sonin.mn
Тэмдэглэл
 
Нов ногоон нуга талаар наран ургах зүг довтолгож явахад "Ямар уудам юм бэ? Монголын тал нутаг" гэсэн дуу санаанд ургана. Бас "Эртний домог шиг буурал тал" гэсэн Д.Нямаа агсаны шүлгийн мөр ч орж ирнэ. Энэ жил ёстой л дэлхий дэлэгнэж хур бороогоо нэг ч газар нутгийг үлдээлгүй хайрлажээ. Тэгэхэд үргэлжийн бороо үертэй байдаг улс орнуудад 4О хэм хүртэл халуу шатаж бороо орохгүй сандаргаж байх юм.
МАТАД гэхлээр монгол судлалыг дэлхийн тавцанд гаргасан гарамгай соён гэгээрүүлэгч, их бичгийн хүмүүн, их эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн гуайн унаган нутаг шүү дээ гэхлээр бахархал өөрийн эрхгүй төрнө. Эндээс нэг гартаа бийр янтай барьсан их бичиг номын сэхээтнүүд , нөгөө гартаа сэлэм жад барьсан эх орны дайчин баатарлаг эрс төрсөн хатагин овгийн нутаг гэж болно. Тэр бүр анзаардаггүй, мэддэггүй ч байж болох Хурц ван Түддэн гэгч зартай билэг танхай, манж, төвөд, монгол, хятад хэлэнд гарамгай түшмэл байсныг энэ чиглэлийн роман бичиж байхдаа мэдэж авсан л даа. Наймдугаар Богд Жибзундамба "Согтуу хөлчүү л гэнэ. Халхын хүрээний та нар тэр зүүн хязгаарын Түддэнгийн эрхий хуруунд ч хүрэхгүй шүү" гэж омогдож байсан бол, тэр бүрийд сэтгэл хөдлөөд байдаггүй, хүний бичиг эрдмийг байнга чамлаж байдаг Хичээнгүй сайд Цэрэндорж абугай "Түддэнгээс илүүтэй эрдэм мэдлэгтэй хүн манай ноёдын дотор байхгүй" гэж хэлж байжээ. Цагаа олж төрөөгүй хүмүүн эрдэм гэвэл энэ.
 
Халх Монголын малчин
Хатагин овгийн нүүдэлчин
Харц язгуурт Дамдинсүрэн
Харь газар суухдаа гэсэн шүлгийн мөрийг аль тэртээ гурав, дурөвдүгээр ангид байхдаа цээжлэн уншиж анх сонссоон.
 
"Монголын нууц товчооны" алтан хуудсанд үлдсэн данс хараатай, дархлаа судартай томхон овог гэдгийг мэдэх бизээ. Алангуагийн төрсөн хүү Буха хатаги "Хатагин овогтоныг" буй болгосон гэсэн түүхийн улбаатай, Чингис хааны хүрээлэлд оршсон их Монголыг байгуулахад оролцсон гавьяатай цуутай овог л доо. Бүдэг бадаг зарим сурвалжид Жамухагийн өвдөг түшээ ч гэсэн таашгүй түүхэн улбаа ч бий. Ямар ч байсан газар шорооныхоо төлөө дайн тулаанд гартаа сэлэм жад бариад энэ Монголыгоо хамгаалахад, хаяа хязгаар нутгаа дайсанд алдалгүй үе үеэрээ баатарлан тэмцэж явсан овог аймаг гэж болно.
"Гурван хатагины хошуу" гэсэн алдартай. Энэ нь тулгын гурван чулуу шиг бие биенийхээ оройг харалцсаар түмэн жилдээ хүйгээр холбоотой гурван хөх уул буюу Матад хан уул, Зотол хан уул, Дархан хан уулаа шүтсээр, тахисаар нүүдэллэн амьдарч ирсэн хатагинчууд ажээ. Одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар сум, Дорнодын Матад сумын ардууд хатагинчуудад хамаарагдана. Сураг сонсвол өөр аймаг нутаг хошуудад тархсан хатагинчууд ч цөөнгүй гэнээ.
Холын аянд дөрөө нийлж, ганзага цулбуур нэгдсэн бидний зохиолчдын баг их Дамдинсүрэн гуайнхаа 11О жилийн ойг төрсөн газар нутагт нь тэмдэглэх ёслол хүндэтгэлд оролцохоор яваа нь энэ билээ. Сумынхан нь үүний зэрэгцээ Хатагины дөрөвдүгээр наадамд оролцох хувь тохиов. Матад сумаас олон алдартнууд төрсөний дотроос "Зууны манлай" хоёр төрчихсөн байх юм."Билүүт" хэмээх газарт төрсөн их зохиолчоос гадна жинхэнэ нэрийг нь марттал олон түмний сэтгэлд хоногшсон "Бумаа авгай" гэдгээр алдаршсан алтан тайз, дэлгэц бурхан энэ нутгийн "Цагаан дэрс" хэмээх газар төрсөн Түдэвийн Цэвээнжав гуайн маш сайхан хөшөө төв цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэн босжээ. Дийлэнх сумдад морь малын хөшөө байдаг биш бил үү?
Их зохиолчийн төрсөн "Билүүт" хэмээх саруул тал атлаа дөрвөн зүг найман зовхист хараалж болохоор хараа цуцаам мөн ч саруул юмаа. Хөл дор эрдэнэс, газар дээр дөрөө зурам өвс бэлчээртэй аргагүй л даяаны болоод энэ Монголынхоо билэг оюуны дээдсүүдийг саруул ухаанаараа "билүүдэж" төрсөн хүний өлгий нутаг юм даа гэж бодож зогслоо.
Ташрамд хэлэхэд, Боловсролын яам, Монгол судлалын үндэсний зөвлөлөөс санаачилан гаргасан Ц.Дамдинсүрэнгийн бүтээлийн чуулган гайхамшигт 9 ботийг өнгөрсөн жил гаргаж, номын гэгээнтнүүдийг гялайлгасан. Ёстой л адис авмаар 9 боть. Нэгэн бие, махбодид төрсөн боловч нидэр дээрээ хэдэн арван эрдэмтний ухаанаас л урган гармаар эртний уран зохиолын болоод эх хэл, яруу өгүүлэхүй, орчуулга гээд ороогүй салбаргүй, хэлээгүй үггүй энэ ланжгар бүтээлийг гардаж гаргасан эрдэмтдэд болоод аавынхаа эрдэм ухааныг тээж яваа охин АД. Цендина авхайд баярлаад баршгүй. Наад зах нь олдохоо больсон, олдовч тэр бүр хуучин монгол бичгээс уншиж амжихгүй "Монгол уран зохиолын дээж зуун билэг оршвойг" өдүгээгийн бичиг дээр гаргасан нь нэн ховор олз гэлтэй.
Хатагины наадмыг гурван жилд гурван хошуу нутагт ээлжлэн зохиодог гэнээ. Цэргийн эрдэм дайн тулаанд нэгэн цагтаа хэрэг болно, өгүүлшгүй гавьяа... харин бичгийн эрдэм мянга мянган жилдээ гэрэлтэнээ. Нутаг усаа тээсэн сэтгэлтэй нэгэн билэг номын эрдэмт хүмүүнийг төрүүлэх нь нутгийн чулуунд наалдсан алтны хэлтэрхий юм байнаа. Матадын уугуул бүх бие сэтгэлээрээ, насан туршдаа урвашгүйгээр бийр бэхэстэй зууралдаж, орчуулах эрдмээр олны мэлмийг нээж, яс маханд нь "Хатагины байлдан тэмцэгч цус" оргилж буцалсан Готовын Аким анд нөхөр төрийн зүтгэлтэн Д.Буд нар анх санаачлан ийм наадмыг хийхээр тогтож, их зүтгэл чармайлт гаргажээ. Энэ бол нэгдсэн Монголынхоо тойгонд асаж, тохойд булагнасан хэрэг биш, овог аймгийн түүх соёлыг дээдэлсэн, хойч үр удамдаа үлдээх юмаа үлдээх санаанаас үүдсэн гэлтэй. Өөр бишгүй зүтгэлтнүүд бий бизээ. Нэг хоёр хоногийн зуур бүхнийг яахин таньж мэдэх билээ. Хатагинчуудын оройн дээд шүтээн нь хар туг юм байна. Зайран зайсангууд хэдэн зуун жилээр хадгалсаар иржээ. Наяад онд юмуу даа, хар тугны голын сэрээ олдсныг хэзээний шантаршгүй, юм юманд хорхойсож, хаа байгаа газраа ул мөрөө үлдээж явдаг Г.Аким абугай төрийн дархан Төртогтохоор хийлгээд хар тугийн биеийг гүйцээн бүрэлдүүлжээ. Эгэлхэн мөртлөө эгэл бус гэж болохоор Буд абугай хатагины наадмын нэгэн өнгө болж, юм юманд оройлон оролцож, сугалаа сугалуулаад л хурдан удмын даагыг харамгүй цулбуурдуулж байгаа нь хэн бүхэнд бахтай санагдав. Энэ завсар "Адууны буяныг атгах тусам хордогийг" хэлэхэд илүүдэхгүй бизээ.
1986-аас 1987 онд Сүхбаатар аймагт "Үнэн" сонины сурвалжлагчаар ажиллаж байхдаа Егүзэр хутагт Галсандаш гэгээнтний тухай "Хутагтын үлдээсэн юм" хэмээх тэмдэглэлийг бичээд сониндоо явуултал "Энэ нөхөр шинийг олж харах нүдгүй, хуучны юмаар хөөцөлдөж, эсэргүү хутагтын тухай бичжээ" гэж сүрхий зэмлүүлэв. Тэгээд гаргасангүй, гаргах юмсан гэж хорхойсоод болдоггүй. Тэр үеийн "Хөдөлмөр" сонины эрхлэгч С.Жамбалдорж абугайд хувийн захидал бичээд явуултал төдөлгүй нийтэлсэнд нэн их баярлаж билээ. Бичгийн хүний хараа бэлийн орой дээр ээ. Хатагины бас нэгэн зүтгэлтэн эдүгээ 8О гарсан Д.Цогт-Очир гуай миний үүнийг марталгүй "Егүзэр хутагтын тухай энэ залуу анх гаргасан" гэж энд тэнд хэлээд зогсоогүй Эрдэнэцагаан сумын ойдоо урьж оролцуулан, бас болоогүй хурдан удмын шүдлэн үрээний жолоог гардуулсан юмаа. Ерөөс монголчуудын маань халзан цагаан хонь, хурдан удмын морь бол бэлэг бэлгийн дээд боловч хот газрын зүтгэл чармайлт муутай мань мэтэд цуурай болоод л өнгөрдөг гэмтэй. Хурандаа Цогт-Очир гуай Галсандаш хутагтынхаа тухай шагхийсэн роман бичиж мөнхжүүлсэн дээ. "Егүзэр хутагт гэдэг чинь юуных нь эсэргүү байхав дээ, бидэнтэй зэрэгцээд л буудалцаад явсан хүн шүү дээ" гэсэн алдарт партизан Бумцэнд гуайн үг хааяа орж ирдэг.
За тэгээд Дамдины Сүхбаатарыг төрүүлсэн Хатагины олон батар эрсийн тухай бичвэл барагдашгүй ээ. Эртнийхээс аваад сүүлчийн Халх голын дайнд армиа жолоодсон олон жанждын мөр энэ саруул талд бий. Дэлхийн хоёрдугаар дайны домог Г.К. Жуков хээрийн штабын нуувчнаасаа дурандан захирч явсан түүх ч буй.
Одоо Матад сумыг нэг сум байтугай аймагт ч олдошгүй АНУ, Японд суралцаж эрдмийн зэрэг хамгаалсан шижгэр залуухан дарга Д.Дэмчигсүрэн удирдаж байна. Сум орон нутгаа хөгжүүлж, ихийг үлдээх бизээ гэдэгт найдна. "Хөдөөгийн уудам талаар соёлын үрийг таригсад" гэж Д.Нацагдожийн маань хэлснээр манай эрдэмт залуус түүний жишгээр сум орон нутагтаа очиж, хөдөө нутгаа өөрчлөх цаг болсон бус уу? гэдгээр Хатагины нутгаар хавирсхийн өнгөрсөн энэхүү тэмдэглэлээ өндөрлье.
 
До.Цэнджав