Намайг Хөх хотод ирсний дараахан жил бүр тэмдэглэдэг бүх нийтийн шинжтэй нэгэн баяр Монголд тохиов. Тэрхүү баярыг тохиолдуулан ажлын маань хамтрагчаас баярын мэндчилгээ цахимаар илгээснийг би хожмоо олж үзэж, мэндчилгээг хүлээн авснаа мэдэгдээд баярласан талархсанаа илэрхийлсэн утгатай өгүүлбэр илгээвээс өнөөх эмэгтэй, “Таны бие зүгээр үү” хэмээсэн хариу ирүүлдэг юм байна. Тухайн үедээ би түүнийг яагаад ийм асуулт асуусныг ойлгоогүй ч цааш илүү дутууг лавлаж асуусангүй, ингээд өнгөрөв. Үүнээс 2-3 хоногийн дараа нөгөө эмэгтэй, “Яанаа уучлаарай та чинь ажлаар явсан юм байна ш дээ. Таны бие өвдсөн юм байх гэж бодлоо” хэмээн бичиж үлдээсэн байж билээ.  Яагаад ч юм бид хоёрын дунд өрнөсөн энэхүү яриа Хөх хотын тухай бидний олонхийн хандлагыг илтгэх шиг санагдсан. Санаандгүй өрнөсөн энэхүү харилцаанаас болоод хэрэвзээ би аялагч байсан бол энэ хотод юу үзэж болох вэ гэсэн асуултыг өөртөө тавихад хүрэв. Хөх хотыг монголчууд мэдэхээрээ нэг мэднэ. Гэхдээ тус хот монголчуудын аялал жуулчлалын идэвхтэй бүс мөн үү гэвэл бас л эргэлзээтэй. Би л хувьдаа “Энэ жил Улан-Үдэ, Байгаль нуур цаашлаад европын орнууд болон аялал жуулчлал түлхүү хөгжсөн Зүүн өмнөд Азийн орноор аялна” гэсэн төлөвлөгөөтэй олон монголчуудтай таарч байснаас Хөх хот, түүний дүүрэг, зэргэлдээх нутгаар аялна гэсэн бодолтой хүнтэй төдийлөн таарч байгаагүйгээс дээрх дүгнэлтийг хийсэн ч байж мэднэ.
Би өөрөөрөө авч үзье. Хоёр ч удаа ажлын шугамаар энэ хотоор дайраад өнгөрч байсан ч Өвөрмонголын музей, Уран зургийн ордон, Шинжлэх ухааны ордон зэрэг соёл урлаг, шинжлэх ухааны байгууллагууд ажилладаг, тэдгээр нь үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг гэдгийг сонсоо ч үгүй явжээ. Уран зургийн ордныг үзэж ээ явахад монгол үндэстний үүх түүх, зан заншил, өв уламжлалыг харуулсан бүтээлүүд цөөнгүй тавигджээ. Мөн манайхны том жижиг галерей, орон нутгийн музейд байдаг шиг нийгмийг уриалан дуудсан, ирээдүйдээ зориг тэмүүллээр дүүрэн социалист агуулгатай бүтээлүүд ч олон юм. Музейн өрөлт, гэрэлтүүлэг, хадгалалт хамгаалалт зэрэг нарийн ширийн асуудлуудын тухайд мэргэжлийн улс илүү анхаарч анзаарах байсан байх аа. Над шиг энгийн нэг үзэгчийн хувьд энэ тал дээр онц гэж хэлэхээс өөр үг даанч алга. Харин энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд, тухайн бүтээл, уран бүтээлчийн тухай илүү мэдээлэл авахыг хүсвэл үзэгч зураг болоод баримлын хажуудах QR кодыг гар утсаараа уншуулж дэлгэрэнгүйг олж унших боломжтой. Өөрөөр хэлбэл, энэ хотынхон төлбөр тооцоогоо гар утсаараа хийдэг шиг ухаалаг утасны туслалцаатайгаар соёлын холбогдолтой мэдээллийг авах бололцоотой. Өөр нэг анзаарсан зүйл бол ус ундааны зүйлийг үүдэнд харуул авч үлдээд гарч ирэхэд буцааж өгч байгаа харагдсан. 
Үүнээс цааш ганц нэг газраар орлоо, барилга байгууламжийн хувьд тасарчихжээ. Гадна төрхөөсөө л энэ бол соёл урлагийн цогцолбор гэж хэлэх шиг дизайнлаг шийдэлтэй барьж байгуулсан байв. Тухайлбал, Өвөрмонголын музей. Өндөрлөг газрыг дагуулж барьсан юм уу, тэр хавьдаа нэлээн дээш өргөгдсөн байршилтайн дээр загвар хийцийн хувьд онцгой сэтгэгдэл төрүүлэхээр барилга байв. Гаднаа цэлгэр том талбайтай, дотроо 4-5 давхар хэдий ч цахилгаан шаттай. Гадны хүн дээрх байгууламж руу ороход паспортоо үзүүлээд орох тасалбараа авдаг. Доод давхартаа бэлэг дурсгал, соёлын бараа бүтээгдэхүүн худалдаалдаг. Балар эртний түүхээс өнөөг хүртэлх буюу сансар судлалд улс орны хэмжээнд олж буй ололт амжилтыг харуулсан үзвэрүүд бүхий танхимтай. Олонхийн баяр наадам, амралт зугаалгын цагаар энэ музей хүний хөлд дарагдаж, дуу чимээ ихэсдэг гэх ч намайг үзэх үеэр харин ч сэлүүхэн үе таарсан нь азтай гэмээр явдал болов. Азгүй гэхэд хаашаа юм, үзсэн бол сонирхолтой байж болохуйц үлэг гүрвэлийн танхим энэ үеэр хаалттай байж таарсан нь тиймхэн хэрэг байлаа.
Тус музейг анх 1957 онд барьж байгуулсан. Өөрөөр хэлбэл ӨМӨЗО байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан ашиглалтад оруулсан, хожим нь 2008 онд одоогийн шинэ байрандаа орж тохижсон. Өдөрт дунджаар 13 мянган хүн, жилд дунджаар 3-4 сая хүн үздэг улсын нэгдүгээр зэрэглэлийн музей юм. Музейтэй холбоотой нэгэн явдлыг энд өгүүлэхэд, Ордосын Чингисийн онгоныг сахин хамгаалдаг дархадууд Монголд очоод Уран зургийн галерей үзсэн юм байх аа. Гэтэл цаадуул нь “Мөнгөөр нь үзүүлдэг” хэмээтэл мань дархадууд “Бид Чингисийн онгоноо Монголчуудыг ирэхэд үнэгүй үзүүлдэг байтал биднийг мөнгөөр үз гэдэг нь ямар жигтэй хэрэг вэ” хэмээн шогширсон сурагтай.
Эндхийн бүх үзвэр үйлчилгээний газрууд бүгд үнэгүй гэж ойлгов. Далан хар уулын хормойд байрладаг тал хээр, уул дов бүхий газрын өвөрмөц байршлыг ашиглан байгуулсан амьтны хүрээлэнгийн орох тасалбарын үнэ 70 юань. Хүрээлэнгийн эзлэх талбай 8200 га, одоогийн байдлаар нийт талбайн 86 хувийг ногооруулаад буй. Тус хүрээлэнд бар, арслан, баавгай, анааш, алаг тахь зэрэг амьтныг авчирч нутагшуулсан. Хамгийн сүүлд аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбоотой энэ хавар Шиши, Са-эр нэртэй хоёр хулсны баавгайг тусгай арчилж маллах маллагчийн хамт авч ирээд байна. Тэдний идэх хулсыг Сычауний Чөндүгээс авчирдаг, зочин панда нар таван жилийн дараа нутаг буцах гэнэ.
Алтай цэнгэлдэх хүрээлэн. Нийт талбайн хэмжээ 80 га. Иргэд салхилж амарч тухлахаас гадна галзуу хулгана, алсыг харагч, өөрөө удирддаг таваг, өндрийн савлуур зэрэг адал явдалт тоглоом наадгайтай. Хөх хот дотор 10-аад томоохон хэмжээний цэцэрлэгт хүрээлэн бий. Тэндээ хүмүүс нь өөр өөрсдийн сонирхолоор нэгдэж, дуулах нь дуулж, хөгжимдөх нь хөгжимдөж, бүжиглэх нь бүжиглэж амарч салхилна. Халуун оронд ургадаг мод ургамлыг нутагшуулсан цэцэрлэгт хүрээлэн ч бас л онц сонирхолтой. Одоо энд ид халууны улирал эхэлж байна. Энэ үед усан сангаар үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдэж байгаагийн ихэнх нь хүүхэд залуус юм. 
Таван жилийн өмнө анх энэ хоттой танилцах үед хотын зүүн хойнох хоосон талыг бидний хэдэн сэтгүүлчдэд үзүүлж, “Энэ хэсэг газар нь хайрга чулуутай, огт ногоо ургадаггүй байсныг ганд тэсвэртэй ургамлаар зүлэгжүүлээд байна. Үүний дараа энд морин тойруулга барина” хэмээн хөтөч маань тайлбарлаж байсан. Сүүлд сураг сонсох нь, тэрхүү морин тойруулгаа барьсан, барих нь битгий хэл ашиглалтад оруулсан гэж сонстож байсан. 3000  хүний суудалтай морин тойруулгаа түшиглэж зочид буудал, амралтын төвүүдийг цогцоор нь байгуулсан ба уралдах адуугаа Туркменистанаас авчирдаг гэх.
Миний дурдаж буй эдгээр газрууд бол зөвхөн Хөх хотод хамаарах соёл урлаг, шинжлэх ухаан, амралт зугаалгын газруудын нэгээхэн хэсэг юм. ӨМӨЗО-ы төв болох энэхүү хотыг Алтан хан, түүний эхнэр Юнгэн хатан анх байгуулсан гэж түүхийн эх сурвалжид бичдэг. Өөрөөр хэлбэл энэхүү хот 450-иад жилийн түүхийг өгүүлдэг байх нь. Анх хотыг байгуулахдаа хот болоод сүм гэсэн санааг уялдуулж барьсан гэдэг. Тиймээс түүх дурсгалын үзэж харах түүхэн дурсгалт газрууд олонтой. Эртний алдартай Азийн таван суварга, Цагаан суварга, Улаанхүүгийн музей, Их зуу, Бага зуу хийд, Жаожюнь хатны музейн цогцолбор зэргийг нэрлэж болно.
Хөх хотоос гарсаар түүх соёлын дурсгал болоод байгалийн элдэв тогтоц, нүүдэлчин түмний ёс уламжлал, зан заншлыг дагуулан хөгжүүлсэн аялал жуулчлалын төвүүд цөөнгүй бий. Саяхан дотоодын нэгэн хэвлэл мэдээлэл дээр, Өвөрмонгол эхний хагас жилд давхардсан тоогоор 45 сая жуулчин хүлээн авсан. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 14.44 хувь нэмэгдсэн үзүүлэлт. Үүнд дотоодын жуулчдын тоо 44 сая, гадны жуулчин 883.1 мянгад хүрэв. Аялал жуулчлалын салбарын орлого урьдчилан тооцоолсноор 123 тэрбум юаньд хүрч өнгөрсөн оны мөн үеэс 24.22 хувиар өсөх магадлалтай байна хэмээн мэдээлжээ.
Өвөрмонголын Монгол Улстай хиллэдэг нутаг дэвсгэрт 8 боомт ажиллаж байна. Тухайн боомтуудаар эргэлдэх бараа таваар, мөнгөн дүнгийн тухай аль аль талдаа статистик гаргах нь түлхүү байдаг шиг санагддаг. Үүний оронд харин Хөх хот руу аялж жуулчилсан монгол хүн хэд болохыг нэгтгэсэн тоо байдаг эсэх нь эргэлзээтэй. Байлаа ч хэвлэл мэдээллээр бичих нийтлэх нь хомс юм шиг ээ. Тиймээс л Хөх хот явсан нэгнээ маарамбынхныг бараадсан байх хэмээн бодох нь монголчууд бидэнд хамгийн ойрын төсөөлөл байдаг биз ээ. 
 
Б.Туул 
Эх сурвалж: Монцамэ агентлаг