sonin.mn
Монгол Улс нь 2006 онд нэгдэн орсон Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын хүрээнд "олборлох салбараас ашиг хүртэгч эцсийн өмчлөгч, эзэд"-ийг (цаашид бенефициар омчлогч гэх) 2020 оны 01 сарын 01 гэхэд ил тод болгох амлалтыг авсан бөгөөд засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хамтарсан гурван талт ажлын хэсгээс "Замын зураг” төвлөгөөг олон талуудын дэмжлэг оролцоотойгоор баталсан.
ОҮИТБС-ын Стандарт шаардлагын 2.5(b)-д зааснаар эрдэс баялгийн салбарт "бенефициар өмчлөгч"-ийг ил тод болгох нь татвараас зайлсхийх эрсдэл, авилга, ашиг сонирхлын зөрчлийг бууруулж, баялгийн тэгш хуваарилалтад үнэтэй хувь нэмэр оруулна гэж үздэг. Тийм ч учраас Монгол Улс эрдэс баялгийнхаа салбарт "бенефиниар өмчлөгчийн мэдээллийн ил тод байдлыг хангах үйл явцыг дэмжиж, "Нээлттэй засаглалын түншлэлийн үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө-II", "Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-нд тодорхой арга хэмжээ тусгасан байдаг. Эдгээр бодлого төлөвлөгөө хэрэгжиж эрдэс баялгийн салбарт "бенефициар өмчлөгч"-ийг ил тод болгосноор татварын суурийг багасгаж, ашгийг зувчуулах (BEPS) явдлын эсрэг нэгдсэн дэлхийн бусад улс орнуудтай "бенефициар өмчлөгч"-ийнхөө мэдээллийг харилцан солилцох боломж нээгдэх юм.
Олборлох салбарын засаглалыг сайжруулах зорилготой Төлсөн Авснаа Нийтэл (ТАН) эвслээс "бенефициар өмчлөгч"-ийн мэдээллээ ил болгох хүсэлтийг төрийн өндөр албан тушаал хашиж буй нийт (75 хүнд нээлттэй захидлаар 05 сарын 17-ны өдөр хүргүүлсэн. 175 нөлөө бүхий албан тушаалтан бүгд илгээсэн албан тоотыг хүлээн авсан болохыг утсаар баталгаажуулсан билээ.
Харамсалтай нь 175 хүнээс 37 хүн хариугаа ирүүлсэн бөгөөд 30 хоногийн хугацаанд ирүүлсэн 31 хүн, хугацаа өнгөрөөж 2-5 удаа утсаар шаардуулж хариу өгсөн зургаа, огт хариу өгөөгүй 138 албан тушаалтан байлаа. Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулга, ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, Ц.Элбэгдорж, ҮАБЗ-ийн дарга асан П.Цагаан нарт нээлттэй захидал хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй байна.
УИХ-ын 76 гишүүдээс Н.Амарзаяа, Г.Занданшатар, М.Оюунчимэг, Ч.Улаан гэсэн 4 гишүүн албан ёсоор хариу ирүүлсэн бол нээлттэй захидалтай танилцсан хэрнээ хариу ирүүлээгүй 43, /56 хувь/ албан захидал хүлээж аваад хариу өгөх шаардлагагүй гэж туслахаараа дамжуулан мэдэгдсэн дөрвөн гишүүн, үлдсэн 25 гишүүн буюу 32,8 хувь нь ямар нэг хариу өгөөгүй, утсаа авч холбогдоогүй гэжээ. УИХ-ын гишүүдийн хувьд туслахаараа дамжуулан дэмжиж байгаагаа илэрхийлсэн хэдий ч албан хариу бичгээр ирүүлээгүй гишүүд байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав дэмжиж байна цаашид хамтран ажиллах хариу өгсөн бол Б.Пүрэвдорж гишүүн, гишүүд нэгдсэн журмаар хариу өгөхөө мэдэгдсэн аж. МАН-ын бүлгийн гишүүд болох Лүндээжанцан, Солтан намын бүлгээрээ ярилцаж байгаад хариу өгнө гэсэн бол Д.Оюунхорол албан захидалтай танилцлаа хүснэгт бөглөх шаардлаггүй. АТГ-ын ХОМ-д бүх мэдээлэл өгсөн түүнээс авч болно. Надад уул уурхай компани байхгүй гэсэн аж. УИХ-ын гишүүн X.Нямбаатар компанигүй, бенефициар өмчлөгч биш учраас хариу өгөх шаардлагагүй гэсэн бол Л. Болд захидал бүрт хариу өгөх шаардлагагүй гэжээ. Харин Д.Цогтбаатар гишүүн ХОМ бөглөсөн тул хариу өгөх шаардлагагүй хэмээжээ. Б.Дэлгэрсайхан гишүүний хувьд албан бичит ирээгүй ер нь юуг судлаад байгаа юм гэсэн байр сууриа туслахаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Аймаг, нийслэлийн нийг 62 удирдлага албан тушаалтанд захидал илгээснээс 12 засаг дарга, 13 ИТХ-ын дарга албан ёсоор бичгээр хариу ирүүлжээ. Эдгээрээс Сэлэнгэ аймгийн ИТХ дарга өөрөө бус харин хамаарал бүхий этгээд буюу төрсөн хүүгээ "Уран Сэлэнгэ "ХХК-ны хувьцааны 50 хувийг эзэмшдэг, тус компанийн хөрөнгө оруулалтын 50 хувийг оруулсан гэж мэдүүлжээ. Бусад 24 удирдлага олборлох салбарт бенефициар өмчлөгч биш гэв.
Засгийн газрын гишүүд, газар, агентлагын 32 албан тушаалтанд захидал хүргүүлснээс тав нь албан тоотоор, зургаа нь хариу ирүүлсэн бөгөөд тэдгээр нь бүгд олборлох салбарт бенефициар өмчлөгч байхгүй гэжээ.
 
ИЙМД ТАН ЭВСЛИЙН ЗҮГЭЭС:
 
* Улс төрд нөлөө бүхий этгээдүүд олборлох салбар дахь "Ашиг хүртэгч жинхэнэ эзэн" гэдгээ ил болгохыг хүсэхгүй байна.
* Энэ үйлдэл нь МУ гадна талдаа сайн засаглалыг бий болгоно, авлигыг бууруулна, шийдвэр гаргахад иргэдийн оролцоонд үндэслэнэ гэдэг бүгд худал, хийсвэр болох нь нотлогдож байна гэж үзэж байна.
* Олборлох салбар дахь "Ашиг хүртэгч жинхэнэ эзэд"-ийг нээлттэй, ил тод болгохгүйгээр энэ салбарын нийгэм, эдийн засгийн үр өгөөж байхгүй бөгөөд авилга ашиг сонирхолыг хянаж чадахгүй, татварт авах мөнгийг хууль бусаар гувчуулдаг, оффшор бүсэд данс эзэмшдэг улс төрчид улам бүр нэмэгдсээр эцэстээ ядуурал буурахгүй, тогтвортой хөгжил хэзээ ч бий болох боломжгүй гэж үзэж байна.
* Иймд ТАН эвсэл, хуульчид, сэггүүлчдийн багтай хамтран ажиллаж илүү өргөн хүрээнд ажиллаж, "Ашиг хүртэгч жинхэнэ эзэд"-ийг нээлттэй, ил тод болгох хүртэл шат дараалсан үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхээ мэдэгдэж, олон нийтийн дэмжлэг авахаар хэвлэлийн хурал зохион байгууллаа. Уг хурлыг хүргэж байна.