sonin.mn
Ард түмний олонхийн засаглал нам байгуулагдаж, саяхан Их хурлаа хийжээ. Намын  дарга, философич, хуульч Ц.Нарангэрэлтэй ярилцлаа.
 
–Ард түмний онц зөвлөл /АТОЗ/ нам болж өргөжив үү. АТОЗ үүргээ биелүүлсэн гэж ойлгож болох уу?
 
-Оффшорчид, авли­гач­дын эсрэг тэмцэл өрнүүлэхээр өнгөрсөн оны нэгдүгээр сарын 18-нд Ард түмний онц түр зөвлөл байгуулагдсан.Жирийн иргэдийн санаачлагаар байгуулагдсан гэж хэлж болно.
Монголын төсөвт төвлөрөх ёстой байгалийн асар их орлого хулгайлагдаж оффшорын дансанд орсон. Оффшор дансанд 17 тэрбум ам.доллар байгааг олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид ил болгосон шүү дээ. Тухайлбал, С.Баярцогтын оффшор дансанд мөнгө байгааг Швейцарийн шүүх хоёр удаа нотоллоо. Оффшор, авлигын тэмцэл дэлхий нийтэд маш хүчтэй өрнөж, Америк, Англи зэрэг орнууд оффшороос татварын аргаар хөрөнгөө татлаа.  Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дэргэд татварын аргаар оффшор дахь хөрөнгийг эргүүлэн татах төслүүд хэрэгжсэн. Хүсэлт илгээхээс гадна автоматаар сүлжээнд холбогдох төслүүд хэрэгжсэн юм. Үүнд 140 гаруй орон нэгдсэн. Монгол Улсыг  хоёр удаа урьсан ч элссэнгүй. Хамгийн сүүлд энэ байгууллагад элсэх талаар Ерөнхийлөгчид бичиг өгсөн боловч дундаас нь Сангийн яам саатуулчихлаа. Хэрэв энэ байгууллагад элссэн бол хэний оффшор дансанд хэдэн төгрөг байгааг мэдэх боломжтой.
 
АТОЗ тодорхой хэмжээнд үүргээ гүйцэтгэсэн. Улс төрөөс бүх талаар хараат бус цэвэр иргэний нийгмийн зарчмаар ажиллалаа. АТОЗ ажиллаж эхэлснээр оффшор гэдэг үгийг иргэд мэддэг болсон. Тэмцлийн гол үр дүн бол авлигачид, оффшорчдыг үл тэвчих үзэл нийгэмд бий болж, иргэд хохирч буйгаа ойлгосон. Бид үзэл санааны тэмцэлд уриалдаг.
АТОЗ-ийн дараа хяналт тавих, авлигын эсрэг тэмцэл өрнүүлэх, соён гэгээрүүлэх, судалгаа хийх үүрэгтэй  Авлигатай тэмцэх онц түр зөвлөлийг байгуулсан. Одоо бол Авлигын эсрэг олон улсын академийн сүлжээг Монголд оруулж ирэхээр ажиллаж байна. Авлигыг устгах, авлигачдыг зогсооход нэг удаа компанит ажил өрнүүлэх биш удаан хугацаанд тэмцэх ёстой. Авлига урд нь тохиолдлын шинж чанартай байсан бол одоо албан ёсны авлигажсан системийг бий болгочихлоо. 60 тэрбумын хэрэг гэхэд тухайн үед өрөөнд өрнөсөн юм биш. Одоо ч гэсэн өдөр бүр цаг минут тутамд бүх шатанд явагдаж байгаа асуудал. Үүнийг зогсоохын тулд намууд шинэчлэх, өөрчлөгдөх ёстой. Намууд авлигачдаас санхүүжиж төрийн албыг самардаг тогтолцоог өөрчлөх ёстой. Авлигатай нэр холбогдож, шийтгүүлсэн хүмүүсийг төрийн албанд авахгүй, улс төрийн сонгуульд оролцуулахгүй байх хууль эрхзүйн орчинг бүрдүүлмээр байна.
 
–АТОЗ намыг ямар хүмүүс нэгдэж байгуулав. Үзэл санаа, гол зорилго юу байх вэ?
 
-Төрийн бус байгууллагууд, бидэнтэй хамтардаг хөдөлгөөнүүд, нам бус иргэд санаачлага гаргаж ярилцсаны дүнд АТОЗ-ийг нам болгоё гэдэгт санал нэгдсэн. Хөдөлгөөний өдөр тутмын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог нам бус иргэд дээрээ түшиглээд үндэсний үзэл санаатай, эх оронч, зүүн төвийн үзэл баримтлалтай, нийгмийн ардчиллын төлөө Ард түмний олонхийн засаглал намыг байгуулж анхдугаар их хурлаа наймдугаар сарын 26-нд хийлээ. Одоо бол ард түмний олонх буюу ардчиллын нэрийг барьсан цөөнх олигархиудын засаглалтай байна. МАН, АН зэрэг нам хамаарахгүй гэмт бүлэглэлийн дарангуйлалд байна. Монголд төр, сонгодог утгаараа улс төрийн нам алга.
Иргэдийн мэдээлэл авах, хяналт тавих эрх зөрчигдөж байна. Тиймээс манай нам бол олон нийтийн өмч болох байгалийн баялагт эзэн сууж, зүй бусаар зарцуулж байгаа луйврын тогтолцоог өөрчлөх зорилготой жирийн иргэдийн нэгдэл гэж ойлгож болно. АТОЗ нам улс орноо хөгжүүлж, ард олноо амар тайван амьдруулах эрхэм зорилгынхоо хүрээнд гурван хувьсгалыг санал болгож байна. Нэгдүгээрт, үндэсний язгуур эрх ашгаа эрхэмлэн дээдэлсэн хамтач эх оронч үзэл санаатай иргэдийг төлөвшүүлэхийн тулд сэтгэлгээ, соёл, итгэл үнэмшлийн хувьсгалыг хийх ёстой. Төрийн хамгийн чухал үүрэг бол иргэнээ зөв, ёсзүйтэй хүн болгож төлөвшүүлэх, хүмүүжүүлэх юм. Иргэдээ мэдлэгтэй болгож, соён гэгээрүүлэх ёстой. Бидний хувьд санхүүгийн боломж бололцоо муу ч нийгмээ зөв болгох гэсэн жирийн иргэдийн идэвх зүтгэлээр соён гэгээрүүлэх ажлаа алхам, алхмаар хийсээр байна.Нийгэмд хяналтын системийг бий болгож, уур амьсгалыг эерэг, хүнлэг харилцааг бий болгохын төлөө төлөвлөгөө гаргаж зорилго тавиад ажиллаж байна.  Мөн шударга ёс, аж үйлдвэржилт эдийн засгийн хувьсгалыг үе шаттайгаар хийх хэрэгтэй.
 
–Шинээр байгуулагдсан намыг үймүүлдэг, сарниадаг байдал сүүлийн үед бий болсон. Танай нам бөх бат хамгаалалттай байж чадах уу?
 
-Бид зарчимтай, цэвэр улстөр бий болгохын төлөө энэ ажлыг эхлүүлж байгаа. Манай намын бусдаас ялгарах гол онцлог бол дэргэдээ Хөгжлийн бодлого төлөвлөлтийн зөвлөл, Хөгжлийн бодлогын хүрээлэнтэй байх болно. Ард түмэнд түшиглэж олонхийн эрх ашгийг хамгаалсан, нээлттэй нам байх болно. Улс төрийн намууд иргэдийн итгэлийг хөсөрдүүлж, хуурсан  хүнд хэцүү цаг үед нам байгуулж байна. Ийм бусармаг тогтолцоог өөрчлөхийн тулд өөрсдөө цэвэр, ёс суртахуунтай байх ёстой гэсэн зарчим баримтална. Тиймээс АТОЗ нам олигархи, хөрөнгөжсөн бүлэглэлээс санхүү болон улс төрийн хувьд хараат бус байх болно. Ингэлээ гээд ард иргэдээс хандив гуйхгүй.
Манай намын гол цөм нь хуульчид. Монголчуудын өмнө хоёр сонголт бий. Нэг нь үндэсний хувьсгал хийх. Нөгөөх нь шударга хүмүүс нь нэгдээд үндэсний зөвшилцөлд хүрч тогтолцоог өөрчлөх боломж байна.
Мөрийн хөтөлбөртөө давуу эрхээр хувьчилж авчихаад зориулалтын бусаар ашиглаж байгаа хувьчлалыг цуцалж, олон нийтийн өмчийг хууль бусаар ашиглаж байгаа хүмүүст хариуцлага тооцох ёстой гэж тусгасан. Мөн тухайн салбарыг олон жил ажилласан туршлагатай, мэдлэг боловсролтой, мэргэшсэн хүмүүсээр нь удирдуулах зэргээр буруу тогтолцоог хэрхэн өөрчлөх тал дээр ажиллаж байна. Үүний тулд хяналт, судалгаа, бодлого, хэрэгжилт гэсэн зарчмаар ажиллана. Тухайлбал, бодлогыг судлаачид эрдэмтэд боловсруулж,  Ерөнхий прокурор, Хотын даргыг олон нийт сонгодог болгохын тулд хяналтын зөвлөлийг яам, орон нутаг, сургуулиуд дээр байгуулж байна. Уг нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал хоорондоо хараат бус бие даасан байх ёстой. Гэтэл манай улсад энэ гурав нэг хөнжилдөө орж дарангуйлал бий болсон.
 
–Анхны хурлаар бүтэц зохион байгуулалтын асуудал яригдсан байх. Тухайлбал, гишүүнчлэлээ хэрхэн явуулах вэ?
 
-Улс төрийн намын тухай хуулиар улс төрийн нам Их хурлаа хийснээр байгуулагдсанд тооцогддог. Энэ дагуу наймдугаар сарын 26-нд анхны хурлаа хийлээ. Орон нутагт салбар зөвлөлүүд байгуулагдаж байна. Хууль журмын дагуу Дээд шүүхэд материалаа өгдөг.
Эрх баригч МАН, АН аль болох гуравдагч хүчин бий болгох сонирхолгүй, шинэ хүчнүүдийг дарах технологитой. Манай намд ч мөн ийм эрсдэл бий. Тиймээс АТОЗ нам эх оронч үзэл санаа, итгэл үнэмшилтэй үндэсний эрх ашгийг эрхэмлэсэн иргэдэд тулгуурлаж цомхон цэгцтэйгээр үйл ажиллагаа явуулна. Намын ихэнх гишүүд хуульчид учраас намын дүрмээ ч мөн адил чамбай боловсруулсан. Бид гуравдагч хүчин биш тэргүүлэгч байхыг зорьж байна.Багагүй цаг хугацаа, хүчин чармайлт орох ч тодорхой бодлого төлөвлөгөөнийхөө дагуу тууштай урагшлах болно. Тэгэхгүй бол төрийн аль ч шатанд хяналт тавих ёстой хүмүүс нь хоорондоо хуйвалдчихаар мафи болчихож байгаа юм.
 
–Тэргүүлэгч хүчин болохыг зорино гэхээр 2020 оны сонгуулийг угтаад нэлээд идэвхитэй ажиллана гэж ойлгож болох уу?
 
-Бидний бас нэг тодорхой зарчим бол үг биш үйлдэл чухал. Гэнэт гарч ирээд эх орончийн дүрд тоглож тодрох гэсэн хүмүүсийг оролцуулахгүй. Улс орны төлөө үйл хэрэгт сэтгэл зүрхээхээ оролцож байгаа бол хэн ч байж болно. Бид ард түмнийхээ өмнө нээлттэй байна. Гэхдээ компаничилсан гишүүнчлэл өрнүүлэхгүй.
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин