sonin.mn
 
Боловсролын салбар олон улсын стандартаас ихээхэн хоцорч, олон жилийн нүүрийг үзэж байгааг бид бүхэн мэднэ. У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдмогцоо энэ алдааг засах үүднээс зоригтой, хамгийн гол нь багш мэргэжилтэй улстөрчөөр Боловсролын салбарыг удирдуулах нь зөв гэж үзсэн нь оновчтой шийдвэр байсан юм.  Учир нь энэ салбарыг тойрч бугшсан авилгал, бизнесийн холбоо сүлбээг тас цохиж байж шинэчлэл жинхэнэ утгаараа бий болох учиртай. Саяхан, БСШУСЯ-аас салбарын асуудлуудаа хэрхэн шийдвэрлэж, цэгцлэх, ямар зорилт тавиад байгаагаа салбарынхантайгаа албан бус уулзалт хийж, ярилцсан байна. Энэ үеэр сайд Ц.Цогзолмаа : “Салбарт тулгарч байгаа томоохон асуудлаа хамтдаа ярьж, зөвшилцөн хэрхэн яаж бэрхшээлээс гарах арга замаа олох нь чухал. Өнгөрсөн хугацаанд явж ирсэн буруу бүхнийг өнөөдрөөс засах ёстой. Миний хувьд салбар хариуцсан цагаасаа л боловсролын салбарыг бизнес, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх газар гэж боддог нөхөдтэй тэмцэхэд зориулж байна. Барилга, засварын тендер авчихаад ажлаа эхлүүлэхгүй, цаг хугацаанд нь ашиглалтад өгөхгүй байгаа компанитай тэмцэж байна. Шахалт дарамт ирсэн. Чанаргүй хувийн дээд сургуулиудыг татан буулгаж,  стандартаа мөрдөх ёстой шүү шаардлага тавьсан. Бас л шахалт дарамт ирсэн. Эх орны ирээдүй болсон хүүхэд, залуусыг чадварлаг боловсон хүчин, бүтээн байгуулагч болгох ажилд тээг, садаа бологчидтой, салбарыг бизнес хэмээн боддог тэр хэсэгтэй хэзээ ч гар барьж чадахгүй" гэжээ.
 
Тэрээр мөн  хэд хэдэн шаардлага хангаагүй хувийн дээд сургууль байгуулах шийдвэрийг зогсоож, одоо ажиллаж буй хэд хэдэн хувийн дээд сургуульд стандартаа ягштал мөрдөхийг сануулж, хэрэв сургалтын стандартаа дээшлүүлэхгүй бол үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна гэсэн аж. Үүнийх нь хариуд түүний эсрэг хоёр ч хар пиарын, сошиал медиа баг маш өндөр төлбөртэйгээр ажиллаж эхэлсэн байна. Тэднийг шинээр хувийн дээд сургууль нээхийг санаархагчид санхүүжүүлж буй аж. Тэд Ц.Цогзолмаагийн алхам бүрийг хянаж, үгний өө сэв бүхнийг цуглуулан, гуйвуулах, УИХ, Засгийн Газар л шийдэх ёстой багш нарын цалингийн нэмэгдлийг зөвхөн Боловсролын сайд л дур мэдэн шийддэг мэтээр бусдыг турхирах чиглэлтэй ажиллаж буй гэнэ.
 
Э.Сүрэн