sonin.mn
Мэргэжил бүхэн сайхан хэмээн манай ард түмэн бидний чихэнд хоногштол яруу тодоор өгүүлсэн байдаг. Тэгвэл өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ цаг ямагт бахархаж, хүн ардынхаа эрүүл энхийн манаанд 40 шахам жилийн бүтээлч хөдөлмөр, зүтгэлээ зориулж яваа эрхэм хүний нэг нь бэлтгэл дэд хурандаа Зоноровын Мягмаржав юм. Анагаах ухааны дээд сургуулийг төгсч, эх орон, төр, ард түмнийхээ өмнө их эмчийн болон эр цэргийн тангараг өргөж, офицерын албанд 30 орчим жил зүтгэсний зэрэгцээ Ирак, Сьерра Леон улсад энхийг сахиулах хүндтэй албанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн энэ эрхэмийг мэдэх хүн олон учраас нийтлэлээ тийнхүү нэрлэсэн хэрэг. З.Мягмаржав 1964 онд Ховд аймгийн Алтай сумын “Тасын суудал” хэмээх газар төрсөн бөгөөд сумын 8 жилийн дунд сургуулийг дүүргэж, үе тэнгийнхний хамтаар Булган сумын 10 жилийн дунд сургуульд шилжин суралцжээ. Түүнийг Булганы 10 жилийн дунд сургуульд очих жил хожим төрөлх сургуулийнхаа захирлаар олон жил тасралтгүй ажиллаж, “Монгол Улсын Гавьяат багш” хэмээх эрхэм цолыг хүртсэн С.Отгонбаяр багш угтан авч, хүүхэд бүртэй ганцаарчлан ажиллахад онцгой анхаарсны үр дүнд түүний удирдсан ангийнхан сурлага, сахилгаар аймагтаа манлайлагч нь байж, бүгд их, дээд сургуулийн хуваарь авчээ. Энэ үед З.Мягмаржавын аав “Миний хүү сурлагаар сайн учраас насан туршид хүний сайн сайхны төлөө үйлчилдэг эмч болоорой” хэмээн зөвлөсөн захиасыг нь биелүүлж, Улаанбаатар хотыг зорьсон агаад Анагаах ухааны дээд сургуулийн цэргийн эмчилгээний ангид суралцсан нь түүний хувьд бахархал дүүрэн ажиллаж, амьдрах их замын эхлэл байсан юм. Тэрхүү нэр хүндтэй сургуулийг 1988 онд амжилттай дүүргэсэн З.Мягмаржав эмч диплом гардах баярт мөчид эх орон, төр, ард түмэндээ үнэнчийн баталгаа болсон цэргийн тангараг өргөж, дэслэгчийн мөрдэс зүүснээр хос тангарагтан болсон ховорхон хувь тохиол түүнийх байлаа. Мягаа эмч сургууль төгссөн жилээ ард түмэндээ “Ховдын хороо” нэрээр алдаршсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангид ажиллах томилолт өвөртөлж, тэр цагаас хойш эмнэлгийн байрын дарга, эмнэлгийн албаны даргын албан тушаалд 30 орчим жилийн хөдөлмөр, бүтээлээ зориулсан юм. Түүний цэрэг амьдрал чухамдаа л цэргийн хотхонд өнгөрч, ангийн нийт бие бүрэлдэхүүний эрүүл мэндийг сахин хамгаалах, аливаа өвчин, осол, бэртлээс урьдчилан сэргийлэхэд гол анхаарлаа хандуулж, эмнэлгийн ариутгал, халдваргүйжилтийг тогтмолжуулан, хариуцсан эмч, сувилагч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэж ирснээрээ онцлогтой.
 
Дэд хурандаа З.Мягмаржав эмч бид хоёр “Ховдын хороо”-ноос энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн анхны офицеруудын тоонд зүй ёсоор багтах бөгөөд 2005 онд “Иракийн эрх чөлөө” дайны дараах сэргээн босголт, хүмүүнлэгийн ажиллагааны 4 дүгээр ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүнд Монголын шилдэг энхийг сахиулагч болсон хурандаа Данзандоржийн Нарантулгын удирдлагад үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн юм. Тэр үед дэд хурандаа З.Мягмаржав цэргийн багийн эмнэлгийн бүлгийг ахалж, энэ бүлэгт ТТАХНЭ-ийн мэс заслын их эмч, дэд хурандаа Базаррагчаагийн Нарансүх, их эмч, ахмад Бямбаагийн Батзолбоо, Цэрэндоржийн Баярбат нар хамтран үүрэг гүйцэтгэсэн билээ. Тэд бие бүрэлдэхүүний эрүүл мэндийн байдалд онцгой анхаарал хандуулж, урьдчилан сэргийлэх үзлэг, үйлчилгээг тогтмолжуулан, төлөвлөгөөт сургалтуудыг чадварлаг зохион байгуулж, бие бүрэлдэхүүний дунд нийтийн болон хувийн ариун цэврийг сахиулах, эрүүл ахуйн дэглэм, шаардлагыг хэрэгжүүлэхэд санаачилга, үр дүнтэй ажилласанд цэргийн багийн удирдлага, хамт олон ихэд талархаж явдаг юм. Харин дэд хурандаа З.Мягмаржавын хувьд Олон үндэстний дивизийн “Чарли” баазад үүрэг гүйцэтгэж байгаа олон орны цэргийн багийн эмч нартай хамтран туршлага солилцож, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлснээс гадна тэдгээр эмч нартай орос хэлээр шууд ойлголцож байсан нь бахдалтай санагдаж билээ. Тухайн үед Мягаа эмчийн ажлын туршлага, мэргэжлийн ур чадварыг бусад орны эмч нар хүлээн зөвшөөрч, олон удаагийн эмчилгээ, мэс заслын өмнө хамтдаа зөвлөлдөж байсан нь саяхан мэт санагдана. Тиймээс манай цэргийн багийнхан Мягаа эмчийг “Олон үндэстний эмч” гэж бахархан хүндэлж, өнөөдөр ч тэр алдраар нь өргөмжилсөөр явна. Дэд хурандаа З.Мягмаржав эмч дараа нь Сьерра Леон улсад явагдсан НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагааны 2 дугаар ээлжийн цэргийн багт мөн эмнэлгийн бүлгийг ахалж, үүргээ нэр төртэй гүйцэтгэснийг ЗХЖШ-ын удирдлага болоод эмнэлгийн хэлтсийн хамт олон байнга өндрөөр үнэлж, түүнийг алдаршуулж яваа нь бас л бахдалтай. Тэрбээр энхийг дэмжих ажиллагаанд зөвхөн их эмчийн үүрэг гүйцэтгэсэнгүй, харин ажиллагааны өмнөх сургалтад залуучуудыг өөрийн биеэр үлгэрлэн манлайлаад зогсохгүй, “мэргэн буудагч” болохоо олонтаа харуулж, бие бялдар-сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй болохоо баталсан төдийгүй, ажиллагааны газар оронд цэргийн багийн бие бүрэлдэхүүний дунд зохион байгуулсан олон удаагийн тэмцээн, уралдаанд өндөр амжилт гарган оролцож ирснийг бид өнөөдөр ч хуучлах дуртай.
 
Бэлтгэл дэд хурандаа З.Мягмаржав өөрийн хүсэлтээр цэргийн алба хаасны тэтгэвэрт гарч, иргэний салбарт өөрийн эрдэм боловсрол, авьяас билэг, мэргэжлийн ур чадвараа дайчлахаар зорьсон нь саяхан мэт бөгөөд он цаг улирах тусам одоо юм шиг санагдана. Ер нь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагад ажиллаж байгаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарч байгаа хэн боловч, цаашид төрийн албанд шалгалтгүйгээр шууд үргэлжлүүлэн ажиллах эрх нь нээлттэй байдгаараа өндөр ач холбогдолтой юм. Энэ ч жишгээр дэд хурандаа З.Мягмаржав эмчийн мэргэжил тэтгэвэрт гардаггүй бөгөөд насан туршийнх байдаг гэдгийг баталж, өдгөө Халдварт өвчин судлалын Үндэсний төвд Сүрьеэгийн клиникийн хүлээн авах тасгийн эрхлэгчээр амжилт арвин хөдөлмөрлөж явна. З.Мягмаржавын 10 жилийн нэг ангийн сурагчдаас Балжиннямын Туяабадрах мөн л эмч хэмээх энгүй ачтай мэргэжлийг эзэмшиж, “Монгол Улсын гавьяат эмч” цол хүртэж, өдгөө Цэргийн төв эмнэлэгт мэс заслын их эмчээр бахархал дүүрэн ажиллаж байна. Харин Мягаа эмчийг бахархам амжилт, ажлын үр дүнгээрээ “Гавьяат эмч” болох болзлыг бүрэн хангасан хэмээн эрүүл мэндийн салбарынхан, анги удирдсан багш, найз нар нь болоод тэртээ 1988 онд Анагаахын нэг курст суралцаж байсан андууд нь байнга л ерөөж явдгийг бибээр сайтар мэдэх юм. Дэд хурандаа З.Мягмаржавт эмч хүнд байх олон сайхан чанрууд нэвт шингэсний дотор аливаа хүнийг эмээр бус, харин түүний сэтгэл зүйд нь түлхүү нөлөөлж эмчилдгээр илэрч байдаг онцлогтой. Түүнд уран илтгэгчийн шинж илүүтэй давамгайлах бөгөөд тэр нь эмчилгээний үр дүнд сайтар нөлөөлөөд зогсохгүй, ямар ч тулгамдсан сэдвээр санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, лекц унших, хичээл заах чадварыг төгс эзэмшсэн нэгэн гэдэг нь илүүтэй мэдрэгддэг. Ийнхүү анагаах ухааны магистр, клиникийн профессор, эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан хэмээх цол, хүндлэлээр өөрийгөө чимж яваа цагаан нөмрөгт баатартаа “гавьяат” болохын ерөөл буяныг оршоож, энэхүү нийтлэлээ өндөрлөе. Сайн санааны үзүүрт тос гэдэгсэн. Сайн үйлс бүхний цаана ачлал, буян аяндаа ирнэ гэдэгт эргэлзэх юун билээ.
 
 
МСНЭ-ийн шагналт сэтгүүлч, бэлтгэл хурандаа Б.Отгонбаяр
Эх сурвалж: "Соёмбо" сонин