sonin.mn
Хот суурингаас хэт алслагдсан халуун орны ширэнгэд хэдэн сараар олон улсын мандаттай тусгай үүрэг гүйцэтгэхэд цаг уур, халдварт өвчин, ажлын хүнд нөхцөл гээд бэрхшээл зөндөө ч янз бүрийн араатан амьтанг нүдээрээ үзэх завшаан их тохиолдоно. Бидний амьдардаг өрөө тасалгаа бүгд агааржуулагчтай тул халуунаас зугтаах гүрвэл могой мэлхий сэрүүхэн газар хайн миний өрөөнд тэд хаагуур ч хамаагүй нүх сүв олоод ороод ирнэ. Нэг шөнө унтаж байтал ямар нэг юм миний хүзүүнд дээр арвагнаад байх шиг болохоор авч шидээд гэрлээ асаагаад хартал энэ нэг мэлхий өрөөний буланд багвайтал сууж байх жишээний. Манайхан байрнаас зэвсгийн объект руу чиглэх зам дээр том алаг эрээн бар харсан гэх ч би хувьдаа тэр зам дээр үүрээр сэрүүцэн хэвтэж байгаад ачааны хүнд даацын машинд бяц даруулан үхсэн арван метр орчмын урт аварга том (python) могойг хараад сэтгэл жихүүцэж билээ.
 
Мөн модноос модонд үсрэн дүүжлэгдэн тоглож өдөр шөнөгүй бидний байрны орой дээр хорь гучаараа түжигнэх сармагчингуудыг хараад залхана гэж үгүй. Тэд хүнийг ямар сэтгэлээр, ямар харцаар тэдэнд хандаж байгааг андахгүй. Тэднийг сайхан сэтгэл дулаан харцаар өхөөрдөнгүйгээр харах тутам хоорондоо эрхлэн тоглож хамгийн гоё гоё үзүүлбэрүүд, ид шидээ бидэнд харуулахыг хичээнэ. Харин нэг өдөр би сармагчингуудын талаар надад байнга уурлаж уцаарлаж гомдоллож явдаг серб найзтайгаа хоёулаа салхинд гараад байрны ойролцоо замаар алхаж байтал хашаан дээр зүв зүгээр сууж байгаа сармагчингуудыг хараад тэр маань Энэ муусайн сармагчингууд зайлбал таарна, түжигнээд хүн ч унтуулахгүй юм гээд хашгиран хатуу үг, ширүүн харцаар тэдний зүг хөмсөг зангидан хартал бүх сармагчингууд гэр бүлээрээ жижиг мод холтос барин бидний зүг муухай хашгиралдан ухасхийх нь тэр.
Би ч яахав байран дээрээ зогтусан зогстол тэд миний хажуугаар шаагилдан гүйлдэн өнгөрөөд байр руугаа ум хумгүй хар хурдаараа жирийх мань хүний хойноос хөөн арай л гүйцэлгүй орхиж билээ. Ер нь миний тэр найз маань нилээд ихэмсэг, аливаа юманд байнга гомдоллож явна. Нэг удаа бид арабын Йорданы вант улсад НҮБ-ын аюулгүй байдлын гүнзгийрүүлсэн сургалтанд орж байтал мань хүн нөгөө л зангаараа НҮБ-ын сургагч нарын өмнө ихэмсэг царайлаад байгааг ажигласан тэд Таныг энэ цаг мөчөөс эхлээд барьцаанд орсон шинжээчийн дүрд 24 цаг тоглуулнаа гээд гэнэт ухасхийн гарыг нь мушгин газар дээр унаган өвдөглөөд хоёр эрхий хурууг нь нарийн троссоор ард нь хүлээд амыг нь скочдон толгойд нь хар шуудай углан хүзүүгээр нь олсоор оосорлон өдөржин шөнөжин уул хад элсэн цөлөөр бидний нүдэнд дээр чирч гулдран явж алан хядагч босогчид исламын дайчдын барьцаанд орсон ийм нөхцөлд шинжээчид бид яах ёстойг найзын маань бие махбодь сэтгэл зүй дээр амьд сургалт тоглолт хийхэд мань эрийн ёстой хулхи нь бууж билээ.
 
НҮБ-д орсон цагаасаа эхлээд л Цэргийн дарга бол цэвэр цагаан юм татаж өөхтэй мах огтолж кармаандаа гараа хийсэн цэрэг зандарсан нэгэн байх гэсэн миний ойлголт үндсээрээ өөрчлөгдсөн нь Засагт ханы хөх эрчүүдийн зан араншинтэй ч бас холбоотой байх. Армийн аваргаар нэмэх зууд ноцолддог 120 кг жинтэй зузаан махлаг хурандаа байсан ч алсад арван жил өдөр шөнөгүй томилолтоор шогшин онгоцноос онгоцод вагоноос вагонд хоёр цүнхнээс эхлээд хоёр гурван тонн ачааг ч бусдын урдуур орж буулгаж ачиж шогшсоор байгаад нэг л мэдэхэд  наяас доогуур нарийсч гурван жилийн цэрэг шигээ борви тэгширч эхэлсэн /зураг дээр/.
 
 
Ачаа зөөгөөд гүйхэд нэг удаа хамт ажилладаг нөхөр маань шинжээчдийн автобусанд орж суучихаад багийн даргыг хэлэхэд Би доктор профессор хүн ийм хар ажил хийдэггүй гэснээс үүдээд томилолтоос ирээд дүн гаргах гэрээ сунгах болоход захирал маань түүнд Та явж профессорынхаа ажлыг хийнэ бизээ, гэрээ сунгахгүй гээд нутаг буцааж билээ хөөрхийг.  Томилолтоор явж байхад хэн нэгэн нь санамсаргүй багийн даргын компьютер дээр кофе асгаж хэн нь ингэсэн нь мэдэгдэхгүй хэрүүл уруул болж байхад гаднаас орж ирээд миний бие бурууг өөр дээрээ авснаар гал намжсан төдийгүй харин шударга гэсэн тодорхойлолтойгоор томилолтоос бууж энэ нь цаашдын карьерт бас эерэгээр нөлөөлж байх жишээний.
Томилолтоор ажиллах эзгүй ширэнгэ, эл хуль тайгад ч эрх чөлөө ар гэрээ санан шаралхахдаа зарим гадаад нөхөд маань их идэж ууж элэг бөөрөө ачаалж илүү цагаар унтаж хайран цагаа барж байхад мохошгүй Чингэсийн монгол цэргийн үр сад бол үүрээр босож уулын шил ойн цоорхойгоор  олз омог хайх талын хөх чоно мэт шогшиж үдийн наранд борц  шиг борлож  өдрийн ажлаа боол шиг зүтгэж хамгийн хүнд хэцүү томилолт ажлыг нугалдаг нь хоногийн нойроо бүүргэн дээрээ авч хоолны жороо тохмон доороо болгоож орон гэртээ орогнох завгүй ч орчлон дэлхийг эзэгнэж явсан бидний өвөг дээдэс удмын сантай холбоотой.
 
Бидний өвөг дээдэс маань дэлхийг эзлэх гэж хоногт морин дээрээ хоёрзуун км давхилцаж хорин цаг цавчилдаж одоогийнхоор бол ойролцоогоор 5000 калори шатааж байсан удмын генетикийн мэдээллийн сан нь өнөөдөр ч тэр хэмжээний биеийн хөдөлмөрийг биднээс шаардаж байдгийг далаад оны манай Завхан Ургамал сум нэгдлийн гүзээтэй ганц дарга, гүзээгүй мянган малчны жишигээс харж болно. Ан гөрөө хийн булчин шөрмөс нь зангирсан байдаг америкийн уугуул индианууд өнөөдөр бэлэн виски засгийн тэтгэмжид даагдахаа больтлоо зузаарсан нь удмын сангаа умартаж устаж үгүй болохын цондон.
Франц Итали зэрэг барууны орнуудад эрт дээр үеэс ч, одоо ч гэсэн дарга цэрэг эр эмгүй жавхайсан байдаг нь хэдэн мянган жилээр суурин амьдарч бэлэн загасаа хурууны үзүүрээр далайгаас барьж идэн /ази номхон далайхан ч ялгаагүй/ наранд шарж дарсаа уун жаргаж цэнгэж хөдөлгөөнгүй шахуу байдаг удамшил хөдөлмөртэй нь холбоотой учир бид тэдэнтэй барьцаад байлгүй өдөрт 5000 биш юмаа гэхэд ядаж 500 калори шатааж байх нь зүйтэй.
 
Шинэ жил зул сар улаан өндөгний баяраар ч өөрийнхөө хүсэл мөрөөдлийг огоорч нөхдийгөө амраан томилолтоор явах нь миний хувьд мэдлэг чадвар цалин зэрэг дэв нэмэгдэх юм үзэх нүд тайлах шилдэг тэргүүний ажилтаны алдар хүндлэл хүртэхээс илүүтэйгээр бусдын хэрэгцээ хүсэл тэмүүлэлийг урьтал болгож, аливаа хууль дүрэм журам ёс заншил үнэт зүйлсийг нь хүндэтгэж мэдэж судлаж робот мэт дагаж мөрдөн нохойн шогшоогоор урьдах ажлаа үнэнч шударгаар хийх нь ноён суудлаар хоолоо идэхийн угтвар. Тэглээ гээд тэнгэрийн умдаг атгалаа ч хонь мэт даруу хорхой мэт хоргүй болжмор мэт өглөгч зарц мэт үйлчлэгч байх нь зүйд нийцнэ.
 
 
 
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт