sonin.mn
УИХ-ын дарга М.Энхболд "Миний бие хэн нэгнийг албан тушаалд томилж, авлига авч байгаагүй. Гэхдээ 60 тэрбумын гэх хэрэгт нэр холбогдсондоо харамсч байна" гэсэн агуулга бүхий албан бичгийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд хүргүүлжээ. Түүний хувьд энэ сарын 20-ны дотор "60 тэрбум"-ын гэх хэрэгт холбогдсондоо уучлалт гуйхыг УИХ-ын даргаас шаардсан. Улмаар тус хэргийг дахин шалгуулах, ээлжит бус чуулган зарлах, АТГ-ын удирдлагуудтай хариуцлага тооцох шаардлагыг тавиад байгаа юм. Тэгвэл УИХ-ын дарга түүнд ийнхүү хариу тайлбар хүргүүлжээ. Энэ нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд төрийн гурван өндөрлөгийн нэг албан ёсоор харамсч байгаагаа илэрхийлж, уучлалт гуйсан анхны тохиолдол боллоо хэмээн Л.Оюун-Эрдэнэ гишүүн тодотгосон. Түүний хэлснээр, УИХ-ын дарга түүнд илгээсэн бичгээ МАН-ын Хяналтын ерөнхий хороонд ч мөн албан ёсоор хүргүүлсэн байна. Түүнчлэн нийслэлийн Прокурорын газарт хэрэг бүртгэлтийг хүчингүй болгосон тогтоолыг сэргээх тогтоол ч гарчээ. Мөн ээлжит бус чуулганы асуудлыг энэ долоо хоногтоо багтаан Хууль зуйн байнгын хороогоор оруулахаар болсон байна. Ингэснээр Байнгын хороо энэ долоо хоногт хуралдахаар болж байна. Улмаар МАН-ын Хяналтын ерөнхий хорооны хуралдаанаар энэ улиралдаа багтааж М.Энхболд болон МАН-ын зарим гишүүний асуудлыг Удирдах зөвлөлөөр хэлэлцэн ёс зүйн хариуцлага тооцох тогтоол гаргажээ. Энэ тухайд Л.Оюун-Эрдэнэ гишүүн "Хууль хяналтын байгууллага тогтолцооны гажуудалд орсон нь харагдаж байна. Энэ асуудлыг "эвлүүлэг" гээд хаасан. Сар гаруй хойноос нь хөөцөлдсөний эцэст хэргийг дахин нээхээр боллоо. Хэрэг нээ гэхээр нээдэг, хаа гэхээр хаадаг тогтолцооны гажуудалтай 27 жил явлаа. Хамгийн тодорхой хэрэгт хэдэн гишүүн тэмцээд үр дүнд хүрлээ. Би энэ хэрэгтэй холбогдуулан төрийн 17,18 байгууллагад хандаж тайлбар авсан. Үүнээс дүгнэхэд манай улс хоёр Ерөнхий сайдтай мэт байсаар байна.
Ерөнхийлөгч гэж Ерөнхий сайдтай. Парламентаас томилогдсон Ерөнхий сайдтай. Гүйцэтгэх засаглалын эрх мэдэл хоёр хуваагдаж ирсэн 27 жилийн системийн гажуудал харагдлаа. Ерөнхийлөгч томилсон хүндээ чиглэл өгдөг, Ерөнхий сайд ч чиглэл өгч байна. Үүнээс болж төрийн байгууллагууд шударга ажиллах боломжгүй болсон нь надад өгсөн бичгүүдээс тодорхой харагдаж байна. Хууль хяналтын байгууллагаас ируулсэн бичгүүд логикийн хувьд хоорондоо зөрчилтэй, бие биеэ буруутгасан өнгө аястай байх юм. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлага үүсээд байна" гэлээ. Түүнчлэн "Ээлжит бус чуулган хуралдуулах тухай албан бичигт гарын үсэг зурсан 26 гишүүн уулзан цаашид хэрхэн ажиллахаа ярилцана. Харамсч буйгаа бичгээр илэрхийлнэ гэдэг манай улсад тэр дундаа М.Энхболдоос гаргахад хэцүү шийдвэр гэж би харж байгаа. "60 тэрбум"-ын гэх хэргийн талаарх мэдээлэл авах утсыг ажиллуулж, ирсэн мэдээллийг нэгтгээд Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн.Зөвхөн "60 тэрбум"-ын хэргээс гадна Монгол Улсын эрх ашигт ноцтой асуудал болоод буй хэргүүдийг шалгах хэрэгтэй. Тухайлбал,Стандарт банкных байна гэв. Уг мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэе.
 
-Ээлжит бус чуулган хуралдах хууль эрх зүйн боломжийг хэрхэн харж байна вэ?
 
-Ээлжит бус чуулганы асуудлыг энэ долоо хоногт багтаан Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх юм гэж би ойлгосон. Байнгын хороо хуралдсан тохиолдолд би хуралдаанд оролцоно. Энэ асуудлаар би Ж.Батзандан, Л.Болд гишүүнтэй уулзсан. Нам харгалзахгүйгээр ийм асуудалд бид нэгдэх хэрэгтэй юм. Ээлжит бус чуулган зарлахыг дэмжсэн гишүүд уулзаж мэдээллээ нэгтгэнэ.
 
-УИХ-ын дарга М.Энхболдын явуулсан албан бичиг таны хувьд хангалттай санагдаж баина уу. Та хүссэн хариултаа авч чадав уу?
 
-Миний шаардлага бол уучлалт гуйхыг хүссэн. Энэ нь өөрөө хэцүү зүйл. Харамсч байгаагаа бичгээр илэрхийлнэ гэдэг нь бусад орны жишгээр буруугаа хүлээсэн үйлдэл. Саяхан Засгийн газар сүүлийн 26 жилд гарч байгаагүй том хариуцлагыг Зам, тээврийн хөгжлийн яамныханд тооцлоо. Сайд, дэд сайд, төрийн нарийн, газрын дарга нарыг халлаа. Үүн шиг харамсч байгаагаа илэрхийлсэн бичиг хүргүүлсэн нь улс төрийн соёлтой жишиг тогтохын эхлэл боллоо.
 
-Байнгын хорооноос тухайлсан нэг асуудлаар нийтийн сонсгол явуулах боломжгүй гэх тайлбар өгсөн. Энэ тухайд та юу хэлэх вэ?
 
-Нийтийн сонсгол бол зөвхөн үнэнийг хэлнэ гэдэг томьёолол дээр явдаг олон улсын жишигтэй. Манайх бол тухайлсан нэг хэрэгт нээлттэй сонсгол хийж болохгүй гэсэн бичиг прокуророос авсан байна. Энэ нь прокурор УИХ-ын үйл ажиллагаа руу оролцож байгаа мэт харагдаж байгаа юм. Би Байнгын хорооны даргатай нэг удаа уулзаж, албан бичгээр хандсан. Энэ чигээрээ намрын чуулган руу орвол байнгын хороо Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно. Ер нь нэг хүн Байнгын хороо болоод УИХ-ыг төлөөлөхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин