sonin.mn
НАТО бол албан есоор 29 гишүүн улсын засгийн газар хоорондын цэрэг-улс төрийн эвсэл гэлээ ч албан бусаар 70 улсыг эгнээндээ ямар нэгэн байдлаар нэгтгэсэн дэлхийн хамгийн хүчирхэг олон улсын цэргийн эвсэл болж хувираад байна. Үүнд гишүүн 29 орноос гадна Энхийн төлөө түншлэлийн  21 улс,  Газар дундын тэнгисийн диалогын 7 улс, Станбулын хамтын ажиллагааны санаачлагын  4 улс,   Даян дэлхийн түншүүдийн  9 улс байгаагийн дотор Монгол Улс багтаж байгаа юм.
НАТО коммунизмыг хурааж Варшавын гэрээний орнуудыг өөртөө нэгтгэх эхний зорилгоо амжилттай дуусгаад, хойд Африк Хятад хүртэл хүрээгээ тэлэх хоёрдахь зорилгоо  Энхийн төлөө түншлэл хөтөлбөр нэрийн дор Баруун араб, Булангийн орнууд, Дундад Азийн орнуудаар дамжуулан хэрэгжүүлж, одоо Ази Номхон далайн бүсийг оролцуулаад бүх тив дэлхийд нөлөөгөө тэлэх  гуравдахь зорилгоо Даян дэлхийн түншүүд хөтөлбөрөөрөө амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Даян дэлхийн түншүүд хөтөлбөрт Афганистан Австрали Колумби Ирак Пакистан Өмнөд Солонгос Шинэ Зеланд Япон Монгол улс зэрэг НАТО-н хүрч амжаагүй байсан бүх бүс нутгийн төлөөлөл багтсанаараа  дэлхий өнөөдөр түүний атганд бүрэн оржээ.
НАТО өнөөдөр сонгомол утгаараа дэлхийн аль ч өнцөг буланд нэгэн зэрэг 2 фронтын, 5 армийн операци буюу орчин үеийн ойлголтоор Афганых шиг цэргийн ажиллагаа хоёрыг, Сомалийнх шиг ажиллагаа тавыг нэгэн зэрэг явуулах хүчин чадалтайгаас гадна газар хөдлөлт үер атомын станцын дэлбэрэлт зэрэг нийтийг хамарсан гамшиг ослын үед хүсэлт гаргасан гишүүн, түнш орнууддаа хүмүүнлэгийн тусламж үзүүлэх бүрэн чадвартай цорын ганц байгууллага.
Дайн дажин гэлтгүй дэлхийн аль ч өнцөгт ямар нэгэн үймээн самуун гамшиг цунами үйлдвэрийн осол болоход НАТО-н төлөвлөлтийн офицерууд 24 цагаар ажиллаж дүн шинжилгээ хийн НАТО оролцож болох бүх хувилбар операцийг төлөвлөж эхэлдэг.  Ялангуяа бид ган зуд үер гамшиг болоход хүсэлтээ гаргаад НАТО-н тусламжийг авах бүрэн боломжтой бөгөөд тайван цагт энэ чиглэлээр сургууль дадлагыг хамтран хийж жигдрүүлэх, тэдний санхүүжилтээр шинжлэх ухаан технологийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх эрх нь бидэнд нээлттэй  байгаа.  Мөн Монгол Улс түнш орны хувьд холбогч офицеруудаа НАТО-н төв штабт суулгах эрхтэй бөгөөд тэд зөвхөн  ажлын байраар хангах үүрэг хүлээдэг ба харин манай тал байр хоол цалин даатгал зэргээ өөрсдөө гаргах шаардлагатай. Гишүүн орнуудын офицерүүд ч мөн ийм зарчмаар ажилладаг.
 
 
Ер нь НАТО гэхээр наян хувь нь Америк байдаг. Үүнд төсөв хөрөнгө хүн хүч зэвсэглэл техник гээд бүгд багтана. Тиймээс НАТО-н бодлого гэдэг нь Америкийн бодлого, Америкийн бодлого гэдэг нь агуу стратегич Бжезинскийн бодлого гэж ойлгож болно. Учир нь тэрээр саяхныг хүртэл Ерөнхийлөгч Обамагийн идэвхтэй дэмжигч-зөвлөгч хийж байгаад өнгөрсөн онд  талийгаач болсон Бжезинский нь 1960 оноос Ерөнхийлөгч Жон Кеннедийн зөвлөх, 1965 оноос Ерөнхийлөгч Линдон Жонсоны зөвлөх, 1976 оноос Ерөнхийлөгч Жимми Картерын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, 1979 оноос Рейганы бодлогын зөвлөх хийн коммунизмыг нурааж, түүний НАТО-г тэлэх геостратеги нь өнөөг хүртэл амжилттай хэрэгжиж байгаагаас харахад  Америк, НАТО, Дэлхий тэр чигтээ Бжезинскийн бодлогоор сүүлийн жаран жил эргэжээ. Харин ирээдүйд түүний дэвшүүлсэн Ази Европ хоёрыг зааглан тэнцвэржүүлж барих Пан-Монголизм  хэзээ хэрхэн яаж хэрэгжихийг зөвхөн цаг хугацаа л харуулах үлдэж. 
Манайд ч гэсэн мөн ялгаагүй ШХАБ, НАТО-тай хэрхэн харилцах, НАТО-н удирдлага дор Ирак Афганистан Косовод цэрэг оруулах зэрэг бидний хамгийн эгзэгтэй тулгамдсан асуудлуудыг тухайн, тухайн үед нь мэргэжлийн түвшинд оновчтой зөв бодлогоор тодорхойлж чадсан Равдангийн Болдын гавъяаг үнэлж баршгүй бөгөөд  1997 оноос хойших Монгол Улсын геостратегийн бодлого  энэ эрхэмийн гараар орж өнөөг хүртэл амжилттай хэрэгжиж байгаа гэхэд хилсдэхгүй. Болд гуай бол Монголд Цэргийн дээд сургууль, Москвад Цэргийн дипломатын сургууль, АНУ-д батлах хамгаалах удирдлагын академи төгссөн, цэргийн дипломатич мэргэжилтэй, түүхийн ухааны доктор, Ардын Армид офицер, ЗХЖШ-ын Цэргийн тагнуулын газарт офицер, ГЯЯ-нд ажилтан, Японд Элчин сайдын яамны атташе, БХЯ-нд стратеги судлаач, Тагнуулын төв газрын дэд дарга, Тагнуулын Ерөнхий газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, АНУ-д Элчин сайд, Австралид Элчин сайд, одоо Туркэд Элчин сайдаар ажиллаж байгаа эрхэм нэгэн.
Бид НАТО-н дээрхи ажиллагаануудыг анхнаас нь дэмжиж өнөөг хүртэл амжилттай оролцсоноор  монгол цэрэг дэлхийн цэрэг болж, цэргийн хэргийн мэдлэг дадлага чадвар, цэрэг-эх оронч хүмүүжил дээшилж, нийгмийн асуудлаа ЦАХ-чид өөрсдөө тодорхой хэмжээгээр шийдвэрлэж байгаагаас гадна, хэдэн бор цэргүүдийнхээ нүүрээр Монгол Улс Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэж, монголчууд Америкийн 10 жилийн визтэй болж, Мянганы сорилтын сан Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүдийн мөнгө Дундад Азийн орнуудынхаас 10 дахин их хэмжээгээр урсан орж ирж байна.
Манай улсын хувьд хоёр хөршийнхөө дургүйг тэгтлээ их хүргэчихгүйгээр олон улсын хамтын нийгэмлэг гэдэг утгаараа НАТО-той түншийн харилцаагаа хэвээр хадгалж, барууны соёл иргэншлийн цөм нь болдог ардчилал эрх чөлөө хүний эрх шударга ёсыг нийгэмдээ жинхэнэ утгаар хэрэгжүүлэх нь Монгол Улс туурга тусгаар оршин тогтноход  Америк, Европ, НАТО-гоос бидэнд гаргаж буй гадаад улс төрийн ганц том баталгаа нь болох юм.
 
 
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт