sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр цацагдсан “60 тэрбум”-тай холбоотой асуудлаар Нээлттэй сонсгол явуулах албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлсэн. Уг асуудлыг УИХ-ын хаврын чуулган хаахаас өмнө хэлэлцүүлэхээр албан бичигт тусгасан ч өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй байна. Энэ талаар Л.Оюун-Эрдэнэ гишүүнээс тодруулав.
 
-“60 тэрбум”-тай холбоотой асуудлаар өнөөдөр Нээлттэй сонсгол явуулсангүй. Уг хэрэгт нууцын зэрэглэлтэй холбоотой асуудал байгаа тул Нээлттэй сонсгол явулаах боломжгүй гэсэн хариуг Прокурорын байгууллагаас ирүүлсэн тухай мэдээлэл тархсан. Энэ талаар?
 
-Прокурорын байгууллагаас тийм хариу ирээгүй. Нээлттэй сонсголын тухай хуулиар УИХ-ын 19 гишүүн дэмжсэн тохиолдод Нээлттэй сонсгол заавал явуулах ёстой. Үнэхээр гэм буруугүй бол АТГ, Тагнуулын байгууллага, прокурорын байгууллагаас уг хэргийг хэрхэн шалгасныг олон нийтэд нээлттэй мэдээлж, ил тод ярих хэрэгтэй. Энэ асуудлыг ярихаар зарим гишүүд УИХ шүүн таслах үйл ажиллагаа явуулах гэж байгаа мэтээр тайлбарлаж байна. Аль ч улсын парламент хянан шалгах эрхтэй байдаг. Дэлхийн 70 орчим орны парламентад “Халуун сандал” арга хэмжээ бий. Энэ нь аливаа асуудалтай холбогдсон албан тушаалтнаас мэдээлэл авч, үнэнийг нь хэлүүлж, сэтгүүлчдэд нэгдсэн тайлбар, мэдээлэл өгөх зорилготой. Манайхаар бол Нийтийн сонсголтой ижил. Монгол Улсад дуулиан тарьсан хэргүүдийн 80 хувь нь замхарч байна. Энэ жишиг үргэлжилбэл иргэдийн шүүх засаглалд итгэх итгэл суларч, хууль, хяналтын байгууллага өөрсдөө авлигын бүрэлдэхүүн хэсэг болсон гэх хардлагад хөтөлж болно. Тиймээс энэ асуудалд цэг тавих хэрэгтэй.
 
-Өчигдөр болсон МАН-ын бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцсэн байх. Ямар шийдэлд хүрсэн бэ?
 
-Бүлгийн хурлаар энэ асуудлыг олон талаас ярьсан. Нам доторх асуудлыг чуулганы хуралдааны үеэр ил тод гаргасан шалтгааны талаар ч надаас тодруулсан. Энэ асуудлыг зөвхөн намын хүрээнд харах ёсгүй гэсэн зарчмын байр суурийг би илэрхийлж байгаа. Монголын ард түмэн 2016 оны сонгуулиар УИХ-ын 65 суудлыг МАН-д өгөхдөө авлигалын хэрэгт хариуцлага тооцно гэсэн итгэл үнэмшлээр хандсан байх. Тиймээс 2020 оны сонгуулиас өмнө “60 тэрбум”, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг гадны банкинд барьцаалсан асуудал зэргийг эцэслэн шийдвэрлэх хэрэгтэй. Бид асуудлыг нээлттэй ярилцаж, манай нам дотооддоо хариуцлага тооцож, цэвэрлэж чаддаг гэдгээ нотлон харуулах нь зөв. Би Авлигалын эсрэг парламентын бүлгийн даргаар ажиллаж байгаа. Манай бүлэгт одоогийн байдлаар Ж.Батзандан, З.Нарантуяа, Ш.Раднаасэд, Х.Нямбаатар нарын 9 гишүүн ажиллаж байна. Бид “60 тэрбум”-ын хэргээс гадна “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувийг барьцаалж, “Стандарт банк”-наас их хэмжээний мөнгө зээлсэн зэрэг олон асуудлыг гаргаж тавьсан.
 
-Танд шинээр цуглуулсан баримт бий юу?
 
-Иргэдээс “60 тэрбум”-тай холбоотой мэдээллийг хүлээн авах утас ажиллуулж байгаа. Утасаар мэдээлэл өгсөн хүмүүстэй уулзаж, материалыг нь хүлээн авч байна. Энэ материалуудыг прокурорын байгууллагад шилжүүлнэ. Үндсэн хуулийн цэцэд хандах, энэ хэрэгт холбогдож, эд хөрөнгөөрөө хохирсон хүмүүсийг хамгаалах, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулах зэргээр эцэслэн шийдвэрлэх хүртэл ажиллах болно.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг