sonin.mn
Амьдралын тойрог булангийн энэ удаагийн дугаарт Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт зохиолч А.Шартолгойн амьдрал, уран бүтээлийн талаар хүргэж байна.
 
А.Шартолгой гуай түм түжигнэж, бум бужигнасан их хотод байгаа үгүй нь мэдэгдэхгүй амьдарч, хэдэн зуунаар өртөөлөх түүхэн том бүтээлүүд туурвих атлаа олны өмнө гардаггүй зожиг хүн. Хорвоогийн түмэн учир явдал зам татуулж одсон мэт түмэн үрчлээтэй нүүрэнд нь нэг тийм үл анзаарагдам инээвхийлэл тодорч явах. Гэм хоргүй гэлдрэх мэт аажуухан алхаж явахтай энд тэнд таарах ч олон юм үл ярина. Хэлэх бол аливааг цөөн үгээр ёжтой хийгээд оночтой дүрсэлнэ. Тэр нь санаанд “нээрээ юу билээ” гэж бодогдтол торхийтэл бууна. Авирлаг аашлаг атал атаа хорсолгүй, амгалан хэрнээ ямагт дотроо буцалж явдаг шиг хэн хүнд санагддаг. А.Шартолгой гуай олон сайхан өгүүллэг бичсэн. Богино өгүүллэгийн мөн чанар нь өөрөөтийм юмсануу, өвс халиурсан өргөн талд чоно харайлгаж яваа мэт үйл явлын нэг тийм агшиж, сунасан өрнөлтэй, түүнд нь хөтлөгдөөд уншаад баймаар.
Харин сүүлийн 10 гаруй жил Говийн Догшин ноён хутагт Данзанравжааг судалж, бүтээлийг нь орчин цагийнханд ойлгомжтойгоор туурвин уншигчдад хүргэж ирсэн юм. Тэр дотроос “Саран Хөхөө” жүжгийг нь шинэтгэсэн хэлбэрээр бичиж УДЭТ-ын тайзнаа тоглуулсан. “Ноён хутагтын амьдралын 54 жилийн мөчлөг”, “Саран Хөхөө” зэрэг ном гаргасан. 2008 онд таван бадаг бүхий “Үлэмжийн чанар” дуун дээр нь ажиллаж, дуулалт жүжиг бичсэн. Энэ жүжгийг ҮДБЭЧ-ынхан үзэгчдэд хүргэсэн. Мөн Дорноговийн эртний түүх намтар хийгээд Ноён хутагт Равжаагийн амьдралыг хооронд нь сүлжиж хийсэн “ноён Гэгээний нутгаар” хэмээх баримтат уран сайхны тун сонирхолтой ном хэвлүүлсэн. Түүний бүтээлийн зонхилох хувийг хутагт, говь хоёр эзэлдгээс үзэхэд аядуу зөөлөн хэрнээ аашлаг авирлаг А.Шартолгой зохиолчийг “Догшин хутагтын номхон элч” гээд нэрлэчихэд ер буруудамгүй.
Атган шаргал элсэн давалгаан дундах энергийн эх орон Дорнын их говьд төрж өсч, хутагт, нутаг хоёроо мөнхөд бичиглэн хойч үеийнхэнд хүргэж өгч буйгаас “Шамбалын шар бичээч” гэсэн ч болом. Иймийн учир Монголын төр түүний гавьяа, зүтгэлийг үнэлж, баяр наадмын өмнөхөн Ерөнхийлөгчийн зарлигаар Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээсэн юм.
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт төрж, 19 настайгаас үзэг дэвтэр хоёртой нөхөрлөсөн А.Шартолгой зохиолч өөрийнхөө тухай нэг ч үг ярихгүй. Асуувал “Тэр хэнд хэрэгтэй юм бэ” гэж өөдөөс сөргүүлнэ. Түүний амыг нээх ганц сэдэв нь хутагтын тухай болохоор энд түүний дотроо юу бодож яваа, одоо ямар бүтээл туурвиж байгаа, цаашид юу хийх талаарх дотоод хөргийг гаргахыг хичээв. Хийж, бүтээж буй нь эзнээ тодорхойлох юм хойно.
 
ДАДИШУАРИ-ГАА ЦЭВЭРЛЭЖ АВМААР БАЙНА...
 
Хутагтаас энэ цагт илгээгдсэн элч маань ингэж хэлсэн нь огт санаандгүй хэрэг биш болов уу. А.Шартолгой гуай “Дадишуари” хэмээх хоёр ч боть ном бичиж уншигчдын гар дээр тавьсан юм. Ямартай ч Равжаа хутагтын таван хандмагийн нэг Дадишуари-г эрдэм номтой нэгэн байжээ гэсэн ойлголт өнөө цагийнханд бий болсон. Гэхдээ уран зохиолд түүнийг “Равжаа хутагтын нууц амраг” байсан мэтээр дурдсан нь цөөнгүй.
Тухайлбал, Ж.Пүрэвийн “Сэтгэлийн дуудлага” романд Равжаа хутагт одоогийн Өвөрхангай аймгийн нутгаар аялж явахдаа хоёр хөгшний охинтой танилцаж, тоглосон хөгжмийнх нь аянд уяран баясч, улмаар сэтгэлтэй болсон мэтээр дүрсэлсэн байдаг. Уг романыг цааш уншвал, Равжаа хутагт хандма Номунчимэгтэйгээ хөтлөлцөн үдшийн бүрийгээр жалга руу хормой ньхийсээд давлаа... Дадишуари хандма Буяндэлгэрийг хардав... удалгүй Буяндэлгэр гэгээнтний үр хүүхдийг тээснээр уярангуй хандах болжээ гэх мэт дүрслэлүүд бий.
Дадишуари-гийн талаар уран зохиолд анх дүрслэгдсэн нь энэ. Сүүлд зохиолч Д.Пүрэв “Зүс буруу салхи” номдоо Равжаа хээр хөдөө Дадишуари-тай хамт явахдаа гэнэт тэврэх гэхэд нь ихэд сандарсан тухай гардаг. Үүнээс уншигчид “урдуураа улаан хөлтөн гаргадаггүй өнөө лам” гэсэн ойлголт авсан болов уу. Тэгвэл Г.Мэнд-Ооёогийн “Гэгээнтэн” романд Богдын хаалгач Сэмбэн Хайдав нутагтаа ирэхдээ өргөмөл охинтой ирдэг. Нутгийнхан хэлэхдээ “Хөлөө хучуулж яваг гэж Богд хайрласан юм гэнэлээ” гэсэн тухай хэсэг гардаг. Сүүлд Равжаа аян замд явахдаа хонь хариулж явсан охинтой тааралдсан нь Сэмбэн Хайдавын өргөмөл охин байсан. Тэрээр Дадишуари болж хувирдаг. Энэ бүхнээс үүдэн Дадишуари гэж хэн бэ, хэдий насны хүн байв. Нийгэмд байр сууриа хэрхэн эзлэв. Хутагтын дэргэд яагаад шадарлах болов гэдэг асуултууд хүлээгдэж, хариу өгөх эзэнгүй, түүхэн баримт ч байхгүй цоорхой гарснаар уран зохиолд янз бүрийн дүр, дүрслэл гарах болжээ.
А.Шартолгой зохиолчийн судалгаа, нутгийн хууччуулаар яриулж авснаар бол Дадишуари одоогийн Дорноговь аймгийн Баянмөнх сумын нутаг дахь Баянмөнхийн хийдийн хөх Цэрэн гэдэг ламын охин аж. Аав ээж нь охиноо 16 нас хүртэл гэрийн хорионд суулган монгол төвд, манж бичгээр ном заасны эцэст 1828 онд хийд дээр авчран айлтгахад хутагг “Шавьд нийлүүл” гээд орхижээ. Дадишуари “Гэгээнтэн та болгоо.Таны хүрдэнд ирсний хувьд намайг хурал номын газар өгөөч” гэж. Хутагг “Чи яана гэнэ ээ. Зовлон, жаргал хоёрыг ялгахгүй байж зодын ном үзнэ гэнээ, гар чи” гээд хөөчихөж. Дадишуари намайг хүлээж авахгүй нь хэмээн асгартал уйлан гарах гэж байснаа гэнэт сэхээрэн надад өгч буй сорилго юм байна гэж бодоод часхийтэл хариу бариад хаалга саван гарч оджээ. Гэгээнтний хаалгыг савсанд эцэг нь ихэд сандрахад хутагт “Энэ айлын эзэн иржээ” хэмээгээд хүлээж авсан түүхтэй юм санж. Түүнээс өөр зиндааны хүн хутагтын дэргэд очоод суучих боломжгүй юм.
Он цагийг хөөж үзвэл, Дадишуари гал хулгана жил төрсөн, 1831 онд Равжаа хутагтыг Алаша явж “Саран Хөхөө”-гөө дэглэхэд 18 настай байсан. 1831-1838 онд хутагтыг Хандсундог тавихад зодын номондоо нэлээд зүгширч төгс болсон байжээ. Ингээд 1856 онд Равжаа хутагтыг жанч халахад Дадишуари 43 настай үлдсэн. 1866 онд Намтрын дацан шатаж хайлахад 52 настай байж. Үнэнд ойр он цагийн харилцааг харгалзуулан үзэхэд ийм баримтууд байдаг ч одоогоор хэн ч үүний мөрөөр тоймтой судалгаа хийсэнгүй.
А.Шартолгой зохиолчийн хувьд Равжаа хутагт, Дадишуари хоёрын харилцааны талаар хамгийн зөв тодорхойлолтыг Г.Мэнд-Ооёо “Гэгээнтэн” романаараа өгсөн хэмээн үздэг юм байна. Угроманд “Миний ханд дагина чи бид хоёр эр эм байгаагүй ч арга билиг хоёр байсан минь үнэн. Чи бид хоёр хүмүүн заяаны явдлаар бус, нууц тарнийн агаарт нэг байсан. Арван хэдтэй алдрай багаасаа Эгч гуай болтлоо дэргэдээс минь чи холдоогүй. Эгэлийн үүднээс ярих юм бол чамдаа үнэнхүү чин зүрхнээсээ хайртай. Эгэл бусын ертөнцөд чи бид хоёр учирсан учраас багш, шавийн тангаргийг хатуу чанд сахисан. Олонх хүн чи бид хоёрыг эхнэр нөхөр мэт ярилцдаг гэнэ лээ. Гэнэ алдаж нууц тарнийн бүтээлээс өчүүхэн ч урваж эгэл биеийн хүсэл цэнгэлд урвуулсан нь үгүй...” хэмээн уран сайхнаар өгүүлсэн байдаг.
А.Шартолгой зохиолч энэ байр суурьт ингэж хатуу зогсдогийн учир түүнд эх сурвалжууд бий. Тэрээр өөрийгөө “Би судлаач биш, гэхдээ нутгийн өвгөдөөсөө эрж сурж олж авсан мэдээлэлд тулгуурлана. Би ерийн нэг сонирхогч. Ингэхдээ жил бүр нутагтаа очиж туурь балгадаар явж дүрслэлээ олж, нутгийн агаар салхинаас авах юмаа авдаг” хэмээн даруухан өгүүлж байна. Түүний хувьд түүх түүхээрээ үлдэх ёстой гэдэг хатуу зарчмыг баримталдаг. Дадишуари-гийн талаарх түүний итгэл, үнэмшлээс үүдэн “Танд тэр түүхт хүний тэмдэглэл байдаг юм биш биз” гэвэл “Хэн чамд тэгж хэлээв, 200-гаад жилийн өмнө байсан хүний эд зүйл яаж байх билээ. Түүхэн үнэний хөрсөн дээр зохиолоо буулган бичиж байна” гэсэн. Өдгөө тэрээр “Ноён хутагтын тахилч” номоо бичиж байгаа ажээ.
 
ШАМБАЛЫН ОРОН ХААНА БАЙНА...
 
Равжаа хутагтын зохиол бүтээлд нэг бус удаа дурдагддаг “Шамбалын орон”-ы талаар хүмүүс янз бүрийн гаргалгаа хийдэг. Илүү судалгаатай, үнэнд дөхүү мэдээллийг хутагтыг хойч үеийнхэнтэй холбож ирсэн А.Шартолгой зохиолч хэлэх болов уу. Ямартай ч одоогоор Дорноговь аймгийн нутагт байгуулсан энергийн төв, Шамбалын оронд зорчих зам мөрийг гаргах зан үйлийн цогцолбор гэж бий. Тэнд очсоноор сайн төрлийг олно гэж байгаа юм уу, эсвэл орчин цагийн оюуны төв гэж үзэж байна уу, ямартай ч хүмүүс дамжаад давхиад явчихдаг. Хуурмаг сэтгэл, хуурмаг сүсэг тэнд үйлчлэх нь илүүтэй болчихоод байна.
А.Шартолгой гуай хэлэхдээ “Шамбалын орон” гэж шууд нэрлэх нь учир дутагдалтай. Гэгээнтнээс юу гэж айлдсан бэ гэвэл 1851 онд шав тавьж, 1853 онд бариад шамбалын оронд зорчих зам мөрийг гаргах зан үйлийг хийхэд бэлтгэж орхисон гэлцдэг. Миний дараагийн хүмүүс яах бол гэсэн сэтгэлийн зовнилоос үүдэлтэй гэх ч юм уу, ямартай ч тэнд очиж бясалгал хийг, ном буян үйлдэг гэсэн учиртай болов уу.
Шамбалын орны талаар Оросын эрдэмтэн Р.Рерих Энэтхэг, Төвд, Гималайгаар олон жил бэдэрч, судалсны эцэст “Шамбалын төв Монголын говьд байна” гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Тэрхүү “Монголын говьд байна” гэдэг дүгнэлт нэг зүйлээр батлагдлаг нь Р.Рерихийн номд бичснээр бол хутагт жанч халсан тухай дээд орноос элч зарж ирсэн бөгөөд үхүүлэхгүй түр барьж, нууц эрдмийг өөр нэгэн шавьд хүлээлгэн өгөх зорилго өвөртөлсөн. Ингэхдээ 72 цаг нойр, хоолгүй довтолгосон гэж дурддаг бол хутагтыг ухаан алдангуут дэргэдийн лам нар нь гурав хоног ном хурж байж дөнгөж сэргээсэн гэж бий. Тэгвэл лам нарын гурав хоног, Р.Рерихийн 72 цаг гэдэг давхцдаг. Үхэхийг түр болиулж гэдэг нь нууц тарнийн хүчээр барьсан хэрэг байх.
Гэтэл өнгөрсөн жил Шамбал судлаач Мягмарцэрэн гэдэг хүн “Шамбалын орон Монголд, Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын Хайрхан лулаан ууланд бий гэж эрдэм шинжилгээний хурал лээр ярьсан. Тэр хүн сайхан байгаль хараад тэгсэн үү, тийм сэтгэгдэл төрсөн үү мэдэхгүй. Р.Рерих насаараа эрээд олоогүй байдаг шүү дээ. Харин ЦДамдинсүрэн гуай “Шамбалын орон гэдэг нь үлгэр, домгийн жаргалант орон” гэсэн нь бий. Эцсийн эцэст тэр л үнэн байх. Үүн дээр нэмээд хэлчихэд, Равжаа хугагт “Шамбалыг холоос хайх хэрэггүй. Өөрөөсөө эр” гэсэн. Тэгэхээр үлгэр домгийн жаргалант орон, өөрөөс шалтгаалах сэтгэлгээ, оюун санаа, дотоод ертөнцийн юм байх нь гэж ойлгогдож байна” гэсэн юм.
 
ГЭГЭЭНТЭН БИДНЭЭС ТҮРҮҮЛСЭН ҮҮ, ХОЦОРСОН УУ?
 
Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт, зохиолч А.Шартолгой гуай “Ноён гэгээний нутгаар” номдоо Равжаа хутагтын үе дэх Дорнын болон Өрнө дахины эрдэмтэн мэргэд, урлаг, соёлын суут хүмүүсийн харьцуулсан судалгааг гаргасан нь өмнө хэний ч санаж, сэдээгүй сонирхолтой гаргалгаа юм. Говийн ноён хутагт Лувсанданзанравжаагийн бүтээл туурвилын он жилүүдэд Дорно дахинд Аграмба Шадавдандар /1835-1915/, Эрдэнэ бишрэлт Мэргэн Бандида Цэвэлванчигдорж /1835-1894/, ерөөлч Гэлэгбалсан /1846-1894/, шүлэгч Лувсандондов /1854-1909/, шүлэгч Гүлиранс /1820-1851/, шүлэгч Гүнаачуг/1832-1860/, хуульч Сандаг/1825-1860/, Их суларч Инжинаш, шүлэгч Ишданзанванжил, бри лам Дамцагдорж. лхарамба Агваанданлар, Эрлэнэ мэргэн банлила Иш Самбуу, Орлосын хошууны шүлэгч Хишигбат нар амьдарч байжээ.
Харин Өрнө дахинд Оросын алдарт зураач И.К.Айвазовский, Данийн алдарт зохиолч Г.Андерсен, Английн нэрт зохиолч Ж.Байрон, Францын суут зохиолч К.О.Бальзак, Германы алдарт хөгжмийн зохиолч Л.Бетховен, Францын нэрт хөгжмийн зохиолч Ж.Бизе, Италийн алдарт хөгжмийн зохиолч Ж.Верди, Оросын сонгодог хөгжмийн их зохиолч М.П.Мусоргский, Францын нэрт зөгнөлт зохиолч Жюль Верн, Германы уран зохиолыг үндэслэгч И.В.Гёте, Оросын хошин жүжгийн их мастер Н.В.Гоголь, сонгодог хөгжмийн нэрт зохиолч М.И.Глинка нар ид бүтээлээ туурвиж байв.
Түүнчлэн В.С.Тургенев, М.Ю.Лермонтов, алдарт зураач И.Е.Репин, Суриков, суут зохиолч А.С.Грибоедов, Ф.М Достоевский, Францын романтизмын нэрт зохиолч В.Гюго, алдарт зохиолч, романч А.Дюма, Норвегийн нэрт зохиолч Генрих Ибсен, Оросын алдарт найрагч А.С.Пушкин, нэрт зохиолч Л.Толстой, Ч.Уйтмен, Польшийн хөгжмийн зохиолч Ф.Шопен, Австрийн хөгжмийн зохиолч И.Штраус, Роберт Шуман, Украины яруу найрагч Тарас Шевченко нар тус тус амьдарч байжээ.
Энэ хүмүүс ертөнцийн хоёр талд байвч, уулс уулстайгаа оргилоороо шүтэлцдэг шиг, яруу найраг, уран зураг, тэнгэрлиг найрал хөгжим, үзэл болол, мөн чанарт хилийн зааг хориггүй. Суут хүмүүс зулай зулайгаа даран, лагшин төгс, зуун зууныг дамнан цагийг эзэлжээ хэмээн “Ноён гэгээний нутгаар” номдоо А.Шартолгой зохиолч өгүүлсэн нь “Гэгээнтэн цаг үеэсээ ч түрүүлж мэндэлсэн. Тиймийн учир хойч үеийн биднээс ч хол тасархай нэгэн байсан” гэдэг баталгааг ийнхүү гаргажээ.
Цаг үеэсээ хол тасарч, хойчийн биднээс хэдэн зуунаар алсарсан хутагтыг энэ цагийнханд ойртуулж, хөтөч болж яваа “Догшин хутагтын номхон элч”, Шамбалын бичээч А.Шартолгой зохиолчийн амьдралын тойрог, үзэл бодлын дотоод хөрөг энэ болой.
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин