sonin.mn
НҮБ-ын мандаттай Азийн сайд нарын бага хурал эхэлж буй эдгээр өдөр Монгол Улс олон улсын анхааралын төвд байна. Тэр ч утгаараа Монголыг сонирхож, зорин ирэх өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдийн цуваа үргэлжилсээр байна. Тэр дундаа Монгол Улсын гардан зохион байгуулж буй Азийн сайд нарын бага хуралд 50 гаруй орны 3000 гаруй төлөөлөгч оролцохоор ирсэн нь манай улсын нэр хүндийг өндөрт өргөж, чуулганы цар хүрээ, үр өгөөжийг илтгэж байна гэж хэлж болно. Мөн Азийн сайд нарын бага хурлыг эх орондоо зохион байгуулах эрх авна гэдэг Монгол Улсын гамшгаас хамгаалах бодлого, эрхзүйн орчин, гамшигтай тэмцэх бодлого шинэчлэл бүс нутагтаа ямар хэмжээнд байгааг хүлээн зөвшөөрч, харуулж буй үнэлгээ гэдгийг онцлох нь зүйтэй.
Долдугаар сарын 3-6-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй дээрх өндөр дээд хэмжээний хурлыг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтран зохион байгуулж байна.
Азийн сайд нарын бага хурал нь бүс нутгийн хэмжээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гамшигтай тэмцэх чадавхыг бий болгож бэхжүүлэх зорилготой бүс нутгийн зөвлөлийн платформ гэдгээрээ онцлогтой. Мөн хурлаар гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ололт, амжилтыг бусад орнууддаа хуваалцах, зөвлөгөө өгөх, техникийн туслалцаа үзүүлэх асуудлыг зохицуулж, тулгарч байгаа бэрхшээл, асуудлыг хамтран шийдвэрлэдэг төдийгүй бүс нутгийн болон хил дамнасан гамшгийн эрсдэлийг бууруулахад манлайллаа үзүүлж, улс орон, ард иргэдэд үр дүнтэй шийдэл гаргах шинэ арга замыг нээх боломжийг олгодог.  “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах нь” уриатай энэ удаагийн хурлаар техникийн зургаа, сэдэвчилсэн найман хуралдааныг зохион байгуулж байна.
Түүнчлэн дэлхийн хамгийн их гамшигт өртөмтгий бүс нутгийн Засгийн газрын гишүүд гамшгийн хохирлыг бууруулахад гарсан ахиц, дэвшлийн талаар зөвлөлдөж, бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг хэлэлцэхээр ийнхүү чуулж буй юм.
 
АЗИЙН МАНЛАЙЛАГЧИД БОДЛОГО ТОДОРХОЙЛНО
 
 Олон улсын хурлын бас нэгэн онцлог нь Азийн манлайлагчдын уулзалт юм. Энэ нь бүс нутгийн улс төрийн манлайллын өндөр түвшний форум байх бөгөөд бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулах цаашдын бодлогын чиглэлийг тодорхойлно. Уулзалтыг Монгол Улсын Шадар сайд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын гамшгийн эрсдэ­лийг бууруулах тусгай төлөөлөгч нар даргалан явуулна. Азийн  манлайлагчдын уулзалтад Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал, Гамшгийн аюулыг бууруулах дэлхийн бага хурал, Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн платформыг өмнө нь зохион байгуулсан болон зохион байгуулах улс орны сайд, төлөөлөгчдийн тэргүүнүүд оролцох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.