sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын ХХАА-н Үндэсний Ассоциаци МҮХАҮТ-тай хамтран ОХУ-ын Тюмень мужийн бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалтын үеэр МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш, ОХУ-ын Тюмень мужийн ХАҮТ-ын орлогч дарга Е.В.Аверина нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Уулзалтад Монгол Улс дахь ОХУ-ын Худалдааны төлөөлөгч М.В.Васильев, Тюмень мужийн ХАҮТ-ын хөрөнгө оруулалтын бодлогын газрын даргын орлогч А.А.Машуков болон Тюмень мужийн “Очаково” ХХК-ны захирал Е.А.Федоров, “Тюменьстальмост”, “Слада” ХХК-ийн төлөөллүүд оролцож, өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулсан юм. Тухайлбал, 20 гаруй жилийн түүхтэй, 900 гаруй нэр төрлийн 40 мянган тонн чихэр үйлдвэрлэж бүтээгдэхүүнээ БНХАУ, Беларусь, Узбекстан, Украин болон Монголд экспортолдог “Слада” ХХК-ийн менежер Белоусова Лола, “Монголын хэрэглэгчид манай чихэр, амттаныг таашаан хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан. Тиймээс бид Монгол дахь борлуулалтаа нэмэгдүүлэх хүсэлтэй байна” гэв.
 
 
Бизнес айлчлалын үеэр B2B уулзалт болж, хоёр улсын бизнес эрхлэгчид санал солилцож, хамтран ажиллах боломжуудаа эрэлхийллээ. Манай талаас тус мужийн “Очаково” болон “Слада” ХХК-тай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж байв. Түүнчлэн ХАА-н чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа бизнес эрхлэгчид онцлоод, ХАҮТ-аар дамжуулан тус мужийн энэ чиглэлийн үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүстэй холбож өгөхийг хүслээ. Дашрамд дурдахад манай улсад ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар байгуулагдаад жил гаруй болж байна. Энэ хугацаанд Орос, Монголын бизнесийн харилцаа сайжирч, хоёр орны гадаад худалдааны эргэлт 40 хувиар нэмэгджээ. 
Тодруулга: ОХУ-ын Тюмень нь сая гаруй хүн амтай, байгалийн нөөцөөр баялаг, төмөрлөгийн үйлдвэрлэл, газар тариалан, аж үйлдвэр хөгжсөн, Сибирийн томоохон мужийн нэг бүс нутаг юм.   
 
 
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг