sonin.mn
АШУҮИС-ийн Анагаах ухааны сургууль, Дотрын нэгдүгээр тэнхим, Ревматологийн профессорын багийн багш Д.Цолмон, Д.Нандин-Эрдэнэ нартай “ТУЛАЙ” өвчний талаар ярилцлаа.      
 
-Тулай өвчин хэзээнээс үүдэлтэй вэ. Дэлхийд хэр тархсан байдаг өвчин юм бол. Монголчууд тулуй гэж буруу яриад байх шиг байна?
 
Д.Ц:
 
-Түүхийг судлахад МЭ-ний 1400-1600 онд Италийн хэд хэдэн уран зураачдын сод бүтээлд Италийн Тусканы хаадын удмын хэд хэдэн гишүүдийн тулай өвчинд нэрвэгдсэн гарын хуруу гайхалтай тодоор дүрслэгдэн үлдсэн байдаг. Тусканы хаан агуу Дьюк I, түүний хүү Фердинанд I, агуу Дьюк II гээд хэд хэдэн хаад бүгдээрээ тулай өвчнөөр өвдөж байсан нь тэмдэглэгдэж үлдсэн байдаг. Чухам энэ үеэс тулай өвчнийг “хаадын өвчин” гэж нэрлэж иржээ.Учир нь хүн зарж, хоолны дээжийг идчихээд хөдөлгөөн муутай амьдрахаар тулай өвчин тусдаг байсан бололтой. Зөвхөн Монголд биш дэлхий нийтэд байдаг өвчин юм.
Би Японд сурч байхдаа Япон хүмүүс хүнсэндээ олон төрлийн ногоо их хэрэглэдэг учраас тулайгаар өвдөхгүй гэж боддог байсан. Гэтэл далайн гаралтай бүтээгдэхүүнд пурин их агуулагдаж байдагтай холбоотой харин ч их өвдөх эрсдэлтэй байдаг юм билээ.
 
-Тулай өвчний тохиолдол Монголд хэр их гарч байна вэ. Ямар үед энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо олширдог вэ?
 
Д.Ц:
 
-Тулайгаар өвдсөн хүмүүс их байгаа. Сүүлийн үед суудлын ажилтай, архи, маханд дуртай, бодисын солилцооны ямар нэгэн эмгэгтэй хүмүүс тулай өвчнөөр өвчилж  байна. 
Ялангуяа тулай  өвчин нь цагаан сар болон наадмын дараахан их сэдэрдэг. Энэ нь иргэдийн хүнсний хэрэглээ буруу гэдгийг харуулж байгаа юм. Энэ үеүдэд монголчууд энгийнээс илүү их өөх махтай хоол хэрэглэдэг.
Зун цагт найз нөхөд, гэр бүлээрээ зугаалахдаа хорхог, шорлог, чанасан мах бараг өдөр болгон идчихээд араас нь айраг, пиво, архиа  уудаг.  Тэгэхээр одоо энэ өвчний оргил үе эхэлчихсэн байна гэсэн үг.  
 
Д.Н:
 
Эртний монголчууд зундаа цагаагаар хоол хийж гэдсээ цэвэрлээд бусад улиралд махаа иддэг байсан сайхан уламжлал алга болж жилийн дөрвөн улирал мах идээд байгаа нь энэ өвчин ихсэхэд ихээхэн нэмэр болж байна. Хүйсийн хувьд эрчүүд түлхүү өвдөж байгаа нь бас л мах, архины хэрэглээтэй шууд холбоотой байж болох юм.
 
-Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юу?
 
Д.Ц:
 
-Юунаас үүдэлтэй байгаа вэ гэдэг нь мэдэгдэж байгаа учраас энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой гэсэн үг. Юуны түрүүнд махны хэрэглээг багасгах хэрэгтэй. Өвчний сэдэрсэн үед дотор гэдэс бол огт идэж болохгүй.
Монгол хүн архи задалдаг ферментийн төрөлхийн дутагдалтай.Тиймээс архи, шар айрагны хэрэглээг багасгах хэрэгтэй. 
Бид өвчтөнүүдээ сайхан болгоод өгдөг. “Эмчээ өвдөж байсан үе минь өвдөхгүй сайхан болсон гээд” явдаг юм. Гэтэл удалгүй нөгөө хязгаарлаж байсан архи, махыг хэтрүүлэн хэрэглэчихсэн өвчнөө сэдрээгээд буцаад хүрээд ирдэг. Зовиур байхгүй болсон нь өвчин эдгэрсэн гэсэн үг огт биш юм.
 
-Тулайн үед мах яагаад  идэж болдоггүй вэ?
 
Д.Н:
 
-Мах бол уураг, амин хүчлээр баялаг бөгөөд пурины агууламж хамгийн өндөртэй бүтээгдэхүүн. Тийм пурины агууламж өндөртэй бүтээгдэхүүн их хэрэглэсэн хүн энгийн хүнээс илүүтэй тулай өвчнөөр өвчлөх эрсдэлтэй  байдаг.  
 
 -Уг өвчнийг хэрхэн оношлодог вэ?
 
Д.Ц:
 
-Уургаар баялаг хоол хүнс хэрэглэсний дараа хүний биед бүрэн задарч,шээсний хүчил болон гадагшлах ёстой. Хэвийн үед эрүүл хүний цусанд шээсний хүчил 6.8 мг/дл хүртэл байх нь зөвшөөрөгдөх бол биеэс зайлуулагдаж чадалгүй цусанд өндөр хэмжээтэй үлддэг. Сайтар ярилцах, гэмтсэн үеийг үзэх, цусан дахь шээсний хүчлийг лабораторид тодорхойлох болон бусад хэдэн шинжилээг үндэслэн тулай өвчнийг оношилж байгаа. 
 
-Хэр хүнд өвчин бэ?
 
Д.Ц:
 
-Тулай бол хүнд өвчин. Алсдаа бөөрөнд чулуу үүсэх, бөөрний түүдгэнцэр гэмтэх аюултай. Цаашлаад бөөрний архаг дутагдалд хүргэнэ  гэсэн үг юм.
 
  -Ямар шинж тэмдгүүд хүний биед илэрдэг вэ?
 
Д.Н:
 
-Цусан дахь шээсний хүчил ихэссэн хэрнээ зарим хүн зовиургүй яваад байдаг. Гэхдээ тулай өвчин үүсч байна гэдэг нь цусан дахь шээсний хүчил ихэсхээс гадна эмнэл зүйн шинж тэмдгүүдээр илэрдэг.
Жишээлбэл, тулай өвчин нь өглөө үүрээр болон шөнө дундын цагаар аль нэг талын хөлийн эрхийн хуруу гэнэт маш хүчтэй өвдөх, улайж хавдах эхний шинж тэмдгээр илэрдэг. Учир нь шээсний хүчил  нь үений хөндийд ороод талст үүсгэчихдэг. 
Энэ талстыг уратын давс гэдэг бөгөөд яг зүү шиг хэлбэртэй байдаг. Бусад эрүүл эрхтнээ зүүгээр хатгаж буй мэт өвтгөдөг гэсэн үг.  Зарим тохиолдолд энэхүү өвөрмөц шинж ганцхан удаа тохиолдоод алга болж болно. Үүнийг нь тулайн дайрлага гэж хэлдэг.
Тулайн дайрлага бол тулай өвчнөөр өвдөх гээд байгааг анхааруулж байгаа сануулга гэж ойлгох хэрэгтэй. Харин жилд олон удаа ойр ойрхон тохиолдвол архаг тулай болно. Энэ тохиолдолд удаан хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай болж, заавал эмчийн хяналтанд орно гэсэн үг.
 
Д.Ц:
 
-Яагаад хөлийн эрхийн хуруу гэж гар байж болно шүү дээ. Гэтэл гар бол байнгын хөдөлгөөнд оршдог.Харин хөлийн хуруу гутал дотор байнгын хөдөлгөөнтэй байж чаддаггүй. Бидний нэрлэж сурснаар эрхий хуруу буюу нэгдүгээр хуруу хамгийн том зайтай. 
Тиймээс зүү шиг хэлбэртэй уратын давсны  талст нь их хэмжээгээр хуримтлагдах боломжтой эрхий хурууг сонгодог гэж энгийнээр тайлбарлаж болно. 
Алсдаа бусад олон үенүүд, бөөрийг гэмтээх өндөр магадлалтай болгоно. Тиймээс биед тунаад байгаа шээсний хүчлийг үенд очиж тунах, бөөрөнд очиж чулуу үүсгэхээс өмнө урьдчилан сэргийлэхийн тулд эмчийн хяналтанд орж, эмчилгээг хийлгэж эхлэх нь зүйтэй.
 
-Тулайгаар өвчилсөн иргэд өвчнийхөө ямар үед ихэвчлэн эмнэлэгт хандаж байна вэ? 
 
Д.Ц:
 
-Янз бүр байдаг. Ихэнхдээ буюу 60-аас дээш хувь нь өвчнөө архагшуулаад хүрээд ирдэг. Эсвэл дур мэдэн эм ууж өвчнөө хүндрүүлдэг. Монголчууд чинь аливаа өвчнийг тартагт нь тулгаж байж л эмчид ханддаг муу зуршилтай.
Ер нь “яг өчигдөр шөнө би ингэж өвдөөд” гээд хүрээд ирэх хүн цөөн. Ийм тохиолдолд урьдчилан сэргийлэх арга хэмжээг зөв авбал архагшиж өвчин хүндрэхээс зайлсхийх боломж өндөр байдаг.
 
Д.Н:
 
- Ихэнхдээ архагшуулаад эмнэлэгт хандаж байна. Архаг тулайд удаан хугацааны эмчилгээ шаардлагатай ба мэргэжлийн ревматологич эмчийн хяналтанд орох нь зүйтэй.
 
-Ингэхэд ревматологич эмч гэж ямар хүнийг хэлж байна вэ?
 
Д.Ц:
 
-Ард түмэн биднийг буюу  ревматологич эмчийг үений мөчний эмч гэж ярьдаг. Жинхэнэ нэршил нь ревматологийн салбар, ревматологич эмч гэж ярих ёстой. Юуны түрүүнд тулайгаар өвчилсөн эсэхийг ревматологич эмчид хандаж оношлуулаад зөв эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх хэрэгтэй. Дараа нь өрхийн эмч болон дотрын эмчийн хяналтад давхар орж болно.
 
Д.Н:
 
Ревматологийн салбар нь Монголд хөгжиж буй шинэ салбар. Ревматологийн  гэхээр тэр бүр хүн мэддэггүй. 
 
-Энэ өвчнөөр өвчилж буй хүмүүсийн тухай судалгаа баримт хэр байдаг бол?
 
Д.Н
 
-Ер нь бол тусдаа дагнасан судалгаа байхгүй. Нэгэнт Монголд тулай өвчин их байгаа юм чинь судалгаа хийх нээлттэй байна. Гэтэл энэ төрлийн судалгааг хийхэд хөрөнгө мөнгө, хүний нөөцөөс эхлээд анхаарал татах зүйл их байна. Мөн энэ салбарт мэргэжлийн хүний нөөц бэлтгэх шаардлагатай байна. 
 
Д.Ц:
 
- Зарим тохиолдолд тулай тусаагүй хэрнээ тулайгийн эсрэг эм ихээр уучихсан хүмүүс байдаг. Яагаад гэвэл мэргэжлийн эмчид тухайн иргэн хандаагүйд байгаа юм. Гэтэл хөлийн эрхийн хуруу улайх өөр олон төрлийн өвчин байдаг. Үүнийг ялган оношлуулахын тулд мэргэжлийн ревматологич эмчид хандах хэрэгтэй.
 
-Тулайтай хүнд ямар зөвлөгөө өгдөг вэ?
 
Д.Ц:
 
-Би юуны түрүүнд ус их уугаарай гэж зөвлөдөг. Өдөрт хамгийн багадаа хоёр литр ус уух хэрэгтэй. Мөн уух ус нь аль болох шүлтлэг шинж чанартай байх хэрэгтэй. Крантны ус шууд уух хэрэггүй. Крантны  ус нь маш их хүчиллэг шинж чанартай байдаг. 
Тэртээ тэргүй шээсний хүчил цусанд байна гэдэг нь хүчиллэг болчихсон байна гэсэн үг.
Бидний цусыг хүчиллэг болгох маш их нөлөө бий. Тухайлбал, стресс, ядаргаа, ажлын ачаалал, компьютер зэрэг электрон тоног төхөөрөмжийн нөлөө гэх мэт нь бидний цусыг их хүчиллэг болгож байдаг. Тиймээс болж өгвөл сул шүлтлэг ус уух хэрэгтэй.
Шүлтлэгийг нь боломжгүй бол ядаж ширгээсэн ус, буцалгаж ариутгасан ус уух хэрэгтэй.
Хоёрдугаарт, хоол хүнсэндээ их анхаарал хандуулах хэрэгтэй. Тухайлбал, та өмнө нь гурван удаа махан хоол иддэг байсан бол нэг нэгээр багасгаж ногоо түлхүү хэрэглэх замаар нь багасгах хэрэгтэй.
 
- Монголд ямар хүмүүс ихэвчлэн тулайгаар өвчилдөг вэ?
 
Д.Н:
 
- Бодисын солилцооны хам шинжтэй, таргалалт ялангуяа хэвлий хэсгийн таргалалт, цус багадалт, чихрийн шижин, цусны даралт ихсэх, цусанд липид, холестрин өндөр хүмүүс илүү их өртөмхий байна. 
 
Д.Ц:
 
-Магадгүй хоёр хүн зэрэгцээд пиво уухад нэг нь тулайгаар өвдөж нөгөө нь өвдөхгүй байж болно. Энэ нь ямар учиртай вэ гэхээр өвдсөн нэг нь давхар бодисын солилцооны ямар нэг өвчинтэй байсан гэсэн үг. Ер нь бодисын солилцооны хам шинж өвчинтэй хүмүүс л тулайгаар илүүтэй өвчлөх эрсдэлтэй байдаг.
 
-Энэ өвчний эсрэг ямар эмчилгээг монголд хэрэглэдэг вэ?
 
Д.Ц:
 
-Тулай өвчинд хүргэдэг шээсний хүчлийг хүчээр бууруулах эмнүүд манай улсад байгаа. Гэхдээ энэ өвчнөөр өвчилсөн хүний эрүүл мэнд өөрийнх нь гарт байдаг гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй.
Юуны түрүүнд хоол хүнсэндээ махыг багасгаж, ногоо түлхүү оруулах нь зүйтэй. Гэтэл манай иргэд “Би монгол хүн учраас махаа идэх ёстой” гээд байдаг. Аливаа зүйлийн тун, хэмжээг тохируулж хэрэглэнэ гэж байдаг шүү дээ. Байнгын өдөр тутам мах хуурч, шарж идэх нь тохиромжгүй. 
Мөн гүн ногоон өнгийн навчтай хүнсний ногоо нь тулайн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Тэр дундаас цоохор маальз буюу хятад нэршил нь шанцайг дээр үед тулайтай хүнд ямаа шиг идүүлчихдэг байса н. Тэр үед бол цусан дахь шээсний хүчлийг хөөх эм гэж байгаагүй.
Тиймээс тэр үед хүмүүс байгалиас бэлэг болгон заяасан цоохор маальзыг цусан дахь шээсний хүчлээ бууруулахын тулд ашигладаг байсан.
Бид өнөөдөр ч их олон хүнд энэ ургамлыг олон хүнд хэрэглүүлж үзсэн. Их сайн нөлөөтэй байдаг.
Миний нэг үйлчлүүлэгч цоохор маальзыг цонхон дээрээ тарьж хэрэглэдэг болсон. Тасдаж авсан ч дахиад ургачихдаг гээд ярьж байсан.
 
Д.Н:
 
-Бас хаванг их сайн хөөдөг гэсэн.
 
Д.Ц:
 
-Хэвлийн таргалалттай, чихрийн шижинтэй, өндөр даралттай, цусанд холестрин ихтэй хүмүүс тулайгаар өвчлөх тохиолдол их байдаг. Ер нь бол бодисын солилцооны өвчин гэж ойлгож болно.
Цоохор маальзыг идэхээр гэдэсний өөх давхар багасаж  байна гэсэн. Гэхдээ хүнийг турааж байгаа гэсэн үг биш биен дэх илүүдэл усан хаванг хөөж байгаа л гэсэн үг.
Өглөө өлөн үедээ 2,3 ширхэг урт иштэй шанцайг шүүсэн бүлээн ус, буцалж хөргөсөн 250 мл орчим усанд хийж, холигчоор смүүти болтол холин ууна. Чадвал 2 цаг юм идэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Энэ аргыг олон хүнд хэрэглэсэн байгаа.
Олон хүний цусан дахь шээсний хүчлийг эм уухгүйгээр бууруулж чадсан байгаа. Эм бол эм. Эм нь тухайн өвчинд нөлөө үзүүлэхээс гадна хүний биеийн аль нэг эд эрхтэнд заавал сөргөөр нөлөөлж байдаг.
Тиймээс эмийн эмчилгээг энд дурдмааргүй байна.  Эмийн эмчилгээний талаар эмчээсээ зөвлөгөө авах нь зүйтэй болов уу. 
 
-Тулайг бүрэн эмчлэх боломжтой юу?
 
Д.Ц:
 
-Эдгэрнэ гэхээсээ илүү намжмал болчихлоо гэж бид үздэг. Ингээд намжмал байдалд орвол гурваас зургаан сард нэг удаа эмчдээ үзүүлж байх шаардлагатай. Мөн тухайн хүний эрүүл мэнддээ хэрхэн анхаархаас их зүйл шалтгаалдаг.
Бид хичнээн сайхан эмчилж өвчнийг намжаасан ч тухайн хүн эргээд эрүүл мэнддээ анхааралгүй шарсан хуурсан мах, өөх тос ихтэй хоол, архи зэргийг хэтрүүлэн хэрэглэвэл өвчин эргээд сэдэрдэг.
Тулайгаар өвчилсөн хүн эмчийн хяналтанд тогтмол явснаар намжмал байдалтай удаан хугацаанд яг эрүүл мэт амьдарч чадна. 
Энэ намжмал үе насан туршид үргэлжилж болно. Буцаад буруу дэглэмдээ орвол дахин өвчин сэдрэнэ гэсэн үг. Ер нь архаг өвчний менежмэнт гэдэг бол намжмал үеийг аль болох удаан хугацаанд барихад байдаг. Тэр хүнийг удаан хугацаанд эрүүл хүн шиг амьдрахад тусална гэсэн үг. 
Ревматологич эмч, сэргээн засалч эмч болон хоол зүйч, хамтын ажиллагаа энд чухал.
Ганцхан ревматологийн эмч эм бичиж өгөөд байх биш сэргээн засалч эмч, хоол зүйч эмчийн хамтын ажиллагааг бэхжүүлэх хэрэгтэй.
 
Д.Н:
 
- Намайг Америкт явж байхад тулайгаар өвчилсөн нэг хүн таарсан. Тэр хүн ревматологийн, хоол зүйч, нөхөн сэргээх эмчийн хяналтанд байдаг. 20 жил нэг ч удаа өвчин нь сэдрээгүй гээд явж байсан. Гэхдээ жилд нэгээс хоёр удаа эмч нартайгаа уулзаж зөвлөгөө авдаг.
Хоол хүнсэндээ анхаарч, дэглэм барьж эмч нарынхаа зөвлөгөөг дагаснаар энэ өвчнийг намжмал үед нь байлгаж байгаа тухай надад ярьж байсан. Монголд бол эсрэгээрээ хоол хүнсний дэглэм барина гэхээр “эм байна уу” гэж асуудаг.
 
Д.Ц:
 
-Монголчууд дэглэм барина гэхээр огт мах идэхгүй гээд айгаад байдаг. Махыг бүр мөсөн идэхгүй биш тохируулж хэрэглэх хэрэгтэйг л манай иргэд ойлгох хэрэгтэй.
Зарим тохиолдолд өвчтөн хэчнээн хичээсэн ч болдоггүй өвчин их байдаг. Гэтэл тулай өвчин тийм биш.
Тулайгаар өвчилсөн хүний намжмалын үед ороход 80 хувь нь тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалдаг. Тулайгаар өвчилж, үений мөгөөрс, бүтцийг гэмтэхээс өмнө өвчнөө зөв оношилж, зөв эмчилгээг хийх хэрэгтэй.
 
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин