sonin.mn
МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
–Ирэх сард МАХН Их чуулганаа хийхээр товлосон.  Их чуулганы бэлтгэл ажил өрнөж байгаа байх.  Энэ талаар яриагаа эхлэх үү?
 
– Намын бага чуулган хуралдаж, намын даргын санаачлагаар ээлжит бус Их чуулганаа товлоод байна.  МАХН-ын ээлжит бус Их чуулган ирэх сарын 7-нд болно. Намын дүрэм, хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг Улсын дээд шүүх бүртгэж аваагүйтэй холбогдуулж бид дахин хуралдаанаа хийж байгаа.
Дээд шүүх бүртгэхгүй байгаа энэ асуудал нь  Үндсэн хуулийг зөрчсөн, эсвэл улс төрийн намын хуулийг зөрчсөн зүйл огт байхгүй.   Харин хурлыг хуралдуулсан асуудлаар намын нэг, хоёр гишүүн маргаж байгаа гэсэн шалт­гаан бий.  Мөн хуралдааны тэм­дэг­лэлийг эхний хурал­даанд ирүүлээгүй гэсэн байна. Ийм шалтаг зааж манай намын дүрмийн өөрчлөлтийг  бүртгэхээс  хоёр ч удаа татгалзлаа. Энэ бол хууль бус шаард­лага юм.  Гэхдээ бид соёлтой улс төрийн хүчний хувьд шүүхийн шаардлагыг хүндэтгээд Их чуулганаа зарлаад байна. Энэ чуулганаар намын мөрийн хөтөлбөр, дүрмийн өөрчлөлтүүдийг хэлэлцэнэ. Их чуулганаа сайн бэлтгэлтэй, өндөр зохион байгуулалттайгаар явуулна
 
–Шүүхийн байгууллага хоёр ч удаа улс төржсөн шийдвэр гаргалаа гэж үзээд байна. Энэ яг ямар процесс болоод өнгөрөв?
 
-МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөр түүний нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуульд агуулгын хувьд, үг үсгийн хувьд зөрчилдөж байна уу гэдгийг Дээд шүүх хянаад бүртгэх ёстой. Харамсалтай нь энэ үүргээ биелүүлсэнгүй. Танай намын хурлын талаар нэг хоёр хүн шүүмжилж байна аа гэсэн шалтаг заагаад суух хуулийн байгууллагад харамсаж байна.  Тэр хүмүүсийг шүүх хуралдаанд зориуд оролцуулаад хэрүүл, маргаан үүсгэх юм.  Камерын өмнө, гурван шүүгчийн өмнө бүх зүйл тодорхой болсон. Зарим хүний хэлж байгаа шиг ямар нэгэн зодоон, цохион гараагүй. Энэ асуудлыг  ийм байдалд хүргэж байгаа нь  манай шүүхийн эмгэнэл юм. Ер нь сүүлийн  10-аад жил шүүх байгууллага улстөржсөн шийдвэр гаргаж байна.  Үүнээс бид салахгүй бол Монгол Улсад хууль, эрх зүй гэж байхгүй, шударга ёс гэдэг юм үгүй болно.  Одоо сүүлдээ төрийн сайд болоход тэрбум төгрөг өгдөг. Төрийн нарийн бичгийн даргад 800 сая, дэд сайдад 500 сая төгрөг төлдөг ийм  жишигтэй боллоо.    Үүнийг  засч, залруулахгүй бол, хуулийн байгууллагаа хараат бус болгохгүй бол бидэнд хөгжил гэж байхгүй. Монгол Улсын ирээдүй гэж байхгүй. Одоо бид эдийн засгийн өрөнд орчихлоо, нэг хүний нуруун дээр 20 сая төгрөгийн өр байна гэсэн судалгаа бий.  Ийм л замаар явж байгаа. Тийм учраас улс төрийн хүчнүүд, улс төрийн нэр хүнд бүхий лидерүүд тойрч суугаад ярилцах ёстой. Монгол Улс яаж хөгжих ёстой юм, эдийн засгийн хөгжлийн бодлого нь ямар байх вэ гээд.
 
–Та Монгол Улсын эдийн засгийн бодлогыг хэрхэн харж байна вэ. Бидэн ямар гарц байна вэ?
 
-Оюутолгой, Таван­толгойн гэрээний тухайд хууль зөрчсөн луйвар, хуйвалдаан, авилга хээл хахуулийн асуудал байгаа нь үнэн. Энийг шийдэж ялах ёстой юу гэвэл зөв. Гэх­дээ энүүгээр юу ч шийдэхгүй. Энэ үнэн шүү.  Хөгжлийн ямар зөв замд гарах вэ, ард түмнээ яаж эвлэлдэн нэгдүүлж ойлголцолд хүргэх вэ гэсэн энэ бодлого дээр л Монгол Улсын Ерөнхийлөгч суух ёстой.  Үндсэн хуульдаа заасан үүрэг нь шүү дээ. Түүнээс биш аль нэгэн нам дээр ач холбогдол өгч, би тэр нам бүлгийнх гэсэн байр  сууринаас хандах ёсгүй.  Манай намын боловсруулсан Шинэ Дээд үндсэн хууль бол Монгол Улсын эдийн засаг, нийгмийг гүн гүнзгий хямралаас гаргах цор ганц арга зам. 1990 оны Үндсэн хууль нь хөгжлийнхөө явцад мухардалд орлоо. Энэ олигархуудыг бий болгочихлоо. Тэгэхлээр өнөөдөр өөрчлөлт хийх ёстой. Өөрчлөлт хийх шаардлагатай гэдгийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль харууллаа. Ямар муухай бохир улс төр бизнесийн гэмт бүлэглэл төрд байгааг харж байна. Сонгуулийн хорооны цахим сүлжээг таслаад л 14  мянган хүний санал байхгүй боллоо.  Улс төр ийм л бохир болсон байна.
 
–Ер нь 2019 он гараад л сонгуулийн дайралтууд эхлэх төлөвтэй байна. Түүнээс өмнө өөрчлөлт хийж чадахгүй бол ирэх сонгууль шударга болох уу?
 
– Улс орноо энэ хямралаас гаргах нь монгол хүн бүрийн үүрэг. Зарим хүн “Надад Монголд байх хэрэг алга.  Би гадаадад гараад амьдарчихна” гэж ярьж байна. Энэ хүнд ирээдүй, үр хүүхэд гэж бий. Бид Монголынхоо  төлөө л эвлэлдэн нэгдэе. Хамаагүй энэ буруу зөрүү юм хийсэн хүмүүсийг уучилж, өршөөчихөж ч болно. Харин хөгжлийнхөө замд гарах нь хамгийн чухал байна. Шинэ Дээд үндсэн хуулиа тал талаас нь хэлэлцээд, боловсронгуй болгох санал байвал тусгаад Үндсэн хуулиа батлах нь бидний шийдэл. Энэ бохир, олигархижсан намуудаас салах ийм процесс байгаа юм. Дээр нь хүчтэй Ерөнхийлөгч ард түмнээс сонгогдоод Засгийн газраа удирдах юм бол Монгол Улс хөг­жинө. Азийн улс орнууд эрчимтэй хөгжсөн нь  Ерөн­хийлөгчийн засаг­лалтай холбоотой.  Тэгэ­хээр ийм зам руу явахад бид хөгжил олно. Дээр нь монгол хүний эрхийг бид өндөрт тавьж байгаа. Үндсэн хуулийг тахидаг, энд тэнд хадгалдаг биш. Замын цагдаа ч юм уу, нэг хүн зогсоогоод Үндсэн хуулиа нээж хараад иргэн­тэйгээ нээж харьцсан ийм эн­гийн байх нь чухал байна.  Хуримын бөгж шиг гэдэг ч юм уу, дээр үед намын батлах хадгалдаг шиг  Үндсэн хуулийг өдөр тутамд авч явж хэрэглэмээр байгаа юм.
 
–Сүүлийн үед ШХАБ-д Монгол Улс элсэн орох талаар ярьж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
 
-МАХН улс тө­рийн гурван том хүчний нэг. Өнгөрсөн Ерөн­хий­лөгчийн сонгуулиар 420 мянган хүн биднийг шууд дэмжсэн. Тэгэхлээр бид зү­гээр  нэг улс төрийн нам, тодорхой хүний нэг­дэл гэхээс илүү оюунлаг, зохион байгуулалттай, зорилготой ийм хүмүүсийг нам дотроо бэлтгэж бай­на. Намынхаа удир­дах боловсон хү­чинг бэлтгэхийн тулд  Гүйцэтгэх товчоо, нийслэл дүүрэг аймгийн мянгатын дарга нарын дунд байнгын сургалт явуулж байна.  Мөн улс төр, нийгмийн тулгамдсан бүхий л асуудлуудаар мэтгэлцээн өрнүүлж, тодорхой илтгэгч авчирч байна. Өнөөдөр аль ч намд байхгүй давуу тал  бол бид оюунлаг намыг төлөвшүүлэх гэж зүтгэж байна. Хамгийн сүүлд гэхэд бид хоёр чухал асуудлаар ярилаа. ШХАБ-д элсэх  талаар олон талаас нь олон ургальч үзлээр ярилцсан. Намайг УИХ-ын аюулгүй байдлын байнгын хорооны дарга байхад дараа нь Шадар сайд байхад  ч энэ асуудал яригдаж байсан.  Нэгэнт Монгол Улсыг тойрсон улс орнууд нэгдээд эдийн засгаа бэхжүүлэх гэж байгаа бол жинхэнэ гишүүнээр элсэх нь зөв. Бид эдийн засгийн хувьд их хоцрогдсон. Удирдлагын ухаангүй, мулгуу бодлогоос болж сүүлийн найм, есөн жил 27 тэрбум ам.долларын өрөнд орчихлоо.  Уг нь бид хоёр хөрштэйгөө зэрэгцэж хөгжих ёстой.  Гэхдээ энэ зөвхөн миний хувийн бодол шүү. Намын үндсэн тайлбар биш.  Бид ШХАБ-ын бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд улс орнуудтай түүний дотор хоёр том хөрштэйгөө эрчимтэй хөгжих ёстой.
 
–Газрын тухай хуулийн өөрчлөлтөөр гадаадын иргэнд газраа зарах заалт орж ирсэн тухай ярьж байна.  Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
 
-Энэ асуудлаар намын гишүүд мөн мэтгэлцээн зохион байгуулсан. Тодор­хой мэдээдэл авсан. Үндсэн хуульдаа  гадаадын иргэн, Монгол  Улсын харьяалалгүй хүнд газар худалдаж, өмчлүүлж болох­гүй гэж заасан. Харин  Газрын тухай хуульд үүнийг зөрчсөн  заалт оруулж ирлээ. Хотын дарга маань  “Газраа зарсан хот, нийслэл хөгждөг баян байдаг” гэж ярьж байна. Бид газраа зарсан Монгол Улс хөгжсөн бол маш эрт хөгжсөн. Газрын бүхэл бүтэн мапи бий болсон. Улаанбаатар хотыг зайгүй болтол нь зарсан.  Хэдэн арван тэрбумаар нь мөнгө хийлээ. Энэ худалдааг зогсоох асуудал бол газрын бирж мөн.  Гэхдээ энэ биржээр өмчлөлд шилжүүлэхээр бол Монгол Улсын иргэн байх ёстой. тэгэхлээр энэ гурван сая иргэддээ газраа өмчлүүлэх асууд­лаа нэгдүгээрт шийд. Хоёрдугаарт, газрыг биржээр Монгол Улсын иргэдэд худалдья. Гуравдугаарт, гадаадын иргэн хуулийн этгээдэд газрыг биржээр дамжуу­лан арилжаалж, ашиглуу­лах юм бол ашиглуулах хугацааг нь зааж өг. Тэр зориулалтыг нь зааж өг. Зөвхөн тэр нөхцөлд газрыг биржээр гадаадын иргэнд өгөх тухай асуудал байж болно. Тэгэхдээ энэ асуудал бол хугацаатай. Хонконгыг 99 жилээр үрсэн гэдэг шиг ийм зүйл байгаа. Дээр нь бүх аймаг суманд өөрчлөлт оруулсан байгаа. Тэрийг тэгж  хэрэглэх үү үгүй юу гээд. Аймаг сумын хувьд ХАА-н зориулалтаар, экологийн үйлдвэрлэл зориулалтаар газрыг бас ингэж өгч болно. Тэгэхлээр ийм нөхцөл байдлыг арилгах ёстой. Энэ чиглэлээр манайхан өөрийн ажлын хэсэг гаргаад ажиллахаар шийдвэрлэсэн. Арил­жаална, худалдана гэдэг чинь хууль өмчилнө гэсэн үг бишээ гэдгийг хуулиар зохион байгуулах хэрэгтэй. Бусад хуулиндаа цогц өөрчлөлт оруулах ёстой. Арилжаалах асуудлыг хугацаатай, зориулалттайгаар хийж болно. Монголд гадаадын компаниуд газар эзэмшиж байгаа шүү дээ. Цөөхөн хэдэн төгрөг төлөөд авсан байдаг. Дээр нь маш чухал юм байна. Улаанбаатар хотын газрыг олигарх бүлэглүүдэд зараад хэдэн арван тэрбум төгрөг завшсан юмыг өнөөдөр шийтгээд байна гэж бараг байхгүй. Туул гол, Зайсан толгой дээр барилга барьсан мөнгө өгсөн байгаашдээ. Харин энэ хуулийн өөрчлөлтөөр тэр хүмүүсээс авах мөнгийг оруулж ирэх хэрэгтэй. Тэр тусмаа биржээр аваагүй энэ газруудын асууд­лыг төлбөртэй болгох хэрэг­тэй. Алдагдаж, хохир­­сон зүйлээ нөхөх талаар зохи­цуулалтыг хийх хэ­рэгтэй. Газрын тухай хуулийн тодорхой асуудлуудыг дэмжье, улам боловсронгуй болгоё гэдэг байдлаар мэтгэлцээн бол­сон. Яг УИХ шиг манай нам улс орны өмнө тулгамд­сан  асуудлуудаар  байр сууриа тодорхойлж байгаа.
 
–МАХН-ын гишүүн З.Баян­сэлэнгэтэй холбоо­той асууд­лыг хуулийн бай­гуул­лага шалгаж байна.  Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
 
-Өнөөдөр хууль шүү­хийн байгууллага олигар­хи бүлэглэлийн гар хөл болж,  томилсон эзэндээ үйлчилж байна. Энэ тогтолцооноос салж хараат бус хууль хяналтын байгууллагатай болох хэрэгтэй.  Хууль хяналтын байгууллагын хараат бус байх энэ тогтолцоо руу бид явах зайлшгүй шаардлага  тулгарч байна. Сүүлийн хэдэн арван жил хэлмэгдүүлэлт үргэлжилж байна. Магадгүй үүнийг яг бодитоор нь аваад үзвэл 1937 онд болсон хэлмэгдүүлэлтээс дутуугүй байна. З.Баянсэлэнгэ Барилгын сайд байхдаа Монгол Улсын засгийн газрын тогтоолыг л хэрэгжүүлсэн. Тэр тогтоол  нь хоёрхон заалттай. Нэгдүгээрт “Бэрэн” группээс 223 айлын орон сууцыг худалдаж авах, хоёрдугаарт энэ 223 айлын орон сууцны худалдан авах заалтад 15 тэрбум төгрөгийг олго гэж  Сангийн сайд асан Б.Болорт даалгасан.Засгийн газрын энэ тогтоол хамтын шийдвэр байсан. Тогтоолд  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Барилгын сайд З.Баян­сэлэнгэ хоёр гарын үсэг зурсан. Энэ асуудалд 223 байрыг Бэрэнгээс өөр группээс авч, 15 тэрбум давуулан  зарцуулсан бол З.Баянсэлэнгэ буруутай. Гэтэл Сангийн яамны  шинжээч 15 тэрбумаар үнэлж энэ асуудлыг оруулж ирсэн байхад З.Баян­сэлэнгэд ийм хэрэг тохож байгаа нь улс төрийн зорилготой байна. Түүнийг зөвхөн МАХН-д харьяалагддагынх нь төлөө Н.Энхбаяр гэдэг хүнтэй ойр ажилладгийнх нь төлөө ийнхүү хэлмэгдүүлж байна. МАНАН-ын хийж байгаа захиалга. Бид шударга хүмүүсийг үүний эсрэг хамгаалан тэмцэх ёстой гэж үзэж байгаа. Шаардлагатай бол жагсаал цуглаан хийж, хууль завхруулж байгаа  байдлыг ил болгоно.
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин