sonin.mn
Амьдрал бол ашиг юм. Амьдралыг ашигтай болгож, ашгаа өгч чадахгүй байгаагаас л бид алдагдалд ороод эдийн засгийн хүнд байдап, ядуурал үүсэх шалтгаан болоод байдаг байх гэж бодсоор ажил дээрээ очтол өвгөн багш минь хүндэлж явдаг ахын хамт сууж байлаа. Тэд маань нийгэмд үүссэн зохисгүй үйлийн талаар ярьцгааж байв.
Би: Та бүхэн намайг мэднэ. Энэ байдлын тухай өөр чиглэлээр санаагаа илэрхийлэх юмсан гэж бодоод гэвэл
-Тэр болно оо, бололгүй яахав. Гэхдээ аугаа их Л.Түдэв гуай энэ талаар мөн ч их бичлээ дээ. Түүний санааг төр авдаггүй бололтой юм. Тэгээд л алдаад байгаагаа мэддэггүй юм уу, мэдсэн ч тосдоггүй юм уу. Тэр их хүний санааг ч сонсохгүй байхад ч гээд
-Гэхдээ чи айх хэрэггүй, бич бич гэлээ. Би:
-Айгаад л тэгж байхгүй юу. Юм мэддэг хүнээс айсандаа л тэр гэж мэдэмхийрэв.Тэгээд "Амьдрал бол ашиг гээд бодсон чинь би ч Л.Түдэв гуайгаас ашиг хүртсэн болохоор л их том юм бодож байгаа хэрэг. Энэ хүмүүс ч надад ашгаа өгч байгаа нь энэ. Тиймээс ашгийг алдагдал болгохгүйн тулд бичье" гэж хэмээн бодов. Ашиг гэж юу билээ. Бид түүнийг эдийн засгийн талаас нь л ойлгодог. Нэг төгрөгийг хоёр төгрөг болгохыг л ашигтай ажиллалаа гэх. Гэтэл тэр мөнгө чинь зохих тооны хязгаартай болохоор нэгд нь ашиг, нөгөөд нь алдагдал болдог аж. Харин бусдад битгий гэм хийж яваарай. Тэгвэл өөрт чинь л хэрэгтэй гэсэн дээдсийнхээ сургаалыг бодохуй өөрт болоод өрөөлд ашигтай ашиг гэж байдаг тухай саналаа. Тэр нь зөв хүн байх явдал. Зөв хүн өөрийгөө ч өрөөлийг ч, байгаль орчин мал амьтдыг ч алдагдалд оруулдаггүй чанартай байдгаараа бүхнээс илүү ашиг юм. Ийм л ашгийг эрхэмлэж байснаас Монголын заяа тэтгэгдэж, ашгаа өгч Их Монгол хэмээх хүчирхэг, нөлөөтэй гүрнийг байгуулж чадсан. Монгол Улс эдийн засгийн талаар зэр зэвсгийн хүчээр, хүний тоогоор бусдаас илүү байгаагүй. Гэтэл ашигтай байсны нууц зөв хүн бүрдүүлж чадсан, түүнийг ашиглаж чадсаных л юм. Ашгаа өгдөг хүн гэж хэн бэ. Түүний арьс үс, ноос ноолуур мах сүү, түүхий эдийг нь ашигладаг гэж үү. Үгүй ээ. Хүн чанарыг, хүнийг хүн болгодог, хүн болсон хүн бусдыг эрхшээлдээ оруулдаг, түүнийг өөртөө ашиглахдаа байгаль цаг уур, ан амьтад, мал сүргийн үлэмж чанарыг ашиглаж чадсанд л байсан аж. Энэ бол бидний мэддэг эдийн засгийн ашгаас өөр ашиг.
Монгол хүн билгээрээ гэдэг. Энэ бол үндэсний баялаг. Тэр нь цэвэр ашигавчрах нөхцөл шалтгаан, өгөгдөл юм. Байгаль орчны доройтол, ан амьтдын мөхөл, бэлчээрээ мэддэггүй малын аюулд бид тулгарчээ. Энэ байдлаас эдийн засгийн өсөлтөөр ангижирч чадахгүй нь тодорхой. Түүнийгээ ухаж төнхөх, мөхөөх, мөн чанарын харилцааг нь таслахыг л бид ашиг гэж ойлгоод байдаг нь дэндүү их алдагдлын шалтгаан болсоор байна. Тэгвэл одоо яах вэ.
Нэгдүгээрт, Өөрт болоод бусад хор болохгүй мөнхийн ашиг олохын тулд бид дээдсийнхээ сэтгэлийн мухарт хадгалаастай билиг чанарын харилцааг бүхний үйл болгомоор байна. Хэдийгээр дээдсүүд маань цаг үеийн байдлаас шалтгаалан үзэл бодол нь өөрчлөгдсөн, хаширсан ч амьдралын баялаг туршлага, үзсэн дуулсан бүхэнд нь үнэн чанар, ашиг олох нөхцөл нөөцлөгдөөстэй байгаа нь лав. Түүнийг илрүүлэхэд төр онцгой анхаарч, идэвхийлэн шамдахгүй бол бүх юм дуусна гэдгийг саналтай.
Хоёрдугаарт, Яавал билигт харилцааг дээшлүүлэх вэ. Тэр нь Монголын хийгээд улмаар дэлхийн ашигт ажиллагааны эхлэл болох тухай бүх нийтийн хэлэлцүүлэг явуулмаар. Үндсэн хуулийг бүх нийтээр хэлэлцүүлсэн шиг бүхний сэтгэлийг нэгэн зүгт хандуулах үйлийг өдөөмөөр байна.
Гуравдугаарт, Ашиг гэж юу вэ. Эдийн засгийн ашгаас өөр ашиг олох боломж Монголоор дүүрэн байгааг хэрхэн дэлгэрүүлэх тухай уралдаан зарлаж, үндэсний сор болсон санааг үзэл баримтлалынхаа чиглэл болгомоор байна. Эс тэгвэл хаашаа ч яаж ч байгаа нь мэдэгдэхгүй үнэндээ хүн үү, тоо юу гэдгээ ч үл мэдэх олон бий болж, ашиг олох бус алдагдал үүсэх шалтгаан өдөөгөөд байгааг цэгцлэх хэрэгтэй хэмээн бодно.
Эдийн засаг хямарчихаад байхад юун дэмий юм... гэж санах, хэлэх хүн олон байх нь эргэлзээгүй. Эдийн засаг бол тоо. Тиймээс манайх ашиг оллоо ч өөр нэг нь хохирно. Тиймээс Монголд алдагдал үүснэ. Монгол нь билиг чанарын орон учраас тэр. Тиймээс эдийн засгийн аргаар бус билгийн харилцаагаар мөнхийн ашиг олох нь алсдаа улс оронд хэрэгтэй. Тэр бол Монгол мөнх оршихын үүтгэл болох нь лав. Тиймээс өнгөрснөө ашиглаж, ирээдүйг бүтээх нь нэн эрхэм, эдийн засгийн хямралаас илүү ашиг олох давуу тал юм. Магадгүй эдийн засгийн хүнд байдал нь энэ замыг эрэлхийлэх сануулга ч байж мэднэ.
Хүн ашгийн төлөө амьдарч олсон ашгаа түгээж, тэр нь арвижиж амьдардаг онцлогтой. Ийм ашиг монгол хүний тодотгол, бусдаас илүү чанар юм. Мөхөс би дээдсээсээ ашиг хүртэн амьдарч, түүнийг минь өвгөн багш ах хоёр дамжуулан хүртээсэн тул ашиг олсноо арвижуулахсан хэмээн ийнхүү бичив.
 
Балдангийн ГАНТӨМӨР
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин