sonin.mn
Манжийн Түгээмэл элбэгт хааны доод зиндааны татвар эм асан Цыси 1856 онд ганц хүү төрүүлсэн нь ирээдүйн Бүрэн засагч хаан байв. Эзэн хааныг нас барсны дараа хаан ширээнд залрах үедээ зургаан настай хүүгийнхээ өмнөөс төр баригч гурван хүний нэг болжээ. Энэ үед Хятадад өрнөсөн үймээн, бослого дарагдаж, төр засаг түр зуур сэргэсэн байв. Цыси 1875 онд хүүгээ нас барахад хаан ширээ залгамжлах хуулийг зөрчин, үрчилж авсан зээ дүүгээ хаан ширээнд залжээ. Ийнхүү Манжийн төрийн эрх мэдлийг атгасан Цыси 1884 онд улсын хэргийг дангаар шийдвэрлэх болов. Тэрбээр 1889 онд төр барих эрхээ нэр төдий шилжүүлсэн ч 1898 онд эрс шинэчлэл хэрэгжүүлэхийн тулд төрийн эрхийг буцаан авч, зээ дүүгээ ордонд нь хорьсон байна. Түүний хэрэгжүүлсэн "Шинэ засгийн бодлого" гэх шинэчлэл нь Хятадыг "баруунжуулах"-ын сацуу монгол, түвд зэрэг хан бус угсаатныг нэгтгэхэд чиглэж байв. Эрх мэдлийн төлөө төрсөн хүүгээ золиосолж, жирэмсэн бэр, хааны их хатан, зээ дүүгээ хордуулан алахыг тушааж байсан Цыси хатан 1908 онд амьдралын нууцаа тээсээр хорвоогоос одсон юм. Энх-Амгалан хаан Манж Чин улсыг хамгийн хүчирхэг үед нь 61 жил хаанчилсан бол энэ улсыг хамгийн сул дорой үед нь Цыси хатан 47 жил төр барьжээ. Цыси албан ёсоор хаан ширээнд хэзээ ч суугаагүй боловч төрсөн болон өргөмөл хүүхдийнхээ өмнөөс олон жил Хятад орныг захирсан байна. Монголыг хариуцсан түшмэлийн охин тэрбээр хааны татвар эм болсон ч хатан болон бусад татвараас нь түрүүлж хүү төрүүлсэн учир хунтайжийн эхийн хувьд төр барих болжээ. Хүү нь нас барсны дараа дүүгийнхээ хүүхдийг хаан ширээнд суулган "халхавчийн араас" төрийн хэргийг хамаарч байв. Манжийн сүүлчийн хаан таван настай Пу Иг хаан ширээнд өргөмжлөөд нас бардаг тухай нэрт найруулагч Бертуличчийн "Сүүлчийн эзэн хаан" хэмээх кинонд тодорхой өгүүлдэг билээ.
 
ТАТВАР ЭХНЭР ЭХ ДАГИНА БОЛСОН НЬ
 
Өрнө, дорнын хаадын ордонд амьдралаа өнгөрүүлсэн татвар эмс харилцан адилгүй тавиланг туулсаар насыг элээсэн байдаг. Насан туршдаа хаан эзнийхээ барааг олж харалгүй хорвоог элээх нэгэн байхад нууц хуйвалдааны золиос болох, эсвэл хор ууж үхэх өөр нэгэн ч байна. Гэтэл Манж гүрний төрийг нэгэн татвар эм бараг хагас зуун жил удирдсан түүхтэй. Өршөөлт, Цэцэн, Бадралт, Агуу, Энх амгалан, Наран гэрэлт, Эрхэмсэг, Урт наст, Өндөр дээд, Сайн санаат гэх мэтээр түүний цол гуншин дуусашгүй. Хожмын түүхэнд Чин гүрний Их хатан Цыси хэмээн үлдсэн түүний эцэг эхээс хайрласан нэр нь Лань Эр. Тэрбээр эд хөрөнгө, эрх мэдэл бага манж язгууртны гэр бүлд 1835 онд мэндэлжээ. Эцэг Хуйжөн нь Манжийн Шулуун хөх хошууны хүн бөгөөд Бээжинд төрийн эгэл түшмэл байв. Харин эх нь манжийн фука овгийн хүн байжээ. Лань Эр багаасаа өөртөө ихэд итгэлтэй нэгэн байсан бөгөөд 1853 онд хааны ордонд татвар эм болон орсон байна. Манжийн хааны татваруудыг хуангуйфэй, гуйфэй, фэй, бинь, гуйрэнь гэсэн таван зэрэглэлд хуваадаг байлаа. Түгээмэл элбэгт хаанд хатан сонгох ёслол 1851 онд болж, манж гаралтай, язгууртан айлын 60 охин өрсөлджээ. Шалгаруулалтад тэнцсэн Лань Эр хамгийн доод зэрэглэлийн гуйрэнь зэрэгтэй хааны ордонд үлджээ. Энэ үед тэрбээр ордны бүсгүйчүүдээс гоо үзэсгэлэн, хурц ухаанаараа ялгарч чадахгүй бол хаан эзний барааг ч харалгүйгээр хөгшрөн үхэх магадлал бийг маш сайн ойлгож байв.
 
Лань Эр намхан нуруутай, царай муутай нэгэн байсан учраас хамгийн сайхан хүүхнүүдтэй зугаацдаг хааны анхаарлыг татах тухай бодох ч хэрэггүй байлаа. Гэвч Лань Эр байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэхийн тулд бүхнийг хийсэн юм. Олон ном уншиж, дуу бүжиг болон уран гоё хөдөлгөөнд суралцах болов. Татвар эмд олгодог мөнгөөр Бээжингийн алдартай биеэ үнэлэгчийг хөлслөн эрчүүдийг өөртөө татах урлагийг заалгуулсан гэж зарим эх сурвалжид дурдсан байдаг. Улмаар хааны шадар тайгануудыг хахуульдан байж хааныг өргөөндөө авчирч чадсан байна. Хаантан түүний дуулах, бүжиглэх зэрэг уран найланхай аашинд татагдсан гэдэг. Ингээд төд удалгүй Лань Эр хөгшин хаан Сянфэний итгэлийг олж зэрэг ахих болжээ. Тэрбээр 1854 онд гуйфэй буюу И эрхэм татвар болж зэрэг ахин 1856 оны дөрөвдүгээр сарын 27- нд Зайчунь хүүгээ (хожмын Бүрэн засагч хаан) төрүүлжээ. Хаан эзэнд угсаа залгамжлах хүү төрүүлснийхээ золоор Лань Эр 1857 Цыси хатан хэргэмд хүрчээ. Тухайн цаг үед Бээжинд байсан гадаад орны дипломатуудын бичиж oлдээснийг үзвэл, Цыси хатан ном уншдаг байсны сацуу уран зураг сонирхдог, гэрэл зураг дарах дуртай байв. Түүний авсан хааны ордны цэцэрлэг, байгалийн гэрэл зургууд одоо ч Хааны зуны ордны музейд бий. Өөртөө үргэлж анхаарал тавьдаг Цыси 50 настайдаа гучтай, 70 настайдаа 40 гаран настай мэт харагддаг байсан гэж ордонд ирсэн гаднынхан бичсэн байдаг. Хэдийгээр төрд төмөр нүүрээ харуулсан ч Цыси хатан уян зөөлөн сэтгэлтэй эмэгтэй байжээ. Хааны ордонд 10 сар амьдарч, Цыси хөргийг зурсан америк бүсгүй Катарина Карл хэмээх зураач энэ тухай номондоо бичсэн байдаг. Түүний тэмдэглэлд "Цыси хатанг 25 жилийн өмнө маш удаан хүндээр өвдөхөд асарч тойлж, хөхний сүүгээ өгдөг байсан хятад эмэгтэйг насан туршид нь ордонд байлгаж халамжилдаг байсны сацуу хүүг нь боловсролтой болгож, нэгэн яаманд түшмэл болгон тохоон томилсон байдаг" хэмээн бичжээ.
 
УЛС ТӨРИЙН ТЭМЦЭЛД ЯЛСАН НЬ
 
Хар тамхины хоёрдугаар дайны үе 1860 онд Түгээмэл элбэгт хаан Халуун голд зугтан хүрснийхээ дараа Бээжин дэх хааны зуны ордон эзлэгдсэнийг сонсон сэтгэлээр унаж 1861 онд таалал төгсчээ. Зарим эх сурвалжид "Хар тамхины хоёрдугаар дайны үед хаан эзэн Цыси хаан, их хатан болон хатан эхийн хамт бөглүү тосгонд нуугдан бүгэж байхдаа нууранд үйж, амь эрсэдсэн гэдэг" ба хааны үхэлд Цысиг буруутгадаг байна. Энэ үед Цыси хатны таван настай хүү Зайчунь хааны угсаа залгамжлах болов. Түгээмэл элбэгт хаан хүүдээ Сусунь, Зайюань, Дуанхуа нарын төр барих найман сайд үлдээжээ. Эзэн хаан таалал төгсөхийн өмнө угсаа залгамжлах хунтайжийг өсгөн хүмүүжүүлэх эрхийг 26 настай Цысигээс гадна их хатан 24 настай Цианьд олгож, найман төр баригчийг хянах тамга үйлдэж өгсөн гэдэг. Цыси арга зальтай нэгэн байсан бөгөөд өөрөө болон хүү нь хангалттай эрх мэдэл хурааж чадаагүй болохоор ордны найз, хааны их хатан Цианьтай хамжиж найман сайдаас төрийн эрх булаах хуйвалдаан зохиожээ. Циань хатан монгол гаралтай язгууртан байсан бөгөөд төрийн хэргийг шийдвэрлэхдээ Цысигээс илүү эрх мэдэлтэй байв. Циань хатан 1881 онд нас барах хүртлээ Цыситэй Манжийн төрийг хамжин захирсан байна. Цыси баруун ордонд суудаг учир Баруун хатан эх, Циань нь Зүүн хатан эх гэж хэлэгддэг байв. Цыси улсын хэргийг шийдвэрлэхдээ хадам эцэг болох Төр гэрэлт хааны хүүхдүүдээс Гун ван, Чунь ван (хожмын Бадаргуулт төр хааны эцэг) дэмжпэг авдаг байв. Цыси хатан авлигад өртсөн терийн түшмэдийг халж, Тайпины бослогын (1850-1864) эсрэг манж бус харин Зөн Гуофань хятад жанжныг тавьснаар 1864 онд Тяньжиньд шийдвэрлэх ялалт байгуулж бослогыг даржээ. Тэрбээр Өмнөд Хятадын мужийн манж захирагч нарыг хан үндэстнээр сольж томилсон байна. Энэ үед Гун ван Ишиний эрх мэдэл ордны дотор өссөн ч хоёр хатан эхээс сүрдэж 1865 онд албан тушаалаасаа огцорсон гэдэг. Цыси 1862 онд Бээжинд их сургууль шиг Тунвэнь гуань хэмээх хүрээлэн үүсгэж өрнөдийн багш хөлсөлсөн ба Британиас хөлөг онгоц худалдаж авсан ч удалгүй буцаан өгчээ. Цыси ордонд өөрийн тагнуул туршуулын сүлжээг бий болгож, төрийн эргэлт гаргах бүх нөхцөлийг үндсээр нь үгүй хийж чаджээ. Ноёд түшмэд түүнээс ихэд эмээдэг байв. Зайчунь буюу Бүрэн засагч хаан 1872 онд 17 нас хүрч Циань хатан эхийн санал болгосноор Буян хэмээх аруд овгийн Монгол охиныг их хатан болгов. Буян хатны эхийн эцэг Жун ван 10 жилийн өмнө нэр заагдсан төр барих найман сайдын нэг байсан бөгөөд Цысид ялагдан тушаалаар амиа хорлосон билээ.
 
Үүнээс Цыси хатан эх, Буян хатан хоёрын харьцаа муудаж хаан, их хатан хоёрыг тусгаарлажээ. Цыси хатны хүү, Бүрэн засагч хаан 1875 онд өвчнөөр нас баржээ. Тэрбээр 1873-1875 оны богино хугацаанд төр барьсан юм. Бүрэн засагч хаан 1860 онд сүйдсэн зуны ордонг сэргээн засварлахыг шийдсэн ч улсын сан дутмаг байснаас олон сайд эсэргүүцэж бүтээгүй аж. Залуу хаан 1875 онд халдварт өвчнөөр 19 насандаа таалал төгссөн байна. Оточ нар залуу хааныг амьсгал хураасан гунигт мэдээг хатан эхэд нь дуулгахад Цыси асгартал уйлж, ярьж ч чадахгүй байсан талаар ордны тэмдэглэлд бичжээ. Эзэн хаан таалал төгссөн мэдээг улс орон даяар зарлаж ордонд хүн бүр гашуудан уйлж байхад Цыси хатан Манжийн төрийг эзэнгүй байлгаж болохгүй хэмээн ирээдүйн хааныг сонгохоор ноёд түшмэдийг дуудуулжээ. Хүүгээ алдсан ч Цыси хатан төрийн хэргээс холдохыг хүсээгүй юм. Цыси төрийн хэргийг "халхавчийн араас" явуулах санаатай байгаагаа илэн далангүй мэдэгдэж, ноёд түшмэдэд энэ саналаа тулгажээ. Энэ үед Бүрэн засагч хааны хатан Буян жирэмсэн байсан бөгөөд тэр л эзэн хааны бэлэвсэн хатан байх учиртай байлаа. Гэсэн ч Цыси түүнийг төрийн хэрэгт оруулахыг хүсээгүй учир хордуулж алсан гэж үздэг. Бүрэн засагч хаан хүүхэдгүй нас барсан учир өвөг Төр гэрэлт хааны хүү Чунь ван Ишюаны гурван настай хүү Зайтанийг хаан ширээнд суулгаж манжаар Бадаранга доро, Монголоор Бадаргуулт төр хэмээн өргөмжилжээ. Бадаргуулт төр хааны эх нь Цыси хатны төрсөн дүү байв. Циань хатан эх гэнэт нас барсны дараа Цысийн байр суурь бэхжиж 1884 оны Францад ялагдсан дайны дараа Гун вангаас илүү Чунь ванд илүү итгэх болсон байна. Бадаргуулт төр хаан 1887 онд 16 нас хүрч төр барих болсон ба 18 насандаа гурван хатан буулгажээ. Цыси зээ дүү болох балчир хаанд хаанд үеэл Жиньфэнийг (хожмын Луню хатан) нь их хатан болгон сонгосон ба Жинь, Жэнь эгч дүү хоёр бүсгүйг эхнэр болгон сонгожээ. Хаан Жэнь хатантай ихэнх цагийг өнгөрөөх болсонд Цыси дургүйцэн 1894 онд Жэний зэргийг татвар болгон бууруулсан. Хаан эзэнг балчир хэмээн Цыси хатан улсын хэргийг шийдвэрлэж байсан бөгөөд сайдууд хаанаас өмнө хатан эхийг зорьдог байв.
Улсын эх дагина Цысийн 60 насны ой 1895 онд тохиосон ч Манжийн цэргүүд Японтой хийсэн дайнд ялагдсанаар цуцалжээ. Бадаргуулт төр хаан Өрнөдийн маягийн шинэчлэл хийж байсан ба Кан Юйвэй, Лян Чичао нарыг ашиглан "Зуун өдрийн шинэчлэл"-ийг 1898 онд эхлүүлсэн нь Япон, Герман шиг хэмжээт эрх хаант засагт шилжих, аж үйлдвэржих улс төр, эдийн засгийн шинэтгэл байв. Цыси хатан эх уламжлалыг хадгалагч хүчнийг төлөөлж цэрэг цуглуулж төрийн эрхийг дахин гартаа авснаар Бадаргуулт төр хааны эрх мэдлийг хязгаарлалаа. Цыси өргөмөл хүүгээ жигшиж үзэн яддаг байжээ. Тэрбээр өөрийнх нь эсрэг чиглэсэн хуйвалдаанд  оролцсон байдаг, гэтэл Цыси тэр талаар нэг ч үг дуугараагүй байна. Хааныг шинэчлэл хийхийг эрмэлзсэн эмгэнэлт баатрын дүрд тодруулсан бол өөрийг нь харгис хорлогч болгоход тэрбээр өөрийгөө хамгаалж чадахгүй байлаа. Цыси нэг удаа өргөж авсан эцэг эхийгээ үхэлд хүргэснийхээ төлөө зохих цээрлэл амсч аянганд ниргүүлэн үхсэн энэрэх сэтгэлгүй муу санаат өргөмөл хүүгийн тухай дуурь үзсэнийхээ дараа л урам хугарч ихэд гомдсон сэтгэл нь жаахан онгойсон гэдэг. Цыси хятад дуурьт дуртай учир хааны ордонд тогмол ший жүжиг тоглуулдаг байв. Тэрбээр өргөмөл хүүгээ зохих ёсоор шийтгэж чадахгүй байсан болохоор оронд нь бурхан тэнгэр хэзээ нэг цагт гэсгээх ёстой гэж боддог байжээ. Цыси хатан 1900 онд умард нутагт гадаадын империализмыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж, Манж Чин улс дэмжин орж Европын найман улсын хүчинтэй байлджээ. Чингийн цэрэг дайснаа бодвол зэвсэг техник ядмаг тул байлдаанд ялагдаж хааны гэр бүл Бээжингээс дүрвэж 67 сая фунт төлж байж сөргөлдөөнийг намжаажээ. Хатан 1902 онд Бээжинд эргэн ирээд Япон дахь Мэйжийн шинэчлэлээс үлгэрлэн улс төрийн эргэлт хийхийг оролдов. Улмаар 1905 оноос төрийн түшмэлийн шалгалтыг болиулж, 1898 оны шинэчлэлийн хатуу хувилбар болох "Шинэ засгийн бодлого"-ыг эхлүүлжээ. Хатны алдаатай бодлогоос улбаалан 1902 онд Хятадын төв болон орон нутгийн зөрчил гарч, орон нутаг төвөөс бараг үл хамаарах болов. Хятад заншлаар аман дээрээ төр улсдаа үнэнч гэх нь мэдээжийн хэрэг. Бэлэвсэн хатан хаан Цыси 1906-1907 онд орон нутгийн захирагчдын эрхийг хязгаарлах захиргааны шинэчлэл явуулсан боловч 30 мянган дунд болон доод түшмэл Манжийн төрийг "чимээгүй" эсэргүүцэв. Цыси Бээжинд Элчингээр сууж асан Америкийн сайдыг хүлээж авч, Дер Лин гэдэг англи, франц, хятад хэлтэй манж эмэгтэйг хааны ордонд суулгах болов. Бадаргуулт төр хаан өвчнөөр таалал төгссөний дараа Цыси мөн зээ дүү Пү Иг хаан ширээнд суулгав. Улс төрийн буруу бодлого баримталсан хэмээн буруу шаагдахаас эмээсэн Цыси хатан Бадаргуулт төр хааныг хордуулж алсан гэж уздэг байв. Хожим нь 2008 онд хааны шарилд хийсэн судалгаагаар хүнцэлд хордож нас барсныг нь тогтоожээ. Шинэ хааныг зарласан өдрийн маргааш нь буюу 1908 оны арваннэгдүгээр сарын 15-нд хааны цэцэрлэгт Цыси хатан эх 72 насандаа таалал төгсчээ. Цысиг Чингийн Зүүн бунханд Циань хатан эх болон Түгээмэл элбэгт хааны дэргэд тусгай бунханд оршуулсан байна. Хатны бунханг барих ажил 1895 онд эхэлсэн бөгөөд чамин чимэгтэй, гоёл зүйсгэл ихтэй байжээ. Цысиг 1908 онд цус харваж нас барсан гэлцдэг ч үнэн хэрэгтээ тэрбээр манжийн язгууртнуудын нэгэн адил хар тамхинд донтсон байлаа. Тэрбээр ордонд ороод удаагүй, хамгийн доод зэрэглэлийн татвар байхад нь хааны өгсөн хос ээмгийг насан эцэслэтлээ зүүсэн гэдэг. 1928 онд Сунь Дяньинь гэх хятад жанжны тушаалаар Манжийн хаадыг оршуулгын газар болох Зүүн бунханг тоноход гол бай нь Цыси хатны бунхан байв. Хятадын түүхчид Цысийн үед Манж гүрэн эдийн засгийн хувьд доройтож, улс төрийн хувьд тогтворгүй болсныг буруу бодлого баримталсны уршиг гэж тэмдэглэсэн байдаг юм.
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин