sonin.mn
Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс АТГ-ын дарга Х.Энхжаргалын ажлыг өгүүлэхээр шахсаар байгаа бололтой.
Учир нь дараагийн удирдлагад ямар хүмүүс ажиллах талаар “зураг” нь гарсан тухай улс төрийн хүрээнд яригдаад эхэллээ.
Х.Энхжаргалын оронд Б.Билэгтийг очих гэж байна гэсэн мэдээлэл байна. Б.Билэгт нь МоАХ угшилтай, хууль хүчний бараг бүх байгууллагын даргаа ажиллаад үзчихсэн нэгэн. Түүнийг Улсын ерөнхий прокурор, бас АТГ-ын дарга болох нь гэсэн яриа нэг бус удаа гарч байсан юм. Тэгвэл энэ удаад АТГ-ын дарга болох нь бараг тодорхой болчихсон гэж байна.
Б.Билэгт 1960 онд Хэнтий аймгийн Бэрх тосгонд төрсөн. 1978 онд Нийслэлийн 10 жилийн V сургууль, 1980 онд ЗХУ-ын Эрхүү хотын УААДС-ийн Санхүү, эдийн засгийн сургууль, 1988 онд МУИС, 1999 онд “Отгонтэнгэр” их сургууль төгссөн. Нягтлан бодогч эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй.
Улаанбаатар хотын Max бэлтгэлийн конторт ачигч, ТЭЦ-2 цахилгаан станцад слесарь, “Сонсголон” элс, хайрганы завод, СОТ-2 барилган трестэд нягтлан бодогч, МоАХ, “Ардчилал" сонинд улс төрийн ажилтан, сурвалжлагч, эрхлэгч, ХААҮЯ-ны Гадаад харилцаа, эрх зүйн газрын дарга, Монголын радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга, ТЕГ-ын дарга, ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байв.
Тэрбээр Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад 2012 оны есдүгээр сарын 3-нд Засгийн газрын ээлжит хуралдаанаас ЦЕГ-ын даргаар томилогдсон. Гэвч Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй шөргөөцөлдсөөр 2014 оны наймдугаар сарын 14-нд ЦЕГ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөж байв.
Мөн Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болсны дараа 2014 арваннэгдүгээр сарын 26-ны Засгийн газрын хуралдаанаас ШШГЕГ-ын даргаар томилогдсон байдаг.
Улмаар 2016 оны есдүгээр сарын 21-ний өдөр Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Ц.Амгаланбаярыг томилсон юм.
Түүнээс гадна АТГ-ын дэд даргаар ЭЦГ-ын дарга асан Н.Ууганбаярыг очих гэж байгаа гэж байна. Н.Ууганбаяр нь Цагдаагийн дээд сургуулийг 1997 онд төгсөөд, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, ЭЦГ-т төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст Тасгийн дарга, ЭЦГ-т тасаг, хэлтсийн дарга зэрэг албан тушаалыг хашиж байгаад 2012 онд ЭЦГ-ын даргаар томилогдсон байдаг.Тэрбээр мөн АНУ-ын Холбооны мөрдөх товчооны академийг 2008 онд төгссөн байна. Н.Ууганбаяр нь Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинд гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэгдэж  ЦБГ-ын даргын 2014 оны наймдугаар сарын 29-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах, цагдаагийн цол хураах тухай” 526 дугаар тушаалаар чөлөөлөгдөж байжээ.
Гэвч тэрбээр ЦЕГ-ын даргын дээрх тушаалыг эсэргүүцэж, уг тушаалын өөртэйгөө холбогдох хэсгийг хүчингүй  болгуулах, өмнө ажиллаж байсан албан тушаалтай дүйцэхүйц ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулан, хурандаа цолыг буцаан олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд ЦЕГ-ын даргын 2014 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 526 дугаар тушаалын Н.Ууганбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Н.Ууганбаярт олгохоор шийдсэн байдаг.
Түүнчлэн АТГ-ын дараагийн дарга нар хэн байх вэ гэсэн “зураг”-т Тамгын хэлтсийн даргаар Монголын төмөр замуудын нэгдсэн холбооны хуулийн зөвлөх, цагдаагийн бэлтгэл хурандаа Ч.Батбаярыг нэрлэсэн байна. Тэрбээр өмнө Л.Пүрэвбаатарыг УБТЗ-ын дарга байхад Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны даргаар ажиллаж байжээ.
Ийн АН-ыг засаглаж байх үед хууль хүчний байгууллагад дарга байсан эрхмүүд АТГ-ын удирдлагад очихоор яригдаж байгаа юм.
АТГ-ын одоогийн дарга Х.Энхжаргал нь 2016 оны сонгуулиар МАН засгийн эрхэнд гарсны дараа буюу мөн оны долоодугаар сарын 8-ны өдрийн УИХ-ын чуулганаас томилогдсон байдаг. Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу Х.Энхжаргалын ажиллах хуулийн хугацаа 2022 оны долоодугаар сарын 7-ны өдөр дуусгавар болох юм. Гэвч түүний ажлыг өгүүлэх ажиллагаа сүүлийн нэг жилийн турш үргэлжилж байгаа.
Ер нь бол АТГ-ын даргыг ийн зургаан жилээр томилох болсон нь улс төрийн нөлөөллөөс хол байлгахаар хуульд хийсэн зохицуулалт юм. Гэвч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үеэс АТГ -ын даргаар өөрийн хүнийг томилохоор өмнөх даргыг нь яаж ийгээд “буулгаж” эхэлсэн.
АТГ-ын хоёр дахь даргаар томилогдоод байсан Ч.Сангарагчаа 2011 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр “Төрийн нууц задруулсан, доод албан тушаалтнаа /Э.Амарбат/ тагнаж, чагнаж. хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, УИХ-ын гишүүний / АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн/нэр төрд халдсан” гэх хэргээр буруутгагдаж шүүхээс 2.4 жилийн хорих ял авснаар албан тушаалаасаа огцорч байсныг хүмүүс санаж байгаа биз ээ. Сүүлд, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүх 2017 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр АТГ-ын дарга асан Ч.Сангарагчаад 43.5 сая төгрөгийн тэтгэмж олгох шийдвэр гаргасан байна. Энэ захирамж гарснаас 12 хоногийн дараа АТГ-аас Ч.Сангарагчаагийн дансанд тэтгэмжийн урьдчилгаа болох 25 сая төгрөгийг шилжүүлсэн байдаг байна.
Энэ талаар улс төрийн хүрээнд янз бүрийн дүгнэлт хийдэг юм. Юутай ч одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг өмнөх Ерөнхийлөгчийнхөө арга барилаар ажиллаж байна гэцгээж байна.
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин