Олны хөлд дарагддаг байсан Зам, тээврийн хөгжлийн яам / ЗТХЯ/ өдгөө олны анхааралд өртөөд байна. Гэхдээ сайнаар биш саараар өртөж буй нь харамсалтай. Учир нь, сүүлийн өдрүүдэд тус яаманд ноцтой хэд хэдэн хэрэг шил дараалан гарсан юм.
Тодруулбал, ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал яамныхаа Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд хүрсэн хэрэг энэ сарын 9-нд гарсан. Олныг сэртхийлгэсэн энэхүү хэргийг шийдэж амжаагүй байхад Улаанбаатар-Сайншандын чиглэлд явсан суудлын 286 дугаар галт тэрэг осолдсон. Тиймээс олны хөлд дарагддаг тус яам ойрын өдрүүдэд эл хульхан байна. Манай сурвалжлах багийнхан өчигдөр 10.30 цагийн орчимд тус яаманд очход хөл хөдөлгөөн багатай төдийгүй ихэнх дарга нарынх нь өрөө цоожтой байлаа. Дээрх хоёр хэргээс болж зам тээврийн салбарын ажил тодорхойгүй хугацаагаар саатах бололтой. Ямартай ч, үүссэн нөхцөл байдалд ямар арга хэмжээ авч, хэрхэн шийдвэрлэж байгааг холбогдох албаныхнаас тодрууллаа.
Л.МӨНХЖАРГАЛ: 11 АЙЛЫН 33 АМ БҮЛ ОРОХ ОРОНГҮЙ БОЛСОН
Дорноговь аймгийн Айраг суманд энэ сарын 12-нд хүчтэй аадар бороо орсны улмаас сумын төвийн айлууд усанд автсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Газар дээрээ нөхцөл байдал ямар байгааг Айраг сумын Засаг дарга Л.Мөнхжаргалаас тодрууллаа. Түүний хэлснээр сүүлийн 30 гаруй жилд тохиолдоогүй их үер тус суманд буужээ. Тодруулбал, энэ сарын 12-ны 09.40 цагийн орчимд устай аадар бороо орж 16.00 цаг хүртэл үргэлжилсэн байна. Энэ хооронд бороо 30-аад минут орчим зогссон аж. Үерт 11 айлын гэр, байшин өртөж, усанд автсан бөгөөд үүний долоо нь гэр, дөрөв нь байшин. Хүн үер усанд өртөөгүйг тус сумын Засаг дарга хэллээ. Тэрбээр “11 айлын 33 ам бүл орох оронгүй болсон. Тэдний 16 нь том хүн, 17 нь хүүхэд. Гэр, байшин доторх эд хогшлыг гаргаад байна. Аймгийн Онцгой байдлын комисс хуралдаж, үерт өртсөн айл өрхөд гэр олгохоор шийдвэрлэсэн” гэв. Түүнчлэн сумын ойролцоо гарсан галт тэрэгний ослын талаар мөн тодруулсан юм. Осол болсон даруйд сумын хүн эмнэлэгт 11 хүнийг зөөвөрлөж, аваачсан бөгөөд гурван хүүхдийг Говьсүмбэр, долоон хүнийг Сайшандын эмнэлэг рүү хүргэсэн гэлээ.
АТҮТ: ХОЛИМОГ ТЭЭВЭРЛЭЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ, НЭМЭЛТ АВТОБУСААР ҮЙЛЧИЛЖ БАЙНА
Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт орсон хүчтэй аадар борооны улмаас төмөр замын далан сэтэрч, Говь- Сүмбэр аймгийн Сүмбэр сумаас Дорноговь аймгийн Айраг сум хүртэлх төмөр замаар галт тэрэг зорчих боломжгүй болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл дээрх чиглэлд зорчих зорчигчдын асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаад Автотээврийн үндэсний төв ийм хариулт өглөө. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УБТЗ ХНН, ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас шуурхай арга хэмжээ авч, холимог тээвэрлэлтийг зохион байгуулжээ. Улаанбаатар хотоос Говь-Сүмбэр аймаг дахь Чойр өртөө хүртэл галт тэргээр, Чойр өртөөнөөс Дорноговь аймгийн Айраг өртөө хүртэл том оврын автобус, Айраг өртөөнөөс Замын- Үүд өртөө хүртэл галт тэргээр тээвэрлэж байна. Улаанбаатар хотоос том оврын 16, Дорноговь аймгаас том оврын тав нийт 21 автобусаар Чойр өртөөнөөс Айраг өртөө рүү гурван удаа давхардсан тоогоор тээврийн 24 хэрэгслээр 928 зорчигч, Сайншанд өртөө рүү таван тээврийн хэрэгслээр 159 зорчигч, Айраг өртөөнөөс Чойр өртөө рүү хоёр удаа давхардсан тоогоор 20 тээврийн хэрэгслээр 930 зорчигч буюу нийт 2017 зорчигчийг шилжүүлэн суулган тээвэрлэсэн байна. Цаашид зорчигч урсгалын ачааллаас шалтгаалж тээврийн хэрэгсэл нэмэлтээр гаргах бэлэн байдалд ажиллаж байна. Үер усны аюултай энэ үед иргэд албан ёсны зөвшөөрөлгүй, баталгаагүй тээврийн хэрэгслээр зорчиж, амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг Автотээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүллээ.
ОБЕГ: ТӨМӨР ЗАМЫН ХОЛБОЛТЫН АЖИЛ ДУУСМАГЦ ГАЛТ ТЭРГИЙГ ӨРГӨНӨ
Гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, удирдлага зохион байгуулалтаар хангаж байна. Мөн Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний 281, 336 дугаар анги, Сайншанд сумын Төмөр замын цэрэгжүүлсэн анги, Говьсүмбэр аймгийн Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалттай гал унтраах анги, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар, Төмөр замын байгууллагын ажилтан зэрэг нийт 486 хүн, 106 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Осол болсон газарт ОХУ-ын сэргээн босголтын галт тэрэгний цуваа өнгөрсөн /энэ сарын 12-13- нд шилжих/ шөнө 02.00 цагт ирсэн бөгөөд төмөр замын холболтын ажил дуусмагц галт тэргийг өргөх ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-аас мэдээллээ. Үерээс үүдэж энэхүү осол болсон бөгөөд сэргээн засварлахад Хуурай цэргийн командлалаас техникээр дэмжлэг үзүүлж байгаа аж. Тодруулбал, Зэвсэгт хүчний дугаар ангиас танкын тросс-30 ширхэгийг ЗИЛ 131 автомашинаар ослын газарт хүргэжээ. Мөн ослын газрыг цэвэрлэн замыг чөлөөлөхөд Зэвсэгт хүчний дугаар ангиас Т-55 танк авчиржээ.
ТӨМӨР ЗАМЫН СЭРГЭЭН БОСГОЛТЫН АЖИЛ 80 ХУВЬТАЙ БАЙНА
Улаанбаатар-С айншандын чиглэлийн төмөр замын сэргээн босголтын ажил өчигдрийн 15.00 цагийн байдлаар 80 хувьтай, хоёр селекцээс бүрддэг зүтгүүрийн сүүлийнхийг босгож, замаа чөлөөлж дууссан бөгөөд төмөр замын хөдөлгөөнийг өнөөдөр / маргааш/-төө багтан сэргээж, нээх мэдээллийг УБТЗ ХХН-ийн хэвлэл мэдээллийн албанаас авлаа. Хоёр селекц бүхий зүтгүүрийн нэг нь 120 тонн жинтэй учир босгоход хүн хүч, цаг хугацаа нэлээдгүй ордог байна. Бусад суудлын болон ачааны вагоны хувьд бүгдийг замаас холдуулж босгон, төмөр замыг чөлөөлөөд байгаа аж.
ЗАМ ТЭЭВРИЙН САЛБАРЫН УДИРДЛАГУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦОВ
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат- Эрдэнэ нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсноо мэдэгдсэн. Үүнээс гадна тус яамны холбогдох албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Мөн хүн амины хэрэг гарах үед яаманд архидаж байсан гэх, хэрэгт холбогдсон Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, Төмөр замын бодлогын хэрэгжилт, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Лхагвасүрэн, Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхбат нарыг ажлаас нь чөлөөлөхөө Ерөнхий сайд мэдэгдсэн юм. Гэхдээ тэд галт тэрэгний осол гарсан хэсгийг сэргээн засах ажилд оролцож буй учраас одоогоор чөлөөлөөгүй, өргөдлөө ч өгөөгүй байгаа аж.
Т.САЙНЖАРГАЛ: ТАЛИЙГААЧИЙГ ЗОДОЖ БАЙХАД БУСАД НЬ ХАРААД ЗОГСЧ БАЙЖЭЭ
Тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амийг хөнөөснийг урьдчилсан байдлаар тогтоосон гэдгийг ЦЕГ-аас мэдэгдсэн. Улмаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2-т зааснаар хэрэг бүртгэлт нээж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. Тэднийг хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, нэгнийхээ аминд хүрсэн. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан Б.Мөнхшүр мэдээлсэн юм. Тэгвэл талийгаачийн найз Т.Сайнжаргал гэх иргэн сэжигтэн Б.Махбалын тухай ноцтой мэдээлэл болон тухайн өдөр болсон хэргийг өөрийн твиттер хуудсандаа бичжээ. Мөн тэрбээр сэтгүүлчид энэхүү материалыг эх сурвалжаа болгон ашиглаж болно хэмээн дурдсан байна. Тэрбээр “Үнэхээр сэтгэл эмтэрмээр, хүний ёсноос гажууд, харгис хэрцгий үйлдлээр санаатайгаар бүлэглэн нэгнийгээ хөнөөжээ. Тухайлбал, ТЗУГ-ын дарга Махбал газрын дарга нараа уруу татан хамт архидсан байх юм. (Газрын дарга Артур, Энхбат) Махбал талийгчийг хоёр цохиж унагаад толгой руу нь олон удаа (шүүхийн дүгнэлтээр долоон удаа) өшиглөж, эрүүн дээр нь гутлын өсгийгөөрөө гишгэж эрүүг нь мулталж орхиод (энэ үед таван хүн хараад зогсож байсан байх юм. Махбалтай өрөөнд архи ууж байсан дээрх этгээдүүд) бүгд яам руу орсон. Мөн архидаж байсан таван хүнийг нэг камерт хориод өглөө нь мэдүүлэг аваад явуулсан байна. Онц ноцтой хүн амины хэрэг гарчихаад байхад сэжигтнүүдийг нэг дор камерт хорьсон байх юм” хэмээжээ. Сэжигтэн Б.Махбал урьд нь бусдын чихийг тас хазаж байсан. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ажиллаж байхдаа нэг даргаа хэвтэрт ортол зодсон талаар бичсэн байна. Талийгаачийн оронд н.Дорждавга гэдэг хүнийг томилуулахаар АТГ-т бичиг баримтыг нь хүргүүлсэн гэх мэдээлэл ч байна.
АЖЛЫН БАЙРАНДАА АРХИДСАН ГАЗРЫН ДАРГА НАР ХЭН БАЙВ
Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хүн амины хэргийн сэжигтэн Б.Махбалыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр уг албан тушаалд томилжээ. Энэ албан тушаалд томилогдохоосоо өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд түүнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ажлаас нь чөлөөлсөн байна. Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Б.Артур УБТЗ нийгэмлэгийн Ерөнхий хорооны гишүүн бөгөөд яамны газрын даргын албыг давхар хашдаг байна. УБТЗ нийгэмлэгийн Ерөнхий хорооны гишүүн байнгын цалинтай байдаг аж. Өөрөөр хэлбэл, Б.Артур нь давхар дээлтэй гэсэн үг. Тэрбээр Зам тээврийн сайд А.Гансүхийн үед ч одоогийн албан тушаалаа хашиж байжээ. Зарим хэвлэлд гарсан мэдээллээр, АТГ-т ХОМ-ээ үнэн зөв мэдүүлээгүй тул сануулах сахилгын шийтгэл хүлээж байсан гэнэ. Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхбат Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг тус яамны сайдаар ажиллаж байх үеэс газрын даргаар ажиллаж эхэлжээ. Одоогоор Дарханы замыг 60 сая ам.доллараар барих төслийг хариуцан ажиллаж байгаа аж. Дугаар шилжих мөчид Улаанбаатар-Сайншандын чиглэлийн төмөр замын хөдөлгөөн хэвийн горимд шилжээгүй байв.
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Энэ найр наадам, тэмдэглэлт ой, морины уралдаанаа болиоч ээ. Хэдэн морины хэнээтэн дарга нар нь төр засгийн албанд шургалчихаад хэзээ ямар наадам хийж морь уралдуулж зугаацах вэ гэдгийг М.Энхболдын удирдлага дор 60 -н тэрбумынхаас дутахгүй схем боловсруулан зохицуулж зугаацацгааж байна. Ямар нэг шалтаг гаргаад наадмуудыг ээлж дараалалд оруулаад тасралтгүй зугаацаж байна. Бүх улс аймаг сум баг гээд бүх шатны наадмыг 7-р сарын 11-нд хийж байх хэрэгтэй.
Энэ найр наадам, тэмдэглэлт ой, морины уралдаанаа болиоч ээ. Хэдэн морины хэнээтэн дарга нар нь төр засгийн албанд шургалчихаад хэзээ ямар наадам хийж морь уралдуулж зугаацах вэ гэдгийг М.Энхболдын удирдлага дор 60 -н тэрбумынхаас дутахгүй схем боловсруулан зохицуулж зугаацацгааж байна. Ямар нэг шалтаг гаргаад наадмуудыг ээлж дараалалд оруулаад тасралтгүй зугаацаж байна. Бүх улс аймаг сум баг гээд бүх шатны наадмыг 7-р сарын 11-нд хийж байх хэрэгтэй.
Х.Баттулга,А.Гансүх,Ж.Бат-Эрдэнэ нарын хамууд төр, засгийн албанд буруу замаар шургалан орж, улс орныг бусьнуулах ажлыг зохион байгуулалттай хийгээд байгаа юм бишүү? Уулаасаа удам муутай, буруу санаатай, эрдэм боловсролгүй хүмүүс төр, засгийн эрхэнд гарвал тэр улс сүйрлийн замд ордог жамтай. Улс орныхоо эрх ашгийг бодоод төр, засгийн өндөр албан тушаалд гарсан хүмүүс сайн дураараа огцорвол мөн их буянтай үйл хэрэг болнодоо.
Монгол улсад бүх асуудлыг шийдэж чаддаг ганцхан ЯАМ байхад хангалттай даа.
Хүн оршуулдаг шарилын газар шиг болж
Нэг нь шороонд, нэжгээд нь шоронд бас зарим нэг нь шүүхээр шийтгүүлэх гэж багаа газар арга байж уу?
А.Гансүхийн балаг барагдахгүйдээ бүх мэргэжлийн байгууллагыг самарсан хүндээ
Зам тээврийн яамыг зоонд шилжүүлчихгүү юү, тэр чигээр нь.Тэндээс ажлаа хийгээд, бие биенээ зодоод, архидаад байж байна биз.
бүх яам,агентлагуудад ажлаа мэддэг хүн бараг үгүй,доороосоо сайд хүртлээ нуль авилга,ганц албан тоот гаргаж өгөх гэж хэдэн сар болно,ийм төр монголын түүхэнд байгаагүй
Өнгөрсөн 7 хоногт ЗТХЯ-ны газрын дарга нар нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл энэ асуудлуудыг гараахаас өмнө тус яамны хэлтсийн дарга Г гэгч нь хамт ажилладаг Н гэх бүсгүйн биед халдсан хэрэг гарч байсан гэнэ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж, улмаар шүүхэд шилжүүлсэн байна. Эх сурвалжийн хэлснээр тус хэргийг ихэд нууцалж байгаа аж. Учир нь Н гэх бүсгүйг зодсон хүн төрийн томоохон албан тушаалтны хамаатан гэнэ.
Энэ төр засаг маань дампуурчээ.Гэмт хэргийн бүлэглэл хүчээ авчээ
далайн тээвэр гэж юү байсан,орон тоог цомхотго
Төмөр замд ашиглах боломжгүй зүтгүүр толгой хятад улсаас нийлүүлсэн. Тэр нь ашиглах боломжгүй одоо хүртэл зогсож байгаа. Ашиглалтын хугацаа дууссан 1000 вагон Оросоос нийлүүлсэн. Төмөр замын 280 сая долларыг зарцуулсан зэрэг асуудлуудыг талийгаач залуу шалгаж байсан бн. Шалгах явцад ерөхнийлөгчийн найз Махбал үргэлж дарамталдаг байсан бн. Маш их дарамтанд ажиллаж бсан бн. Үгэнд орохгүй болохоор нь эцэст нь алжээ. Дашрамд хэлэхэд Баттулга яамны сайд байхад төмөр замын хэргийг улсаас шалгах гэхэд Баттулга жудо бөхчүүдийг авчирж хамгаалуулан бөөн үймээн үүсгэж шалгуулахгүй гарч байсан. Түүнийг л шалгаж байгаад алуулсан.бн.
Энэ ямарч нэрэггүй яамыг татан буулгаач ээ