sonin.mn
Энэ амьдралд надад ерѳѳсѳѳ ч таалагддаггүй хүмүүс зѳндѳѳ байнаа. Миний санаа бодол, хүсэл зорилгод таардаггүй л болохоор би тэднийг “муу хүмүүс” гэж боддог.  Гэтэл тийм биш юм аа. Зарим хүмүүсийнхээр бол тэд “сайн хүмүүс”.  Яг амьдрал дээр ажих ахул тэд мундаг явж чадаж байна. Бусад хүмүүс тэдний үгийг сонсож, зарим нь тэдэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Заримдаа би ѳѳртѳѳ ч эргэлзэж эхэлнэ. Хааяадаа “Би тийм тѳгс тѳгѳлдѳр хүн бил үү?” хэмээн ѳѳрѳѳсѳѳ асууна. Нас ахих тусмаа “Яагаад миний бодол дүгнэлт заавал зѳв байх ёстой юм бол?” хэмээх хариулт нэхсэн асуулт ѳѳрийнхѳѳ мѳн чанарыг бусадтай харьцуулах шалтаг нь болох аж. Сэтгэл дотроо ѳѳрийгѳѳ асар томоор тѳсѳѳлѳх тѳсѳѳлѳл нь энэ дэлхийн оршихуйн дэргэд даанч ѳчүүхэн, бүр “Хумхын тоос шиг жижигхэн” гэж ухаарч амжих бол азтай тохиолдол. Тэгж ухаарч ойлгож амжихгүйгээр үхэх нь бүр харамсалтай тѳдийгүй, даанч эмгэнэлтэй.
Хэн нэгний яриаг сонсож байхдаа “Тэнэг юм” гэх эгдүүцэл, хэн нэгний  үйлдлийг ажиж байхдаа “Утгагүй юм” гэх хорсол, хэн нэгний санаа бодлыг “Дэмий юм” гэж буруутгах хандлага болгон зѳвхѳн чиний л бодол. Тэр хүний тархинаас гарч буй үг, үйлдэл болгон ѳѳрийн шалтгаантай гэдгийг бид эргэцүүлдэггүй.  Архи ууж байгаа хүн болгон “адгийн” байдаггүй, тэр хүн сэтгэлийн дарамтаа дааж чадалгүй мансууран тайтгарах гэж хүсч байж болох, уйлж байгаа хүн болгон “арчаагүй” байдаггүй, зүрхэндээ багтааж ядах шаналлаа нулимсаараа урсган дундалж байж болох, уурлан хашгирч байгаа хүн болгон “галзуу” байдаггүй, зовлонд цѳхѳрсѳндѳѳ багтраагаа гаргах гэж тарчилж байж болох. Энэ ертѳнцѳд хүн болгон ѳѳрсдийн үйл болох зовлон жаргалаа үүрч ирцгээдэг. Тэр ачаа нь хүнд хѳнгѳн алин болохыг бид хэмждэггүй. Зарим нь энэ ертѳнцѳд урт удаан амьдрах гэж ирдэг байхад, нѳгѳѳ нь зѳвхѳн үдлээд буцдаг байж болох. Зарим нь хоромхон хугацаанд жаргаад л буцдаг байхад нѳгѳѳ нь урт хугацаанд зовж шаналах гэж ирдэг байж болох. Зарим нь бусдад хэрэгтэй олон сайхан үйл бүтээж байхад нѳгѳѳ нь хүмүүсийг зовоож тарчлаасаар байгаад л буцдаг байх.
 
Хааяа ингэж ухаарч байхдаа бид ѳѳрсдийнхээ тухай  эргэцүүлнэ. Бид яагаад хүн болгоныг шүүн шүүмжилж, заавал ѳѳрийнхѳѳрѳѳ байлгах гэж хүсдэг тухай, алив асуудалд миний санаа бодол заавал зѳв байх ёстой хэмээн эгдууцдэг тухай, ѳѳрийн санаа бодол хүсэл тачаалаа бусдад тулган шаарддаг тухай эргэцүүлэх хэрэгтэй болж байна даа. Бусдыг “тѳгс тѳгѳлдѳр бус” хэмээн зѳвшѳѳрѳхгүй зѳрүүдэлдэгтэйгээ адилхан, ѳѳрийгѳѳ “тѳгс тѳгѳлдѳр бус” гэдгийг бусдын ѳмнѳ хүлээн зѳвшѳѳрѳх хэрэгтэй болж байна. Бусдын зовлон, жаргалын чанадад ѳѳрѳѳ нэвтрэн мэдэрч чаддаггүйтэй адил, ѳѳрийн зовлон жаргалыг ойлгосонгүй хэмээн бусдад гомдон туних хэрэггүй болж байна.  Бусдын сэтгэлийг ѳѳрѳѳ ч ойлгож амжихгүй байж, ѳѳрийн сэтгэлийг бусдад ойлгуулах гэж бухимдах ч хэрэггүй болж байна.
Энэ амьдралд бидний их зовлонгийн үүсвэр нь бусад хүмүүсийг ѳѳрийнхѳѳрѳѳ хүссэнээр байлгах гэж хүсдэгт оршиж буй мэт. Бид хүмүүсийг сурган зэмлэж, бусдад уурлан гомдож, бусдыг шүүмжлэн дургуйцдэгийн шалтгаан нь энэ байж болох. Зүгээр л хүмүүсийн хэлж ярьж буй бүхнийг анхааралтай сонсож ойлгон, хүмүүсийн үйлдлийг “инээдтэй мэт” санагдавч хүлээн тэвчиж, хүмүүсийн зовлон жаргалыг тэвчээртэй хуваалцан урамшуулж байх нь тийм ч хэцүү биш. Энд их ухаан, тэвчээр шаардагдах авч эцсийн дүндээ хүмүүс буцаад чамд тэгж хандаж байгааг мэдрэх нь сэтгэлийн их таашаал болон хувирдаг. Заримдаа уурлахын оронд инээмсэглэх, тѳвѳгшѳѳхийн оронд туслах, муудалцахын оронд тайлбарлан учирлах нь тийм ч хэцүү биш. Энэ бүхэн хэн нэгнийг байгаагаар нь ойлгох, байгаагаар нь хүлээж авах,  байгаагаар нь хайрлахын  эхлэл болдог.
Надад огтоос таалагддаггүй боловч бусад олон хүмүүст таалагддаг, тэдэнд хайрлагддаг хүмүүс зѳндѳѳ байнаа. Тэгэхээр бусдыг ойлгохыг хичээн, тэднийг ѳѳрийнхѳѳрѳѳ байхыг хүлээн зѳвшѳѳрѳх нь бидэнд илүү амар байж ч болох. Гэхдээ хувь хүний тѳлѳвшил болох мѳн чанар тань ийм зүйлд маш ихээр нѳлѳѳлдгийг мартаж боломгүй. Энэ амьдралд тѳгс тѳгѳлдѳр хүн гэж огт үгүй, харин сайхан сэтгэлтэй, ухаантай, сайн хүмүүс зѳндѳѳ бий. Тэдний тусаар л энэ амьдрал дэндүү гоё бас утга учиртай оршдог юм шүү дээ.  Бид их хувь заяагаар ирээд буцдаг энэ амьдрал дэндүү сайхаан гэж… Зүгээр л ѳѳр хоорондоо атаа хорслоор ѳрсѳлдѳлгүй, бусдад тѳвѳг бололгүйгээр ѳѳрийнхѳѳрѳѳ амьдарч , боломж тань олдвол бусдад тус дэм болон амьдрах гэдэг тийм ч хэцүү биш л дээ.
 
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах