sonin.mn
Үй олноор хөнөөх зэвсэгт хими биолог цацраг цөм /CBRN/-ийн зэвсэг багтдаг бөгөөд Химийн зэвсэг гэж хүн амьтныг хөнөөх  хүчин зүйл нь хүчтэй үйлчилгээтэй байлдааны хорт бодисууд дээр үндэслэгдсэн үй олноор хөнөөх зэвсгийг хэлнэ. Энэхүү байлдааны хорт бодисуудад  төв мэдрэлийн системийг хөнөөдөг зарин зоман ви-икс табун, арьсаар дамжин хордуулдаг иприт люизит, амьсгал боогдуулдаг фосген дифосген, ерөнхий үйлчилгээтэй синилийн хүчил хлорциан зэрэг бодисууд хамаарах бөгөөд дэлхийн нэгдүгээр дайнд зуу гаруй мянган тонн химийн зэвсэг хэрэглэсний улмаас сая гурван зуун мянган хүн химийн зэвсэгт хордож үхсэн.
Монгол Улс нь ямар нэг химийн зэвсэг болон бусад төрлийн үй олноор хөнөөх зэвсэг туршиж үйлдвэрлэж эзэмшиж байгаагүй энхийг эрхэмлэгч орон бөгөөд бүх төрлийн зэвсэглэл хураах олон улсын аливаа санал санаачлага гэрээ хэлэлцээрийг анхнаас нь дэмжиж ирсэн тул монголчууд бид НҮБ-д ажиллахад ихээхэн түлхэц болдог юм.
Химийн зэвсэг хураах олон улсын гол хууль нь Химийн зэвсгийг боловсруулах, үйлдвэрлэх, нөөцлөх болон хэрэглэхийг хориглох, түүнийг устгах тухай конвенци бөгөөд уг конвенцийг гол хэрэгжүүлэгч байгууллага нь Гаагад байрладаг Химийн зэвсэг хориглох байгууллага /OPCW/ юм.  
Өнөөдрийн байдлаар химийн зэвсэгтэй байсан арваад улсын дал гаруй мянган тонн буюу нийт химийн зэвсгийн 96 хувийг НҮБ-ын Химийн зэвсэг хориглох байгууллага /OPCW/-ын шинжээчдийн шууд хяналт дор устгасан ба тодруулбал Орос, Энэтхэг, Ирак, Сири, Ливи зэрэг ихэнх улс 100 хувь устгаж дууссан. Тухайлбал, Сири улс нь 2013 онд өөрт байгаа бүх химийн зэвсгээ Химийн зэвсэг хориглох байгууллагад тоо ёсоор мэдүүлж шинжээчдийн хатуу хяналтын  дор хоёр жилийн дотор устгаж дуусгасан.  Дайны хажуугаар дажин гэгчээр Сири дэхь хэнд ч захирагддаггүй боевикууд талцагч талууд хаа нэгтээ химийн бодисыг хадгалах үйлдвэрлэх турших хорлон сүйтгэх өдөөн хатгах ажиллагаанд ашиглахгүй байхын баталгаа байхгүй. Олон улсын химийн зэвсгийг хориглох конвенцид нэгдэж гарын үсэг зурж зэвсгээ устгаж дууссан ямар ч улсын  тэнэг ч төрийн тэргүүн дахин химийн зэвсэг үйлдвэрлэж ард түмнийхээ толгой дээр химийн зэвсэг хэрэглэнэ гэдэг хэн хүний ой ухаанд багтамгүй зүйл. Гэсэн хэдий ч олон улсын конвенцид заасан бүрэн эрх үүрэг мандатынхаа дагуу зэвсгийн шинжээчдийн баг Ассадын химийн зэвсэг хэрэглэсэн гэх Сирийн хот суурин хүрэлцэн очиж Сирийн засгийн газрын дэмжлэг, цэрэг-цагдаагийн хамгаалалтан дор /шинжээчдийн аюулгүй байдлыг хангах талаасаа/ бүх төрлийн нарийн шинжилгээ судалгаа хийн ямар төрлийн химийн зэвсэг хэрэглэсэн эсэхийг тогтоохоор байнга ажиллаж холбогдох дүгнэлтийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хүртэл гаргадаг.
Даян дэлхийг аюулт үй олноор хөнөөх зэвсгээс ангижруулах үйлсэд оруулсан хувь нэмрийг дэлхийн хамтын нийгэмлэг үнэлж Нобелийн хорооноос  манай байгууллага /OPCW/-д  2013 онд Нобелийн Энх Тайвны шагнал хүртээсэн байдаг /зураг дээр/. Монгол Улсаа төлөөлөн тус байгууллагад олон улсын химийн зэвсгийн мэргэжлийн шинжээчээр генерал Монтойн Хүрлээ, хурандаа Загдын Нармандах, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт /миний бие/ 1997-2016 онд монгол шинжээчдийн залгамж халааг хадгалан тасралтгүй хориод жил, мөн бидэнтэй хамт манай ГХЯ-ны нэртэй дипломатч Догсомын Ганбаатар төлөвлөлтийн офицероор 1998-2008 онд тасралтгүй арван жил ажилласан юм.
Биологийн зэвсэг- хүн амьтныг хөнөөх хүчин зүйл нь өвчин үүсгэгч нян вирус токсин дээр  үндэслэгдсэн хүн төрөлхтөний хамгийн анхны үй олноор хөнөөх зэвсэг юм. Орчин үед биологийн зэвсэг нь олон улсын ямарч хяналт шалгалтгүй зөнгөөрөө байгаа төдийгүй мал амьтан ургамал ногоо хүнс усыг биологийн аргаар хордуулж тухайн улсын эдийн засгийг нь мөлхүүлэх,  эсвэл тухайн үндэстэн ястаны удмын санд генетикийн аргаар нөлөөлж устгаж болзошгүй байдал нь цөмийн зэвсгээс илүү  аюул учруулаад байна.
Биологийн зэвсэг нь ямарч өнгө үнэр амтгүй мэдрэхэд хэцүү, хэрэглэхэд маш хялбар хямд төсөр мөртлөө хүн амьтан ургамлыг үй олноор сүйрүүлэх өндөр чадамжтай, шинж тэмдэг нь ил гарах хүртлээ тодорхой хугацаанд нууц үедээ байдаг, хэзээ хэн хэрэглэсэн нь мэдэгддэггүй, тодорхой зорилтот бай бүлэг руу чиглэж чаддаг, асар их сэтгэл зүйн айдас хүйдэсийг дагуулж байдгаараа бусад зэвсгээс онцлогтой.
Бидний мэдэх тарваган тахал холери боом ботулины токсин дээр үндэслэгдсэн биологийн зэвсэг нь өнөөдөр өндөр биотехнологи, генийн инженерчлэл дээр суурилсан генетикийн зэвсгээр солигдон хувирч  их гүрнүүдийн хувьд хамгийн ирээдүйтэй зэвсэг болох магадлалтай байна.
1972 оны Биологийн зэвсгийг  хориглох конвенцид 180 улс элсэж гарын үсэг зурсан боловч түүнд хяналт тавих тодорхой механизм байхгүйгээс уг конвенцийн 10-р зүйлд Биологийн шинжлэх ухааны нээлт хийх, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх зэрэгт биологийн бодис токсиныг энх тайвны зорилгоор ашиглах эрхийг гишүүн улсуудад зөвшөөрсөн заалтыг зарим нөхдүүд буруугаар ашиглан  энэ нэрийн дор тодорхой үндэстэнд зориулсан генетикийн зэвсгийг хөгжүүлж байгааг үгүйсгэх аргагүй.
Уг конвенцийн дагуу нэг ч улс биологийн зэвсэгтэй гэдгээ зарлан тунхаглаж түүнийгээ устгасан тухайгаа мэдэгдээгүй бөгөөд далд байгаа биологийн зэвсгээ их гүрнүүд зөвхөн тагнуулын аргаар л тандаж байна. Судлаач хүний нүдээр бол биологийн зэвсгийн талаар баримтлаж байгаа тухайн улсын албан ёсны байр суурь хууль журам, олон улсад үзүүлж байгаа хүчин чармайлт, төрийн бүтэц дэхь био-газар агентлагууд, тэдгээрийн төсвийн өсөлт бууралт, биолаб-ын зэрэглэл, биологийн хөтөлбөрийн талаархи бусдын буруушаалтыг хэрхэн хүлээж авч байгаа байдал зэргээс хараад хэн нь хэн бэ гэдгийг таамаглаж болно.  Хэдийгээр Орос цөмийн зэвсгээрээ арван жилээр түрүүлж байгаа ч биологийн зэвсгийн хөгжлөөрөө энэ тал дээр Америкаас  арван жилээр хоцорч байж болох талтай.
Биологийн зэвсгийг улс гүрнүүд цэрэг дайны зориулалтаар ашиглахаас гадна хэн нэгэн этгээд энгийн иргэдийн эсрэг улс төрийн болон бусад зорилгоор ашиглахыг биотерроризм гэнэ. Орчин үеийн чимээгүй дайны шилдэг арга бол эзлэн түрэмгийлэхдээ бус эзэнд нь мэдэгдэхгүйгээр нөгөө талаа дотроос нь элдэв өвчин нян вирусээр хордуулж устгах явдал бөгөөд үүнд биотерроризм голлох үүрэг гүйцэтгэх бололтой.
Биотерроризм нь улс төрийн зорилгоор халдварт өвчин үүсгэгч тахал боом токсин зэргийн эх үүсвэрийг их хотын салхин дээр тавьж орхих, ундны усыг бохирдуулах, захиа дугтуй бэлгэнд хийн түгээх зэрэг хорлон сүйтгэх сонгомол аргаар  явагдах боловч орчин үед шинэ төрлийн нян вирусыг гарган авч тараан түүний эсрэг вакцин эм тариа зохион бүтээх төсөв хөрөнгийг  шахаж шаардан гаргуулж бизнесийн өндөр ашиг олох зорилгоор, эсвэл өрсөлдөгч талынхаа тариа ногоо ургацыг устгах зорилгоор биологийн агент царцаа шавьж түгээх хэлбэрээр ч биотерроризмын нэг хэлбэр болох агро-терроризм явагдахыг  үгүйсгэхгүй. 
Радиологийн буюу цацрагийн зэвсэг гэж хөнөөх хүчин зүйл нь цацраг идэвхт бодисын ионжуулах туяан дээр үндэслэгдсэн шинэ төрлийн үй олноор хөнөөх зэвсгийг хэлнэ. Нунтаг болон шингэн хэлбэрт байгаа цацраг идэвхт бодисыг тэсрэх бөмбөг хэлбэрт оруулан дэлбэлэхэд газар орон дээр асар их хэмжээний цацраг идэвхт тархалт үүсгэж амьд амьтныг альфа бетта гамма зэрэг ионжуулах туяагаар сүйрүүлэх нь цацрагийн зэвсгийн гол зорилго.
Эдгээр ионжуулагч туяанууд хүний  эрүүл мэндэд ноцтой хор учруулж, үхэлд хүргэх аюултай, хорт хавдар үүсгэдэг, удмын сан урагт нөлөөлдөг бөгөөд  альфа цацраг гэхэд л туулах чадвараараа агаарт арванхан сантиметр явдаг ч  ионжуулах чадвар асар өндөртэй тул хүний дотор организмд хоол унд амьсгалаар орвоос бүх эд эсийг ионжуулж үхлийн аюулд хүргэдэг бол гамма цацраг хэдэн метр бетонон ханыг ч нэвтлэж хүн амьтныг туяаны өвчнөөр үхэлд хүргэх чадвартай.
Янз бүрийн цацраг идэвхт бодис нь янз бүрийн тодорхой цаг хугацаанд газар орон дээр оршин тогтнож амьд амьтныг хөнөөгөөд задраад алга болдог шинж чанарт нь түшиглэн их гүрнүүд цэргийн оператив тактикийнхаа яг тодорхой цаг орон зайд тохируулан яг тэр төрлийн цацраг идэвхт бодисоор цэнэглэсэн цацрагийн зэвсгийн бөмбөг пуужинг дайсныхаа дээр хэрэглэх нь ирээдүйн дайны шинжийг тодорхойлж  байна.
Ингэснээрээ цацрагийн зэвсэг нь цөмийн зэвсэг шиг эд хөрөнгө ургамал амьтныг шатааж газар орон ус хүнс тэжээлийг хэдэн арав зуун жилээр хордуулахгүй, харин дайсны амьд хүчийг тодорхой заасан цаг хугацаанд ионжуулах туяагаар хөнөөгөөд дуусгасны  дараа өөрсдөө давхиад  ороод ирэхэд амьгүй юм бүхэн нь бүтнээрээ бас хоргүй авч ашиглахад ч бэлэн байх зэрэг давуу талаасаа цацрагийн зэвсэг нь ирээдүйд цөмийн зэвсгээс илүү үр дүнтэй хэрэглэхэд  тохиромжтой зэвсэг юм.
Мөн цөмийн гүрнүүд цөмийн хаягдлаа цацрагийн зэвсэг болгон  хэрэглэх бүрэн боломжтой бөгөөд уг хаягдлыг нунтаг шингэн аэрозол хэлбэрт оруулан онгоцоор /хортон шавьж устгадаг шиг/ газар орон дээр цацах, бөмбөг пуужин их бууны суманд хийн харвахаас гадна террористууд цөмийн болон цацраг идэвхт ямарч бодис хаягдлыг тэсрэх бодистой хослуулан цацрагийн бохир бөмбөг хийн дэлбэлэх аюул бас байгаа юм.
Тиймээс орчин үеийн террористууд цөмийн бөмбөгөөс илүүтэйгээр хямд хялбар энгийнээр нь цацрагийн зэвсгийг ихэд сонирхож байгаа бөгөөд хэн нэгэн этгээд санаатайгаар энгийн иргэдийн эсрэг цацраг идэвхт бодисоор цэнэглэсэн бохир бөмбөг хийн ашиглахыг цацрагийн терроризм гэнэ.
Цацрагийн терроризмын шалтгаан нь сөргөлдөгч талуудын цэрэг улс төр бизнес санхүү эдийн засгийн тэмцлээс өгсүүлээд  иргэд хоорондын өс хонзон хэрүүл маргаан ч байж болно. Үүнд 1995 оны 11 сард Москва хотын Измайловын паркт террористууд  цезий-137 гэдэг цацраг идэвхт бодисоор цацрагийн террорист халдлага үйлдэж байсныг нэрлэж болно.
Зарим цөмийн гүрнүүдийн зэвсэглэлд хоосруулсан урантай цацрагийн зэвсэг байгаа бөгөөд түүнийгээ Югослав Ирак Сирийн дайнд хэрэглэсэн гэх мэдээлэл бий.
Ерээд оноос цацрагийн зэвсгийг хориглох конвенцийг НҮБ хэд хэдэн удаа зүтгүүлсэн боловч дэмжигдэлгүй зогсонги байдалд орсноор өнөөдөр цацрагийн зэвсэг олон улсын ямарч хараа хяналтгүй  байгаа бөгөөд их гүрнүүд атомын эрчим хүчийг энхийн замаар хөгжүүлэх явцад цөмийн реактор дотор үүсдэг цацрагийн янз бүрийн изотопуудыг энэ төрлийн зэвсэг хийхэд ашиглаж болохыг үгүйсгэх аргагүй.
Цөмийн зэвсэг гэж гэрлийн цацраг, цохих долгион, нэвтрэх радиац, цахилгаан соронзон импульс, цацраг идэвхт хордолт зэрэг хөнөөх хүчин зүйл нь цөмийн урвалаас ялгаран гарах энерги дээр үндэслэгдсэн үй олноор хөнөөх зэвсгийг хэлнэ.  Одоогоор цөмийн зэвсэгтэй улсад НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн орон, мөн Энэтхэг Пакистан Израиль Хойд Солонгос багтаж байна. Монгол Улс нь Цөмийн материалын биечлэн хамгаалалтын тухай конвенци, Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээ, Цөмийн ослыг нэн даруй мэдээлэх тухай конвенци, Цөмийн болон цацрагийн ослын үед харилцан туслалцаа үзүүлэх тухай конвенци, Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээ, Цөмийн террорист үйлдлийг хориглох тухай конвенци зэрэг цөмийн зэвсгийн талаархи бараг бүх олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдэн орсон.  
Эдгээрээс цөмийн зэвсгийг хянах олон улсын гол хуулийн нэг бол Монгол Улс анхнаас нь нэгдэн орсон 1996 оны Цөмийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээ /ЦТБХГ/ бөгөөд одоогоор уг Гэрээг хүчин төгөлдөр болгоход голлох үүрэгтэй заавал соёрхон батлах ёстой атомын цахилгаан станц, цөмийн судалгааны реактортой 44 улсаас 36 нь л батлан Хятад Америк зэрэг 8 улс батлаагүй үлдээд байгаа тул уг Гэрээ хүчин төгөлдөр болоогүй хэвээр байна. Уг гэрээний давуу тал нь гэвэл, ЦТБХГ-ний хэрэгжилтийг олон улсын хяналтын систем байгуулж хянахаар заагдсан бөгөөд уг системийг байгуулах нийт ажлын 75 хувийг эдүгээ хангаад байна. Энэхүү олон улсын хяналтын системд одоогоор нийтдээ 337 станц хамрагдаж байгаа бөгөөд тэдгээрт цөмийн туршилтаас үүдсэн газар хөдлөлтийг хэмжих, нэл авиаг тодорхойлох, далай тэнгисийн усан дахь дуу авиаг хэмжих гидроакустикийн, агаар дахь цацрагийн тархалтыг судлах радинуклидийн станцууд багтаж байна. Уг хяналтын станцуудын цуглуулсан мэдээллийг Вена дахь Олон улсын мэдээлллийн төвд боловсруулж, Гэрээнд оролцогч орнуудад тодорхой хугацаагаар түгээж байх учиртай. Монгол Улсад олон улсын хяналтын системийн станц байгуулах нь цөмийн зэвсэггүй статусаа зарласан манай улсын хувьд улс төр, мөн шинжлэх ухааны ихээхэн ач холбогдолтойгоос гадна уг хяналтын станцуудын мэдээллийг манай шинжлэх ухааны байгууллагууд газар хөдлөлтийн судалгаа болон бусад судалгаанд бүрэн ашиглах боломжтой бөгөөд манай мэргэжилтэнүүд орчин үеийн техник, тоног төхөөрөмжтэй танилцаж, ажиллах боломжийг давхар олгож байна.
Цөмийг зэвсгийг хураах хоёрдахь чухал гэрээ бол өнгөрсөн жил НҮБ-ын гишүүн 122 улсаар дэмжигдэж НҮБ-аас баталсан  Цөмийн зэвсгийг хуулиар хорих олон улсын гэрээ бөгөөд  уг гэрээ нь нийт 50 орон зөвшөөрөн гарын үсгээ зурснаас хойш 90 хоногийн дараа хүчин төгөлдөр болох юм. Гэвч уг гэрээг НАТО-гийн холбооны ихэнх улсууд болон Америк, Орос, Япон зэрэг цөмийн гүрнүүд Цөмийн зэвсэг-аюулгүй байдлын баталгаа гэдэг нэрийдлээр дэмжихгүй байна.  
Дашрамд дурдахад уг Цөмийн зэвсгийг хуулиар хорих олон улсын гэрээг анх санаачлаж НҮБ-д зүтгүүлж батлуулсан  Цөмийн Зэвсгийг Устгах Олон Улсын Хөдөлгөөн (ICAN-International Campaign to Abolish Nuclear Weapons) гэдэг байгууллагыг өнгөрсөн жил 2017 оны Нобелийн энх тайвны шагналаар шагнасан юм.
Цөмийн хаягдал нь атомын эрчим хүчний үйлдвэрлэх явцад цөмийн реактороос ялгаран гардаг  цацраг идэвхит материал агуулсан,  хөргөлт болон газрын гүний булшлалт шаарддаг өндөр түвшний хог хаягдал юм. Цөмийн хаягдлын аюул нь хүний эрүүл мэндэд ноцтой хор учруулж, үхэлд хүргэх аюултай, хорт хавдар үүсгэдэг, удмын сан урагт нөлөөлдөг альфа бетта гамма зэрэг ионжуулагч цацрагууд бөгөөд  альфа цацраг гэхэд л туулах чадвараараа агаарт арванхан сантиметр явдаг ч  ионжуулах чадвар асар өндөртэй тул хүний дотор организмд хоол унд амьсгалаар орвоос бүх эд эсийг ионжуулж үхлийн аюулд хүргэдэг бол гамма цацраг хэдэн метр бетонон ханыг ч нэвтлэж хүн амьтныг үхэлд хүргэх чадвартай.
Иймээс цөмийн хаягдлаас хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлыг Олон улсын атомын эрчим хүчний агентлагын хяналтын дор тухайн улсын засгийн газар бүрэн хариуцаж  хаягдлаа аюулгүй болох хүртлээ тусгай байгууламжид хэдэн мянган жилээр ч тусгаарлан  хадгалсан байх учиртай.
Цөмийн гүрнүүд өмнө нь 1993 он хүртэл цөмийн хаягдлаа далайд хаяж байгаад энэ нь олон улсын гэрээгээр хориглогдсон тул дараа нь хаягдлаа сансар огторгуйд, бүр наран дээр устгах хувилбарыг ч судалж үзээд бүтээгүй. Өнөөгийн технологи нь өндөр түвшний цөмийн хаягдлыг керамик шилэн төлөв хэлбэрт оруулж ойролцоогоор арван мянган жилээр булшлах асуудал яригдаж байгаа нь цөмийн эрчим хүчний хөгжлийг тодорхой хэмжээгээр сааруулж,  ашигласан түлшээ дахин боловсруулж хэрэглэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна.
Цөмийн хаягдалд плутони-240, плутони-241, плутони-238 зэрэг нь хадгалалтын явцад хурдан задарч алга болдог бол цөмийн зэвсгийн гол материал болох плутони-239 задарч алга бололгүй хэдэн мянган жилээр тогтвортой байх нь  энэ төрлийн хаягдал нь алсдаа цөмийн зэвсгийн "уурхай" болох магадлалтай байгаа нь бас асуудал дагуулж байгаа юм.
Өндөр түвшний хаягдлыг булшлахад газар орон хөрсний геофизик, геохими, радиохими, цаг уур болон бусад судалгааг хийх, ялангуяа хөрсийг хэдэн зуун метр өрөмдөж гүний ус газар хөдлөлтийн байдлыг тодорхойлох зэргээр цөмийн хаягдал булшлахад хамгийн тохиромжтой аюулгүй газар орныг таван зуун метр орчмын гүнд сонгон барьж байгуулна гэдэг арав хориод жилийн ажил бөгөөд ингэхдээ олон улсын дүрмээр цөмийн хаягдал булшлагч орон өөрийн төдийгүй хөрш улсынхаа аюулгүй байдлыг давхар харгалзан үзэх үүрэг хүлээсэн байдаг.
Хэдэн мянган жилээр газар доор булшлагдсан өндөр түвшний цөмийн хог хаягдал нь гүний усыг бохирдуулах, хулгайд алдагдах, газар хөдлөлтөнд өртөх, цөмийн терроризмын бай болох, улс орнуудын хил хязгаар өөрчлөгдснөөр бусдын нутаг дээрх цөмийн хаягдал болж хувирах зэрэг асуудлуудыг давхар дагуулж байна. 
Ихэнх цөмийн гүрнүүд өнөөдөр цөмийн хаягдлаа дахин боловсруулах, булшлах газраа сонгож ядан технологийн шийдлээ хүлээх зэргээр станцынхааа дэргэд гаднаа түр хадгалж байгаа нь олон улсын террористуудын анхаарлыг татаж байна. Тэд цөмийн хаягдлыг  дэлбэлэх, цацраг идэвхт хаягдлыг хулгайлах,  цөмийн бохир бөмбөг хийн дэлбэлэн газар орныг цацрагаар хордуулах  зэргээр цөмийн болон цацрагийн терроризм үйлдэх, мөн атомын цахилгаан станцын цахим сүлжээнд нэвтрэн үйл ажиллагааг нь доголдуулж цөмийн кибер халдлага хийх аюултай.
1986 оны Чернобылийн цөмийн авари, 1995 оны Токиогийн метронд үйлдсэн химийн террорист халдлага,  Москвад үйлддэгсэн цацрагийн террорист халдлага,  2001 оны боомын нянг америкийн сенат болон хэвлэл мэдээллийн захиа дугтуйд хийн тараасан биологийн террорист халдлагын дараа их гүрнүүд G8 /Орос 2014 онд Крымээс болоод хасагдсан/ энэхүү үй олноор хөнөөх зэвсэг буюу хими биолог цацраг цөм /CBRN/-ийн асуудал нь нэг улсын биш даян дэлхийн асуудал болсон байна гэдэг дээр санаа нийлж Үй олноор хөнөөх зэвсэг тэдгээрийн биет материалын эсрэг Даян дэлхийн түншлэл санаачлага гарган хими биолог цацраг цөмийн зэвсэг /CBRN/-ийг үл дэлгэрүүлэх, аюул эрсдлийг нь бууруулах  НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн 1540 тоот тогтоол гарган,  түүнийг хэрэгжүүлэх НҮБ-ын 1540 байнгын хороог өнөөг хүртэл ажиллуулж байна.
Уг тогтоолоор гишүүн орнууд хими бактерлоги цацраг цөм /СBRN/-ийн эрсдлийг хамтын хүчээр  бууруулах, үй олноор хөнөөх зэвсгийг тархаахгүй байх, хууль эрх зүйн орчиндоо зохицуулалт хийх зэрэг үүрэг хүлээсэн байдаг.
Дээрхи Даян дэлхийн түншлэл санаачлага нь өнөөдөр G7, хандивлагч болон гишүүн гуч гаруй орныг элсүүлэн  Вена дахь Олон улсын атомын эрчим хүчний агентлаг, Гаага дахь Химийн зэвсэг хориглох байгууллага, Женев дэхь Биологийн зэвсгийн конвенцийг хэрэгжүүлэх нэгж, Дэлхийн Эрүүл мэнд, Гааль, Цагдаа, Хууль, Хүнс ХАА, Амьтны Эрүүл мэндийн байгууллагууд, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1540 хороо,  Зэвсэг хураах газар зэрэг холбогдох байгууллагуудыг бодлогоор хангаж нэгтгэдэг бол үйл ажиллагааг нь НҮБ-ын Бүс хоорондын гэмт хэрэг хууль эрх зүйн судалгааны институт,  Европын холбооны Хими биолог цацраг цөмийн эрсдлийг бууруулах төв зэрэг байгууллагууд төсөл хөтөлбөр хэлбэрээр олон улсын болон бүс нутгийн түвшинд хими биологи цацраг цөм/CBRN/-ийн эрсдлийг бууруулах замаар хэрэгжүүлж байна.
Европын холбооны Хими бактерлоги цацраг цөмийн эрсдлийг бууруулах /СBRN risk mitigation/ санаачлага нь 2010 оноос хэрэгжиж эрсдлийг бууруулах жараад төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд найман бүсэд Хими биолог цацраг цөмийн эрсдлийг бууруулах бүсийн газрыг байгуулж жараад улсыг уг санаачлагад элсүүлээд тэдгээрт үндэсний   хими бактерлоги  цацраг цөмийн эрсдлийг бууруулах тогтолцоог төлөвшүүлэхэд мэргэжлийн зөвөлгөө, техник-эдийн засгийн туслалцаа үзүүлээд байна.
Хими биолог цацраг цөмийн аюул эрсдлийг нэг улс орны хэмжээнд шийдэх боломжгүй,  тэдгээрийн аюул ослын хор уршиг үр дагавар нь хил хязгааргүй нийтийг хамарсан үй олноор хөнөөх шинжтэй, буруугаар хэрэглэсэн тохиолдолд олон улсын гэмт хэрэгт тооцогддог,   хими биолог цацраг цөмийн терроризм нь дэлхийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг  болсон учраас үүнд олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаа, харилцан мэдээлэл туршлага солилцоо туслалцаа дэмжлэг, үндэсний хууль эрх зүйн зохицуулалт төлөвлөлт менежмент хяналт зайлшгүй шаардлагатай. 
Европын холбооны  Хими биолог цацраг цөмийн эрсдлийг бууруулах санаачлагын хүрээнд Төв Азийн орнуудад биоаюулгүй байдлыг хангах талаар хэрэгжүүлж байгаа Р53 төсөлд Монгол Улсыг хамруулах болсон нь бид цаашдаа уг санаачлагад нэгдэн үндэсний хэмжээнд эрсдлийг бууруулах тогтолцоог бүрдүүлэх үүд хаалгыг нээж байгаа юм.
Хими биолог цацраг цөмийн эрсдлийг бууруулах стратеги нь олон улсын хамтын ажиллагаа, үндэсний бодлого хууль эрх зүйн зохицуулалт, эрсдлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдал бөгөөд  цаашдаа бид дээрхи Европын холбооны санаачлагад нэгдсэнээр эдгээр эрсдлийн үнэлгээ хийх, хэрэгцээ шаардлагаа тодорхойлох,  үндэсний тогтолцоог бүрдүүлэх, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх,  эрсдлийг бууруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар манай улсын хөдөө аж ахуй уул уурхай эрүүл мэнд шинжлэх ухаан аж үйлдвэр зэрэг бүхий л салбарт түгээмэл байгаа хими биолог цацраг цөмийн биет материал агентын улмаас гарч болзошгүй аюул эрсдлийг бууруулснаар Монгол хүн эрүүл байх байгаль орчин унаган төрхөө хадгалах боломжтой.
 
 
ОУ-ын зэвсгийн шинжээч, ЦШУ-ны доктор, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт