sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүрэг  “Эко дүүрэг” болох зорилтын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Ц.Эрдэнэбаатар захиралтай Тохижилт үйлчилгээний төвийн санаачилгаар 120 мянгатын автобусны буудлын хойно 2.2 га талбайд нийслэлд жишиг болохуйц “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэн байгууллаа.
Энэ цэцэрлэгт хүрээлэн нь ногоон байгууламжтай, таван тивийн 41 төрлийн 200 гаруй ан амьтдын баримал хөшөөтэйгөөс гадна хад чулуу ашиглан байгалийн тогтцыг харуулсан бичил хэсгүүдийг бий болгож, усан оргилуур, хүрхрээ, дугуйн болон тэшүүрийн зам, хүүхдийн тоглоомын талбай бүхий цогц жишиг цэцэрлэгт хүрээлэнг 49 сая төгрөгийн өртгөөр хийжээ. 
 
 
Тус цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд ургаж байгаа мод бут сөөг нь 50 гаруй жилийн настай бөгөөд шинэчилсэн тохижилтын ажлын хүрээнд гоёл чимэглэлийн зориулалттай мод бут болон ховор эмийн ургамал  тарьжээ.
 
 
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хэлэхдээ,  "Хан-Уул дүүрэг “Эко дүүрэг” болох зорилтын хүрээнд энэхүү жишиг цэцэрлэгт хүрээлэнгээс гадна дахиад хоёр цэцэрлэгт хүрээлэнтэй болно. Жишээ нь, энэ ондоо багтаан дүүргийн Нисэх, Яармаг орчимд "Дөрвөн улирал"-ын жишиг цэцэрлэгт хүрээлэнтэй болохоор төлөвлөн ажиллаж байна" хэмээн онцлов. 
 
 
Тус амьтдын баримал нь бороо болон наранд өнгөө алдаж мууддаггүй нийлэг пластик материалаар хийсэн гэдгээрээ онцлог юм. 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг