sonin.mn
УИХ-ын гишүүн Ж.Батзандан системийн шинэчлэлийг эхлүүлэх хэлэлцүүлэг зохион байгуулна гэдгээ өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн. Тэрбээр өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийж, энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
Миний бие Улсын Их Хуралд хоёр дахь удаагаа сонгогдоод, зургаа дахь жилдээ сууж байна. Энэ ордонд юу болдгийг, юу болдоггүйг хангалттай харлаа. УИХ-ын гишүүнээр сонгогдохын өмнө Иргэний хөдөлгөөний шугамаар олон жагсаал цуглаан зохион байгуулж байсан. Авлигын эсрэг жагсаал хийж байлаа. Газрын хэвлий доорхи баялгийг үр шимийг монголын ард түмэнд хувьцаа ногдуулах замаар хүртээх тэмцлийг эхлүүлж байсан. Дөрвөн жилийн өмнө Офшорын эсрэг хуулийг анх санаачлан УИХ-д оруулж байсан.  Энэ бүхэнд Батзанданд итгэж, хамтдаа тэмцэж ирсэн олон мянган монголчуудын хүсэл зоригийг хамгаалахын тулд би Их Хуралд орж ирсэн. 
 
ӨНӨӨДӨР БИД ЯМАР НИЙГЭМД АМЬДАРЧ БАЙНА ВЭ
 
Өнөөдөр Монгол Улсын өр 25 тэрбум ам.долларт хүрлээ. Хоёрхон жилийн дотор өрийн хэмжээ хоёр тэрбум ам.доллараар нэмэгдсэн байна. Ажилгүйдэл 30 хувьд хүрлээ. Хоёр өрх тутмын нэг нь ядуу амьдарч байгааг Дэлхийн банкны судалгаа харуулж байна. Банкны хүү 25-30 хувьтай байгаа. Ийм өндөр хүүтэй зээл аваад бизнес хийхэд маш хэцүү байна гэдгийг бизнес эрхлэгчид байнга хэлдэг. Банкны салбарын нийт ашиг жилдээ 350 тэрбум төгрөгт хүрч байна. Эрдэнэт үйлдвэрийн жилийн ашиг 250 тэрбум төгрөг байдаг. Монголчуудыг тэжээлцдэг энэ том үйлдвэрээс илүү их хэмжээний орлогыг банкны эзэн гэх хэдхэн гэр бүл олж байна. 
60 тэрбумын асуудлыг шийдэж чадсангүй. Уучлал гуйгаад өнгөрөх юм шиг байна. 60 тэрбумын асуудлыг эвлүүлэг гэсэн дүгнэлт гаргасан прокурор ажлаасаа халагдаад дуусах байх. 60 тэрбумд орооцолдсон нөхөд одоо гадаадад зугаалцгааж байна. 
Эрдэнэтийн 49, 51 хувийн асуудлыг шийдэж чадахгүй байна, шударга ёсны хайчийг хөдөлгөх гэхээр хоёр талаас нь хавччихаад болохгүй байна, олигарх бүлэглэлүүд ЗГ, УИХ-ыг атгандаа оруулчихаад байна гэдгийг ХЗДХ-ийн сайд нь мэдэгдлээ. Эрдэнэтийн хэрэг, С.Зориг агсны амь наёыг хөнөөсөн хэрэг гэхчлэн улс орны эрх ашигтай холбоотой томоохон хэргүүд хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байна. 
Албан тушаалын хэргүүд прокурор, шүүх дээр очоод гацдаг болсон. Асар их хөрөнгөжсөн прокурор, шүүгчдийн асуудлыг ярьсан УИХ-ын гишүүдийг шүүх, прокурорынхон айлган дарамталдаг болсон. 
Би энэ талаар иргэдтэйгээ ярилцахыг хүсч байна. Монгол Улс сүүлийн хорин жилийн хугацаанд хоёр жил тутамд нэг Засгийн газар солилоо. Засаг солих амархан. Гэхдээ Засгийн газрыг солиод юу ч дээрдэхгүй байгааг бид харлаа. Олон сонгууль хийж үзлээ, олон удаа эрх барих улс төрийн хүчнийг сольж үзлээ. Олон ч баталлаа. Тухайлбал, 1992 онд Үндсэн хуулиа баталсан. 1996 онд ХЭҮК-ийг байгуулсан. 2004 онд Захиргааны шүүхийг байгуулж, 2014 онд Захигааны ерөнхий хуулийг баталсан. 2007 онд Авлигын эсрэг хууль баталж, АТГ-ыг байгуулсан. АТГ нь авлигатайгаа тэмцэж чадаж байна уу, чадахгүй байна гэж иргэдийн 90 хувь нь хэлж байна. Шүүх засаглал нь шударга ёсыг тогтоож чадаж байна уу, чадахгүй байна гэж иргэдийн 95 хувь нь хэлж байна. Хүний эрхийн үндэсний комисс нь хүний эрхийг хамгаалж чадаж байна уу, чадахгүй байна гэж иргэдийн 80 хувь нь хэлж байна. 
 
ЗАСАГЛАЛЫН ХЯМРАЛААС ГАРАХЫН ТУЛД АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫГ ЯВУУЛЪЯ
 
Надад нэг САНАЛ байна. Монгол Улс Парламентын засаглалтай. Парламентын үндсэн үүрэг бол монголын ард түмний язгуур эрх ашгийг хуулиар хамгаалах. Гэтэл 60 тэрбумаар бүрдсэн 65-ын олонхтой парламентад иргэд хэдийнэ итгэл алдарсан. Энэ засаглалын хямралаасаа яаж гарах вэ гэдэг асуулт бидний өмнө тулгарч байна. Би иргэддээ тодорхой санал тавихаар энэхүү мэдээллийг хийж байна. 
Бид системийн хямралаас гарахын тулд АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА хийхээс өөр арга байхгүй. Шинэ Үндсэн хууль батлах уу гэдгийг нийт ард түмнээсээ асууя. 1996 онд батлагдсан Үндсэн хуулиар УИХ-ын гишүүнд Ард нийтийн санал асуулга явуулах эрх олгосон. Энэ санал асуулгаар гуравхан асуулт тавья.
 
1. Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж, Шинэ үндсэн хууль батлах уу гэдгийг асууя. 
2. Хэрэв ард түмэн маань Үндсэн хуулиа шинэчлэн баталъя гэж саналаа өгвөл дараа нь “Монгол Улс засаглалын ямар хэлбэрийг сонгох ёстой вэ” гэдэг асуулгад хариулт авах ёстой. Монголчуудад тохирох засаглалын гурван үндсэн хэлбэр байна. Сонгодог парламентын засаглал, Ерөнхийлөгчийн засаглал, Канцелларын буюу хүчирхэг Ерөнхий сайдын гэсэн гурван хэлбэр бий. Ард түмэн энэ гурван засаглалын аль нэгийг дэмжиж таарна. 
3. Ард нийтээрээ засаглалын хэлбэрээ сонгосны дараа УИХ-ыг татан буулгаж, сум бүр, баг бүрээс төлөөлөгч оролцсон Ардын их хурлыг байгуулах замаар шинэ Үндсэн хуулиа баталъя, системийн өөрчлөлтөө хуулийн хүрээнд тайван замаар хийе гэж уриалж байна. 
Би эрх мэдэл бүхий дарга нараас эхлээд иргэд олон түмэнтэйгээ өдөр бүр уулзаж байна. Иргэдийн хувьд энэ системийг зайлшгүй өөрчлөх ёстой гэдэг дээр саналаа хэлж байна. Харин улстөрчид хоорондоо маргалдаж байна. Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ УИХ хийх ёстой гэж эрх баригчид үзэж байна. Миний хувьд дотроо хоёр хуваагдсан 65-ын бүлэг, олигархийн эрх ашгийг хамгаалдаг энэ УИХ системийн өөрчлөлтийг хийх боломжгүй. Харин ард нийтээсээ асууж системийн өөрчлөлтийг шийдэх ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа юм.  
Таны санал хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах байх даа гэж иргэд маань асууж байна. Үнээн, системийн өөрчлөлтийг эсэргүүцдэг хүмүүс Батзанданг доромжлоод эхэлсэн. Ямар ч өөрчлөлт, шинэчлэлт эхэндээ эсэргүүцэлтэй тулгардаг. Өнөөгийн систем нийгмийн цөөнхөд, ялангуяа банкны эзэд болон газрын хэвлийн баялгийг гадныхантай хамтран ашиглаж буй цөөн хүмүүст ихээхэн ашигтай байгаа. Гэхдээ энэ систем жирийн монгол иргэнд ашиггүй. Өдрөөс өдөрт монголчууд ядуурч байна. Энэ зэлтрийн гацаанаас монголчууд нам, нутаг ус үл харгалзаж, нэгдэх цаг болсоон. Монголчуудыг хагалж бутаргадаг буруу соёлоос татгалзаж, улс төрийн шинэ соёл руу орох цаг болсон гэж би үзэж байна. Монголчууд хамтдаа эдийн засгийн болон улстөрийн шинэ системийг хамтдаа бүтээж чадна гэдэгт би итгэж байна. Энэ долоо хоногийн баасан гарагт “Цаг боллоо-Системийн өөрчлөлт” хэлэлцүүлгийг зохион байгуулна, та бүхэн идэвхтэй оролцоорой.