sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн  25 дугаар зарлигаар жил бүрийн 9 дүгээр сарын 01-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласан бөгөөд Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бүх шатны сургалтын байгууллагууд монгол хэл, түүх соёлоо сурталчлах, төрөлх хэлээрээ зөв ярьж, зөв бичих бүх ард түмний хөдөлгөөн өрнүүлэх зэргийг уг зарлигт үүрэгдсэн билээ.
Хэлээрээ дуу дуулж ерөөл хэлж сайн мэдээ дуулгаж сайхан үгс урсгаж  хүмүүст сэтгэлийн дэм өгч  тэнгэрт нистэл нь магтан шагширч болдог ч бас хэлээрээ хэрүүл маргаан хийн хараалын үгс урсган газар доогуур ортол нь муулж болдог, гагцхүү яаж хэрэглэхээс  хамаараад хүний өгсөх уруудах үхэх сэхэхийг ч шийдэж чадах агуу хүчийг хэл агуулж байдгаараа онцлогтой.
Алдарт Титаник хөлгийн гишүүн “Миний энэ хөлгийг Бурхан ч живүүлж чадахгүй” гэж хэлээд л хэдхэн цагийн дараа буюу 1912 оны 4-р сарын 15-нд мөсөн уул мөргөөд сүйрч байсан нь Ам алдвал барьж болдоггүй гэсэн ардын зүйр цэцэн үгийн цаад санаа. Оросууд ч гэсэн Язык мой враг мой буюу миний хэл миний дайсан гэдэг нь үг хэлэндээ бид цаг ямагт онцгой анхаарахыг харуулж байна.  Хэлээрээ бид шүлэг уншиж дуу дуулж Болор цом Морин хуурт ач тач үзэлцэлгүй л яахав,  гэхдээ хамгийн гол эрхэм зорилго нь  бид хэлээрээ буруу зөрүүг бус, харин Үнэн зөвийг шивнэх биш бүр хашгир гэж хэлд оруулж хүн болгожээ биднийг.
Хэл гэдгийг манай баруун монголчууд төдийгүй эстон финландууд хүртэл  кэл гэдэг бөгөөд түрэг гаралтай хориод хэлэнд кэлийг  тэл болгоод  тэлийг голландууд тал болгоод  талыг англичууд аваад tell болгосноор төөрсөөр төрөлдөө гэгчээр буцаад монголдоо хэл гээд үйл үг  болоод ирж байгаа нь анхны хэл монголоос  үүссэн гэдгийг үгүйсгэх аргагүй юм. Монгол хэлний Аав Эм Хүн гэсэн тулгуур гурван үг дэлхийн ихэнх хэлэнд ордог бөгөөд аав ээж нь арабаар аб ом, еврейгээр абба эма, хятадаар ба баба ма мама, латинаар пап поп баб мам мом гээд,  Хүн гэдэг нь гүн гон гун хун хум хуман /human/ гэх зэргээр  эгшиг нь л ар өвөрт орсноос бусдаар гийгүүлэгч Б, М, Х үсэг нь  уг гурван үгсийн үндэс ноён нурууг хэвээр авч үлдсэнийг харж болно. Цагийн аясаар Б үсэг латин голдуу хэлэнд төстэй аялгуутай В, Ф, П болон вадер фадер өөрчлөгдсөн нь П үсэг гэж байдаггүй арабууд америкт очоод паркинг хийж болохуу гэхийг баркинг /хуцах/ болох уу гэж байнга хэлээд  доог тохуу болдгоос харж болно.  Арабууд аав ах айл харах ёдрох анзаарах жирийх дүрслэх гээд араб хэлний таван хувийг монгол хэлнээс авсан бол тэндээс цааш нь түрэгүүд соёлын голдуу гаралтай  калим дэвтэр мугалим дүкен зэрэг араб үгсийн арван хувийг авсны зэрэгцээ мөн хэмжээний шинжлэх ухааны голдуу үгсийг нь европынхан арабаас зээлджээ.
 
Бид тэдний хэлийг нь судлаад зогсохгүй хэлний хурд соёлд тохируулан харилцан ярилцаж сурах нь чухал. Япон хятад зэрэг азийн орнуудад боулинг тоглох аргаар буюу нэг хүн ярьж дуусаад боулингийн шаарик байндаа хүрэх хугацаа буюу яриа зогсоод 10 секунд орчим хүлээгээд дараагийн  хүн нь ярьж эхэлдэг жамтай. Харин орос монгол арабууд сагс тоглох маягаар нэгнээс бөмбөг шидээд нөгөө нь авах хугацаа буюу 1-2 секундын завсартай  хоёр хүн харилцан ярилцдаг  бол испани хэлтэй Өмнөд Америк Карибын тэнгис хавиар гурван хүн рагби тоглон уралцах мэт зэрэгцэж  ярьдаг нь  угаасаа чалчаа ард түмнүүдийн онцлогоос гадна өгүүлбэрийн бүтцэд орох эхний 2-3 үгээр ерөнхий утга нь ойлгомжтой болдог тул сүүл нь чухал биш учраас хүлээлгүй дөрвөн ч хүн нэгэн зэрэг  ярих тал бий. Тиймээс хаа ч явсан бид тухайн үндэстэний хэл ярианы хурд соёлд тааруулж оролцохгүй бол Азид эсрэг талаа яриулахгүй урдуур нь орж ярьсаар байгаад өөрийнхөө хамаг нууцыг  алдахаас гадна тэдний санаа бодол зорилгыг ойлгож амжилгүй яриа өндөрлөнө гэсэн үг. Өмнөд Америкт тэдэнтэй адилхан зэрэг уралцахгүй бол өөрийгөө ойлгуулж  амжихгүй хоцрох талтай. Өөрөөр хэлбэл усыг нь уувал ёсыг нь дагана гэгчээр бусдын хэл соёлд яг тэр нутгийн индиан шиг л суралцана гэсэн үг.
Глобалчлалын өнөө үед аливаа үндэстэн оршин тогтнохын нэг үндэс бол эх хэл учраас  улс орнууд эрт дээр үеийнх шигээ шууд хуулбарлах бус, ялангуяа франц хятад зэрэг их гүрнүүд эх хэлээ дээд зэргээр хамгаалж байна. Англи Францын хэдэн зуун жилийн газар нутгийн дайн дууссан ч тэдний хэл соёлын асар том дайн нь дэлхийн сүүдэрт өдөр тутам өнөөг хүртэл үргэлжлэж байдгийг бид тэр бүр анзаардаггүй. Глобалчлал компьютер мобайл имэйл зэрэг дэлхий нийтийн хаана ч түгээмэл хэрэглэдэг  үгнүүдээс ч францууд эрс татгалзаж дэлхийжилт тооцоологч зөөврийн утас цахилгаан шуудан гэх зэргээр  орчуулж байгаа бол хятадууд  цахилгаан тархи гар утас сайхан улс/АНУ/ гэх мэтээр нэрлэж ганц ч гадаад үг эх хэлэндээ хавьтуулахгүй байна.
Хоёр зуугаад жилийн өмнө оросууд  соёлын гаралтай үгсээ тэр чигээр нь францаас авсан шиг бид ч гэсэн бас хоол унд ахуйн хэллэгээ тодорхой хэмжээгээр урд зүгээс импортлосон тал бий. Нэгэнт тогтсон  байцаа байшин бин тан гэхийг цагаан ногоо цагаан уул гамбир шөл гэхчилэн өнөөдөр өөрчлөхгүй юмаа гэхэд  өдөрт тутам шинээр үүсч эх хэл рүү маань довтолж байгаа шинэ гадаад үгнүүдийг асар их баялагтай монгол хэлний үгсийн сангаас ухан гаргаж оновчтой зөвөөр орчуулж эх хэлээ бид харийн хэлнээс хамгаалах цаг болжээ. 1921 онд өвөг дээдэс маань шинэ эмзэг тусгаар тогтнолоо олоод сэхээ ч аваагүй байхдаа  хамгиийн түрүүнд хэл соёлдоо анхааран гуравхан сарын хугацаанд  буюу хорин нэгэн оны 11 сард Судар бичгийн хүрээлэнг  анх байгуулж, улмаар социализмын үед өдөр тутам гардаг Үнэн сониноор дамжуулан төрийн хэлний бодлогоо  хүн бүрт хүргэснээр хэл зүйгээ дээр доргүй дарга цэрэггүй яг таг  мөрддөг байлаа. 
Өнөөдөр юуны төлөө бид найрагч зөвлөх үндэсхэрхэг ерөнхийлөгчтэй болсон билээ дээ, Судар бичгийн хүрээлэнгийн суурь нь болсон одоогийн Хэл зохиолын хүрээлэн маань манлайлаад үндэсний хөтөлбөр боловсруулж эх хэлний зөв бодлого үг хэл зүйгээ нэг ном журманд нь оруулж, төрийн албан хэрэгт 200 мянган төрийн албан хаагчаараа дамжуулан Ерөнхийлөгчийн зарлиг төрийн лантуугаар  мундагдуулахад  эх хэлээ гэх эх оронч  гурван сая  монголчууд  бид дагаад л намирна. Үүнд холбогдох эрдэмтэн мэргэдийг татан оролцуулахаас гадна гадаад үгнүүдийг өөрийн үзэл бодлоороо орчуулж Монгол Хэлээ Аваръя@Save_Mongolian нэрээр Твиттер хуудсандаа  цаг минут тутам цацдаг  эх оронч жирийн нэгэн залуугаас  авхуулаад ганц ч гадаад үг оруулалгүй Библийн  66 номыг орчин цагийн англи хэлнээс монгол хэлнээ буулгаж чадсан залуусын орчуулгын товчоотой  хамтраад ч гэсэн эрвийх дэрвийхээрээ хөдлөн эх хэлээ хамгаалж чадваас  монгол хэл монгол үндэстэн дахиад хэдэн мянган жил оршин тогтнох  нэг үндэс суурь баттай тавигдах болно.
 
Хөлөн дээр махан бие тогтоно, Хэлэн дээр үхэл амьдрал тогтоно.
 
 
ОУ-ын зэвсгийн шинжээч, хурандаа Доржпаламын Эрдэнэцогт