sonin.mn
Судлаач хүний хувьд цэргийн мөрдэстэй хэн бүхэнд сонирхолтой байх болов уу гэж бодсоны үндсэнд "Жанжин штаб" хэмээх нэр томьёоны тухай уншигч та бүхэнд хүргэхээр шийдлээ. Энэ хоёр үгийг уншихад дорно, өрнийн үгнээс бүтсэн гэдгийг харж болно. Жанжин гэдэг нь хятад гаралтай үг. Нийтийн тооллын өмнөх 770-476 дугаар онд оршин тогтнож асан эртний хятадууд цэргийн захирагч, сайд, ноёдоо "Жяньжүн" гэж нэрлэдэг байсан нь тийн уламжлагджээ. Хятадууд одоо ч дэслэгч генералыг "Жунжянь", хурандаа генералыг "Шанжянь" хэмээдэг. Харин одоо БНХАУ-ын цэргийн удирдлагын дээд нэгжийнх нь нэрэнд жанжин гэдэг үг байхгүй, "Ерөнхий, нэгдсэн штаб" гэсэн утгатай үгээр илэрхийлдэг байна.
 
Монголчууд эрт цагт цэргийн удирдан захирах албан тушаалтныг аравны, зуутын, мянгатын, түмний ноён, хошууны цэргийн захирагч ноён, аймгийн цэргийн захирагч ноён гэх мэтээр албан тушаалтай нь адил нэрээр нэрлэдэг байсан билээ. Харин "Жанжин" хэмээх эл нэр томьёо Манжийн эрхшээлийн үед Монголд нэвтэрсэн бөгөөд Манжийн захиргаа-цэргийн байгуулалтын дагуу Халх 4 аймгийн цэргийн хэрэг эрхлэх хамгийн том албан тушаалтныг "Жанжин" хэмээж байснаас гадна "Гавшгай жанжин", "Да жанжин (Тэргүүн жанжин)", "Туслах жанжин (Бүс нутгийн амбан сайд)" гэх мэтээр энэ үгийг өргөн хэрэглэж иржээ. Ийнхүү улбаалж явсаар XX зуун гарахад бүх цэргийг ерөнхийлөн захирах дээд албан тушаалтныг тийн өргөмжлөн нэрийдэх болж, "Маршал" хэмээх цолыг ч "Өрлөг жанжин" хэмээн монголчилсон.
"Штаб" бол герман үг монголоор "Бэрээ", "Очирт бэрээ" гэдэгтэй дүйцэх нэр томьёо. Монголчууд ташуурын ишийг "Бэрээ" гэдэг ба тиймэрхүү хэлбэртэй үйлдсэн, жанчих зориулалттай нарийн моголцог модыг ч "Бэрээ" гэдэг. Очирт бэрээг голдуу шашны ёслол хүндэтгэлд хэрэглэдэг байсан бөгөөд түүний үзүүрийг очироор чимэглэсэн байдаг учир тийн нэрийджээ. Эрт цагаас өрнө дахины улс гүрний тэргүүнүүд, цэргийн дээд эрх мэдэлтэн, ноёд нь хааны титэм, тусгай өмсгөлөөс гадна тэдний эрх мэдлийг илтгэсэн тусгай зүйл буюу гоёмсог хийцтэй бэрээ, шийдэм маягийн зүйл барьж эрх ямба, угсаа гарлаа илэрхийлдэг байж. Түүнийгээ эртний прусс, германчууд "Штаб" хэмээн нэрлэдэг байв. Европт цэргийн нэрт зүтгэлтэн, маршалуудыг "Маршалын бэрээ"-гээр шагнах явдал XX зууныг хүртэл байсаар иржээ.
Ийнхүү германчууд цэргийн мэргэжлийн хамгийн дээд удирдлагын нэгжээ тийнхүү "Штаб" хэмээн нэрлэх болсон нь өдгөө дэлхийн олон улсад түгэн дэлгэрч, "Очирт бэрээ" гэдэг утгаасаа агуулга нь өргөсөж, дэлхий нийтийн цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг илэрхийлэгч нэр томьёо болж хувирсан түүхтэй ажээ.
Харин "Жанжин" гэдэг үгийн тухайд гагцхүү хятад угшилтай үг болохын хувьд хүмүүс "гадуурхах" хандлагатай байдаг нь нууц биш. Гэтэл энэ үг Монголд орж ирээд даруй 300 гаруй жил болж, нэг ёсны монголжсон нэр томьёо болсон. Ямар ч улс үндэстний хэл, соёлын хөгжилд гадаад ертөнц ихээхэн нөлөөлдөг бөгөөд хятад хэлэнд ч монголоос авсан үгс цөөнгүй байдаг гэдгийг бид мэдэх учиртай. Эрт, дундад эртний үед цэргийн захирагч нарыг "Ноён" гэдэг нэг л үгээр илэрхийлдэг байсан. Тэгвэл одоо эргээд цэргийн захирагч, дарга нарыг "Ноён" гэж нэрлэх аваас хүмүүсийн ой тойнд төдийлөн буухгүй биз. Тиймээс "Жанжин" хэмээх эл үгнээс цэрвэх шаардлагагүй хэмээн бодном.
 
 
Фельдмаршал эрцгерцог Фридрихийн барьж байсан "Маршалын бэрээ". /ХХ зууны эхэн цэрэг-түүхийн музей. Австри, Вена хот/
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин