(МОНГОЛ ТҮҮХ дөрвөн боть бүтээлийн хэсгээс)
 
 
 
Хилийн шугамын маргааныг хүчээр зохицуулж эхлэв
 
1939 оны дөрөвдүгээр сарын 27-нд Японы Засгийн газар хуралдаж Хятад болон Өмнөд Азийн асуудлыг авч хэлэлцэв. Европт байдал их өөрчлөгдөж байгааг харгалзан хурлаас Хятадын дайныг бушуухан дуусгах хэрэгтэй гэж үзээд хурлын шийдвэрийн дагуу маргааш нь Квантуны армид шуурхай заавар өгөгджээ. Манжго – Зөвлөлт, Манжго – Гадаад Монголын хилийг сайтар тогтоон бэхжүүлэх арга хэмжээ авах, Манжго, Өвөр Монгол, Умард ба Төв Хятадын нутагт цэрэг-эдийн засгийн хүчтэй бааз байгуулах, “Азийн эв санааны нэгдлийн зарчим дээр эдийн засаг, улс төр, соёлын хүрээнд хамтран ажиллахад Эзэнт гүрний Засгийн газар бэлэн байна гэдгийг харуулах зорилгоор цэргийн даралт шахалтаас улс төрийн буурьтай үйл хэрэгт шилжих хэрэгтэй”[1]гэж уул зааварчилгаанд дурджээ. 
Манжуурт байрлах Квантуны арми бол Японы нийгмийн хамгийн цэрэгжсэн хэсэг байлаа. Гадаад дахь цэргийн энэхүү нийгэмд ямар нэг нийгмийн бусад хэсгийн даралт нөлөө үл үйлчилнэ. Квантуныхан Токиогийн Засгийн газраас өвөрмөц хэлбэрээр бие даасан шинжтэй болсон ба үүнийгээ хуульчлан баталгаажуулахыг удаа дараа шаардаж байсан байна. Энэ шаардлагыг 1939 оны есдүгээр сард Токио зөвшөөрснөөр Квантуны арми “Хятадад явуулах цэрэг, эдийн засаг, улс төрийн шийдвэрээ бие даан гаргаж байх ба харин энэ тухайгаа тухай бүрд нь төвд мэдээлж байх болно”[2]гэжээ. Үүний нэг нь Монголд Халх голын байлдаан гэж, Японд Номунханы хэрэг явдал гэж нэрлэдэг хилийн томхон мөргөлдөөн юм. БНМАУ өөрийн хилийг Номунхан, Бүрд овоогоор гэж үзэж байхад Япон, Манжгогийн тал Халх голоор байгалийн хил бий гэж үзэж байснаас ийнхүү хоёр тал уг тулалдааныг хоёр өөрөөр нэрлэх болжээ. 
Монгол-Манжгогийн хооронд маргаантай байгаа хилийн районыг Квантуны армийнхан мөргөлдөөний цэг болгон сонгож авав. Хилийн энэхүү районы асуудлыг урьд нь Манжго, Япон, БНМАУ-ын гурван талын хэлэлцээгээр шийдэж чадаагүй юм. Номунханы будлианаас нэг сарын өмнө Квантуны армийн эрх баригчид “Манжуур-Зөвлөлтийн хилийн асуудлыг зохицуулах ерөнхий зарчим” гэсэн баримт бичиг боловсруулан хилийн дагуух ангиудад захирамж болгон тараасан байна. Ингэснээр хилийн шугам тодорхойгүй газар оронд тухайн хэсгийг хариуцаж байгаа цэргийн удирдлагад хилийн шугамыг бие даан тодорхойлон шийдэх эрх олгожээ.[3].
Токио дахь Японы цэргийн Жанжин штаб нь Манжуурын хилийг тодорхойлох Квантуны армийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрсөн. Японы цэргийн дээд удирдлага квантуныхны ойлгуулсан дагуугаар Халх голыг байгалийн хил гэж үзэж уг хилийг хамгаалах үүрэг өгөхийн зэрэгцээ БНМАУ-ын нутагт цөмрөн орохыг хатуу хориглосон юм[4]. 
Ингээд 1939 оны тавдугаар сарын 11-нд Японы цэрэг Халх голын зүүн эрэг хүртэлх газрыг эзлэв. Тэдний цэрэг 10 мянга орчим байсан нь томхон мөргөлдөөнд тохирсон тоо байв[5]. Учир нь, Монгол-Манжгогийн хил Халх голын хоёр талаар байх ёстой гэж Манжго, Япон үзээд тийшээ очиж бэхжжээ. Монгол, Зөвлөлтийн цэрэг Халх голын районд яаралтай хүрэлцэн ирж сөрөг давшилт хийн тавдугаар сарын 29-нд япончуудыг хил хүртэл ухраан хөөлөө. Хоёр тал маш эрчимтэйгээр дараагийн мөргөлдөөнд бэлтгэж эхлэв. Япончууд ар талаасаа их хүч дуудан түрүүнийхээ довтолгооноос гурав дахин их цэрэг хуралдуулав. Москва мөн яаравчлан, сүүлд Дэлхийн II дайнд Зөвлөлтийн армийг командалсан Г.К.Жуковыг Монгол руу явуулсан ба тэр нь зургадугаар сарын 5-нд Тамсагбулагт ирэв. Дараагийн тулалдаанд Монголд буй 57 дугаар корпус хангалтгүй гэж Жуков үзжээ. Тэгээд эгшин армийн нэгдүгээр групп байгуулснаа авчрав. Үүнд нь 6 дугаар танкийн бригад (254 танк, 15 хуягт бүхий), буудлагын 57, 82, 152 дунаар дивиз, агаарын десантын 212 дугаар бригад зэрэг олон анги нэгтгэлүүд багтжээ. Наймдугаар сарын 20 буюу шийдвэрлэх тулалдаан эхлэхийн өмнө Армийн нэгдүгээр групп 52 мянган хүнтэй, 438 танк, 385 их буутай байжээ. Нийт онгоцны тоо 585 байв[6]. 
 
Зөвлөлтүүд мөргөлдөөнд оролцов
 
Цэргийн томхон мөргөлдөөнийг ганц япончууд ч хүсч байсан биш юм. Нэгэнт л япончууд өдөж эхэлсэн болохоор үүнийг нь шүүрэн авч нударга зөрүүлэх хэд хэдэн шалтгаан хийгээд сонирхол Сталинд бас байлаа. 
Ингээд долдугаар сарын эхээр Баянцагаан орчимд болсон мөргөлдөөнд япончууд дахин хиар цохиулаад зугтлаа. Гурав дахь том тулалдаанд хоёр тал мөн шуурхай бэлтгэлээ. Япончууд явган цэргийн хоёр хороо, хуурай замын нэг бригад нэмж татсанаас гадна Манжгогийн армийн хэд хэдэн хороог татлаа. Агаарын хүчээ нэмж, Порт-Артураас хүнд их бууны хүч нэмж авчирчээ. Ингээд тэдний хүн хүчний тоо 76 мянгад хүрч, 304 пулемёт, 500 их буу, 182 танк, 300 гаруй нисэх онгоц хуримтлуулсан нь хилийн мөргөлдөөний цар хүрээнд хэт томдохоор болжээ. 
Зөвлөлтүүд илүү эрчимтэй бэлтгэж, буудлагын хоёр дивиз, танк, агаарын десант, их бууны хороо тус бүрийг ЗХУ-аас шинээр татан авч ирсний дүнд Японыхоос 1.5 дахин их цэрэг, 1.7 дахин их пулемёт, 2 дахин илүү их буу, 4 дахин олон танк, 1.6 дахин их онгоц хуралдуулж чадав. Онгоцны тоо 515 хүрчээ[7]. Мөргөлдөөн зарлаагүй болохоос дайны хэмжээнд хүрлээ. Наймдугаар сарын 20-нд Зөвлөлтийн арми гэнэт гэнэдүүлэн 70 километр өргөн фронтоор давшилт хийн япончуудыг бүслээд 7 хоногийн дотор цохив. 
Зөвлөлтийн талын тооцоогоор гурван удаагийн тулалдаанд япончууд 18.1 мянган хүнээ алуулж 48.6 мянган хүнээ шархтуулсан бол Зөвлөлтийн тал 8.9 мянган хүнээ алдаж, 15.9 мянган хүн нь шархтсан байна[8]. Нийтдээ Японы талаас 28 000-38 000 хүн байлдаанд оролцсон гэдэг бол Зөвлөлтийн тал үүнийг 75 мянга гэдэг. Бууж өгч болохгүй гэсэн тушаалтай учир япончууд олзлогдсон хүмүүсийг гэр бүлийнхэнд нь алагдсан гэж хэлсэн гэх. Японы тооцоогоор 7 696 хүн алагдаж, 8 647 хүн шархдаж, 1 021 хүн сураггүй болж, 2 350 хүн өвчилж, нийтдээ 19 714 хүн хүчний хохирол амссан гэх ба үүнд Манжгогийн 2 895 хүн хүчний хохирол багтжээ. Харин зөвлөлтийн тал Японы хүн хүчний хохиролыг 29 085 гэж байснаа сүүлд нь 61 мянга хэмээн албан ёсны түүхэндээ өсгөн бичих болжээ.
Зөвлөлтийн цэргийн түүхч хурандаа генерал Григорий Кривошеев хожим архивын материал судлан нарийн тооцоолсноор Зөвлөлтийн хохирлыг 9 703 хүн алагдаж, 15 952 хүн шархтаж, нийтдээ 27 880 хүн хүчний хохирол гарсан гэжээ. Тэд 253 танк, 250 онгоц 96 их буу, 133 хуягт машинаа сөнөөлгөсөн гэж Кривошеев номондоо бичжээ.[9] Японы тал 162 онгоц, 42 танкаа алдаж 3 мянга орчим хүнээ олзлуулсан гэсэн байна. Монголын тал 11 хуягласан машин, 1 921 морь, тэмээ алдсан гэж тэмдэглэжээ.[10]
Халх голд Монголын 6 дугаар морьт дивиз тавдугаар сарын 17-оос байлдаан дуустал идэвхтэй оролцсон ба 8 дугаар морьт дивиз долдугаар сарын 3-аас эхлээд бараг бүх тулалдаанд оролцжээ. 
1931 онд СССР-ээс Р-5 маркийн 3 нисэх онгоц бэлэглэснээр Монголд цэргийн нисэх хүчин байгуулагдав. Халх голын тулалдааны өмнө Монголын нисэх хүчин Р-5 маркийн 39 онгоцтой, 27 монгол нисгэгчтэй болжээ. Монголын нисэх хүчин болон, мото хуягт суман (7 хуягттай) нь Халх голын тулалдаанд Зөвлөлтийн харгалзах нэгтгэлд багтан байлдсан юм[11].
Монголын талаас 237 хүн амь үрэгдсэн[12] нь энэ үед шувтарч байсан үндэсний их аллагатай харьцуулахад ганц хувьд нь ч хүрэхгүй байлаа. Гэхдээ Монголын тал Японы түрэмгийллийг няцаахын тулд өөрийн бүх бололцоог бараг ёроолд нь тултал шавхан дайчилсан юм. Гэвч дэлхийн хамгийн орчин үеийн зэвсэг техникээр хүчээ үзсэн хоёр их хүчирхэг гүрний томхон зодоонд Монголын 6 ба 8 дугаар морьт дивиз үл ажиглагдах шахуу зүйл аж. Орчин үеийн танк, нисэх онгоц, их бууг мориор хөөж, сэлмээр цавчихгүй нь ойгомжтой. Япончууд 12 мянга дайчин бүхий Баргын морин хороог байлдаанд оруулсан тул тэдэнтэй үзэлцэх, өөрөөр хэлбэл монгол нь монголтойгоо алалдах хувь зохиол Монголын журамт цэрэгт тохиожээ. 
Японы талд тулалдсан Манжгогийн анги нэгтгэлүүд Хятадын цэргүүдээс олзолсон болон японы хоцрогдсон хэмээн зэвсэглэлээс хасагдсан зэвсэгтэй байжээ. Манжгогийн армийн морин цэргийн 4, 5, 8, 12 дугаар морин хороод тулалдаанд орсон юм. Хороо бүр 400-500 хүнтэй, 4 их буу бүхий батарейтай байлаа[13].
Ийнхүү хэдэн жилийн өмнө Гэндэнгийн урьдчилан харж, “Орос Япон хоёр л байлдах гээд байна, бидэнд бол Манжго болон баргуудтай дайтаж байх хэрэг алга” гэж хэлж байсан нь батлагдав. Японы армийн хоёр жигүүрт Баргын морин хороо байрлаж байсан бол Зөвлөлтийн армийн хоёр захын жигүүрээс Монголын морьт хороод тулалдаанд оржээ. 
Хэдийгээр шувтарч байсан боловч нэгэнт том далайцад хүрч зуршил болсон хоморголон баривчлах аллага фронт дээр ч идэвхтэй үргэлжлэв. Байлдааны дундуур дарга офицеруудийг баривчлах явдал тун элбэг байв. 8 дугаар морьт дивизийг Зөвлөлтийн онгоц эндүүрч бөмбөгдсөнөөс болж 30 орчим монгол цэрэг үхэж, олон хүн шархтжээ[14]. Үүнээс болж нэг хэсгийг нь буруутгах хэрэг гарав. Ингээд Бүх цэргийн жанжны орлогч, Цэргийн яамны орлогч сайд Ц.Лувсандоной японы тагнуул байсан нь “илэрч” хойш ачигдан Москвад буудуулав. Зөвлөлтийн армийн хувьд Дэлхийн II дайны урьдчилсан томоохон бэлтгэл болсон энэ тулалдааны үеэр ч хардлага, аллага, хоморголол хэрхэн үргэлжилж байсныг Солженицын тодорхой бичсэн[15]нь бий. Дайны хүндийг нуруундаа үүрсэн Жанжин штабын дарга Ж.Цэрэнг 1940 онд буруутган шийтгэхдээ ч японы тагнуул гэдгээр пайзалсан юм. 
Халх голын тулалдааныг удирдаж байсан Лувсандоной баривчлагдсаны дараа дөнгөж цэргийн сургууль төгсөөд байсан 27 настай Ж.Лхагвасүрэнг Жуковын орлогч болгон Монголын армийн бүх анги нэгтгэлийг удирдуулсан юм. Түүнийг гуравхан сарын дотор хорооны комиссараас бригад, дивиз, корпусын захирагч болгон шат дараалуулан дэвшүүлсэн нь өнөөгийн ойлголтоор хурандаагаас хошууч генерал, дэслэгч генерал, хурандаа генералтай дүйх цол. 
Халх голын байлдаанд Жуковын хэрэглэсэн тактик түүний таних тэмдэг болж тэрээр хожим нь Германтай хийсэн дайныг удирдалцан дэлхийд нэрээ цуурайтуулсан авьяаслаг жанжин гэгдэх болсон. Гэтэл Халх голын байлдаанд түүний дарга байсан хурандаа генерал Григорий Штерн илүү үүрэг гүйцэтгэсэн гэж судлаачид үздэг. Тэрээр Халх голын тулалдааныг удирдсан гэж СССР-ийг баатар цолоор шагнагдсан. Штерн 1941 онд Германы тагнуул гэгдэн баривчлагдан цаазлуулжээ. Тэр жүүд хүн байсан аж. Халх голын тулалдаанд оролцсон генерал Пётр Григоренко хожим бичсэн дурсамждаа Халх голын жинхэнэ баатар нь Штерн байсан, Жуков дурсамждаа өөрийн шууд удирдсан даргынхаа гавьяаг зориуд бүдгэрүүлсэн гэж тэмдэглэсэн байх юм[16].
 
Халх голын тулалдааны үр дүн
 
1939 оны есдүгээр сарын дундуур Москва, Токиогийн аль алин нь мөргөлдөөнийг зогсоох нь зүйтэй гэж үзэн Элчин сайд Тоготой (Shigenori Togo) Молотов хэлэлцээ хийж, гал зогсоох тухай, хилийн шугамыг тогтоох тухай хоёр хэлэлцээр байгуулснаар мөргөлдөөнийг эрх зүйн хувьд эцэслэсэн болно. 
Хилийн маргаан зохицуулах асуудлаар хэлэлцээ 1939 оны есдүгээр сарын 15-нд эхэлсэн боловч бүр сүүлд 1941 онд шувтарсан юм. Юу гэвэл 1939 онд арваннэгдүгээр сард БНМАУ-Манжгогийн Хаант улсын хилийг тогтоох Зөвлөлт-Японы Холимог комисс байгуулагдаж, Чита, Харбин хотод нийт 16 удаа хуралдаад зохих үр дүнд хүрсэнгүй[17]. Хоёр талын маргааны гол шалтгаан нь топографийн зураг байлаа. Оросын Өвөрбайгалын геодезийн отрядын 1906 оны зураг, Хятадын жанжин штабын геодезийн отрядын 1918 оны зураг хоорондоо таарахгүй байв.[18]
Манжго-Монголын хэдэн жил маргалдаад тохиролцож чадаагүй асуудлыг цаад эзэд нь шийдэхдээ, Японы ГЯЯ-ны сайд 1941 оны хавар Москвад айлчлахдаа Молотовтой дороо хэлээ ололцож, Номунханы тулалдааны дараах статус-квог улсын хил мөн гэж үзжээ. Холимог комисс 1941 оны аравдугаар сард Харбин хотноо гарын үсэг зурав. Тэнд даруй Манжго, Монгол улсын төлөөлөгчид ч “нөхөрсөг байдалд” мөн гарын үсэг зурсан ажгуу. 
Халх голын тулалдаанд зориулж Соловьёвск-Эрээнцав-Баянтүмэнгийн 238 километр өргөн төмөр зам, Баянтүмэн-Тамсагбулагийн 380,5 километр нарийн төмөр замыг ажлын 76 хоногийн дотор барьж хүлээлгэн өгчээ. Харамсалтай нь хүлээлгэж өгөх үед Халх голын тулалдаан дуусчихсан байв. Гэвч энэ төмөр замыг Зөвлөлт, Монгол 1945 онд Японд дайн зарлахад ашигласан билээ. Эрээнцав-Баянтүмэн (одоогийн Чойбалсан хот) өргөн төмөр зам ашиглагдсаар байна. Дайн дууссаны дараа Баянтүмэн-Тамсагбулагийн төмөр замын рельс төмрийг хуулж аван Монголын дараагийн бүтээн байгуулалтад хэрэглэсэн. Юу гэвэл Монгол орныг хэрсэн холбооны шугам татахад рельс төмрийг шонгийн модны хавчаар хөл болгон ашигласан юм. 
ХХ зуунд Алс Дорнодын дайны театрт Орос, Япон хоёр нийтдээ дөрвөн удаа байлджээ. Эхнийх нь 1905 онд Япон ялалт байгуулж Порт Смоутын гэрээгээр Орос ялагдлаа хүлээсэн. Хоёр дахь нь 1922 онд япончууд Приморьегоор дамжин цэрэг оруулж илт давамгай байдал үзүүлээд гарч явсан. Гурав дахь нь Халх голын тулалдаанд аль аль тал хүнд хохирол хүлээсний эцэст тэнцсэн гэж үзээд байлдааныг зогсоох хэлэлцээр Москвад хийн хоёр тал гарын үсэг зурсан. Ингээд энэ хоёр орны дөрөв дахь тулалдаан 1945 оны намар Манжуурт болж Япон бууж өгснөө хүлээн зөвшөөрснөөр бүтэн зургаан жил үргэлжилсэн Дэлхийн II дайн төгсгөл болсон юм.[19]
 
 
 
[1] Сапожников, Б. Г. Китай в огне войны, 1931-1950 (Изд. “Наука” Москва 1977) стр-125
 
[2] Сапожников, Б. Г. Китай в огне войны, 1931-1950 (Изд. “Наука” Москва 1977) 
 
[3] Болд, Р. Халх голын байлдаан (NEPKO publishing 2013) х-32[Bold, R. Battles in the Khalkhin Gol] 
 
[4] Болд, Р. Халх голын байлдаан (NEPKO publishing 2013) х-33 [Bold, R. Battles in the Khalkhin Gol]
 
[5] Вартанов, В. Илтгэл (Халх голын дайн, түүхэн үнэний эрэл симпозиум УБ 1994)[Vartanov, V. Report]
 
[6] Хангай, Л. Монгол-Оросын хамтын ажиллагаа (Улаанбаатар 2016) 24-25 [Khangai, L. Reletionship and cooperation between Mongolia and Russia]
 
[7] Бүгд найрамдах Монгол ард улсын түүх, III (Улаанбаатар 1969) x-373 [History of the Mongolian People`s Republc, III]
 
[8] Гомбосүрэн, Д. Халх голын дайны түүх судлалын зарим асуудал, үр дүн (Халх голын дайн, түүхэн үнэний эрэл симпозиум Улаанбаатар 1994) [Gombosuren, D. Some problems and consequence on historiography of the Khalkh gol war]
 
[9] Кривошеев,Г. Ф. Россия и СССР в войнах ХХ века: Потери Вооружённых Сил (Москва 2001)
 
[10] Kolomiets, M. “Boi u reki Khalkin-Gol”, Frontovaya Illyustratsiya/Frontline Illustration, 2/2002
 
[11] Хангай, Л. Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагаа (Улаанбаатар 2016) х-22-23 [Khangai, L. Reletionship and cooperation between Mongolia and Russia]
 
[12] Ганболд, Б. Халх голын дайнаас МАХЦ-т учирсан хүн хүчний хохирол (Халх голын дайн, түүхэн үнэний эрэл симпозиум Улаанбаатар 1994) [Body count of Mongolian army during Khalkh gol war]
 
[13] Хангай, Л Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагаа (Улаанбаатар 2016) х25 [Khangai, L. Reletionship and cooperation between Mongolia and Russia]
 
[14] Дамдиндорж, Д. Улаан таван хошуут есөн онгоц хэнийх вэ? (Ардын эрх сонин 1994) №159 [Damdindorj, D. To whom belong nine airplenes with red star?] 
 
[15] Солженицын, А. И. Архипелаг гулаг (Москва 1991)
 
[16] Болд, Р. Халх голын байлдаан (NEPKO publishing 2013) х-44 [Bold, R. Battles in the Khalkhin Gol]
 
[17] Гомбосүрэн, Д. БНМАУ, Манжго улсын хилийн хэлэлцээр (Ардын эрх сонин 1992) [Gombosuren, D. Border agreement between the MPR and Manchuguo]
 
[18] Соловьёв, А. В. Как в Чите устанавливали границу Монголии с Китаем
 
[19] Боханов, А. Н., Горинов, М. М., Дмитриенко, В.П… История России. XX век (Москва 2012)