sonin.mn
МОСКВА. /Синьхуа/. Хорват улсын хөл бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Златко Далич саяхан болж өнгөрсөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тамирчдынхаа гаргасан амжилтын тухай хэлэхдээ "бусад жижиг улсын шигшээ багт урам зориг өгч чадлаа" гэж мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав.
4.5 сая хүн амтай Хорват улсын шигшээ багийн тамирчид шигшээ тоглолт хүртэл тоглож, хоёрдугаар байрт шалгарсан нь хөл бөмбөгийн ДАШТ-ний 88 жилийн түүхэнд ийм амжилт гаргасан Европын хамгийн жижиг улс болсон ажээ.
“Бид бол том мөрөөдөлтэй жижиг улсын тамирчид. Хэзээ ч битгий бууж өг. Итгэл найдвараа хэзээ ч битгий алд. Францын багтай хийсэн тоглолтод 4:1 байхад ч би тамирчдадаа итгэсээр байсан. Багийнхаа бүх тамирчдад талархал илэрхийлье. Тамирчдаараа болон эх орноороо бахархаж байна” гэж З.Далич хэвлэлийн бага хурал дээр онцлон тэмдэглэжээ.
“Манай багийн тамирчид маш сайн тоглолоо. Хүчтэй өрсөлдөгч Францын шигшээ багийн эсрэг хийсэн тоглолтод бидэнд алдаа гаргах ч эрх байгаагүй. Багахан гунигтай байгаа хэдий ч бид хийсэн бүхнээрээ бахархаж байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг