sonin.mn
МАХН-аас  Дээд хуулийн уулзалт, хэлэлцүүлгийг говийн бүсийн гурван аймагт хийлээ. Ажлын хэсэгт  тус намын дарга,  Монгол Улсын гурав дахь  Ерөнхийлөгч  Н.Энхбаяр, намын дэд дарга С.Ганбаатар,  Ц. Оюунбаатар, гавьяат хуульч Ц.Шаравдорж тэргүүтэй Гүйцэтгэх товчоо, Бага чуулганы гишүүд оролцсон юм.
Ажлын хэсэг   Дундговь,  Өмнөговь, Говьсүмбэр аймгаас гадна  Ханбогд, Цогтцэций, Хатанбулаг, Хөвсгөл  суманд  ажиллав.   Говийн аймгуудаар зуншлага  тааруу хан, бороо хур муутайн дээр байгаль орчин ихээхэн  сүйдэх болсныг иргэд  энэ үеэр хэлж байлаа. Энэ байдал нь уул уурхай  эрхлэгч компаниуд,  тэдний хариуцлагатай   холбоотой гэсэн тайлбарыг  малчид, иргэд ярьсан юм. Тухайлбал,  нэг суманд гэхэд том, жижиг 10  гаруй   уурхай ажиллаж,  тоосжилт ихэсч, олон тооны  булаг  шанд ширгэж,  хүн мал төдийгүй  ан амьтад дайжиж, амьдрахад хүнд болсныг  тэд хэлээд, Үндсэн хууль дахь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрх зөрчигдөж байна гэлээ.  Үүний зэрэгцээ улс орны эдийн засаг, нийгмийн байдал хүнд,  иргэдийн  амьдрал  доройтож, ажлын байр хомсдсон атал төрөөс ямар  ч  дэмжлэг туслалцаа үзүүлэхгүй байгаад  бухимдал газар авсан нь очсон газар,  аймаг, сумдад зохион байгуулсан уулзалт хэлэлцүүлгээс харагдаж байсан юм.  Энэ талаарх  зарим санал хүсэлтээ тэд МАХН-ын ажлын хэсэгт уламжлан, төр, засагт уламжилж өгөхийг хүслээ.
Түүнчлэн  орон нутгийн удирдлагууд  нь иргэдээ сонсохгүй,  ажлаа хийхгүй байгааг төр, засагт  уламжилж өгөхийг  МАХН-ын дарга Н.Энхбаяраас   энэ үеэр  хүсч  байсан юм.
 
 
 
 
Хэлэлцүүлгийн хүрээнд  иргэд 1992 оны Үндсэн хууль нь  шилжилтийн үеийн үүргээ гүйцэтгэсэн. Тиймээс одоогийн нийгмийн байдалд  нийцэхгүй болсон.  Зарим заалт, тодруулбал  хүнээ биш мал сүргээ   төрийн хамгаалалтад авна хэмээн  таван хошуу малыг дээдэлсэн хуультай явж ирснийг  26 жил ойлголгүй явж ирсэн гэхчилэн бухимдах хүн цөөнгүй таарсан.  Иймд 1992 онд баталсан   Үндсэн хуулийг нэн даруй Дээд үндсэн хуулиар солихыг дэмжигчдийн хөдөлгөөн хөдөөд өрнөж байна.
МАХН-аас санаачлан, эрдэмтэн, судлаачдын хамт боловсруулж, орон даяар хэлэлцүүлж буй Дээд  хуулийн  заалтууд, түүний дотроос Газрын хэвлий түүний доорх  баялаг ард түмний өмч гэдгийг хуульчлан баталж, иргэдэд  үнэ төлбөргүй  дээд  боловсрол олгох, орон байраар хангах,  өндөр настай өрх толгойлсон ээжүүд , 20 ба түүнээс дээш тогтвортой ханилсан гэр бүл, шинээр өрх нэмж буй залуу хосуудын  орон сууцыг төрөөс даахыг иргэд санал нэгтэй дэмжиж байна. Мөн Ерөнхийлөгч Засгийн газраа тэргүүлэх,  шүүхийн шинэчлэлийг  бодитойгоор хэрэгжүүлж, шүүгчийг ард түмний саналаар томилдог  болохыг зөв зүйтэй гэж үзэж байлаа.
 
 
Л.Батдорж, Л.Хэрлэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин