sonin.mn
Монголын зохиолчдын байгууллагын тулгын чулууг тулсан тэр өдрөөс хойш 90 жил болж байна. 2019 оны нэгдүгээр сарын 9-нд энэ их ойг тэмдэглэх ёстой. Яагаад гэвэл, албан газрын ой хэмээх явцуу үзлээр биш утга зохиол бол ард түмний соёлын өргөн хэрэгцээт зүйл гэдэг утгаар авч үзэх учиртай билээ. Орчин үеийн утга зохиолын төрсөн өдөр гэж түүхэнд орсон болохоор зохиолчид, тэр дундаа МЗЭ-ийн Удирдах зөвлөл их ойгоо үлгэр жишээ болохуйц сайхан тэмдэглэхээр бэлтгэж байгаа гэж найдаж байлаа. Хөөрхий Эрдэнэ-Очир маань зуурдаар бие барж их гай, гарз учирсан нь давхар нэрмээс болж байгаа билээ. Бид түүнийхээ санасныг гүйцэлдүүлж, хийх гэснийг бүтээх гэж хичээх ёстой. Өнөөдөр эрх барьж байгаагийн хувьд Удирдах зөвлөлийн арван хэдэн гишүүн нэг санаа, нэгдсэн хүчээр утга зохиолын үйлст хүчин зүтгэж байгаа гэж итгэж байсан чинь юү вэ нэг амтгүй яриа гудамжаар таржээ.
 
Тэдний хонтоортоо ярьсныг тэр хавиар эргэлддэг нэгэн сая хурлаас гарч ирсэн шиг нэр устай ярьж байв. Би олон үгийг нь сонссонгүй. Гэвч нэгэнт тарсныг хүнд хэлэхнээ ч яахав гэж бодогдоно. Сайхь эр хоёр нэг хүний нэр амандаа бувтнаад, -Удирдах зөвлөлийн дарга сонгоно. Би нэрээ дэвшүүлнэ. Би болно, би чадна гэж сайрхаад сүүлдээ ам нь халаад нам, ардчилал, нас шүд ярилаа гэж ярив. Би ийм сул ярианд эргэлзсэн боловч, хэрэв үнэний хувьтай бол цагаа олоогүй тусгүй яриа гэж харамслаа. Ерөөсөө манай ой болоход дөрөвхөн сар үлдээд байхад, олны сонгуулиар итгэл хүлээж, эрх олсон хүмүүс даанч яав даа гэж өөрийн эрхгүй бодлоо. Уг нь До.Цэнджавыг удирдах зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч болгосон юм гэнэ. Дараа нь түүнийгээ чуулганд оруулж баталгаажуулах гэснээс ийм маргаан гарсан юм байх. Ингэх хэрэггүй. Ажлын садаанаас цаашгүй юм гэж хүмүүс ярьж байна. Залуусынхаа дунд Цэнджав насаар ахмад нь үнэн. Гэхдээ дөнгөж сая тэтгэврийн насанд хүрээд байгаа шинжлэх ухааны эрдэмтэн, МУИС-ийн профессор багш. Ажлын туршлага, авхаалж самбаа, аж ахуйч байдал, боловсрол мэдлэг, бүтээл туурвилаараа хүний дор орох хүн биш. Түүний нэг сайн чанар бол утга зохиолдоо элэгтэй, зүтгэл чармайлттай нэгэн. Олны сэтгэлд хүрсэн бүтээлтэй том зохиолч. Ерөөсөө жаахан оройтсон болохоос аль цагийн МЗЭ-ийг удирдах ёстой байсан, нөөц хүчин. Л.Түдэвээс авахуулаад авьяас билигтэй, ажлын туршлагатай нэрт хүмүүсийн гараар хүмүүжсэн нэгэн юм. Энэ их ойн жил түүгээр удирдах зөвлөлийг толгойлуулсан нь ч оносон хэрэг. Харин ой тулчихаад байхад өөр даргын яриа гаргах нь утга учиргүй зүйл гэж бодогдоно. Тэртэй тэргүй даргын асуудлыг их хурал шийддэг учир тэр болтол тэвчээд өнөөгийнхөө ажлыг бодох нь ашигтай баймаар юм. Ер нь зохиолчдын даргын ажлыг хүссэн хүн биш, чаддаг хүн хийж ирсэн уламжлалтай. Далимд хэлэхэд, даргад санаатай хүн юуны урьд ойн бэлтгэл ажилд идэвхтэй оролцож хэн бэ гэдгийгээ олон түмэнд харуулах ёстой. Богинохон хугацаанд хийх ажил зөндөө байгаа гэж бодогдож байна. Өнгөрсөн зууны жараад оноос МЗЭ-д толгой хоргодсон хүний хувьд, олон их, бага хурал, чуулганы ажилд дээгүүр биш ч гэсэн доогуур оролцож явсан болохоор тэгш ой тэмдэглэх, тэр дундаа зохиолчдын байгууллагын ой ихээхэн ажил шаарддагийг би багцаална. Байдлыг харвал, их ойн тухай "Цог" сэтгүүл, "Утга зохиол, урлаг" сонин, цаг наргүй уухилан бичиж байх атал яасан ч амгалан, ажин түжин байх юм бэ дээ.
Ядаж байхад сонины эрхлэгчийг, цэргийн сонин хийх хүн байхгүй юм шиг, тэнд аваачдаг нь ч юу вэ. Бас сонин маань урьдынхаа адилаар гуравдугаар улиралд, сургууль тарахаар зогсдог хүүхдийн сонин шиг амардаг нь ч юу вэ дээ. "Утга зохиол, урлаг" сонин маань, хаяг зүүлтээрээ бол байгууллагын сонин шиг, байдал төрхөөрөө бол хувийн сонин шиг байгаа болохоор учрыг нь сайн мэдэхгүй болоод ингэж хэлж байна. Элдэв мушгиагүйгээр зөв ойлгох бизээ. Ямар ч гэсэн энэ сонин сэтгүүл хоёр бусдыг оройлон чанга л дуугарах ёстой.
 
Харин бусад сонин, сэтгүүл аль хэдийнээс дуугарч эхэлсэн билээ. Жишээ нь "Хөх толбо" сонин байнгын булан нээгээд, манай ахмад зохиолчдын тухай бичиж байгаа нь том хүндэтгэл хэмээн үзнэ. Үгийн далимд хэлэхэд, нийт зохиолчид ч хөгшин, залуугүй аанайхан байна. Юу хийж байгаа нь мэдэгдэхгүй, юу бодож байгаагаа хэлэхгүй дүнсийн сажилж байх шиг санагдана. Хуучин бол ойдоо зориулж сайн ном гаргана гэж чин сэтгэлээсээ хичээдэг заншилтай байлаа. Гэтэл эдүгээ энэ талаар МЗЭ, Үндэсний төв, нэгдлүүд, зохиолчидтойгоо дотно харилцан урам зориг өгч дэмжих талаар хашин хойрго байна. Аймаг, сум, дүүрэг, компани, групп мэттэй холбоо тогтоогоод зохиолчдод туслах боломж байгаа. Тамирчин, бөх, дуучин, хөгжимчин, зураач нарын талаар харьяалдаг газар нь янз бурээр тусалж чадаж байна. Тэгэхэд манай МЗЭ, зохиолчдоо тийм байгууллага, газруудтай холбон өгч болно. Ухаан нь, ямар нэгэн газрын ой, тэмдэглэлт өдөрт нь зориулаад, тэдний тухай ном бүтээлгээд дараа нь сайхан холбоо тогтоож болмоор юм. Ер нь зах зээл бодож, яах учраа олохгүй дэмий шаналаад суувал юу ч бутэхгуй. Монголын өвөрмөц байдлаа бодоод түүнээсээ санаа аваад утга зохиолыг хөгжүулж болох ёстой. Гагцхүү идэвх санаачилга хэрэгтэй. Манай зарим нэг зохиолч, мэргэжлийн байгууллагын ойгоор тэдний тухай зохиолчдын бичсэн зүйлийг эмхэтгэж, хоёр гурван боть ном бэлтгээд, мөнгөөр нь хэвлүүлж өгөөд, хэн хэндээ ашигтай ажиллаж чадаж байна. МЗЭ энэ ажлыг зохион байгуулаад, зохиолчдоо туслаад, тэднийгээ хамгаалаад явах бүрэн бололцоо байхад тоомжиргүй байна. Утга зохиолын нэгдэл, үндэсний төвүүд ой угтаж ажил хийдгийг мэдэхгүй шагнуулдаг гэж боддог бололтой. "Олигтойхон ганц ном бүтээчихээгүй байж Д.Нацагдоржийн шагнал авна гээд хороогоор гүйж байгаа хун ч байна" гэж өнөөх мэдэмгий эр сайрхав. Энэ зуур надад МЗЭ, бодлого зохицуулалтын албаа сайн ажиллуулах хэрэггэй юм гэж бодогдов. Хоног хугацаа ойртож байгаа ч гэсэн цагийг ашиглаж чадвал нэлээн юм амжуулах боломж байна. Ойн бэлтгэлд бүх зохиолчдыг уриалан хөдөлгөх хэрэгтэй.
 
МЗЭ чадамгай зохион байгуулалттай ажиллаж чадвал Монголын соёлыг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулах нь зайлшгүй. Ард түмний хүлээн зөвшөөрсөн сайн алдар нэрээ ч бататгаж чадна. Ажил сул байхаар ингэж болдог юм байна гэж ойлгон зарим хүн удирдлага руу цоройлдог тал бий. Түүний жишээ нь, нөгөө мэдэмгий эрийн хэлснээр, ажиллах чадваргүй мөртөө Удирдах зөвлелд орох гэж тэмүүлдэг явдал гэнэ. Дэмий юманд маргаж цагаа үрэх хэрэг байхгүй. 
Ерэн жил ганцхан л удаа тохионо. Энэ ойгоо ард түмний сэтгэлд хүрч түүхэнд үлдэхээр ихээхэн өгөөжтэй, нэр төртэй тэмдэглэчихвэл, дараачийн хийх ажил ч тодорхой болно. Үүний зэрэгцээ байгууллагаа толгойлоод, зохиолчдоо удирдаад явах хүн ч аяндаа товолзоод гараад ирнэ. Наана нь бачимдаж, хоорондоо уралцаж биеэ зовоох хэрэг байхгүй. Зохиолчид бол гурван эрдэнийн нэг, ном бүтээдэг хүмүүс. Тэр тусмаа хүмүүст сэтгэлийн цэнгэл эдлүүлж, хүн шиг хүн болоход нь туслах сайн ном бүтээх үүрэгтэй улс. Энэ үүргээ сайн биелүүлчихвэл зохиолч гэдэг эрхэм онцгой нэрээ хамгаалж чадна.
Бид амьдын өмнө төдийгүй орчлонгийн жамаар биднийг орхиж одсон эрхэм хүндэт өвөг дээдэс болсон зохиолчдынхоо өмнө үүрэг хариуцлага хүлээж үлдсэн улс. Тийм болохоор бид тэднийхээ гал голомт дээр бие биедээ гайхуулан хэрэлдэж суух ёсгүй. Бидэнд Монголын зохиолч гэдэг нэр төр маань эрхэм билээ. Биднийг ард түмэн тольдон харж байгааг битгий мартаач гэдгийг хэлэх гэж энэ хэдэн үгийг эвлүүлэв!
Зохиолчид маань эвээ нэгтгэн их ойгоо зохистой сайхан тэмдэглэж, нэрээ хугалахгүй байж чадна л даа. Наана нь хэрэггүй юманд сатаарч хүч алдах хэрэггүй. Бидэнд нэгдсэн хүч хэрэгтэй.
Биднийг ямар олон нүд тунгалаг мэлмийгээр тольдож, яасан олон сонор чих чагнаж байна вэ!
 
Х.ЗАНДРААБАЙДИЙ