sonin.mn
АН-ын Үндэсний бодлогын хорооны IV хуралдаан 58.3 хувийн ирцтэйгээр Төрийн ордонд хуралдав. Хурлыг УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ нээж, үг хэлсэн бөгөөд хуралдаанд ҮБХ-ны гишүүдээс гадна УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар оролцлоо.
Ротациар ҮБХ-ны гишүүнээр сонгогдсон Н.Түвшинбаяр, А.Бакей, А.Ундраа, П.Батчимэг нарын 10 хүний ҮБХ-ны гишүүний бүрэн эрхийг батламжлан, АН-ын үнэмлэх гардуулах, намын үзэл баримтлалын шинэчилсэн төсөл хэлэлцэх, Намын гишүүний бүртгэл, шилжилт хөдөлгөөний тухай болон Төрийн сонгуульд АН-ыг зохион байгуулж, оролцуулах байгууллагын тухай, Намын гишүүний ёс зүй, сахилгын тухай, УИХ болон бүх шатны сонгуульд нэр дэвшигчийг тодруулах тухай журмыг батлах гэх мэт 12 асуудлыг тус хурлаар хэлэлцсэн юм.
АН УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцоно гэсэн нь ҮБХ-ны хурлаас гаргасан хамгийн гол шийдвэр байв. 2016 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр хүчин төгөлдөр байгаа тул нөхөн сонгуульд өөр мөрийн хөтөлбөр боловсруулж, дэвшүүлэхгүй юм байна.
 
ҮБХ-ны хурлын талаар болон цаг үеийн бусад асуудлаар АН-ын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.
 
-ҮБХ-ны IV хуралдаан хэр үр дүнтэй, ажил хэрэгч болж байна вэ?
 
-Энэ хурлаар нийт 12 асуудал хэлэлцэхээр баталсан. Үүнийгээ дарааллын дагуу хэлэлцэж, амжилттай баталлаа. УИХ-ын 42 дугаар тойрогт аравдугаар сард болох нөхөн сонгуульд АН оролцохоо илэрхийлж, тогтоол, шийдвэрээ батлан албажууллаа. УИХ болон бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчийг тодруулах журмаа баталлаа. Үүнийгээ СЕХ-нд хүргүүлнэ.
Өнгөрсөн онд болсон намын VI их хурлаас хойш бид АН-ын үзэл баримтлал, Үндсэн дүрмийг шинэчлэх ажлыг хийж байгаа. Үндсэн дүрмийг шинэчлэх ажил амжилттай дууссан. Шинэ дүрмийн дагуу намын шинэчлэлийн ажил амжилттай үргэлжилж байна. Үзэл баримтлалын төслийг нэлээд урт хугацаанд, олон шат дамжлагатай хэлэлцэж байгаа. Гурван ажлын хэсэг гаргаж ажиллуулснаа энэ оны гуравдугаар сард нэгтгэж, нэг том ажлын хэсэг болгосон. Ажлын хэсгийнхэн үндэсний хэмжээний гурван удаагийн хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хамгийн сүүлд 21 аймаг, есөн дүүрэг, 330 сум, 152 хороонд намын анхан, дунд шатны бүх байгууллагыг хамруулж, үзэл баримтлалын төслөөр хэлэлцүүлэг өрнүүлсэн. Эдгээр хэлэлцүүлгийн явцад гишүүд, дэмжигчдээс гарсан саналыг нэгтгэж, тусгасан үзэл баримтлалын төслийг ҮБХ-гоор сайшааж, тогтоол баталлаа. Ингэснээр АН-ын дараагийн их хурлаар үзэл баримтлалыг батлахад бэлэн болж байгаа юм. Үндсэн дүрэм, үзэл баримтлалаа шинэчлэн баталснаар АН-ын шинэчлэл оргилдоо хүрлээ гэж үзэж болно. АН-ын цаашдын бүх үйл ажиллагаа энэ хоёр баримт бичгийн хүрээнд өрнөх юм.
 
-Шинэчлэл шувтарч байна гэж ойлгож болох уу?
 
-Ер нь АН төдийгүй бусад улс төрийн намуудад шинэчлэлийн үйл явц байнга өрнөж байх ёстой. Тэгэхээр шинэчлэл дуусна гэж байхгүй.
 
-АН-ын дотоод уур амьсгал ямар байгаа вэ?
 
-АН-ын явуулж буй үйл ажиллагаа, гадаад, дотоод бодлогын асуудалд ямар нэг санал зөрөлдөөн байхгүй. Хуучных шиг бүлэг, фракцаар талцаж, хуваагддаг, хоорондоо маргалдаж, хэрэлддэг явдал эцэс болсон гэж хэлж болно.
 
-Нөхөн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх талаар ярилцсан уу?
 
-Нэр дэвшигчийг тодруулах хуулийн хугацаа болоогүй байгаа. Ирэх сарын 4-ны дотор нэр дэвшигчээ зарлана.
 
-Нэр дэвшүүлэх журмаа өөрчилсөн гэсэн. Ямар шалгуураар нэр дэвшүүлэх вэ?
 
-Манай намын шинэчлэлийн гол амин сүнс нь “Бүх асуудлыг гишүүдийн саналаар шийднэ” гэж байгаа. Өнгөрсөн онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг энэ зарчмаар тодруулж, өнөөгийн Ерөнхийлөгчийг нэр дэвшүүлсэн. Энэ зарчим цаашид үргэлжлэн хэрэгжинэ. Нөхөн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахын тулд юуны өмнө тухайн тойргийн анхан, дунд шатны намын байгууллагуудаар хэлэлцүүлнэ. Мөн судалгаа хийх шаардлагатай. Эцэст нь намын Улс төрийн зөвлөлөөр ярьж байж, эцсийн шийдвэрээ гаргана.
 
-Ээлжит бус чуулган зарлах, эсэх нь тодорхойгүй байна. АН ээлжит бус чуулган зарлахыг дэмжиж байгаа юу?
 
-Ээлжит бус чуулганыг АН дэмжиж байгаа. Нийгэм, эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг харахад ээлжит бус чуулган хуралдуулах шаардлага байна. Асуудлыг УИХ дахь олонхын бүлэг доторх зөрчил төдийгөөр харж болохгүй. Эрх баригчид эдийн засгийн өсөлт зургаан хувьд хүрсэн, мөнгөний урсгал нэмэгдэж байна гэж ярьж буй боловч бодит амьдрал дээр энэ нь мэдрэгдэхгүй байгаа. Иргэдийн гарт очиж байгаа мөнгө нэмэгдсэнгүй, сагсан дахь гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ байнга өсөж байна. Шатахууны үнэ литр тутамд 300-350 төгрөгөөр нэмэгдлээ. Цаашид ч нэмэгдэж болзошгүй. Засгийн газар үүнийг яагаад зогсоохгүй байгаа юм бэ, нефт импортлогчид ингэж дураараа авирлаад байхад тэдэнд яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ гэдгийг ярих нь зүй ёсны асуудал боллоо. Тиймээс манай намын Бодлогын зөвлөлөөс Ерөнхий сайдад асуулга тавьж, санал хүргүүлсэн.
Ээлжит бус чуулган хуралдах юм бол хүлээгдэж буй асуудал олон байна. Үүнийг ярих нь зүйтэй. Хүмүүс ээлжит бус чуулганыг УИХ-ын даргыг огцруулах, аль нэг Засгийн газар огцрох, эсэхтэй холбож хараад байна. Бид бол өөрөөр харж байгаа. Хариуцлага тооцох шаардлагатай бол хэнтэй ч хариуцлага тооцох л ёстой. Өвлийн бэлтгэлээс эхлээд улс орны амьдралд ярих зүйл бишгүй байна. АН-ын эмзэглэж, анхаарч байгаа өөр нэг зүйл нь эдийн засаг өсөж, мөнгөний урсгал, орлого нэмэгдээд байгаа хэрнээ эдгээр нь юу руу орж, юун шингээд байна вэ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эрх баригчид ямар бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийсэн бэ. Аль чиглэлд хэдэн км зам тавив, хэдэн айлын орон сууц ашиглалтад оруулав. “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг том төслүүдээ хөдөлгөв үү. Яривал маш олон зүйл байна. Эдгээрийн ярих цаг нь болсон. Өнгөрсөн хоёр жилд АН “Нэгэнт сонгогчдын дийлэнх олонх нь саналаа МАН-д өгсөн. Тиймээс эрх баригчдад ажиллах боломжийг нь олгоё” гэж, асуудалд хүлээцтэй хандсан. Үйл ажиллагаанд нь саад болохгүйг хичээсэн. Одоо бидний хүлээх цаг дууссан. Улс төрийн дараа дараагийн алхамд шилжиж, хариуцлага тооцох ажил руугаа орно. Ер нь энэ намрын чуулган нэлээд ширүүхэн болох байх.
 
А.Амина
Эх сурвалж: "Өнөөдөр" сонин