sonin.mn
Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан баг Өвөрмонгол орны Хөх хот, Ордос, Баяннуур хот, Ү юань шианы Бор тохой, Дуут нуур, Хя багш дүүрэг, Чингисийн онгон, Сөнөд хошуу зэрэг газраар 2018 оны зургадугаар сарын 6-13-ны өдрүүдэд аялж энэ улсын ард иргэдийн аж амьдрал, эдийн засгийн хөгжлийн ололт амжилттай танилцсан юм.

БНХАУ-ын "Өөрчлөлт шинэчлэлт 40 жил- Нэг бүс Нэг зам Хятад дахь аялал"-ын хүрээнд зохион байгуулсан уг аяллын аян замын тэмдэглэлийн хоёр дахь цувралаар Хөх хот дахь “Бие засах газрын хувьсгал” болон хотын үзэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн талаар та бүхэндээ сонирхуулж байна.

Хүмүүний өдөр тутмын амьдралд хоол унд мэт ямагт эрэлт хэрэгцээтэй байдаг зүйл бол бие засах газар бөгөөд хүн өдөрт дор хаяж 3-5 удаа бие засах газарт орох зайлшгүй шаардлага гардаг. Тэгэхээр яах аргагүй жорлон, бие засах газрыг ая тухтай, цэвэр цэмцгэр байлгах нь хүний амьдралын салшгүй нэг хэсэг байх учиртай. Монголчууд бид энэ асуудлаа хэрхэн шийдвэрлээд байгаа билээ гэдгээ эргэн харахад, Хөх хотод хэрэгжиж буй “Бие засах газрын хувьсгал” нэгийг бодогдуулна гэдэгт би итгэлтэй байна.



Өнгөрсөн онд Хөх хотын орчин нөхцлийг иж бүрэн цогцолбороор тохижуулах төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Уг төсөл нь энэ хотын түүхэнд хамгийн их хөрөнгө оруулалт бүхий өргөн хүрээг хамарсан гэдгээрээ онцлогтой юм. Уг төслийн хүрээнд 2017 онд 25 ажил хамрагдсан бол энэ онд 41 ажил болж өргөжин Хөх хотын орчин нөхцөл эрс сайжирч, хотын өнгө төрх улам үзэмж нэмсэн байна. Хятадын бусад хотуудтай хөгжлийн өнгө төрх, цэвэр цэмцгэр байдлаараа өрсөлдөх чадавхи нь эрс дээшлэхэд уг төслийн “Бие засах газрын хувьсгал” нь онцгой чухал байр эзэлжээ.



Хөх хотод өнгөрсөн оноос энэхүү хувьсгалыг хийж, хотын зам дагуу 350-500 метрийн зайд нэг суурь, олон нийтийн бие засах газрыг нийтдээ 2070-ыг байгуулахаар төлөвлөн ажиллажээ. Харин өөрчлөн зассан буюу шинээр байгуулсан олон нийтийн бие засах газрын тоо 2017 оны эцэс гэхэд 2979-д хүрсэн бол өнөөдөр 3087 болжээ.



Эдгээр бие засах газар зүгээр нэг жорлон биш бөгөөд энд номын сан, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах хэсэг, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх хэсэг, түргэн хоол, ус хэмнэх цорго, нам, олон нийтийн үйл ажиллагааны төв, супермаркет, оффис, амрах өрөө, кафе зэрэг олон төрлийн үйлчилгээг хамтад нь бий болгожээ.



Мөн гадна орчныг нь цэцэрлэгжүүлж, иргэдийн амарч тухлан саатах газар болгон хувиргасан байна. Хотын бүх чиглэлийн автобусны буудал, дугуйн зогсоол, жорлонгийн байршлыг гар утсаараа хайж олох боломжтой хайлт системийг бий болгосон нь бас л хүндээ хүрсэн үйллчилгээ болжээ.



Энд бас дурдахгүй өнгөрч боломжгүй нэг асуудал гэвэл манай нийслэлд байдаг тоотой хэдхэн нийтийн жорлон нь үйллүүлэгчдээсээ мөнгө авдаг бол Хөх хотод төдийгүй энэ улсад бие засах газраар үйлчлүүлэхэд үнэ төлбөргүй.

Ингэж хүн бүрийн өдөр тутмын зайлшгүй хэрэглээ болсон бие засах газарт ая тухтай орчныг бүрдүүлснээр хотын өнгө үзэмж төдийгүй иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, цаг завыг хэмнэсэн зэрэг олон талын ашиг тустай газар болсон байна. Энэ туршлагыг манайд хэрэгжүүлэх юмсан.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин: ““Нийтийн бие засах газар”-ын асуудал жижиг асуудал биш, хот хөдөөгийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын гол чухал хэсэг. Аялал жуулчлалын бүс, хот сууринд төдийгүй хөдөө орон нутагт ч энэ ажлыг өрнүүлж, хөгжүүлэх стратегийн бодит ажил болгож, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал хэрэгтэй учраас энэ асуудлыг заавал шийдэх ёстой” гэж онцолжээ.

Энэ оны 11 дүгээр сар хүртэл Хятад улс даяар 60,8 мянган “Нийтийн бие засах газар” барьсан байх юм. Энэ ажлыг аялал жуулчлалын хүрээнээс тэлж хот суурин, орон нутагт хүртэл хэрэгжүүлснээр ард иргэдэд нэн таатай орчныг бүрдүүлж өгч байгаа гэдгээрээ чухал ач холбогдолтой. 



Өмнөд хөршийн хэрэгжүүлж буй энэ сайхан туршлагыг улс орондоо хэрэгжүүлэх юмсан гэсэн бодол бидний сэтгүүлчдэд өөрийн эрхгүй төрж билээ. Тиймээ, жорлон бол бидний амьдралын салшгүй хэсэг. Үүнийг бид яагаад хийж болохгүй гэж, өнөөдөр бид нийтийн бие засах газартаа “Хувьсгал” гаргах цаг болжээ.

"Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье"

Маш энгийн мэт асуудал гэж үзэх хандлагаа өөрчилж, бидний хөгжил дэвшил эндээс л эхлэх ёстой гэдгийг Хөх хотын “Талын дуу хоолой” радиогийн мэргэжилтэн, Монгол Улсын иргэн, сэтгүүлч Л.Мөнхтөр “Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье” нийтлэлдээ тодорхой өгүүлжээ.

Тэрбээр, “Монголд “Жорлонгоо өөрчилье” гэсэн хэлэлцүүлэг, сурталчилгаа хоёрын дундуур зүйл цахим ертөнцөөр аялаад, тэр аяллынхаа далбаан дор энд тэнд уулзалт, ярилцлага зохиож яваа хэсэг хүмүүст юуны өмнө талархая. Хараа дээгүүр, хамар доорхоо хардаггүй дарга нарт энэ тийм ч сонин зүйл биш байж мэднэ. Магадгүй, би тэр жорлон хавиар явдаг хүн биш гэж хамар амаа дарж мэдэх дээдэс захаас аван замаар нэг “таваргаж” явааг мэдэж л байна. Гэвч “цаас нимгэн хэдий ч чичихээс наашгүй, хүн хэдий сайн ч хэлэхээс наашгүй” гэсэн ардын үг бий. Дарга нар минь та нар сайн хүмүүс, эрдэмтэй хүмүүс. Таныг хүндэтгээд дарга болгосон. Та өөрийн сайндаа дарга болоогүй. За энэ ч яах вэ..., Дэлхийн 7 хүний нэг нь өлхөн амьдардаг Хятад гүрний том дарга Ши-жин-пин жорлон ярьсан шүү... Хятадыг эрүүлжүүлэх, соёлжуулахад жорлон ихээхэн хэрэгтэйг онцлоод тэр нь доошоо боловсон жорлон болж хөрсөн дээр бүтээгдэж байна” гэх зэргээр чухал асуудлыг олон талаас нь хөндөн бичжээ.




Түүний энэ нийтлэлд: ”Амьтны биеийг олж төрсөн л бол илүүдлээ гаргахгүйгээр яаж амьдарна даа. Бид үндэсний эрх чөлөөний хувьсгал, ардын хувьсгал, ардчилсан хувьсгал бүр наашлуулбал цагаан хувьсгал, ногоон хувьсгал гээд чамгүй олон хувьсгалын ард гарсан. Ер нь хувьсгал гэдэг үг үнэндээ “хувиргах, хурдавчилах” гэсэн утгаар л хүмүүний оюунд буудаг даа... Давын өмнө дарга нар минь дээгүүр харж, дэлхийг чимээлэхийн хажуугаар доогуур харж хөрсөн дээрээ бодлого хэрэгжүүлж, ард түмнийхээ амин хэрэгцээг хангаж, агаар хөрсний бохирдлоо үндэс уурхайгаас цэгцлээч гэж жирийн олны хүсэл сэтгэлийг дэвсэн гуйх гэсэн юм. Хүн шүтэх зүйлгүй болчихвол балмад харгис араатан лугаа л болно. Шүтлэг сүжиг хоёр л хүнийг хүний дайтай авч явдаг. Шүтээний голомт болсон Гандангаасаа энэ ажлыг эхэлвэл яасан юм бол оо...” гэсэн үгийг энд онцлон сонордуулмаар байна.



Энэ бол монгол хүн бүрийн эргэцүүлэн бодож, заавал шийдвэрлэх асуудал, ажил гэдгийг санаж, хийх цаг болжээ гэдгээр энэхүү аяллын “нийтийн бие засах газрын хувьсгал”-ын тухай сурвалжлагаа төгсгөе.

Ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнд байнгын арчилгаа чухал 

Бидний дараагийн үзэж сонирхсон зүйл бол Хятадын ард түмний цэцэрлэгжүүлэлт, ойжуулалтыг төгс төгөлдөр хийж ирсэн арвин туршлагын талаар зах цухаас нь та бүхэнд толилуулж байна.



Хөх хотын ногоон байгууламж нь үнэхээр хүний төлөө гэсэн их бүтээн байгуулалт болжээ. Тал нутгийн торгоны замын хөгжлийн түүхэнд Хөх хот чухал үүрэг гүйцэтгэж байсан зангилаа хот билээ. Энэхүү түүхээс улбаалж “Тал нутгийн торгоны зам соёлын хүрээлэн” нэртэй түүх соёлын цогцолбор цэцэрлэгт хүрээлэнг бүтээн босгожээ.



Өнөөдөр энэ цэцэрлэгт хүрээлэн хотын иргэдийн амарч зугаалах тааламжтай газар төдийгүй гадаад, дотоодын жуулчид Хөх хотын түүх соёлтой танилцах төв болоод байна. “Тал нутгийн торгоны зам соёлын хүрээлэн” нь өргөөшөө 340-380 орчим метр, уртаашаа 5,5 км үргэлжлэх бөгөөд нийт талбай нь 1 сая 200 мянган квадрат метр юм байна.

Энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтад нийт 400 сая юанийн хөрөнгө оруулсан бөгөөд хүрээлэн таван хэсгээс бүрддэг аж. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн таван хэсэг нь Чин Мин гүрний үеэс Юань гүрэн, “Монгол наадам” гэх зэргээр орчин үе хүртлэх Хөх хотын түүхэн хөгжлийг агуулсан баримал сийлбэр, ханан зураг, усан оргилуур байгууламж, хөшөө зэргээр илэрхийлсэн байна.



Хамгийн их үзэмж нэмсэн зүйл гэвэл энд төрөл бүрийн мод, ургамал, цэцэг бүхий ногоон байгууламжийг бий болгож чаджээ. 2016 оноос эхэлж жилийн дотор бүтээн байгуулсан энэ цэцэрлэгт хүрээлэнд нутгийн уур амьсгалд тохирсон 100 гаруй мод, ургамлыг тарьж ургуулсан байна.

Бас нэгэн онцлог нь цэцэрлэгт хүрээлэнгийн дээгүүр ямар цахилгаан шугам сүлжээ байхгүй бөгөөд тэр бүгдийг газрын доогуур нь байрлуулжээ. Энэ нь цэцэрлэгт хүрээлэнг илүү амьд болгож өгсөн байна.

Хөх хотын “Тал нутгийн торгоны зам соёлын хүрээлэн”-г оршин суугчдынхаа ая тухыг хангаж, гадаад, дотоодын жуулчдын очих дуртай байнгын газар болгосны цаана нь энэ цэцэрлэгийг арчилж тордох 50-60 хүн байнга ажилладаг байна.



Манайд бол ингэж арчилж, торддог байнгын үйл ажиллагаа, хараа хяналт байдаггүйгээс жил бүр л уулнаасаа мод авчирч тарина, дараа жил нь дахиад л суулгана. Нэг зуны настай өвс ногоо, мод тарьж байгаа байгаль орчныг улам доройтуулж, чамгүй их хөрөнгийг үр ашиггүй цацдаг эрх мэдэлтнүүд эргэж харж, бусдаас суралцаж ногоон байгууламжийг яаж цогцлоон байгуулж болдгийг хөрсөн дээр буулгамаар л байна.

Харин сүүлийн жилүүдэд манай жирийн иргэд, компани, байгууллагууд ногоон байгууламж, цэцэрлэгжилт, ойжуулалтын талаар нэлээд анхаарч бодит ажил болгохоор хичээж байгаа нь таатай. Цэцэрлэгт хүрээлэнг жинхэнэ утгаар нь хүний эрүүл энхийн төлөө байдаг, амарч саатах газар болгосон бодит жишээ ийнхүү бидний хөршид биелэлээ олжээ.

Эндээс бидэнд суралцах, туршлага судлан нийслэлд төдийгүй орон нутагтаа бодит ажил болгох боломж, гарц нь нээлттэй байна. Харин энэ ажилд бидний сэтгэл, зүтгэл, нэгдсэн бодлого хамгаас чухал юм.

Энэхүү цуврал замын тэмдэглэлээ энэ хүрээд түр өндөрлөе. Дараагийн цувралд сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, дэлхийд танигдсан И Ли корпорацийн үйл ажиллагаа болон  Ү юань шианы Бор тохойн Хатан голын дагуух хөдөө аж ахуй, газар тариалангийн хөгжлийн амжилт, ололтын талаар сонирхуулах болно.

Д.Өлзийсайхан