sonin.mn
“Хааны эрэлд-2018” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн Монголын талын удирдагч, бригадын генерал Л.ГАНСЭЛЭМ
 
“Хааны эрэлд-2018” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн сургуульд оролцох бүрэлдэхүүн, сургуулийн онцлогийн талаар тодруулна уу? 
 
-Монгол Улсын Зэвсэгт хүчин нь Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны сургуулийг 2003 оноос эхлэн хоёр талын сургууль хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2006 оноос олон улсын сургууль болгон өргөжүүлж, өдгөө 16 дахь жилдээ зохион байгуулж байна. Өнөө жилийн хувьд 19 орны 1600 орчим цэргийн алба хаагч оролцохоор ирсэн бөгөөд Катар Улсын салаа анх удаа оролцож байна. Мөн Бутаны Вант Улс анх удаа ажиглагчаар оролцож байгаа нь онцлог юм. Үүнээс гадна БНӨСУ-д үүрэг гүйцэтгэх VIII ээлжийн мотобуудлагын батальоноос 5 салаа оролцож байна. Ингэснээр рот, батальон, түүний штаб, удирдлагын бэлэн байдлыг хангах нэг чухал сургалт бэлтгэл болж байгаа юм. 
 
“Хааны эрэлд-2018” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль хичнээн салбар сургуулиас бүрдэж байна вэ? 
 
-Команд штабын сургууль, Ротын хамтарсан сургалт, дадлага, Салаадын тактикийн хээрийн сургууль, Чадавхийг нэмэгдүүлэх сургалт, Эмнэлэг-хүмүүнлэгийн ажиллагаа гэсэн үндсэн таван хэсэгтэй. Тодруулбал, Команд штабын сургуулиар БНӨСУ-д үүрэг гүйцэтгэх VIII ээлжийн мотобуудлагын батальоны штабын бэлтгэлийг хангах, Ротын хамтарсан сургалт, дадлагаар Команд штабын сургуулиас гаргасан шийдвэрийг тактикийн түвшинд газар оронд хэрэгжүүлэх, Монгол Улс, АНУ-ын энхийг сахиулагчдын ажиллагааны арга техник, чадавхийг нэмэгдүүлэх, Салаадын тактикийн хээрийн сургуулиар оролцогч улс орнуудын цэргийн алба хаагчдын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үед шаардагдах ажиллагааны арга техник, чадавхийг нэмэгдүүлэх зорилготой. Түүнчлэн Чадавхийг нэмэгдүүлэх сургалтаар Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын тусгай үүргийн бэлтгэлийг хангах зорилгоор усны сургалт, гар хийцийн тэсрэх төхөөрөмжөөс хамгаалах, байлдааны талбараас шархтанг татан гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалтыг явуулна. Эмнэлэг-хүмүүнлэгийн ажиллагаагаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 134 дүгээр сургуулийн материаллаг баазыг түшиглэн зорилтот бүлгийн 1000 гаруй иргэнд олон улсын цэргийн эмч нарын хамтарсан баг эрүүл мэндийн үзлэг, оношлогоо, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүллээ. Энэ нь иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, иргэдэд Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах ач холбогдолтой томоохон арга хэмжээ юм. 
 
Үндсэн сургалт, дадлагаас гадна соёл урлаг спортын арга хэмжээнүүд ч зохион байгуулагддаг шүү дээ. Энэ тухай тодруулна уу?
 
-Тийм ээ. Жил бүрийн сургуулиар оролцогч орнуудын цэргийн алба хаагчид өөрийн орны ёс заншил, өв уламжлал, онцлогийг харуулсан соёлын өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлал өнөө жил ч тасрахгүй. Энэ жилийн хувьд олон улсын соёл урлагийн наадмыг анх удаа зохион байгуулахаар төлөвлөсөн нь онцлог юм.
 
Мондэлл: МОНГОЛ ЦЭРГҮҮДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХАД УРАМТАЙ
 
“Хааны эрэлд-2018” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн АНУ-ын талын удирдагч, хурандаа МОНДЭЛЛ
 
Та монгол оронд хэд дэх удаагаа ирж байна вэ? Монголын талаарх сэтгэгдлээсээ хуваалцана уу? 
 
-Би Монгол оронд анх 2013 онд ирж байлаа. Тодруулбал, Команд штабын сургуульд батальоны захирагчаар томилогдон ажилласан юм. Мөн “Хааны эрэлд-2018” сургуулийн төгсгөлийн шатны төлөвлөлтийн хуралд ирж оролцсон. Одоо сургуульдаа оролцохоор 200 гаруй цэргийн алба хаагчийн хамтаар ирснээр 3 дахь удаагаа Монголын тал нутагт хөл тавьж байна. Монголд ирэхэд үнэхээр дотно сайхан сэтгэгдэл төрдөг. Цаг агаарын хувьд миний амьдардаг Аляска мужийн цаг агаар, уур амьсгалтай ижил учраас таатай байдаг.
 
“Хааны эрэлд” олон улсын сургуулийг Та хэрхэн дүгнэдэг вэ? 
 
-Орон орны цэргийн алба хаагчид хамтран ажиллаж, харилцан дадлага туршлага солилцон, бие биеэсээ суралцах хамгийн том боломжийг “Хааны эрэлд” сургууль бий болгодог. Жил бүр энэ сургуульд оролцдог орнуудын тоо нэмэгдэж, цар хүрээ нь улам тэлж байгааг бид бэлхнээ харж байна. Энэхүү үзүүлэлт нь тус сургуулийн үнэ цэнэ, нэр хүнд, ач холбогдлыг илэрхийлж байгаа хэрэг юм. Бид ирээдүйд юу болохыг мэдэхгүй, тийм болохоор аливаа сургалт, дадлагуудад холбоотнуудтайгаа хамтран идэвхтэй оролцож, НҮБ-ын хамтын ажиллагаанд бэлэн байх ёстой гэж ойлгож байна. 
Монгол цэргүүдийг хэрхэн үнэлдэг тухайд тань тодруулбал... 
 
-Товчхон хэлэхэд, монгол цэргүүдэд бид итгэдэг, тэднийг хүндэлдэг, хамтран ажиллахад урамтай байдаг. 
 
Баярлалаа. Танд амжилт хүсье.
 
 
 
 
Ахмад Д.Мэндбаяр
Эх сурвалж: "Соёмбо сонин"