Улаанбаатар /МОНЦАМЭ/. Элсэнд дуртай хүн амьдрал дээр цөөхөн байдаг юм байна гэж би саяхныг хүртэл боддог байлаа. Намайг хүүхэд ахуйд томчууд “Говьд хүн болж төрснөөс хангайд бух болж төрсөн нь дээр” гэж хошигнодог байсан. Мэдээж тэр цагаас хойш нийгэм хувьсаж цаг үе харвасан сум шиг өнгөрч, тэр хэрээр хүмүүсийн бодол санаанд ихээхэн өөрлөлт гарчээ.
Хорь гаруй жилийн өмнө говь талд амьдарна гэдэг сайнаар ярьвал эр зориг, тэсвэр хатуужлын үлгэр жишээ болж байсан юм даг уу даа. Учир нь говийг байгаль цаг уурын хүнд нөхцөлд тооцдог байж. Орчин цагт говьд ажиллаж амьдарч өгөөжийг нь хүртэгсэд, байгалийн үзэсгэлэнг нь гайхан бишрэх хүн олон болжээ. Товчдоо бол, говийн тухай эерэг бодолтон олширсоор байна. Гэхдээ манайхны хувьд ихэнх сайн сайхан жишээ нь говь талын элгэнд бууриа зассан уул уурхайн салбартай холбогдож яригдаад байх шиг. Тиймээс энэ удаад ӨМӨЗО-ы “Бүрээ манхан” хэмээх аялал жуулчлалын бүсийг онцлон бичиж байна.
Бүрээ манхан. Ордос хотын Далд хошууны нутагт оршдог элсэн манхан бүхий байгалийн өвөрмөц тогтоц юм. Манханы элсний өндөр 110 м, өргөн нь 400 м. Элс нь хавирган сарны хэлбэртэй,налуу нь 45 градус, урсаж буухад онцгой дуу гаргадаг. Заримдаа мэлхий адил, бүр машин тэрэг, нисэх онгоц шиг, хааяа хааяадаа симфони шиг дуугардаг гэж нутгийнхан нь хуучилдаг. Бүрээ манханы тухай олон домог үлгэр байх юм. Нэгээс нь энд дурдахад, эрт урьд цагт нэгэн дагина үүлс хөлөглөн уул усыг гатлан тус газарт ирж амсхийх суух зуураауянгат хөгжим эгшиглүүлж сайхан дуу дуулж гэнэ. Тэрхүү дагинын эгшиглүүлсэн ая элсэнд шингэж, сүүлээр уг газраар дайран өнгөрсөн хүмүүс тэнгэрлэг сайхан дуу олж сонсох болжээ. Дуу нь эгээ л бүрээтэй адил сонсогддог тул ийн нэрлэсэн хэмээн ярьдаг ч үнэндээ үргэлжилсэн их манханы уруу гулсаж буухадбүрээ үлээж буй чимээ гардаг тул ингэжнэрийджээ.
Домогт аялагч Марко Поло “Орчлонгийн элдэв сонин” хэмээх номондоо захгүй өргөн цөлийг амьд мэнд туулахын тулд сарын өмнөөс бэлддэг, ингэхдээ морь тэмээгээ сайтар тэнхрүүлж ус хүнсээ хангалттай базаадаг, хэрэв жинчин тэмээн жингээсээ төөрвөл эрсддэг тухай бичиж үлдээсэн байдаг. Мөн номын тайлбар хэсэгт, “Элсэн говьд дуут элс, дуут манхан байдаг. Дуут элс гэдэг нь элс аяндаа нурах, хөдөлж нүүхдээ янз бүрийн дуу авиа гаргадгийг хэлдэг байна. Элс ингэж янз бүрийн дуу чимээ гаргадгийг мэддэггүйгээс түүнийг чөтгөр шулмын дуу хэмээн төөрөлддөг” байсан тухай нэмж тэмдэглэсэн буй.
1984 оны эхээр энэхүү цөлөрхөг нутгийг түшиглэн Бүрээ манхны аялал жуулчлалын цогцолборыг байгуулжээ. Хожим нь 2002 онд тус газрыг улсаас 4А, 2011 оноос 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болгосон. Уг бааз нь дундад улсдаа хамгийн анхны элсэн цөл дэх зугаацлын газархэмээгддэг бөгөөд өдгөө цагт урд хөршийн хамгийн алдартай аялал жуулчлалын бүсүүдийн нэгболтлоо хөгжсөн байна. Бээжингийнхэн болон түүнээс цаашхи хот суурингийн иргэджилийн 5-10 сарын хооронд хамгийн олноор жуулчилдаг. Ялангуяа жил бүр долдугаар сард дэлхийн алдартай гэрэл зурагчид тэндхийн байгаль орчныг онилждуран авайгаа “цуцаах” обьектоо болдгоо аж.  
Бүрээ манхан над шиг говьд төрж өссөн хүний хувьд нэг их төсөө санагдаагүйюм даг. Харин хангай зүгийн улсад бол диваажингийн хаалгаар орсон гэхээсээ байж суухын эцэсгүй аагим халуунд нэрвэгдсэн юм шиг санагдаж мэдэхээр. Гэлээ ч энэ яваа насандаа элсэн манхан, элсэн цөл, хээр тал гэдгийг нүдээр үзээгүй хятадын өмнөд нутгийнхны хувьд Бүрээ манхан гайхамшгийн орон шиг санагддаг бололтой жилээс жилд уг газарт ирэх жуулчдын тоо нэмэгдсээр байгаа гэнэ. Өнгөрсөн жил ганц энэ бааз 1 сая жуулчин хүлээн авч, 200 сая юанийн орлого олжээ. Манайхны гурван говийнхны хувьд байдаг л нэг байгалийн эгэл хийгээд этгээд тогтоцыг ашиглаад тэнд тийнхүү мөнгө босгож байна. Гэхдээ ч бас зүгээр нэг элс үзүүлээд өдрийн гурав хоол идүүлээд ганц нэг тэмээ морь унуулчихаад буцаачихаж байгаа хэрэг биш юм.
Элсэн дээрх аялал яавал амттай байх вэ гэдгийг сайтар тооцсон. Хамгийн гол нь тэрхүү газар орныхоо үзэмжийг сэтгэл татам харагдуулахад ихэд анхаарсан. Ер нь хятадууд өнөөг хүртэл ашиггүй, амьд амьтан тогтохын эцэсгүй хэмээн тооцож ирсэн олон газар орныг ийм маягаар эргэлтэд оруулж байна. Ингэхдээ чанартай сайн зам харгуй тавих, өргөгч цамхаг суурилуулах, агаарын замаар аялуулах, шилэн гүүрээр холбох, урсдаг шатаар дээш гаргах гэхчлэн техник технологийн ололтыг ашиглаж, хүмүүний сэтгэл зүрхэн дэх байгаль дэлхийг сэрээж махан бодиороо өнөөх гайхамшгийг мэдрэх боломжийг олгодог нь гайхалтай. Тиймээс ч дотор газарт аялал жуулчлал маш хүчтэй хөгжиж байгаа ба төрөөс жил бүрийн тавдугаар сарын 19-нийг “Хятадын аялал жуулчлалын өдөр” хэмээн зарлаж, жуулчдад олон гайхалтай үзмэр-үзвэрийг санал болгож, хямдрал зарлан, хөнгөлөлт үзүүлэхэд иргэд нь мөнгөө баруун солгойгүй зарцуулдаг болжээ.
Бүрээ манхан ч ялгаагүй дотогш ороход агаарын тороосон замаар гол манханд хүрч, түүнээс цааш газраас хөндий модон замаар явдаг. Түүнчлэн элсэн уул хооронд машин унаагаар салхи татуулан хөлөглөх, морь тэмээгээр аялах, манханыуруу чаргаар доош гулсах, усан санд сэлэх, зургаа авахуулах, наранд шарах зэрэг олон үйлчилгээг санал болгодог юм байсан. Энэ бүхнээс харахад ямар ч цаг үед хүн төрөлхтөний үзүүштэй үзвэр эх дэлхий байсаар байх бөгөөд түүнийг хэрхэн ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулахаас бүх юм хамаарахаас биш муухай газар нутаг гэж байдаггүй гэдгийг хэлээд байх шиг санагдана.
 
 
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг