sonin.mn
Өрсөлдөгч
 
(Эргэцүүлэл)
 
Монголын сэтгүүлчдийн эгнээнд наяад оноос бүл нэмж, хүч түрэн орж ирсэн шинэ үеийнхний нэлээд хэсэг нь Европын орнуудад суралцаж төгссөн, зах зээлийн нийгмийн хатуу ширүүн өрсөлдөөнийг ямар нэг хэмжээгээр мэдэрсэн, бие даасан байдлыг тэрүүхэндээ хүсэмжилсэн залуучууд байлаа. Тэдний нэг бол ОХУ-ын Ленинград хотын Улсын их сургуулийг 1983 онд төгсч ирсэн мэргэжлийн сэтгүүлч Цогсүрэнгийн Ганболд юм. Батганы хошуу багтахааргүй нүхээр шургаад орчих сүйхээтэй байрын сэргэлэн энэ бор залуу хожим ямар ч уйтгартай үйл явдлыг сурвалжлан бичиж, түүнийгээ сонин содон мэдээ мэдээлэл болгон нүдийг нь олоод олон нийтэд цацчихдаг мэдээллийн мэргэшсэн редактор, үндэсний өдөр тутмын сонины ерөнхий эрхлэгч болж тодорсон билээ. “Хөдөлмөр”, “Ил товчоо”, “Ардын эрх” сонинд сурвалжлагчаас хариуцлагатай нарийн бичгийн дарга, “Засгийн газрын мэдээ” сонины ерөнхий эрхлэгчээр ажиллаж, зах зээлийн нийгмийн эхэн үе дэх мэдээллийн хэрэгслийн менежер гэгч хэн хүний үл мэдэх албан тушаалтны цоо шинэ дүр төрхийг анх бүтээсэн юмдаг. Нэг үгээр хэлбэл, тэрээр шинэ үзэл санааг дэмжин дэлгэрүүлэгч, нийгмийг өөрчлөн шинэчлэх хувь тавилантай, бас үеийнхэнтэйгээ шударгаар өрсөлдөхүйц хор шар, авьяас билэгтэй, бусдыг уран бүтээлийн дуэльд дуудаж, өдөж хөгжөөсөн сэтгүүлч болж төлөвшсөн билээ.
1994 оны намар залуухан сэтгүүлч Ц.Ганболд Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын хэвлэлийн референтээр ажиллах болж хувьчлал хэмээх хэл амтай ч зах зээлийн үеийн зайлшгүй өөрчлөлтийг олон түмэнд хүргэх гүүр болон ажиллажээ. Өмч хувьчлалын комисст хагас жил ажиллаад Монгол Улсын Шадар сайд, Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын дарга Л.Энэбишийн зөвлөхөөр томилогдсоноор Монголын их улс төрд хөл тавив.
1996 оны зун. “Ардчилсан холбоо” эвсэл УИХ-ын сонгуульд ялж, улс төрийн залуу хүчнүүд анхны ардчилсан Засгийн газраа байгуулахдаа сэтгүүлч Ц.Ганболдыг Засгийн газрын хэвлэлийн албаны дарга бөгөөд Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр томилжээ. Үүнээс хэдхэн сарын дараа түүнийг Засгийн газрын төв хэвлэл “Засгийн газрын мэдээ” сонины Ерөнхий эрхлэгчээр хавсран томилсон байна. Ийнхүү Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч, Засгийн газрын хэвлэлийн алба, “Засгийн газрын мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч хэмээх засаг төрийн мэдээллийн гурван албан тушаал сэтгүүлч Ц.Ганболдын гарт төвлөрснөөр Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын нэгдмэл үйл ажиллагааг сурталчилсан зоригтой алхмууд хийгдэж, тэдгээрийг нийтлэлийн бодлогоор дэмжиж эхэлсэн нь М.Энхсайханы Засгийн газарт аль болох нийгмийн таатай уур амьсгал бүрдүүлж өгөхөд чухал нөлөө үзүүлсэн юм. Мэдээллийн ийм давуу тал нь улс орны эдийн засгийг үндсээр нь шинэчлэх, тухайлбал, цахилгаан, эрчим хүч, нүүрсний үнийг чөлөөлөх, өмч хувьчлалыг эрчимжүүлэхэд чиглэсэн “элгээр нь хэвтүүлээд босгох” реформын шинжтэй хатуу бодлогыг иргэдийн нуруунд зөөллөж буулгахад өдөн жийргэвч болж байлаа.
Гэсэн хэдий ч эрх баригч улс төрийн шинэ хүчнээс авч хэрэгжүүлсэн “элгээр нь хэвтүүлээд босгох” эдийн засгийн хатуу ширүүн бодлого нь тухайн үеийн парламентын олонхи болон Засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцэх нэн хүчтэй давалгааг нийгэмд үүсгэж хуримтлуулсаар байв. МАН-ын төв хэвлэл “Үнэн” сониноор олон жил овоглож явсан нийтлэлчийн хувьд би энэ үеийн эрх баригчдын хатуу ширүүн бодлогын дүнд буй болж буй ядуурал, гэмт хэргийн өсөлтийн учир начирыг гарган тавьж, шүүмжлэх үйл явцыг эрчимжүүлэхээс аргагүйд хүрч билээ. Төрийн байгууллага, хувийн хэвшлийнхэн ч цалин, тэтгэврээ цаг хугацаанд нь тавьж олгож чадахгүйд хүрч, санхүү мөнгөний хямралын шинж улс орны эдийн засагт илэрч эхэллээ. Ийм хүнд нөхцөлд “Засгийн газрын мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч Ц.Ганболдын санаачилсан татвар төлөгчдийн үйл ажиллагааг дэмжсэн өвөрмөц сурталчилгаа тухайн үеийн төсвийн орлогыг нэмэгдүүлж, зарлагыг дорвитой буулгахад ардчилсан Засгийн газарт бодитой тус дэм үзүүлсэн гэж би судлаачийн хувьд одоо ч үздэг юм. Төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж буй татвар төлөгчдийн үйл ажиллагааг сурталчлах, ажлын үр дүнг нийтэд мэдээлэх, татвар төлөлтийн байдлаар нь байр эзлүүлж урамшуулах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг сонины редакц хийж үр дүнд хүргэж болдгийг Ц.Ганболд нотлон харуулсан нь ерээд оны шинэ үзэгдэл болсон юм. Мэдээллийн хэрэгслийн зохион байгуулах чиг үүргийг одоо хэр нь хэн ч үл тоож, гагцхүү мэдээлэл, сурталчилгааны үйл ажиллагаагаар хязгаарласан хэвээр байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь нийгмийн асуудлыг ч амжилттай шийдвэрлэж болдгийг харуулсан зах зээлийн үеийн сонины анхны эрхлэгчийн нэг бол Ц.Ганболд юм. Тэрээр монголчууд Японд гэрээт ажил хийж, хэд гурван төгрөг цуглуулж, амьдрал ахуйгаа өөд татахаас илүүтэй хоёр орны хамтын ажиллагааг хүмүүнлэгийн суурь дээр хөгжүүлэх боломж байгааг нотолж билээ. Осолд орж дөрвөн мөчөө алдсан хөдөөгийн нэгэн залуугийн амьдралыг “Засгийн газрын мэдээ” сонины хэлтсийн дарга Т.Оюунбилэг сурвалжлан, түүнийг нь сониных нь редакц дэмжиж, улмаар Японы компани бүх зардлыг нь дааж, тэндхийн өндөр мэргэжлийн эмч нарын тусламж дэмжлэгээр монгол залууг хөл дээр нь босгосон юм. Энэ бол “Засгийн газрын мэдээ” сонины мэдээ, мэдээлэлд олон нийтийн анхаарлыг хандуулж, иргэн, сонины хэлхээ холбоог олон түмэнд хүргэж чадсан шинэ маягийн мэдээллийн өвөрмөц менежмент байлаа. Мэдээллийн чадварлаг, туршлагатай менежерээс гарах ийм ур чадварыг тэр үед л Цогсүрэнгийн Ганболд гаргаж, анх удаа Монголын сэтгүүлзүйн практикт хэрэгжүүлсэн хэрэг.
Ардчилсан Засгийн газрын анхны Ерөнхий сайд М.Энхсайханыг улс төрийн учир шалтгаанаар огцроход Ц.Ганболд албан тушаалаасаа чөлөөлөгдөв. Гэвч тэрээр Ардчилсан нам 2000 оны УИХ-ын сонгуулиар ганцхан суудал авч Ж.Наранцацралт сонгогдоход парламент дахь цөөнхийн хэвлэлийн төлөөлөгч, түүнээс 16 жилийн дараа АН-ын сүүлчийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллажээ. Монгол Улсын гурван Ерөнхий сайдад ойр ажилласан Ц.Ганболдын арга барил ч гурван янз байсан. Ерээд оны сүүлчээр Ж.Наранцацралтын Засгийн газрын үед гуравхан сарын хугацаанд Үндэсний телевизийн мэдээллийн “Монголын мэдээ” агентлагийн захирлаар ажиллахдаа, “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн чанарыг сайжруулж чадсан юмдаг. Тэрээр телевизийн баримтат киноны төрөлд хүч сорьж “Оюун санааны хөтөч”, “Е паспорттай Монгол”, “Үүрд хадгалсугай…”, “Алсын хараа”, “Босоо бичиг, босоо заяа”, “Төрийн зохицуулагч” зэрэг Ардчилсан шинэтгэлийг эхлүүлэгчдийн талаархи 11 цуврал баримтат кино, “Эзэн Чингис эргэн ирлээ”, “Догшин хар сүлдний нууц” зэрэг бүрэн хэмжээний баримтат кино бүтээлцсэн нь Монголын телевизийн сэтгүүл зүйг шинэ төрөл, жанраар баяжуулжээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвлөхөөр хүчин зүтгэх хувь тохиосон сэтгүүлч Ц.Ганболд ажлаа хүлээн авангуутаа л “нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг” хэмээн зарлан гарч ирсэн ардчиллын сүүлчийн Ерөнхий сайдын хэвлэлийн гал тогоог зангидаж, хоёрхон сарын туршид чардайгаад УИХ-ын сонгуультай золгож эцэстээ Ардчилсан намын дотоод зөрчлийн улмаас Засгийн газар нь унасан. Үнэндээ бол, энэ богино хугацаанд сэтгүүлч Ц.Ганболдын тоглолт улс төрийн мэдээллийн салбарт гарч амжаагүй, тийм боломжийг тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал түүнд олгоогүй юм. Ямартай ч 2016 онд өрнөсөн улс төрийн амьдрал нийгмийн хөгжлийн хууль, зүй тогтлынхоо дагуу дүрэлзэж, үйл явдал болоод өнгөрсөн.
Сэтгүүлч, судлаачийн хувьд би түүнтэй гучин жилийн турш сэтгүүл зүйн салбарт бүтээл туурвил, ажил үйлсээрээ уралдаж ирсэн нэг ёсны уран бүтээлийн болон улс төрийн нийтлэлийн өрсөлдөгч нь байлаа. Сэтгүүлчид өөрийн итгэл үнэмшил, намын харьяаллаасаа хамаарч нэг голын хоёр өөр эрэгт бууж морддог хэдий ч өөр хоорондоо хайр найргүй хатуу ширүүн өрсөлдөн “тулалдахын цагт” мэргэжлийн ёс зүйн хүрээнээс хальж гардаггүй шударга ёсны дэг жаяг сэтгүүлч бидний ухаан бодол, зан чанарыг үг дуугүй захирч ирсэн юм. Өрсөлдөнө гэдэг үг, үйлдлийг сөрнө гэсэн үг биш. Хошуугаа худалдах тухай ойлголт ор мөргүй байлаа. Тэгээд ч нэг нь нөгөөгөө гүтгэж доромжлох, утга учиргүй тэмцэлдэн маргалдах, эрэгчин, эмэгчнээ үзэх гэж бие бие рүүгээ дайрч давшлахыг бид тэвчдэггүй байлаа. Эвлэрэх ч бай, хагарах ч бай, өрсөлдөгчийнхөө давуу тал, эерэг чанарыг олж харж, бие биенээсээ суралцах нь бидний үеийн сэтгүүлчдийн ёс жудаг байлаа. Бид хоёрын туулсан зам, зорьсон үйлсэд ижил төстэй зүйл, эрс ялгаатай юм ч ийн олон таарна. МАН-ын төв хэвлэл “Үнэн” сонины сурвалжлагчаас УИХ-ын таван даргын зөвлөх, хэвлэлийн төлөөлөгчийн ажил үүргийг олон жил би гүйцэтгэсэн бол Ц.Ганболд соцдекийн угшилтай АН-ын сэтгүүлчээс гурван Ерөнхий сайдын зөвлөх, хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллажээ. Ийн дурдахын учир нь засгийн эрхийг ээлж дараалан барьсан МАН-аас ч бай, АН-аас ч бай төрийн улс төрийн албан тушаалд томилогдож сонгогдсон сэтгүүлчид төрийн байгууллага, гүйцэтгэх засаглалыг олон түмэнд ойртуулж дотносуулдаг хэвлэл мэдээллийн алба, олон нийттэй харилцах хэлтэс зэрэг төрийн ил тод бүтцийг буй болгож төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцолж хэлэхийг хүссэн юм. Ер нь Цогсүрэнгийн Ганболд шиг улс төрийн сэтгүүлзүйгээр мэргэшсэн төрийн албан хаагчдын шинэ давхарга үүсч хөгжсөнөөр Монголын сэтгүүлчдийн армийн бүтцэд чанарын өөрчлөлтийг авчирсан билээ. Ялангуяа хэвлэлийн төлөөлөгч, хэвлэлийн нарийн бичгийн дарга, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөх зэрэг төрийн албан хаагчийн гүйцэтгэх чиг үүрэг, тэдний дүр төрх, анхны загварыг биеэр үлгэрлэсэн улс төрийн сэтгүүлчдийн “бэлчээр” том байлаа. Тэдний гаргасан энэ л жишиг жаягаар яам, агентлаг, орон нутгийн засаг даргын тамгын газрууд, мөн бизнесийн байгууллагууд бүгд мэдээллийн сүлжээнд холбогдсон юм.
Авьяаслаг, чадварлаг уран бүтээлчид өөртөө эрдэж билэг танхай байдагчлан сэтгүүлч Ц.Ганболд дэндүү бардам нийтлэлч юм. Түүнээсээ болоод Цогсүрэнгийн хүү халуун нурман цог дээр хөл нүцгэн давхиад орчихсон юм шиг шөрмөс заасан, мөн ганцаардсан өдрүүд олон тохиосон. Тэрээр М.Энхсайханы Засгийн газар огцорсон учир шалтгааныг эргэцүүлж, Ардчилсан хүчний дотоод зөрчил, тэмцлийн тухай үнэнийг дэлгэсэн ном бичээд золиосонд явсан удаатай. Уг ном бичлэгийн чанар, ур чадварын хувьд мэргэжлийн өндөр түвшинд бичигдсэн хэдий ч агуулгын хувьд зарим улс төрчдөд таалагдаагүй тул нэг хэсэг золионд байхаас аргагүйд хүргэсэн болов уу. Тэгээд ч өөрийн журмын нөхдийнхөө зуултад орж, улс төрийн золиосонд унах нь “боорцог зурж, бор ходоодоо хуурах”-аас ч илүү тамтай, бас эгдүүтэй, мөн хорлонтой. Хилэн дүрэлзэн бадрахаас өөрийг эс авчирна. Уг нь шүүмжийг амны зугаа болгох гэж бичдэггүй. Найз нөхдөө засах гэж, ажил үйлсийг нь сайжруулах гэж, дарга лидерүүдийг ухааруулах гэж, журмын нөхдийнхөө эв түнжинг сахиулах гэж, амьдарч буй нийгмээ хөгжүүлэх гэж л “Ардчилсан холбоо” эвслийн анхны Засгийн газрыг огцруулсан “хор”-ыг дэнсэлж шүүмжлээд өөрөө адлагдана гэж төсөөлөөгүй гэнэн хонгор явсан үе түүнд бий.
Гэхдээ Ц.Ганболдын хувьд дандаа ингэж цаг хугацаанд хавчигдсан, өөрийн намын улс төрийн лидерт адлагдсан, эв нэгдлийн бэлгэ тэмдэгт “гологдсон” азгүй нэгэн байгаагүй. Харин ч даравч дардайдаг чадварлаг нэгэн гэдгээ нотолж, асар богино хугацаанд очсон байгууллага бүрийнхээ жирийн ажилтнаас нийтлэлийн бодлого тодорхойлогч болон хувирдаг төрийн мэдээллийн чадварлаг зүтгэлтэн, цаг хугацаатай өрсөлдөж уралдсан цөстэй, хор шартай, элдүүр нь ханасан оюуны бизнесийн менежер болж төлөвшсөн аж.
Монголын сэтгүүлзүйд ил тод байдал, олон ургальч үзлийг төлөвшүүлэхэд чамгүй хувь нэмэр оруулсан энэ авьяаслаг менежерийн нэг томоохон оролцоо нь Ж.Соросын Нээлттэй нийгэм хүрээлэнгийн санхүүжилтээр 2004-2006 онд Монголд хэрэгжүүлсэн “Форум” телевизийн ток шоу нэвтрүүлгийн хөтөлбөр юм. 60 минутын хугацаатай, шууд эфирт нэвтэрдэг анхны томоохон энэ хөтөлбөр Монголын нийгмийг ардчилж, ил тод болгоход шинэ загвар болсныг өнөөдөр хэн хүнгүй хүлээн зөвшөөрөх байх. Эдүгээ нийслэлд 70 гаруй телевизийн суваг ажиллаж, бүгд нээлттэй хэлэлцүүлэг хийдэг болсон ч “Форум”-ыг гүйцсэн нэвтрүүлэг одоо хэр гарсангүй. Энэ хөтөлбөрийн хөтлөгч Д.Энхбат “форум”-ын ачаар олонд танигдаж, 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож билээ.
Ная ерээд оноос монголын сэтгүүл зүйн салбарт цахиур хагалж тодорсон нэрт сэтгүүлч Ц.Балдорж, нийтлэлч Б.Баабар, фельетонч Б.Цэнддоо, ажиглагч, шинжээч Д.Цэрэнжав нартай нэгэн үеийн, ойролцоо зиндааны сэтгүүлч, уран бүтээлч Цогсүрэнгийн Ганболд уншигч олон түмний нэгэн хэвийн санаа бодлыг өөрчлөх гэж зүрх сэтгэлээ чагнаж, сэтгүүлзүйн бичлэгийн төрөл зүйлийг шинэ жанраар баяжуулж, оюуны бизнест шинэ менежментийг нэвтрүүлэх, төрийн хэвлэл мэдээллийн албыг бэхжүүлэхэд ухаан бодлоо дундалж ирсэнд түүний бүтээлч амьдралын утга учир, билэг оюуны нь үнэ цэнэ оршиж байгаа болов уу. Энэ нь мөн чанартаа Монголын нийгмийн нэгэн хэвийн сэтгэлгээг эвдэж, залуу үеийнхнийг олон өнцгөөс харж, бодож, сэтгэж сурах, тэдний чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэхэд үнэлж баршгүй нөлөө үзүүлсэн гэдэгт маргахад бэрх биз. Тэгээд ч түүхэн цаг үе чухамдаа бидний үеийнхэнд ийм үүрэг ногдуулсныг хувь тавилан хэмээн хүлээж авч, өөр өөрийнхөөрөө хэрэгжүүлсэн юм. Өөрөөр хэлбэл Цогсүрэнгийн Ганболдыг мэдээллийн ил тод байдал, сонины нийтлэл, телевизийн нэвтрүүлэг, баримтат киноны урлаг, хэвлэлийн маркетинг, оюуны бизнесийн соёлыг Монголын уламжлалтай хослуулж, орчин цагийн улс төрийн сэтгэлгээний хөгжлийн нэгэн шинэ үеийг бидэнтэй хамт тавьсан хувьтай сэтгүүлч, чөлөөт сэтгэгчдийн эхний цувааг яахын аргагүй өнгөлж чадсан сэтгүүлзүйн төлөөлөл гэж хэлэхгүй юм бол өөр хэнийг хэлэх билээ.
 
 
Доктор, судлаач Дугарсүрэнгийн БАТМӨНХ