Монгол хүн боловсролтой учирсан түүх
 
Эртний Афины философич Плато Мэно нэртэй диалогиороо хүн төрөлхтөний оюуны хөгжлийн түүхэнд шинэ хуудсыг нээсэн байдаг. Платогийн амьдарч байсан эртний Афин хот улс нь нийгмийн байгуулалтын хувьд эзэн боолын хамааралд тулгуурлаж байсан. Боол хүн бол төрөхөөсөө л бодох чадваргүй учир булчингийн хар хөдөлмөр хийх заяатай төрсөн, тиймээс юу ч хийсэн өөрчлөгдөх боломжгүй гэж нийтээрээ хүлээн зөвшөөрсөн үе байсан. 
Харин Плато Мэно нэртэй диалогиороо аливаа хүн, эзэн боол, баян ядуу, арьсны өнгө, үндэс угсаа үл хамааран хэн ч бай асуулт&хариулт, буюу диалектикс, диалоги болон критикийн (Critique буюу Эртний Грек хэлний kritikos, үнэн худлыг ялгах, зөв бурууг ялгах гэсэн утгатай ухагдахууныг Монгол хэлэнд шүүмжлэл гэж алдаатай орчуулсан) хүчээр үнэн, баталгаатай мэдлэг олж авах боломжтой, тийм ч чадвартайг хүн төрөлхтөнд анх удаа батлан үлдээсэн байдаг. 
Энэхүү диалоги дээр Сократ Мэнод хандан хүн болгон л мэдлэг эзэмших төрөлхийн чадвартай. Мэдлэгт суралцахад эзэн боол хэн байна огт хамаагүй, бүгдэд адилхан чадвар заяагдсан байдаг гэх Сократын үгэнд Мэно итгэж ядна. Боол хүн хэрхэн бодож, мэдлэгт суралцаж болохыг батлахыг Сократаас шаардахад, Сократ Мэногийн нэгэн боолоос хэдэн асуулт тавьж, зөв чиглүүлсэнээр Мэногийн боол геометрын дурсийн талбайг олоод зогсохгүй талын урт өөрчлөгдөхөд талбайн хэмжээ хэрхэн өөрчлөгдөж болохыг өөрөө зөв олж байжээ. 
Хүн хэзээ мэдлэгтэй боллоо гэж баттай хэлж чадах вэ? Платогийн дийлэнхи диалогиуд дээр Сократтай диалоги хийсэн хүн бүр л ингэж асуудаг. Тухайн үедээ хамгийн их мэдлэгтэй байсан Сократ хүртэл өөрийнхөө үнэн мэдлэгт хүрсэн эсэхэд байнга эргэлзэж байсан. Тиймээс тэрээр цаг үргэлж л асууж, эргэлзэж байсан. Хэрвээ үнэхээр мэдлэгтэй болсон бол тухайн мэдлэгээ ойлгосон л байж таараа. Ойлгохын тулд асуусан л байх ёстой, эргэлзсэн л байж таарна. Ингэсний үр дүнд нэг дүгнэлтэд хүрэх тухайн дүгнэлтэд хүрэх логик алхам бүрийг л асууж шалгааж таарна. 
Хүн төрөхөд байгалаас биологийн махан бие л заяадаг. Харин оюун гэдэг нь төрөхөөс, байгалаас заяагддаг эд бус, хүн сурч боловсорч “олж” авдаг. Оюун хөгжиж мэдлэгт хүрэхэд асуух л шаардлагатай. Энэ асуух чадвар бас төрөлхийн биш. Сурч л олж авна. Тиймээс мэдлэгт хүрэхэд шаардлагатай асуулт&хариулт, эргэлзэх (диалектикс, диалоги болон критик хийх чадвар) гэсэн багажыг хэрхэн ашиглахыг сурагчдаа эзэмшүүлэх нь инструкторын  үүрэг. Хэн ч байсан мэдлэгт суралцах бүрэн боломжтой.
Инструктор гэдэг нь instructus буюу хүн мэдлэг эзэмшихэд шаардлагатай багажаар (диалектикс, диалоги болон критик хийх чадвар) хангах гэсэн утгатай мэдлэгийн Латин үг. Боловсрол бол Instruction-д (Instruction нь “instructus” буюу хүн мэдлэг эзэмшихэд шаардлагатай багажаар хангах гэсэн утгатай мэдлэгийн Латин үг) суурилсан мэдлэгийн институци. 
Харин хүн төрөлхтөний энэхүү мэдлэг Монголд хэрхэн орж ирсэн бэ?
Хүн төрөлхтөний баталгаатай мэдлэг (universally accepted knowledge) анх Монголд орж ирэхдээ мухар сүсэгжсэн шарын шашныг байх ёстой хашаанд нь хаших ёстой байсан ч тэгж чадалгүй шарын шашны хэллэг, арга барилыг өвлөн авч зөвхөн гаднах өнгөц төрхийг дуурайн орж ирсэн. Өнөөдөр Монголд “инструкторын” оронд төвдийн мухар сүсэгжсэн шашны багш шавийн харилцаа л байна. Улсын бүх шатны боловсролын байгууллагууд болон төвдийн шарын шашны сүм хийдэд ажиглагдах нэг нийтлэг шинж бол өөрсдийн ойлгоогүй (сүмд бол төвд хэл дээр бичигдсэн шашны текстийг цээжлэх) үнэн худал нь мэдэгдэхгүй текстийг сохроор цээжлэх явдал. Цаг үеэ өнгөрөөчихсөн, өнөөдөрийн дэлхий ертөнцөд ямар ч хүчингүй зүйр үг, ишлэлүүд, магтаалууд цээжлүүлсээр. Дэлхий хөгжөөд, урагшлаад байхад яагаад дагаад хөгжихгүй байна вэ? 
Цээжлэх гэдэг богино хугацааны тархины санамжтай хамааралтай нэг л функц. Харин тэр цээжилсэн фактууд критик шүүлтүүрээр орж үнэн худлаа шалгуулан, тус тусын эрэмбээ (Order) олсон байх ёстой. Худал хуурмаг дахин зүсээ хувиргаад хүрээд ирсэн ч үнэн төрхий нь таньж чаддаг болсон байхыг критик чадвар гэдэг. Гэтэл Монголд критик соёл бий бил үү? 
Энэ критик чадвар бас л “юу вэ, яаж вэ” гэсэн энгийн асуулт тавихаас л эхэлнэ. Шашин бол ид шидийн, ер бусын, фантастик, “юу вэ, яаж вэ”-д хариулах боломжгүй олон асуулттай учир догма шинжтэй (Dogma нь эртний Грек хэлээр үнэн худалы нь шалгах боломжгүй зүйлийг хэлдэг. Харин орчин үеийн философид догма гэдгээр үнэний дүр эсгэсэн байдлыг илэрхийлдэг). Тиймээс шашинд критик, диалектикс байх боломжгүй.  Хэрэв шашин өөрөө өөрийнхөө үнэнд эргэлзээд, өөрийгөө критик хийгээд эхэлбэл юу болох бол доо? 
Харин мэдлэг бол прогресив, өөрөө өөрөөсөө байнга үнэн үү, яг баттай юу, алдаа мадаг байхгүй юу, цаг үедээ хүчингүй болсон юм биш байгаа гэж гэж байнгын асууж, диалектикс явуулах учир өөрийгөө тогтмол сайжруулж, шинэчилж (Reform) байдаг. 
Үнэн мэдлэг байгаа газар мэтгэлцээн, асуух болон эргэлзэх, критик хийх соёл өдөр тутмын дадал болсон байдаг. Үнэн мэдлэг байгаа газар байнга л асуулт тавигдаж байна. Цаг тутамд л критик явагдана. Мэдлэгт суралцахад нас, хүйс харгалзахгүй учир мэдлэг байхад тэгш эрх жинхэнэ утгаараа оршино. Үнэхээр л мэдэж чадсан бол хэдэн оймс илүү дутуу элээх огт хамаагүй. Хэрэв илүү оймс элээгээд мэдэж чадаагүй бол эрдэмтэй даруу, их мөрөн дөлгөөн зангаараа зайгаа тавьж өгөх сургаал ёстой биш үү? Мэдлэг бол үнэнийг, зөвийг (Right), сайныг, сайхныг эрхэмлэх болохоос дээрээс доошоо тушаасан шашин, цэргийн байгууллага биш. 
Харин шашин бол дээрээсээ доошоо хатуу дэглэмтэй. Багш ламын үг алдаатай, хүчингүй байсан ч сургаал. Багшийн сургаал алт болохоор өөрөө өөрийгөө өчүүхэн болгож өөрөөсөө өөрцгүй алдаа мадаг их хүнийг шүтнэ. Энэ үзэгдлийг арван жил, их сургуулийн “багш” нараас тодхон харж болно. Асуулт асууж, мэдлэгт суралцах эрмэлзэлтэй залуу үеийг чи юу хийж бүтээсэн болоод асууж, шүүмжилж байна гэж тэд урам хугална. Урамы нь хугалахаар ууцы нь хугал гэдэг Монгол үг уул нь байдаг даа.Чи чинь ямар хамуу шиг олон юм асуудаг яршигтай амьтан бэ гэнэ. Дуугуй хэлсэнийг цээжилбэл цээжил үгүй бол хохь чинь гэж тулган шаардана. Сониуч, юм юмыг туршиж үзэх эрмэлзэлтэй хүүхдийг, сахилгагүй, томоогүй хүүхэд гэнэ. Сахил хүртсэн лам л сахилтай байх болохоос биш хүүхэд бол цаанаасаа л сониуч байх нь тодорхой. Дэлхийтэй дөнгөж танилцаж байгаа хүүхдийг завилж суулгаад л хөдлөх ч үгүй томоотой, номоо цээжил гэх бол боловсрол биш. Энэ бол оюуны хүчирхийлэл. Энэ бол жинхэнэ боловсролын инструктор жигшиж, дургүйцэж явах ёстой чанарууд. Боловсролын шинэчлэл хийнэ, сайжруулна гэнэ. Шашинжсан, мухар сүсэгжсэн шинжээсээ салж шинэчлэл хийж, сайжруулах биш бол юуг сайжруулах гэнэ вэ?
Нэгэнт Монгол хүн асууж, эргэлзэж чадахгүй учир бууж өгөхөөс аргагүй. Хүлцэнгүй, ноомой, дуулгавартай байх нь ёс суртахуунтай байхын шинж, яагаад гэвэл хэлсэнийг л цээжлээд, давтаад л юу ч асуухгүй байвал эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн. Мэдлэгтэй хүн даруудаа биш үнэн, баттай мэдэх хүртэлээ асууж, эргэлзэж явах учир амны зоргоор чалчиж, дутуу мэдсэнээ бусдад тулган шаарддаггүй. Монголд боловсрол гэх хүн төрөлхтөний мэдлэгийн институци байсан, байгаа эсэх маш эргэлзээтэй байна даа. 
Өнөөдөр Монголд мухар сүсэг дээрээс доошоо бүх шатанд нэвчин орсон нь боловсролын системд диалектиксийг хөгжүүлэх нэг ч төрлийн програм байхгүйтэй холбоотой. Яагаад тийм програм байхгүй байгаа учир нь тодорхой байхад яагаад өөрчлөхгүй байгаа нь тодорхойгүй хэвээр. Хүн ходоодондоо орох хоолны чанарыг шалгадаг. Гэтэл толгой руу орох төрөл бүрийн, үнэн худал холилдсон мэдээллийг ялгаж, чанартай, баталгаатайг нь хүлээх авдаг чадварыг хэрхэн суулгах вэ? Асуудаг, эргэлздэг хүн л оюуны дархлаатай байдаг.
Цээжлүүлдэг Монголын боловсролын систем Монгол хүний асуух чадварыг үгүй хийгээд зогсохгүй мухар сүсэг байж болох бүх л нүх сүв рүү амь бөхтэйгөөр нэвчин орох таатай орчинг бүрдүүлж байна. Ойлгохыг бус цээжлэхийг, цээжилсэнээ тоть адил, хар муйхраар давтахыг тулган шаардах нь мухар сүсгийн өөр нэг л хэлбэр. Асууж лавладаггүй, ялгаж тунгаадаггүй, бусдаас сонсоноо, уншсанаа тоть адил давтдаг хүмүүсийг боловсруулдаг “шашны шинжтэй боловсролын систем” бас популизм цэцэглэх үр шимтэй хөрс болоод удлаа. 
Эртний боолын нийгэм болон 20-р зууны эхэн хүртэлх клончлолын үед критик хийдэг, мэтгэлцдэг, үнэнийг эрэлхийлдэг боловсролын тогтолцоог боолдоо, клончилж байгаа улсдаа өгөхгүй байх нь эзэнд, клончлогч нарт ашигтай нь мэдээж. Гэтэл өнөөдрийн Монголын боловсролын систем мухар сүсэгжиж, Монгол хүн оюуны дархлаагаа алдах нь хэнд ашигтай юм бол доо? Монголд боловсрол гэх хүн төрөлхтөний мэдлэгийн институци байсан, байгаа эсэх маш эргэлзээтэй хэвээр.
Ямар гарц байна вэ?
 
 
“Моралтай Монгол” Сан