэмээн олон мэргэд хэлэлцдэг.
Майдар бурханы тэрэгний морь нь ногоон байдаг нь Багш нараас асуухад Язгуурын таван Бурханы Үйлсийг Бүтээгч Амугасиди лагшин нь ногоон өнгөтөй тул Их Үйлсийг бэлгэдсэн байх, өөр бас мэргэдээс асуугаарай хэмээн айлдсан юм. Бас мөхөс би эх, эцгийн нутагт очоод ногоон морь буюу ногоон зүсний морь байдгийг мэдэж авсан агаад тийм зүсний адуу энгийн үед хархад хар хүрэн мэт харагдах боловч наран ургах болон жаргахын өмнө нарны гэрлийн наагуур давхиж ирэхийг нь ажиглаваас нарны туяанд зүс нь нов ногоорон гялалзаж байхыг тэр адууны эзэн болох мэргэн ардаас сурсан юм. Тийм учир ногоон морь гэдэг нь тийм ч хийсвэр зүйл бус ажгуу.
Тэрхүү Майдарын орон Түшидын (Гандангийн) гэгээ манай Гандангийн дэнж дээр туссан учир Богд нар Гандантэгчэнлин хийдийг энэ дэнж дээр байгуулсан ба орчлонгийн хамгийн сайхан Майдар Их Хүрээнд эргэж байж дээ хэмээн эрт, эдүгээгийн мэргэдийн аман гэгээнээс сонссон агаад түүнийг дүрсэлсэн гайхамшигт Монгол зураг эдүгээ Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд залаатай буй. 
Одоо ч хүрээ хийдүүд сайн цагийг бэлгэдэн Майдар эргэх ёслол хийж сайн буян хурааж байгаа нь хүн төрөлхтний эв нэгдэл, энх тайвны төлөө хийж буй нэн гайхамшигт нэгэн их соёл болой.
2018 оны 6-р сарын 7-н буюу Бясман сарын хорин хоёрноо бичсэнээр хотол олноороо Майдарын Гэгээнтэй учрах болтугай!
 
Зава Дамдин Ринбүчи