sonin.mn

МҮЭХ-ноос багш нарын ажил хаялтыг зохион байгуулаад даруй 14 хонох гэж байна. Энэ хугацаанд Засгийн газартай хэд хэдэн удаа хэлэлцээрийн ширээний ард сууж, эцэг эхчүүд, балчир үрс, сурагчид бүгд л нааштай үр дүн гараасай, хичээл эхлээсэй гэж хүлээж байгаа билээ. Гэтэл МҮЭХ-ны зохион байгуулж буй ажил хаялтыг үгүйсгэсэн, бүр МҮЭХ-гоо Засгийн газрын гар хөл болсон гэж ярьсан нэг холбоо гарч ирлээ. Өөрсдийгөө мөн л хуулийн дагуу албан ёсны тамга тэмдэг, зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна гэх "Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо" нэртэй байгууллага өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Уг хурлаараа МҮЭХ, ЗГ хоёр ханцуйндаа наймаалцаж байна, хэрэв энэ хэлэлцээр ямар нэгэн шийдвэр гаргаж ажил хаялт зогссон ч хэрэв багш нарын цалинг 1,600,000 төгрөгт хүргэхгүй бол зөрүүлээд манай холбооны гишүүн багш нар мөн ажил хаях болно гэж мэдэгдлээ. Энэ байдлаараа бол багш нарын хийж байгаа тэмцэл энэ намар шийдэгдэх нь бүү хэл өвөлжин сунжирч ч магадгүй болоод байна. Энэ бүхний эцэст хөөрхий хэдэн сурагчид л хохироод хоцрох нь дээ.