sonin.mn
Ѳнѳѳдѳр 9 сарын 1. Идэрийн голын эрэг дээр дүнхийх Дархан уулын ар хормойд  “Улсын тэргүүний” тодотголтой Тосонцэнгэлийн 10 жилийн сургууль оршдог. Адил хажуут гурвалжин шиг байрласан намхан 3 барилгатай энэ сургуулийн “диваажин” шиг санагдах, “үлгэрийн” юм шиг тѳсѳѳлѳгдѳх ертѳнцѳд миний бас бидний залуу нас ѳнгѳрсѳн. Сургуулийн баруун талд тогтох жижигхэн нуур, туунийг тойрсон нуга маягийн дэвсэг, сургуулийн дотуур байр, гал тогоо, хѳдѳлмѳрийн хичээлийн ягаан болон ногоон байрнууд болон хичээлийн байрнуудыг тойрч  ургасан  олон модод, хичээлийн танхимуудыг  дундуур  нь холбосон цардмал зам, тэр замуудыг эмжиж барьсан, сандайлан  сууж болох модон хашлагууд миний бас бидний амьдрах энэ ертѳнцийн эхлэл байлаа. Энэ гайхамшигт ертѳнцѳд шуугин хашгиралдан сахилгагүйтэж, хѳѳцѳлдѳж гүйлдэн тоглож, бие биенээ шоглон уйлуулах атлаа хожмын ѳдѳр хайрлан ханьсаж асан олон “хүүхдүүд” ѳдгѳѳ сэтгэлийнхээ чанадад энэ л дурсамжуудаа нандигнан хадгалж бас уярч сэмэрч яваа. Хүний амьдралын хад асган дунд бүдрэхдээ унаж босч, хүн чанарын элдэв ѳнгѳнд холилдон уусахдаа ялгарч, цаг хугацааны тоосонд булагдахдаа тодорч гэрэлтэж яваа олон тѳгсѳгчид энэ л ертѳнц дунд “хүүхэд” хэвээрээ үлдэх шалтгаан нь энэ сургууль. “Манай ангийн хѳвгүүд”, “манай ангийн охид”, “миний багш” хэмээн уярч уулга алдах мѳнхийн залуу сэтгэлийн үүр нь энэ л сургууль.
1982 оноос 1987 онд энэ сургуульд багшаар ажилласан жилүүдэд Ж.Нацаг захирлаар, Д.Пүрэвдорж хичээлийн эрхлэгчээр ажиллаж байлаа. Ѳѳрийнхѳѳ нэрний ѳмнѳ “Тосонцэнгэлийн 10 жилийн сургууль” гэж дуудах бардамнал, хаана ч явсан ѳѳртѳѳ итгэх итгэл,  хэзээ ч нэр тѳрѳѳ сэвтээхгүй байх бардам сэтгэлийн их “дархлаа”г тэд л бий болгосон юм даа. Хѳѳрч онгирсон “нусгай” хүүхдүүдийг амьдралд бэлтгэж, ромбо зүүж бардамнасан залуусыг “багш” болгосон ачтан бол тэд. Ѳлмий дээрээ зѳѳлѳн зѳѳлѳн гишгэлж, аядуухан зѳѳлѳн дуугаар хэн нэгэнд ёжтой яг чулуудаж, хатуу харгис юм шиг хэрнээ зѳѳлѳн хандлагатай Ж.Нацаг захиралтай залуу насны ааг омгоор сайдаж муудалцаж явсан  хэдий ч, одоо хэр нь тэр хүнийг хүндэлж дурсдаг. 1987 онд энэ сургуулиас явахдаа “Би таны ачаар сайн багш болсоон. Хэзээ ч, хаана ч, яаж ч унасан би босоод л ирнэ, та харж байгаарай. Гэхдээ энэ бол таны л ач тус юм шүү” хэмээн Ж.Нацаг захиралд хэлж байсан үгэндээ би одоо  ч “эзэн” болж яваа.  Энэ удирдлагуудын үед Завханы Тосонцэнгэлийн 10 жилийн сургууль “Улсын тэргүүний сургууль” цол нэршлийг 2 удаа хүртсэн юм шүү. Миний адилаар олон залуус сайн багш болцгоож, сургуулийн сайн удирдагчид тѳрж, олон сайн тѳгсѳгчид Монгол орны хѳгжилд түүчээлж явна.  Тэр үед би нэг л зүйлийг, “Багш нараа маш сайнаар чадваржуулж байж л сургууль сайнаар оршин тогтнодгийг” тэднээс ойлгож суралцсан. Миний үеийн олон залуус энэ сургуулиас л ѳѳрийн тѳлѳвшил хийгээд сайн чадвараа олж авч чадсан. Тэгээд бодохоор бид их л азтай “залуус”.
Харин 1991 оноос 1999 оны хооронд би энэ сургуулийн захирлаар ажилласан юм. Зах зээлийн хамгийн хүнд хэцүү цаг үед бид үнэхээр сайн ажиллаж, сайн сургуулийг уламжлан авч үлдсэндээ би одоо ч хамтран ажиллаж байсан хүмүүстээ чин сэтгэлээсээ талархан дурсаж явдаг. Миний хамгийн сайн хамтрагч байсан хичээлийн эрхлэгч Насанбуян, хүмүүжлийн эрхлэгч Оюунхүү нарыг энэ ѳдрүүдэд сэтгэлээ шаналган байж дурсдаг. Сайн хамтрагч үгүйгээр хэзээ ч амжилтад хүрдэггүйг би ѳѳрийн ажил амьдралаараа ойлгосон.  Бид энэ 8 жилд юу хийж чадсан гээч:
 
-Багш нарынхаа мэргэжлийг сругууль дээрээ дээшлүүлэх тогтолцоог бий болгосон
-Тѳрийг харалгүйгээр ѳѳрсдийн боломжоо дайчлан “аньс”  жимс түүн худалдаж, сургуулийн санхүүгийн асуудлуудаа шийдэж чадсан
-Ахлах ангиудад зѳвхѳн программын шаардлага хангасан хүүхдүүдийг элсүүлэхийн тулд конкурс авдаг болсон
-Сургуулийг удирдах тогтолцооны тѳвлѳрлийг сааруулж, хамт олныг шийдвэр гаргах эрх мэдэлд оролцуулсан
-Сургууль дээрээ хүүхэд хүүхдээ дарамтлах үйлдлээс сэргийлж,  дэг журмаа бүх хүүхдүүдэд адил тэгш байлгаж чадсан
-Алив нэгэн зорилтыг хамт олондоо маш сайн ойлгуулж байж л  ажил хэрэг болгодог тогтолцоог бий болгож чадсан
-Хаа хаашаа 120 км тойрог дотор Завханы Идэр, Тэлмэн, Нѳмрѳг, Булнай, Архангайн Цахир, Хѳвсгѳлийн Цагаан -Уул, Шинэ- Идэр сумдын сургуулиудыг хамарсан “Бүсийн Тѳв” сургуулийн эхлэлийг тавьсан
-Tэр үед Монголд Боловсролын салбрын шинэчлэлийг дэмжиж байсан Азийн Хѳгжлийн Банкны “Сургууль 2001”, Соросын Сангийн “Мэтгэлцээн”, Английн Хүүхдийг Ивээх Сан, АНУ ын ЭСЯ ны  дэргэдэх Энхтайвны Корпусын “англи хэлний багш”-ийн хѳтѳлбрүүдийг сургуульдаа авч дэмжүүлсэн
-“Албан бус боловсролын Тѳв”- ийг байгуулан ажиллах оролдлого хийсэн
Энэ үед ямар сайхан залуустай баг болж ажиллан амжилтад хүрч чадсандаа би одоо ч баярлаж явдаг. Энэ цаг мѳчүүд одоогийн Г.Галбадрах гэдэг хүнийг тѳлѳвшүүлж тусалсан юм шүү.
 
Миний амьдралын “алтан” үе болох тэр цагаас хойш 19 жил улирчээ. Боловсролын салбраас холдсон хэрнээ энэ салбрын тухай бодох бүрд зүрх минь шаналж, сэтгэл минь ѳвддѳг. Заримдаа бодохоос ч халгана гээч. Миний дотны анд Насанбуян агсаны минь санаачлагаар  Улаанбаатар хотод жил бүр зохион байгуулагдаж эхэлсэн “Тосонцэнгэлийн 10 жилийн сургуульд ажиллаж байсан багш нарын уулзалт” улам л ѳргѳжин тэлж байгааг мэдрэхдээ би тэдэнд талархдаг. Энэ нандин холбоосонд их үнэ цэнэтэй гагнаас байгааг би лав мэдэрдэг. Нас ахих тусмаа сэтгэл сэтгэл рүүгээ, зүрх зүрх рүүгээ урсаж байгаа тийм нэгэн гэгээн мэдрэмж. Ийм нандин урсгал хаана бий гэж? Тийм гэгээлэг гэрэлтэй цаг мѳчүүдээсээ холдмооргүй, бие биетэйгээ уулзаад чин сэтгэлээсээ тэвэрч дурсамжуудаа хэлхмээр хүсэл. Олон дотно найзууд минь биднээсээ алсарч гэгээн алсад оджээ. Насанбуян, Оюунхүү, Пүрэвдорж, Баярсайхан, Гүнчинсүрэн, Тогтохбаяр… Би заримдаа “Монголдоо очоод хэнтэй уулзаж хуучлах юм бэ? “хэмээн ѳѳрѳѳсѳѳ асуун гунигладаг. Хүн л юм болохоор бид амьдралдаа зѳндѳѳ алддаг. Заримдаа ѳчүүхэн юм шиг асуудлаас болж муудалцаж сайдна. Гэхдээ цаг хугацааны урсгал бүгдийг нь элээж, уучилдаг. Тэр дундаа бусдад эрдэм тугээдэг багш хүмүүсийг гэгээн гэрэл ивээж байдаг. Oлон сайхан хүмүүсийг энэ жижиг нийтлэлдээ багтаах боломж алга даа. Энэ гэгээн ертѳнцѳѳс буцахаасаа ѳмнѳ тэрлэж амжина хэмээн хичээж л байна.
 
…Олон жилийн ѳмнѳ дѳѳ.  9 сарын 1 нд хичээлийн шинэ жилийн нээлтээ эхлэх гэж байтал, тэр хавар тэтгэвэртээ гарсан орос хэлний багш Батсүх хамаг байдгаараа гоёчихоод цүнхээ бариад хүрч ирж билээ. Бүх хѳтѳлбрүүд жигдэрсэн байсан ч Насанбуян, Оюунхүү бид 3 хоорондоо шивнэлдэж амжаад Батсүх багшийг нээлтийн хичээл заалгахаар хѳтѳлбѳртѳѳ оруулж амжсан сан.Жинхэнэ багш хүнийг энэ ертѳнцѳѳс нь салгана гэдэг хэцүү. 9 сарын 1 ний энэ ѳдѳр чихэнд нь сургуулийн хонх жингэнэж, нүдэнд нь сурагчийн дүрэмт хувцсаа ѳмссѳн шавь нар нь харагдаад, заах хичээлийн сэдэв нь сэтгэлд нь урсаж байдаг юм. Монголын ирээдүй үе болсон хүүхдүүдийг Монголын нийгэмд ажиллаж амьдрах зѳв бие хүн болгон тѳлѳвшүүлэх үйлсэд тань амжилт хүсье. Таны хичээл зүтгэлээс тань Монголын ирээдүй хамаарч байгаа. Та нартаа ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯР ХҮРГЭЖ, АМЖИЛТ ХҮСЬЕ. Тэсгим хүйтэн жавартай, тогоо шиг хонхорт оршиж буй Тосонцэнгэлийн сургууль минь дээ, чи миний омголон бардам залуу насны минь алдаа онооны гэрч билээ. Нэгэн ѳдѳр би “диваажин” шиг, “үлгэрийн” юм шиг ертѳнцдѳѳ сэтгэлээ дэвтээн алхах болноо.
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах