sonin.mn
БНХАУ-ын соёл, аялал жуулчлалын өдрүүдийн арга хэмжээг “Хятад орныг танин мэдэх” гэсэн уриатайгаар хоёр улсын Элчин сайдын яамд, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм. Уг арга хэмжээний гол зорилго нь хоёр улсын хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Хятадын соёлтой танилцах, хоёр талын найрамдлыг зузаатгахад чиглэж байгаа ажээ.
Уг соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд үзэсгэлэн, уран сайхны тоглолт, кино өдөрлөг, хоёр улсын эмч нарын үнэгүй үзлэг оношлогоо, тэмцээн уралдаан зэрэг өргөн цар хүрээг хамарсан гурван хэсгээс бүрдэх цогц арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм байна. БНХАУ-ын соёлын өдрүүд Монгол Улсад жил бүр зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаа соёлын өдрүүдийг аялал жуулчлалтай хослуулж хийж байгаагаараа онцлогтой гэлээ. Уг өдөрлөгийн хүрээнд Уран зургийн галерейн танхимд зохиогдож буй гар урлалын бүтээлүүд болон гэрэл зургийн үзэсгэлэнгийн үеэр дэлгэгдсэн үзмэрүүдийн зургуудаас хүргэж байна.