sonin.mn
Роберт Маккой (Robert E. McCoy)
 
Солонгосын дайныг төгсгөл болгосон 1953 оны гал зогсоох эвлэрлийн хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш яг 65 жил өнгөрчээ. Харин уг дайн хэрхэн дэгдсэн, гал зогсоох талаар талууд хэрхэн тохиролцсон бэ гэдэг нь өнөөг хүртэл тодорхойгүй байна. Ялангуяа коммунистуудын бодож сэдэж байсан зүйлийн талаарх мэдээлэл тун хомс байдаг.  
Судалгааны баримтуудыг харвал, дайнд татагдан орсон Хятад, Умард Солонгос, ЗХУ гэсэн гурван том коммунист гүрэн өөр өөр байр суурьтай байжээ. Оросын түүхч Александр Панцов ЗХУКН-ын Төв Хорооны төв архив /одоогийн Оросын Нийгэм-улс төрийн түүхийн улсын архив/ дахь асар олон тооны баримтуудыг судалсны үндсэн дээр “Мао Зэдун: Бодит түүх” гэдэг нэртэй ном бичжээ. Хэдийгээр коммунистууд ялахгүй гэдэг нь тодорхой байсан боловч дайн яагаад дахин хоёр жил сунжирсан бэ гэдэг асуудлыг тэрбээр нухацтай судалсан байна.
Түүнээс гадна, Т.Р.Ференбах-ын 1963 онд хэвлүүлсэн “Ийм нэгэн дайн” /This Kind of War/ гэдэг номонд дайн дэгдэхэд хүргэсэн шалтгааны талаар бичсэн бол 2013  онд хэвлэгдсэн Шейла Миоши Жагер-ын “Ахан дүүсийн дайн” /Brothers at War/ гэдэг номонд Хятад, Умард Солонгос хоёр эвлэрлийн гэрээг байгуулахгүй сунжруулахын тулд янз бүрийн арга мэх, суртал ухуулгыг ашиглаж байсан тухай өгүүлнэ.
 
Хоорондоо зөрчилтэй үндэслэлүүд
 
1950 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Умард Солонгосын тал Өмнөдөд халдан довтолсноор дайн “албан ёсоор” эхэлсэн гэж үздэг боловч зэвсэгт мөргөлдөөнүүд үүнээс бүр эрт эхэлсэн юм. Өмнөд Солонгос даяар дэгдэж байсан үймээн бослогыг хэрцгийгээр дарж байлаа. АНУ-ын армийн мэдээллээр бол, 1950 оны эхний хагаст гэхэд 38 дугаар өргөргийн орчимд хэдэн зуун удаа жижиг мөргөлдөөн болж байсан бөгөөд эдгээрийг Сөүл, Пхеньян хоёрын аль аль нь өдөөж байв.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Сын Ман /Syngman Rhee/ Вашингтонд хэд хэдэн удаа хандан Умард руу дайрч, эх орноо нэгтгэх зөвшөөрөл өгөхийг хүсч байлаа. Гэвч Дэлхийн 2 дугаар дайн дууссаны дараа АНУ цэргийнхээ ихэнхийг Өмнөдөөс гаргасан байлаа. Сөүл дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд бэлэн биш гэж Вашингтон мэдэгдэж байв.
Хилийн шугамын нөгөө талд ЗХУ-ын нөлөөн дор сонгогдсон Умард Солонгосын удирдагч Ким Ир Сен дайныг эхлүүлэх шийдвэр төгс байлаа. 1948 оноос хойших 2 жилийн хугацаанд Ким Зөвлөлтийн удирдагч Иосиф Сталинд 48 удаа цахилгаан утас илгээж, Өмнөдийг эзлэн авах зөвшөөрөл өгч, дэмжлэг үзүүлэхийг хүсч байв.
Сталины цаад санаа нь АНУ-ын байр суурийг сулруулах явдал байсан боловч тэрбээр асуудалд маш болгоомжтой хандаж, Вашингтоныг өдөөн турхирахыг хүсэхгүй байв. Кимийг “тун тохирох тоглоомон хүүхэлдэй” гэж харсан Сталин түүнийг болон БНХАУ-ын удирдагч Мао Зэдуныг овжноор ашиглаж эхэллээ.
1950 оны 1 дүгээр сард Маотай уулзах үеэрээ Сталин батлан хамгаалахын тал дээр Умард Солонгост тусламж үзүүлэх тухай сэдвийг хөндөн ярьсан аж. Гэхдээ Ким Ир Сен Өмнөд рүү довтлох гэж байгаа талаар ганц ч үг дуугарсангүй.
Довтлох санаагаа нууцалж байхыг Сталин Кимд зааварчилсан боловч Мао 1949 онд Кимийн төлөвлөгөөний талаар олж мэджээ. Ким төлөвлөгөөгөө таг нууцалж байсан нь Хятадын удирдагчид таалагдсангүй. Гэсэн хэдий ч Хятадад иргэний дайн дууссан учраас Умард Солонгост цэргийн албан хаагчдаа илгээнэ гэж Мао амласан байна. Учир нь, коммунист дэглэмтэй Солонгос улс нь Америкийг Хятадын хилээс хол байлгахад тус болох юм.  
1950 оны 3 дугаар сард Сталин “онцгой нөхцөл байдал үүссэн үед цэргүүдээ илгээнэ гэж Мао амласан” гэдгийг Кимд мэдээлэв. Харин Кимийн хувьд, Өмнөдийг эзлэхэд ердөө 27-хон хоног хангалттай хэмээн итгэлтэй байсан төдийгүй АНУ дайнд хөндлөнгөөс оролцохгүй гэж бодож байжээ. Харин АНУ зүгээр хараад суухгүй гэдгийг Сталин мэдэж байлаа.
 
 
Ким Маод хандан “Хятадын Ардын чөлөөлөх армийн бүрэлдэхүүн дэх 3 солонгос дивизийг өгөх”-ийг хүсэв. Үүнийг Мао зөвшөөрсөн төдийгүй шаардлагатай тохиолдолд Хятадын цэргүүдийг илгээхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ.  
1950 оны 3 дугаар сарын дундуур Сталин Өмнөд рүү довтлох гэсэн Кимийн төлөвлөгөөний талаар Маод мэдээлэв. Зөвлөлтийн цэргийн шинжээчид байлдааны төлөвлөгөөг боловсруулсан гэдгийг мэдсэн Мао бүрэн дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэний сацуу АНУ хөндлөнгөөс оролцож болзошгүй хэмээн Кимд сэрэмжлүүлсэн байна. Ингээд Ким 6 дугаар сарын 25-ны ням гарагийн үүрийн 04 цагт Өмнөд рүү довтоллоо.  
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааныг зарлах үед Сталин уг хуралдааныг бойкотлохыг өөрийн төлөөлөгчдөд тушаав. Тухайн үед Чан Кайши НҮБ-д Хятадыг төлөөлж байсан учраас Сталины энэ алхам нь Маотай эв санааны нэгдэлтэй гэдгээ харуулах гэсэн хэрэг байлаа.
Сталины эл үйлдэл нь Ази тив дэх хуурай замын дайнд АНУ татагдан орох явдлыг гарцаагүй болгожээ. Зорилго нь юу байв? “Эдийн засгийн хувьд АНУ-ыг туйлдуулах, америкчуудыг Европ дахь байр сууриа зөөлрүүлэхэд хүргэх явдал” гэж Панцов дүгнэн хэллээ.   
Дайн Умардын хувьд тун амжилттай эхэлжээ. АНУ-аар удирдуулсан НҮБ-ын цэргийг Солонгосын зүүн өмнөд эрэг хүртэл шахан ухраасан боловч холбоотнууд тэсэн зогсч чадав. Генерал Дуглас Макартурын төлөвлөгөөний ачаар НҮБ-ын цэрэг умардынхны ар талд десант буулгалаа. 10-11 дүгээр сард Умардын цэрэг 38 өргөргийн цаана хүртэл ухрав. Ингээд Хятад улс хөндлөнгөөс оролцохоос аргагүй мөч ирлээ.  
 
Хятадууд тоглоомонд татагдан орсон нь
 
Мао 120 мянган “сайн дурынхан” буюу 3 армийг Умард Солонгостой залгаа хил дээр төвлөрүүлэв. Гэвч тэрбээр эргэлзсээр байлаа. Сталинд илгээсэн захидалдаа Хятадын удирдагч “цэргүүд маань зэвсэг муутай, түүнээс гадна, хэрвээ манайх хөндлөнгөөс оролцох аваас АНУ-Хятадын хооронд мөргөлдөөнийг өдөөнө, ер нь бол миний зөвлөхүүд хөндлөнгөөс оролцохын эсрэг байгаа” гэсэн санааг онцлон дурджээ.
Хятадын цэргийн хүч Америктай байлдаасай гэж бүр анхнаасаа хүсч байсан гэдгээ Сталин тайлбарлаад “гэхдээ агаараас дэмжлэг үзүүлж чадахгүй” гэж хэлсэн аж. Харин Мао дайнд шуудхан орж чадахгүй гэдгээ хэлэв. Сталин Кимд хандан “Умард Солонгосыг дэмжихээс Бээжин татгалзлаа, иймээс цэргээ ухрааж, хилийн орчимд партизаны дайн хийхийг” зөвлөсөн байна.
Сталины энэ үг Маог хөдлөхөөс аргагүй байдалд түлхэн орууллаа. Тэрбээр Умардад туслахаар цэргээ илгээв. Үүнийг Сталин урьдчилан харж байсан бөгөөд учир нь, Америкийн цэргүүд Ялу голын орчимд байрлахаас Мао айж байсан юм. Энэ голоос Хятадын зүүн хойд нутагт хүрэхэд гар сунгах төдий  ойрхон байлаа.  
1950 оны 10 дугаар сарын 19-нд “сайн дурынхны” хээрийн 4 арми, артиллерийн 3 дивизээс бүрдсэн хүч Умард Солонгосын нутаг дэвсгэрт нууцаар нэвтрэн оров. Үүнд цочирдсон НҮБ-ын цэрэг Өмнөд рүү ухарлаа. Харин 1951 оны хавар гэхэд НҮБ-ын цэрэг коммунистуудыг одоогийн цэрэггүй бүс байгаа газар руу шахан ухраасан юм.
 
 
 
Хэлэлцээ ба тулалдаан
 
Үүнээс хойших 2 жилийн хугацаанд хоёр талын аль нь ч өргөн хэмжээний давшилтын ажиллагаа явуулсангүй. Харин тактикийн давуу тал олж авахын төлөө тулалдаж байлаа.
1951 оны зун болоход Ким дайныг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэдгийг ойлгож эхэллээ. Москвад очсон Хятадын өндөр тушаалын түшмэдийн дэмжлэгтэйгээр НҮБ-тай хэлэлцээ хийж эхлэх нь зүйтэй гэдгийг Ким Сталинд ойлгуулж чадлаа. Гэвч Сталин дайныг дуусгах зөвшөөрөл өгөхөөс татгалзжээ.
Энэ дайн Хятадын хувьд санхүүгийн маш хүнд асуудал үүсгэж байна хэмээн Мао гомдоллох болов. Америкийн онгоцууд балгас болгон хувиргасан Умард Солонгост өлсгөлөн дэгдэж, хүмүүс маш хүнд байдалд орсон нь 1952 оны 1 дүгээр сард Сталинд тодорхой болжээ. Гэвч тэрбээр үүнийг огтхон ч хайхарсангүй. 1952 оны 8 дугаар сард Сталин Хятадын төлөөлөгчдөд хандан хэлэхдээ “дайн бүгдэд ашигтай, учир нь, энэ дайн Америкийн мэдрэлийг цуцааж байна. Хүмүүсээ алдсаныг эс тооцвол умард солонгосчууд юу ч алдаагүй” гэж байжээ.
1953 оны 3 дугаар сард Сталин нас барсны дараа л Мао дайныг төгсгөл болгох талаар нухацтай хэлэлцээ хийх нь зүйтэй гэдэгт ЗСБНХУ-ын Сайд нарын зөвлөлийг итгүүлж чадсан юм. Үүний дараа Ким ЗХУ-аас зохих удирдамжуудыг хүлээн авчээ.
Хоёр Солонгосын хилийн шугамыг тодорхойлсон гал зогсоох тухай хэлэлцээрт 1953 оны 7 дугаар сарын 27-нд гарын үсэг зурлаа. Хэлэлцээрийн дагуу 4 км-ийн өргөнтэй зааглах шугам бий болов.
 
Санаанд оромгүй баримтууд ба хариултгүй үлдсэн асуултууд
 
Солонгосын дайнтай холбоотой хамгийн том төөрөгдлүүдийн нэг бол дайныг өдөөсөн хариуцлагыг Ким хүлээх ёстой гэсэн байр суурь юм. Хэдийгээр Ким Өмнөд рүү эхэлж довтолсон нь үнэн боловч гагцхүү Сталин л нөхцөл байдлыг хянаж байлаа. Сталин Кимийг дайнд түлхэн оруулсан, энэ дайнд АНУ татагдан орох нь гарцаагүй байв. Сталин мөн Маог дайнд татан оруулсан. Гал зогсоох хэлэлцээг бүхэл бүтэн 2 жилийн турш хойшлуулж, дайныг сунжруулсны хариуцлагыг чухамдаа Сталин хүлээх ёстой.
АНУ бактериологийн зэвсэг хэрэглэсэн тухай коммунистуудын мэдэгдэл нь эцсийн эцэст няцаагдсан билээ. Энэ худал мэдээлэл нь ЗХУ-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө хэмээн түгшсэн Зөвлөлтийн Сайд нарын зөвлөл “ тус улсыг төөрөгдөлд оруулсан байсан” хэмээн мэдэгдсэн юм.
Гэхдээ олон олон асуулт хариултгүй хэвээр үлдэж байна. Сталин, Мао хоёр, Сталин, Ким нарын хооронд болсон ярианы бичлэг алга. Энэ бичлэг хаана байна вэ? Мао зөвлөхүүдийнхээ үгийг эс хайхран дайнд татагдан орсон шалтгаанууд ч оньсого мэт хэвээр үлджээ. Сталин өөрийн зорилгодоо хүрэхийн тулд өөрсдийг нь хэрхэн ашиглаж байсныг Мао, Ким хоёр ойлгосон болов уу гэдгийг ч өнөөг хүртэл бид мэдэхгүй л байна.  
Эдгээр асуултын хариу хэзээ ч олдохгүй байж магадгүй. Гэхдээ нэг л зүйл тодорхой. Юу вэ гэвэл, хэдийгээр харилцаанд дулаарал бий болж байгаа боловч Солонгосын дайн дуусаагүй байна, Солонгосын хойг маш аюултай газар хэвээр байна.  
 
Орчуулсан Б.Адъяахүү
 
 
http://www.atimes.com/article/the-korean-war-the-view-from-the-other-side/ 
Asia Times, Hong Kong