sonin.mn
2020 он айсуй. Бодох зүйл хийх ажил их байна
 
Нам хэрэггүй, МАН-АН хоёр аль аль нь юу ч биш МАН, АН-г устгая. Бидний итгэлийг алдлаа гэх угс сошиал ертөнцөөр дүүрч, тэнүүчлэн нийгмийн сэтгэлзүйд хүчтэй нөлөөлж байгаа энэ цаг үед МАН-ын ахмадууд бид дуугүй сууж дүлий дүмбэ оргих эрхгүй гэх бодол төрж энэ "сэтгэлзүйн дарамтад" санаа зовох болсноо нуугаад яахав нуухгүй байх учир бас байна. Юу гэвэл: Монгол гэж дэлхийд данстай хүчирхэг удамтай, ухааны холчоороо хүн төрөлхтний түүхэнд мөрөө үлдээсэн улс орны иргэн болж төрж өсөөд 100 насалж яваа түүхэн буурал намын нэрийг барьж түүний түүхэн их ололтыг баллуурдан устгах оролдлогыг энэ намтай амь амьдралаа холбож өдий хүрсэн миний үеийнхэн өмгөөлөн хамгаалж өмөөрөн босч хөдлөх цаг нь болж гэх бодол зүрх дэлсүүлж, тархи гашилгах юм. МАН дотор зохисгүй, зохиогүй зүйл байна уу гэвэл байгаа тэр нь, уг намын язгуурын ааш араншинг биш албан тушаал, алдар нэр авдаг хөрөнгөд шунахайрсан зарим нэг балмад гэмээр гэмт нөхдийн үл бүтэх үйлдэл эс үйлдэлтэй шууд холбож ярих учиртай болохоос биш нийт МАН-тай, түүний үйл ажиллагаа бодлоготой холбож устгах, унагаах тухай ярих нь угаас улс төрийн зорилготой явуургүй асуудал бөгөөд хоёр талтай ойлголтыг нэг тал барьж гүтгэлэг явуулж хүмүүсийн тархи угаадаг бохир аргын нэгэн хэсэг гэдгийг ялгамжтай болгох цаг болсныг тэмдэглэсүү.
МАН дотор алдаа оноо хоёр зэрэгцдэг нь үнэн. Бүтэн зуун жил улсаа авч явсан, удаан жилийн зузаан туршлагатай энэ намд бүү хэл хорин жилийн өмнө улстөржилтийн унхиагүй улаан шуурганд төрсөн Ардчилсан нам улсаа унагааж доройтуулан бусниулж тасдан хувааж эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн 1996- 2000, 2012-2016 онуудын гашуун үнэн түүх тавиланг бид мартаагүй мартах ч үгүй ийм болохоор сайн зүйлийг холдуулдаг саар зүйлийг гүтгэн дэвэргэдэг улс төрийн энэ хүү бохир муухай аргаар нийгмийн улс төрийн тавцанд гарч төрийн өндөр албан тушаалд хүрдэг АН-ын бохир ухуулгын арга улсаа унагааж ядуурал завхралыг дэвэргэх болсныг монгол хүн болгон мэдэх ойлгох дээрээ байгааг ч хэлэх эрх Монголын ахмадууд бидэнд энэхүү ээдрээтэй цаг үе шаардах боллоо. Нэг нь туйлд нь хүртэл унагааж, босгоход бэрхтэй их цаг хугацаа хүч хөрөнгө шаардах болтол нь муутгаад өгдөг, нөгөө нь түүний хамаг муу муухайг базаж өндийлгөдөг энэ байдлаас салах түүнд дүгнэлт хийх цаг ч болж гэж бодох эрх зөвхөн монгол хүнд ногдож байгаа нь маргашгүй үнэн билээ. Яагаад би үүнийг хэлж байна вэ гэвэл өнгөрсөн жилүүдийн ай цуутай ардчиллаар түрий барьсан хөгжлийг боомилогч цаг үе эргэж бидэнд олдохгүйд харамсах сэтгэл төрснийх юм. Бидэнд тэр тусмаа улсын хөгжлийн төлөө зүтгэх хүч оюуны оргил туршлага чадамж арга эв нэгдлийн уурхай болсон МАН-д юу дутагдаад байна вэ гэх тухай мунхаглан өгүүлэх цаг боллоо гэх үг. Энэ үгийг бид зөвхөн МАН-даа хандаж түүний өнөөгийн соргог сэргэг удирдлагад чухамүү захиасаа  дайя гэсэн юмаа.
 
Тэгвэл МАН дотор нийтэд таарч тохирохгүй даруй таягдан холдуулмаар дараах асуудал байгааг хэлэхээр шийдлээ. Энэ үгийг эс хүлээн авбаас МАН-ыг унагаж устгах гэгчдийн бах тавыг хангах болно гэдгийг хэлье. Зөвлөн сануулах нь:
1. МАН хэтэрхий төвөөс зугтаах үйлдэл үйлдээд байна. Төв ч бодлогодоо захирагдан төвдөө нэгдэж төвдөө бөөгнөрч бодпогын зангилааг төвдөө өгч далайц эрчим зангаргаа уялдуулж ажилламаар байна.
2. МАН-ын язгуур гал голомтын дөл цацраг Хүч чадлын ундрага болсон НАШБ нь байгааг ч юм шиг байхгүй ч юм шиг болж орхилоо. МАН түүний зарим удирдлага үндэс язгуураа анхаарлаасаа холдуулсан нь бидэнд сөхөл унал ирж байгаа юм биш үү гэсэн бодол төрүүлэх боллоо. Уг нь НАШБ бүхэн 2016 оны сонгуулийн маргаашнаас дараагийн бүтцээ сайжруулан 2020 оны сонгуульд ханцуй шамлан орж олсон ололт ялалт амжилтаа бэхжүүлэх, алдсан алдаандаа дүгнэлт хийх учиртай. Гэтэл зөвхөн намын даргаа сольсноор тайвширч дараагийн сонгууль ойртож байгаа энэ үед НАШБ-д дүрмээр олгосон эрх үүргийг хөсөрдүүлж гишүүд идэвхтэндээ тайлангаа ч тавих чадваргүй болсон нь юуных вэ. Нийслэлийн хэмжээнд НАШБ, хороо үүрүүд бараг л гишүүд дэмжигчдэдээ хүрч ажиллах Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөр харьяа дүүргүүдийн Засаг даргын үйл ажиллагааг дүгнэн хэлэлцэх ажиллагаа бүр үгүй болжээ гэхэд хилсдэхгүй хэмжээнд хүрчээ гэж НАШБ-д байдаг мянга мянган гишүүд дэмжигчид нь халаглан ярьцгааж байна.
3. МАН дунд доод шатнаасаа эхлэн дээрээ хүртэл "Нялхсын өвчинд" бүрэн автсан байна шүү. Энэ юу гэсэн үг вэ гэвэл талцал хагарал бие биеэ шүүмжлэн гоочлох явдал төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон олны итгэл хүлээсэн залуу гишүүдийн дунд нийслэлд газар авч гаарч байна. Нэг л их таахалзсан олон залуус улс төр гэдгийг сайн ойлгодоггүй атлаа дарга болно, огцруулна, өрсөлдөнө гэх сөрөг үг хэдэр зан гаргаж нам дотор хиймэл хуваагдал үүсгэж байгаа нь манай нам боловсон хүчний бодлогоо алдсан юм бишүү гэсэн бодлыг хэн хүнгүй төрүүлэх боллоо. Ийм нэгнээ үгүйсгэсэн хандлага газар авч хаа сайгүй телевиз сониноор улс төрийн хэрүүл хийгчдийн тоо өдрөөс өдөрт өсч байгаа нь МАН-ын итгэсэн сонгосон хүмүүс бидний итгэлийг алдаж ёс зүйн хэм хэмжээгээ орхигдуулсан юм биш биз гэх бодол хар аяндаа төрж байна. Уг нь нам залгамж халаагаа төрүүлж бэлтгэхдээ язгуурын өв уламжлал ёс зүйг хадгалан хамгаалж ахмад залуу үеийн нийтлэг эрх ашгийг хадгалан хамгаалж явах зарчим дэндүү алдагдсаны гай энэ биш үү.
4. Нийслэл, дүүргийн МАН-ын хороод түүний үүрүүд өнөөдөр бараг үндсэн үүргээсээ хөндийрчээ гэхэд хилсдэхгүй болсон байна. Эзэнгүй, эцэггүй айлын хэдэн өнчин хүүхэд яах ч учраа олохгүй байдаг шиг хаа сайгүй МАН-ын үүрүүдийн гишүүд нь үүрийн даргаа танихаа больж мартаад удаж байгаа нь юуных билээ гэх гишүүдийн үг нэг зүйлийг асуугаад шаардаад байгаа юм биш үү.
5. МАН Засгийн газар нийгмийн амьдралын олон тал ажилдаа цаг нар нойр хоолоо хугаслан зүтгэж бас ч гэж тодорхой үр дүнтэй ажиладаг ч тэрхүү зүтгэл бүтээлийг нь харлуулан гутааж үгүйсгэдэг бүхэл бүтэн "Арми" өдөр шөнө өглөө оройгүй нийт монголчуудын тархийг үгүйсгэл гүтгэлгээр зад угааж байхад түүнийг сөрдөг хамгаалдаг халхавчилдаг МАН-ын найдвартай ар тал хороо үүрүүд нийслэлийн хэмжээнд юу ч болоогүй юм шиг таг болсныг яалтай билээ.
Би МАН-аа шүүмжилж муу хэлэх, хэлүүлэх дургүй, харин намын нэрээр хоолтой ажилтай явдаг атлаа юу ч хийдэггүй хүмүүсийн гүнд орж дүрмээр олгогдсон эрхээ хэрэгжүүлж үүргээ хангаж ажил хийдэггүй "Дарганцарт" дургүйцэхдээ ийм юм бичиж байгаа юм. Хугацаатай юм дуусч, 2020 он хажууд чинь ирж явна шүү. Ядахдаа МАН-ын хүч найдвар, итгэл, нүд чих, гар хөл, уураг тархи болсон НАШБ хот дүүргийн намын хороогоо амь оруулж хүч сэлбэж тайланг нь тавиулж удирдлагыг нь шинэчлэн сонгох дүрмийн хугацаа хэтэрч гажуудаж байгаад МАН-ын унаган гишүүд ядаж цөхөхдөө яншиж үглэн үүнийг хэлж түүнийг сануулж байна. Хүлээн авч хүлцэн болгооно уу, 2020 он айсуй бодох зүйл, хийх ажил их байна шүү гэж санууламз.
 
МАН-ын ахмад гишүүн: Ц.ЯДАМСҮРЭН