УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа. Хаврын чуулганы үр дүн, Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль, МАХН-ын дотоод асуудал зэрэг олон сэдвээр түүний байр суурийг сонирхсон юм.
 
-УИХ-ын хаврын чуулган завсарлалаа. Энэ удаагийн ээлжит чуулганы үр дүнг та хэрхэн үнэлж байгаа вэ?
 
-2016 оны сонгуулийн үр дүнгээр МАН 65 суудал авсан. Үнэмлэхгүй олонхид сайн болон муу талын аль аль нь байдаг. Сайн тал нь томоохон шийдвэрийг улс орныхоо төлөө зоригтой гаргах боломж бүрддэг. Муу тал нь хэт зоригтой шийдвэрээ хэтрүүлчих гээд байдаг учраас сөрөг хүчний хатуу хяналт хэрэгтэй. 
Харамсалтай нь, өнөөгийн олонхийг бүрдүүлж буй 65 гишүүн дотроо хуваагдаад, санасан үр дүнд хүртэл ажилласангүй. Үүнд би их харамсаж байгаа. Жишээлбэл, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Үндсэн хуулийн зарим заалт, Сонгуулийн тухай хууль, Татварын ерөнхий хууль гээд олон асуудалд шинэчлэл, өөрчлөлт хийх ёстой байсан. Гэвч алийг нь ч хийсэнгүй. Гэсэн атлаа телевизээр элдэв хуцлаа сурталчилгаа хийхээс өөр үр дүнтэй ажлыг энэ УИХ болон Засгийн газар хийсэнгүй.
 
-Хаврын чуулганы төгсгөлд нэлээн том асуудлууд орж ирсэн. Төмөр зам, Тавантолгойн орд зэрэгтэй холбоотой хэд хэдэн шийдвэр гарсан шүү дээ.
 
-Монгол Улс бүх зүйлээ зарж байна. Үүнийг Ерөнхийлөгч асан П.Очирбатын үеэс эхлэлтэй гэж хэлж болно. Газрын тосны ордоо ашиглуулах гэрээний заалтаа аятайхан хийчихсэн бол өнөөдөр Монгол Улс боловсруулах үйлдвэртэй болчих байлаа. Гэвч хятадуудад зүгээр л өгчихсөн. Бүхэл бүтэн 25 жил Монголын нефтийг зөөж байж, орон нутагт нь засмал зам ч тавиагүй. Саяхан Ерөнхий сайд газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавьсан талаар зурагтаар гарч байсан. Гэхдээ түүхий эдээ хаанаас авах вэ. Одоогийн газрын тосны тухай хуулиар “Петро Чайна Дачин Тамсаг”-аас авч болохгүй. Дараа нь Монгол Улс арай гэж зэстэй болсон. Гэтэл Фрийдланд гэдэг нөхөрт бас л Монголд ашиггүй байдлаар өгчихсөн. Харин ч эсрэгээрээ Фрийдланд нь Монгол Улсыг арван тэрбум ам.долларын өртэй болгосон. Энэ ажлыг Монголын гурав дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаяр хийсэн. Харин одоо төмөр замыг оросуудад өгөхөөр болчихлоо.
 
-Төмөр замыг Оросод өгөх гэж байна гэж та ямар үндэслэлээр хэлж байгаа юм бэ?
 
-Бодлогыг нь уншихад л ойлгоно. Монгол Улс ШХАБ-д элсэх тухай идэвхтэй ярилаа. Тэгэхдээ ШХАБ- д элсэнэ гэдэг Оросын талыг баримтлах уу, Хятадыг дагах уу гэдэг л асуудал юм. Хятадыг баримталж орвол эдийн засгийн асуудлыг ярих байх. Харин Оросыг дагавал Варшавын гэрээний орон гэдэг шиг цэрэг зэвсгийн эвсэл болох л сонирхол юм. Тиймдээ ч ОХУ-д хадаг бариад явж байна. Ийм л зөрчилтэй гадаад бодлого, удирдлага, байр суурь Монгол Улсыг тодорхойгүй байдалд оруулж байгаа юм.
 
-Хаврын чуулганы төгсгөлд Захиргааны ерөнхий хуулийг өөрчлөх асуудлыг Засгийн газраас оруулж ирсэн нь ихээ- хэн маргаан дагууллаа. Та хуульч хүний хувьд энэ хуулийн төслийн талаар ямар бодолтой байна вэ?
 
ХАРАМСАЛТАЙ НЬ, ӨНӨӨГИЙН ОЛОНХЫГ БҮРДҮҮЛЖ БУЙ 65 ГИШҮҮН ДОТРОО ХУВААГДААД, САНАСАН ҮР ДҮНД ХҮРТЭЛ АЖИЛЛАСАНГҮЙ.
 
ТӨРИЙН АЛБА УЛС ТӨРӨӨС ХАРААТ БУС ГЭДГЭЭ ҮНДСЭН ХУУЛЬДАА ТУСГААД ӨГЧИХ.
 
Н.ЭНХБАЯР, С.ГАНБААТАР НАР БИЕ ДААЖ НЭР ДЭВШИНЭ БИЗ. ТЭДЭНД МАХН-ААС НЭР ДЭВШИХ ЯМАР Ч БОЛОМЖ БАЙХГҮЙ.
 
-Нэг талаасаа шүүгч нар нь бүтэхгүй хүмүүс байна. Нөгөө талаасаа шүүгчээс болж шүүх засаглалыг самрая гэж байгаа Хууль зүйн сайд бүр ч бүтэхгүй. Тэр хүн өөрөө энэ салбарын сайдаар 20 жил ажилласан.
Хууль зүйн салбарын удирдлагаар ажиллаж байгаа бүх хүн өөрийнх нь дүү нар. Өөрөө л дэслэгчээс генерал хүртэл хөтлөөд явсан. Шүүгчийн туслах байхаас дээд шүүхийн дарга болтол нь дагуулж явсан хүн бол Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж. Ингэж явахдаа хүмүүсийг барьцаалж, дарамталж байгаагүй юм бол юундаа айдаг юм. Хууль зүйн салбарыг удирдаж байгаа, өмнө нь 20 жил удирдсан хүн шударга ёсыг тогтоож чадахгүй байгаа бол би бүр ч чадахгүй. Ард түмэн бол ярих ч юмгүй болох нь. Хууль, шүүхийн салбар болж  бүтэхгүй байна гэж гомдох эрхгүй хүн бол Ц.Нямдорж сайд юм.
 
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-аас гарсан Ажлын хэсэг бэлэн болгосноо танилцуулсан. таны гар дээр хуулийн төсөл ирсэн байх. Үндсэн хуульд оруулж буй өөрчлөлтүүдийн талаар ямар бодолтой байна?
 
-МАН, АН, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад би ганц л зүл хэлдэг. "Үндсэн хуулийг өөрчлөхөд 99 хувийн дэмжлэгтэй ч нэг хувийн эсэргүүцэлтэй л байвал битгий батал" гэж. Гаднынхны гар хөлөөр Өмнөговь, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгийг Монгол Улсаас салан тусгаарлуулах янз бүрийн бодлого явдаг юм байна. Украйн шиг улс дотор нь нийгэм, эдийн засгийн цөхрөө өгөөд, хямрал үүсгэхвий гэдгээс болгоомжлох ёстой. Ленинээс жишээ авахад Германаас мөнгө авч ирээд л Хаант Оросод хувьсгал хийж байсан. Үндсэндээ тэр нь хувьсгал биш хядлага байсан юм. Өөрөөр хийлбэл, өшөө хорслоо тэгж тайлсан гэсэн үг. Яагаад гэвэл Хаант Оросын засаг төрсөн ахыг нь хөнөөчихсөн учраас Ленин нярай хүүхдийг хүртэл цаазалж байсан хүн. Харин түүний ах нь одоогийнхоор бол террорист л байсан байхгүй юу. Түүн шиг гадаадад байгаа хүмүүс Монголд ирээд Үндсэн хуулиар далимдуулж үндэстний тусгаар тогтнолыг алдагдуулах, өөрийн шуналаа хангах гээд байна. Тиймээс миний дээр хэлсэн субьектууд 100 хувь дэмжиж байгаа гурван заалт л байгаа. Түүнийг батлаад бусдыг нь оролдох хэрэггүй.
 
-Тэр гурав нь яг ямар заалт юм бол?
 
-Сонгууль бүрийн дараа ялсан нам нь өмнө нь ажиллаж байсан төрийн албан хаагчдыг халаад өөрсдөө томилгоо хийдэг. Тиймээс төрийн алба улс төрөөс хараат бус гэдгээ Үндсэн хуульдаа тусгаад өгчих. Хоёрдугаарт, хотын асуудал. Бид хотожсон, суурин нийгэмтэй байя гэж байгаа бол Үндсэн хуульдаа хотын статусыг оруулчих. Харин эцэст нь сонгуулийн тогтолцооны асуудал. Монгол Улс ардчилсан хувьсгалаас хойш 28 жил сонгууль явууллаа. Тэгэхдээ 6-7 удаа сонгуулийн хуулиа өөрчилсөн байдаг. Тиймээс Үндсэн хуульдаа сонгуулийн тогтолцоогоо суулгаад өгчих. Эхний жилдээ тэр хуулийг баталсан эрх баригчид нь ялаг. Харин дараа дараагийн сонгуульд дүрэм нь тодорхой юм чинь бусад намууд ялна. Тэгэхгүй бол ялсан нам нь дараагийн сонгуульд яаж дахин амьд үлдэх вэ гэдгээ тооцож, сонгуулийн тогтолцоог боловсруулаад байна. 
 
-МАХН-ын дотоод зөрчил юу болсон бэ? УДШ дээр та болон Н.Энхбаяр дарга тус тусдаа намын дүрмийн болон даргын шинэчлэлтэй холбоотой бичиг өгөөд байгаа. Энэ асуудал шийдэгдсэн үү?
 
-Намд дүрэм бий. Бага хурал гэж бий. Бага хурлын 139 хүний 104 нь намын их хурлаа хийгээд Н.Энхбаяр даргыг намын дарга болгоё гэсэн. Гэтэл Н.Энхбаяр гэдэг хүн "Нам бол би. Дүрэм гэдэг би. Мөнгө гэдэг би" гэж хэлээд Бага хурлын шийдвэрийг зөвшөөрөөгүй. Тэгээд өнөөдөр ээлжит бус их хурал хийнэ гээд ярьж явна. Мөн намын Бага хурлаас УИХ-ын сонгуульд хүнээ дэвшүүлдэг. 
 
-Тэгэхээр удахгүй болох Хэнтийн нөхөн сонгуульд Бага хурлын шийдвэрээр нэр дэвшигч тодорно гэсэн үг үү?
 
-Н.Энхбаяр гэдэг хүн өөрөө ч дэвших юм шиг, С.Ганбаатарыг дэвшүүлэх ч юм шиг зүйл яриад яваад байгаа. Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй гэдэг шиг л юм болж байна. Гэхдээ Бага хурлын 104 гишүүн эсрэг байр суурьтай байгаа. Тэдэнтэйгээ эхлээд учраа олж, уучлалт гуйх ёстой. Мөн албан тушаал, намын даргын тамгаа өг. Арав гаруй жил төрийн өндөр дээд албан тушаалд ажиллаж, дараа нь нам удирдаж яваа хүн. Одоо болно гэж Н.Энхбаяр даргад хэлье. Ямар ч байсан дүрмийн дагуу Бага хурлын гишүүн намын даргаас илүү эрх мэдэлтэй байдаг. 
 
-Тэгэхээр Хэнтийд Н.Энхбаяр, С.Ганбаатар хоёрын хэн нэгэн нь дэвшлээ гэхэд Бага хурал дэмжээгүй гэдэг шалтгаанаар СЕХ бүртгэхгүй байх асуудал үүсэж болох нь ээ?
 
-Тийм. Манай Бага хурлын гишүүд лав дэмжихгүй. Бид өөр хүн дэвшүүлнэ. 
 
-Хэнийг?
 
-"Хасу Мегавайт" компанийн хүн байгаа. Сая манай намаас хийсэн судалгаагаар тэр хүн бусад нэр дэвших магадлалтай бүх хүнээс илүү өндөр рейтингтэй байсан. 
 
-Та нэрийг нь хэлж болох уу? Тус компанийн захирал юм уу?
 
-Эхний ээлжинд Хэнтийд ажилладаг хүн гэдгийг нь л хэлье. Тэр нутгийнхан бол андахгүй. Ямар ч байсан бид тэр хүнтэй очиж уулзана. 
 
-Тэгэхээр өөрөө нэр дэвших саналаа та бүхэнд хэлээгүй гэсэн үг үү?
 
-Хэлээгүй. Бид хадаг барьж очих гээд байна. Яагаад гэвэл бидний хийсэн судалгаагаар тэр хүн бусдаасаа хамаагүй өндөр рейтингтэй гарсан байгаа. Харин Н.Энхбаяр, С.Ганбаатар нар бие дааж нэр дэвшинэ биз. Тэдэнд МАХН-аас нэр дэвших ямар ч боломж байхгүй.
 
Б.Энхжаргал
Эх сурвалж: "Засгийн Газрын Мэдээ" сонин