sonin.mn
Монголчуудын дээдэлж, хүндэтгэдэг зүйлсийн нэг нь бөх. Гэтэл сүүлийн үед олон хүчин зүйлээс болж энэ байдал өөрчлөгдөж байх шиг. Байх шиг ч гэж ер нь олон хүний бодол санаа хувирч, бөхөө хүндэтгэх, тэдэнд итгэх итгэлээ алдсан гэж болно. Үүгээр ч зогсохгүй тэдний хоёр дахь гэр болсон Бөхийн өргөөний үнэлэмж унаж, үйл ажиллагаа нь зогсонги байдалд ороод буй. Товчхондоо, бөхчүүд ийм байдлыг өөрсдөө бий болгосон гэхэд буруудахгүй. Үйл явдлыг товчхон эргэн сануулъя, Монголын Үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны ээлжит “Их Эе” VIII хурал болох үеэс энэ явдал эхэлсэн. Өөрөөр хэлбэл, МҮБХ- ны засаглалыг гартаа авахын төлөөх шатрын нүүдэл эхэлсэн гэлтэй. Өнгөрсөн оны тавдугаар сард ээлжит бус “Их Эе” хэмээх хуралдаан болж Л.Чинбатыг МҮБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгосон байдаг. Гэвч хуучин дарга буюу Р.Нямдорж, Д.Данзан нар уг шийдвэрийг холбооны дүрэм зөрчиж гаргасан хэмээн үзсэнээр асуудал улам хурцдсан. Үүнээс гадна допингийн асуудал, бөхчүүдийн ёс зүйгүй үйлдэл, нэгнээ хардаж сэрдэн, хуулийн байгууллагад шалгуулсан гээд олон асуудал бий. Энэ бүхний эцэст МҮБХ үндсэндээ хоёр толгойтой болчихоод буй. Үүнээс өмнө тамга тэмдгээ булаацалдан шөнө дөлөөр хоорондоо гар зөрүүлж, нэг нэгнээ орж гарах эрхээр хааж, боож байсныг бөх сонирхогчид андахгүй. Тэд үүссэн асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцээрийн ширээний ард суусан ч үр дүнд хүрээгүй. Өнгөрсөн хугацаанд өрнөсөн үйл явдлаас харахад Монгол бөхийн өргөө болон түүний эзэмшлийн газрын төлөөх тэмцэл өрнөж буй мэт.
 
АШИГ ХОНЖОО ХАЙГЧДААС БОЛЖ БӨХИЙН ӨРГӨӨ ХААЛГАА БАРИАД БАЙНА
 
Ардчиллын дараа ард түмний хандив хөрөнгөөр бүтсэн хамгийн том байгууламжийн нэг бол Монгол Бөхийн өргөө юм. Орон нутгаас хандив хүсэх ажлыг Улсын харцага, Ардын багш Ч.Өвгөнхүү хариуцан Дорнод аймгаас эхлүүлж тэд гурван сая төгрөг хандивласан талаар цохон тэмдэглэжээ. Ийнхүү ард түмний сэтгэлийн дэм, хандив өргөл эрчимтэй үргэлжилсэн тул Бөхийн өргөөний барилгын ажлыг 1992 онд эхлүүлж, 1998 оны арванхоёрдугаар сарын 26- нд өргөн үүдийг нь нээж байсан түүхтэй. Тус өргөө нийт 2500 хүний суудалтай, 31 метрийн голч бүхий танхимтай бөгөөд тухайн үед улсын комисс хоёр тэрбум 326 сая төгрөгийн өртгөөр боссон гэж баталгаажуулжээ. Улсын комисс хүлээж авсан тэр цагаас хойш түүнийг үр дүнтэй ажиллуулан ашиг олж, урсгал зардлаа нөхөх, цаашид засвар шинэчлэлт хийх асуудал тулгарсан байна. Тодруулбал, хэчнээн хүнтэй орон тоо бий болгох, хэнийг ажиллуулах, ямар үйл ажиллагаа явуулах вэ гэдгийг шийдэх асуудал тухайн үед үүсч байжээ. Эхний ээлжид ажилтнууд дээрээ цэвэрлэгч, жижүүр, сантехникийн ажилтан авч будаг ханхалсан цоо шинэ объектод ажлаа эхлүүлж байсан аж. Тухайн үед Монгол бөхийн өргөөг ашигтай ажиллуулах туйлын ээдрээтэй, олон хүний сэтгэлийг зовоосон асуудлыг өнгөрсөн хугацаанд маш амжилттай шийдэж чаджээ. Тухайлбал, аймаг бүрийн төлөөллийг оролцуулсан “Миний нутаг сайхан” тоглолтыг 1999 оны дөрөвдүгээр сард Монгол бөхийн өргөөнд анх зохион байгуулж, бөхийн барилдаанаас гадна урлагийн тоглолт явуулах бүрэн боломжтойг урлагийнхан болон ард түмэнд нотлон харуулжээ. Тэр үеэс эхлэн урлагийн салбарынхан бие даасан болон хамтарсан тоглолтыг удаа дараа хийх болсон байна. Өнгөрсөн хугацаанд тус өргөөнд Монгол үндэсний бөхийн барилдаан, урлагийн тоглолт, цэнгүүн, шоу болон бусад төрлийн бөхийн тэмцээнийг зохион байгуулсаар өдийг хүрчээ. Иймд энэ уламжлалаа хадгалж цаашид ч энэ байдлаар олон жил үйл ажиллагаа явуулах ёстой байтал ашиг хонжоо хайсан хэн нэгнээс болж Монголын ард түмний хандив, сэтгэлийн дэмээр сүндэрлэсэн Бөхийн өргөөний дүр төрх өнөөдөр гундуухан байна.
 
БӨХИЙН ӨРГӨӨ ГЭХ ТОМ БАЙГУУЛАМЖ МАРТАГДАХ ВИЙ ДЭЭ
 
Монгол бөхийн өргөөний өргөн үүд үргэлж нээлттэй байж, байсхийгээд л урлагийн тоглолт, спортын тэмцээн уралдаан болж хөл хөдөлгөөн ихтэй байдагсан. Дуучдын уянгалаг сайхан дуунд жавар нь үргэж, спортынхны уухайн түрлэгт сүр нь бадарч байдаг Бөхийн өргөө одоо эл хуль байна. Монгол Бөхийн өргөөг тойрсон хэрүүл тэмцлээс болж Бөхийн өргөө биш зодоон цохион, хэрүүл маргааны талбар болохтой зэрэгцэн согтуу хөлчүү хүмүүсийн “зогсоол” болж буй нь харамсалтай. Нэгэн харамсалтай хэргээс болж Бөхийн өргөөнд тоглолт зохион байгуулахыг хориглосон. Бөхийн өргөөний гадна талбайд цагаан идээ, жимс ногоо, хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг ч сүүлийн үед ийм арга хэмжээ огт болсонгүй. Цаашид хариуцах эзэн, харж хандах хүнгүй байсаар олон түмний дэмжлэгээр боссон, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвд сүндэрлэх Бөхийн өргөө гэх том байгууламж мартагдах вий. Урлаг соёлын биет бус өвийг дамжуулан олон нийтэд хүргэн сурталчлах, спортынхны амжилтын талбар байх ёстой их өргөө хэсэг бүлэг хүний ашиг сонирхлын зөрчлөөс болж үйл ажиллагаа нь ийн тасалдахад хүрсэн нь туйлын харамсалтай. Тухайн барилгыг хариуцах МҮБХ хоёр хуваагдаж талцан эрх мэдлээ булаалдсаны улмаас үйл ажиллагаа нь бүр зогсохгүй гэх баталгааг хэн өгөх вэ.
 
БӨХЧҮҮД ОЛОН ТҮМНИЙ ИТГЭЛИЙГ ХӨСӨРДҮҮЛЖ, УРМЫГ НЬ ХУГАЛЖ БАЙНА
 
Монголчуудын үндэсний баяр наадмыг бөхийн барилдаангүйгээр төсөөлшгүй. Бөхийн барилдаан авхаалж самбаа уран мэхийг үзүүлдэг спортын нэг төрөл гэж хэлж болно. Монгол бөхчүүд түүхийн ээдрээтэй цаг үеийг туулж өнөө үетэй золгохдоо өв, уламжлалаа гээлгүйгээр хадгалж, хөгжүүлж ирсэн. Цаашид ч үр хойчдоо өвлүүлэн үлдээх учиртай. Гэтэл сүүлийн үед бөх нь бөх шиг, дарга нь удирдлага шиг байж чадахгүй, ашиг хонжоо хайж, өөрийн эрх ашгийг урьтал болгосноос болж нөхцөл байдал ийм дээрээ тулаад байна. Уг нь монголчууд бид хэзээнээс л бөхөө дээдэлж, хайрлаж хүндэтгэж, тэднээс үлгэр дуурайлал авч ирсэн. Тиймээс монгол бөх жудагтай байх ёстой. Бөх хүн бусдаас илүү жудагтай, зан араншингийн хувьд ихээхэн онцлогтойг судалгаагаар тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, бөх араншин гэж байдаг гэнэ. Согтуу хэн нэгэн гудамжинд тавьтаргүйтэж байгааг харсан хүн “агсам эр” гэдэг бол бөх хүн тийм байдалтай байхыг харвал ихэд гайхан цочирддог байна. Бөхчүүдийн барилдааны ур чадварыг үзэж баясахаас гадна хүн чанар, ёс жудаг, зан суртахууныг нь мөн харж үлгэр жишээ авч байдаг болохоор тэдний алдаа, буруу үйлдэл ард түмэнд хүнд тусдаг байх нь. Жишээлбэл, унасан ч тахимаа өгдөггүй маргадаг зэрэг уначихаад хоёулаа дэвдэг, дэвжээн дээрээ “гар зөрүүлдэг” зэрэг монгол бөхөд хэзээ ч байгаагүй ёс жудаггүй явдал газар авч байгаа нь олон нийтийн ялангуяа бөх сонирхогчдын сэтгэлийг гонсойлгож байна. Мөн сүүлийн үед улс, аймаг, цэргийн цолтой бөхчүүд танхай, залилан, дээрэм, хар тамхи зэрэг янз бүрийн хэрэгт холбогдож ард түмний хайр хүндлэл рүү “ус цацах” болсон. Ингэж л олон түмний итгэлийг хөсөрдүүлж, урмыг нь хугалж байна. “Нэг тэмээний хоргол өнхрөхөд мянган тэмээ бүдэрдэг” гэж үг бий. Бөхчүүдийн алдар цол, гуншинд ард түмний хайр, хүндэтгэл шингээсэн байдгийг мартах учиргүй.
 
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин