sonin.mn
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хөрөнгийн зах зээл эрчимтэй хөгжиж байна. Иргэд тус салбарыг ягаан, цэнхэр тасалбараар төсөөлдөг байсан үе хэдийн улирч бизнестээ хөрөнгө оруулалт татах, мөнгөн хөрөнгөө өсгөх бас нэгэн гарц гэж харах болжээ.
 
Өнгөрсөн онд Монголын хөрөнгийн биржээр нийтдээ 860 гаруй тэрбум төгрөгийн арилжаа хийгдэж түүхэн амжилт тогтоосон бол энэ жил хамгийн олон компани шинээр болон нэмэлт үнэт цаас гаргаж, хөрөнгө оруулалт татсан жил болж байна.
 
Монголын хөрөнгийн бирж нь иргэдийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сар бүр тогтмол сургалтыг зохион байгуулж ирсэн байна. Голомт банкнаас тус ажлын цар хүрээг өргөтгөх зорилгоор Хөрөнгийн зах зээлийн сургалтын танхимыг тохижуулж 2018.06.18-ны өдөр хүлээлгэн өгөв.    
 
Танхимын нээлтийг тохиолдуулан Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, Голомт банкны гүйцэтгэх захирал, Голомт капитал ҮЦК-ийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг нар хөрөнгийн биржийн 5746 дахь удаагийн арилжааг цан цохиж эхлүүллээ.   
 
Хөрөнгийн зах зээлийн сургалтын танхимыг нээснээр хоёр байгууллага хамтран хөрөнгийн зах зээлийн төрөлжсөн сургалтуудыг зохион байгуулах юм. Тодруулбал, мэргэжлийн хөрөнгө оруулагчдад хөрөнгийн зах зээлийн судалгаа, анализийг хэрхэн хийх, зөв шийдвэр гаргахад нь туслах бол брокер дилерүүдиийн хувьд дэлхийн хөрөнгийн зах зээлийн хөгжлийн чиг хандлага, бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог зэрэгт суралцах юм.
 
Харин компанийн гүйцэтгэх удирдлагуудад хөрөнгө оруулалтыг хэрхэн татах талаар зөвлөгөө мэдээлэл өгөхөөс гадна амжилттай хөрөнгө оруулалт хийсэн компаниудын туршлагыг судлах боломжийг олгох юм байна.