sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой ярилцлаа.
 
-Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцлоо. Энэ үеэр хэлэлцсэн гол асуудлуудын нэг нь Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридорыг урагшлуулах механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гурван тал гарын үсэг зурлаа. Энэ тухай тодруулаач?
 
-Монгол улсын Гадаад харилцааны яам, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хороо гэсэн гурван байгууллага хамтран Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридорын ажлыг урагшлуулахаар улсаасаа томилогдоод явж байгаа. Байнгын ажлын хэсэг учир нэг удаа ажил хийчихээд алга болохгүй. Ажлын хэсгийг Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд тэргүүлнэ. ОХУ-ын талаас Эдийн засгийн хөгжлийн орлогч сайд, БНХАУ-ын талыг Хөгжил, шинэчлэлийн хорооны орлогч дарга нь тус тус хариуцаад өөрсдийнхөө аппаратуудыг татан оруулцах юм. Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих 32 төсөл хэдийд хэрэгжих, санхүүжилт, төсвөө хэрхэх зэрэгээ шийднэ. Нэг ёсондоо уг ажлыг эзэнтэй болгож авсан юм.
 
-Хүрэн нүүрсээ эрчим хүч болгож, экспортлох саналаа бүс нутгийн орнуудад дуулгасан. Энэ санал цаашид хэрхэн шийдэгдэх бол?
 
-ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон, Монгол гэсэн зургаан улсхамтран эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулж, нэг улсад нь эрчим хүч үйлдвэрлээд нөгөө улсууд руугаа саадгүй дамжуулъя гэж яриад байгаа юм. Сүүлийн 10-иад жил ярьж байна. Азийн сүпэр сүлжээ гэх нэр томъёо ч гарчихсан. Японы “Софтбанк", Хятадын “State Grid” компаниуд ихээхэн сонирхож байгаа. ОХУ-ын ерөнхийлөгч Путины хэлсэн үгэнд ч хэдэнтэй дурьдагдсан. Мөн БНСУ маш идэвхтэй байна. ОХУ, Монгол, БНХАУ улсуудад эрчим хүчний бүх эх үүсвэрбий. Нар, салхи, нүүрс, уран, ус, нефть, газ гэх мэт эх үүсвэрүүд бүгд байна. Гэтэл БНСУ, БНАСАУ, Япон эрчим хүчний эх үүсвэрээ импортоор авдаг. Газар нутаг багатай учир нар, салхины эрчим хүчийг их хэмжээгээр үйлдвэрлэх боломжгүй. Иймд манай Ерөнхийлөгч Х.Баттулга анх удаа Азийн сүпэр сүлжээг бий болгох эхлэл болгож Зүүн хойд Азийн зургаан орон хамтарсан байгууллага байгуулъя, эрчим хүчний эх үүсвэргүй гурван улсдаа бүх төрлийн эх үссвэрээр үйлдвэрлэсэн цахилгааныг удаан хугацаанд тогтвортой нийлүүлье, энэ бүхнийг нэг сүлжээгээр холбоё гэсэн төлөвлөгөөг дэвшүүлсэн. Асуудал нь мэдээж шинэ биш. Гэхдээ эрчим хүчний эх үүсвэрээ зөөхөө больё гэдэг нь шинэ санал санаачилга юм. Жишээ нь Монголын хүрэн нүүрс тээврийн зардлаа даахгүй байгаа. Тээврийн зардлаа төлөхөөр Япон, Солонгосын боомт дээр бусад улсаас ирж байгаа эрчим хүчний нүүрснээс үнэтэй болчихоод байгаа юм. Тэгэхээр нүүрсээ цахилгаан болгож хувиргах нь илүү боломжтой.
“Шивээ овоо” төслийнхөн сая Ерөнхийлөгчтэй ирж уулзлаа. Ши Жиньпин даргатайгаа хамт Владивостокт байсан “State Grid” компанийн захирал нь ирээд уулзаж байна л даа. “Шивээ овоо” төсөл нь 5000-6000 мВт-ын буюу манай бүх системийн ачааллыг зургаа дахин томруулсантай тэнцэх хэмжээний тог үйлдвэрлээд 1500 км тогтмол гүйдлийн өндөр хүчдэлийн сүлжээгээрээ алдагдалгүй аваачиж, Тянжинь хотын ойролцоо хэрэглэх тухай төсөл юм. Тэгэхээр Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн систем байгуулагдах юм бол эрчим хүчний эх үүсвэр ихтэй ОХУ, Монгол, Хятад гурван улсад үйлдвэрлэсэн тогийг БНСУ, БНАСАУ, Япон луу зарж, үр дүнд нь зургуулаа ашигтай ажиллах боломж бүрдэнэ. Япон, Солонгос маш өндөр үнэтэй тог хэрэглэж байгаа. Нэг кВт цаг нь 20 цент байдаг. Гэтэл манайд хэрэглэгч таван центээр л хэрэглэдэг. Бид эх үүсвэр ихтэй учир хямдхан тог үйлдвэрлэж чадаж байгаа хэрэг. Монгол Улс мал аж ахуй, уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна цахилгаан эрчим хүч экспортлох бүрэн боломжтой байна. Эдийн засгийн хувьд ч ашигтай. Зүүн хойд Азийн улсууд руу нар, салхины эрчим хүчийг үйлдвэрлэх хамгийн тохиромжтой газар нь Монголюм. Маш том газар нутагтай учир олноор нь нарны зай суурилуулж болно. Азийн хөгжлийн банк Монголын нар, салхиар Азийг хангаж болох юм байна, хамгийн хямд өртөг бүхий тог гарна гэж тооцоолсон. Энэ бол шинэ Ерөнхийлөгчийн бүс нутгийнхаа улсуудад санал болгож байгаа бизнесийн боломж. Бид танай тогийг үйлдвэрлээд өгье, та нар олон мянган километр алдагдалгүй кабелиар дамжуулаад яваачээ л гэж байгаа юм.
“Шивээ овоо” төсөл яагаад одоо л биеллээ олох гэж байна гэхээр “State Grid” компани 1500 км цахилгааныг зургаан хувийн алдагдалтай дамжуулдаг төхөөрөмжийг саяхан л үйлдвэрлэсэн юм. Одоогоор тус компанид 1000-аас дээш км-т цахилгаан дамжуулдаг 14 шугам ажиллаж байна. Нүүрс ихтэй баруун Хятад нүүрсгүй, хүн ам шигүү суурьшсан, тогны хэрэглээ ихтэй зүүн хэсгийн далайн эргүүд рүүгээ тог дамжуулж байгаа. Нэгэнт эрчим хүчийг 3300 км радиус дотор хаана үйлдвэрлэснээсээ үл хамаарч, маш бага алдагдалтай дамжуулдаг төхөөрөмжтэй болчихсон учир эрчим хүчний эх үүсвэрийг зөөгөөд байх шаардлагагүй болж байна. Уран, усан цахилгаан станц, нар салхи нь хаана байна тэнд нь л эрчим хүч үйлдвэрлээд түүнийгээ хэрэгтэй газар нь хүргэж өгье гэдэг бизнесийн шинэ модел гарч ирж байгаа юм. 3300 км радиус гэдэг нь өнөөдрийн хэт өндөр хүчдэлийн тогтмол гүйдлийн шугамын хүрч байгаа урт юм. Энэ тоо цаашид өсөх байх л даа.
 
-БНХАУ-ын зүгээс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг манайд худалдах боломжтой хэмээн мэдэгджээ. Энэ тухайд?
 
-Хятадын Гадаад яамны сайд баруун аймагт очиж уулзалт хийсэн. Манай баруун таван аймгийн малыг өвчингүй гэж хэлэхэд болно. Малын өвчин зэрлэг амьтадтай холбоотойгоор зүүн хэсэгт гардаг. Тиймээс малынкөвчингүй баруун таван аймгаас  мах худалдаж авна уу гэдэг саналыг Чиндаод болсон уулзалтын үеэр тавьж, тохиролцсон. Энэ удаад зүүн бүс нутагт тариа тарьж, үйлдвэрлэсэн гурилыг худалдан аваачээ гэх саналыг дэвшүүлсэн. Татварыг хөнгөрүүлэх эсэх асуудлыг ярьж байна. Монгол Улсын төвийн хэсэг бол дэд бүтэцтэй, зах зээлдээ ойр. Төмөр замаараа дамжаад наймаа хийх боломжтой. Мөн уул уурхайн ихэнх нь төвийн бүсдээ байна. Харин баруун, зүүн бүсийн онцлог нь хөдөө аж ахуй илүү хөгжсөн.
Ховдод үйлдвэрлэсэн махыг Хайлаар луу зөөнө гэвэл тээврийн зардал нь маш өндөр тусна. Тиймээс Шинжаан, Өвөр монгол руу зарах юм бол эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвартай. Халх гол суманд ашиглагдаагүй маш их газар байгаа. Түүнийг ашиглан тариа тарьж, их хэмжээний гурил үйлдвэрлэж экспортлох боломжтой гэж л ярьсан. Бүсчилсэн хөгжил гэдэг шиг баруун талаа Төв Ази, Казахстан, Шинжаан, Уйгар гэсэн энэ интеграцид холбоё. Зүүн хэсэгээ Зүүн хойд Азийн интеграцид холбоё. Владивосток руу гэхэд гурвалжин будаа гаргаад эхэлж байна. Энэ нь эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвартай байна л даа.
 
-Хийн хоолойг Монгол Улсаар дамжуулах саналаа ОХУ-ын ерөнхийлөгч Путинд дуулгаж байсан бол энэ удаад БНХАУ-ын талд уламжилсан. Тэдний зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?
 
-Хийн хоолойн дээр Орос, Монгол хоёр улс санал нэгдсэн. Хятад улс Оросын хий үйлдвэрлэгчээс удаан хугацааны турш тогтвортой, худалдан авах гэрээгээ байгуулсны дараа хоолой тавигдана. Ийм гэрээ байгуулагдахгүй бол хоолой тавигдахгүй шүү дээ. Ямартай ч Оросын зүгээс “Бид хий зарахад бэлэн байна, Монголын нутгаар хоолой явна” гэдгээ илэрхийлсэн. Ийм түвшинд л байгаа.
 
-100 тэрбум рублийн зээлийн асуудал хөндөгдсөөр байгаа. Уг зээл бүтсэн тохиолдолд юунд зарцуулахаар төлөвлөж байгаа вэ?
 
-Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг үеэс эхлэн 100 тэрбум рубль зээлэх тухай асуудлыг ярьж байна. Засгийн газрын баталгаа гаргаж өгөх гэхээр ОУВС зөвшөөрөхгүй байна гэсэн шалтгаанаас үүдэн хоёр жилийн хугацаа өнгөрчихөөд байгаа. Ерөнхийлөгч манай Засгийн газар баталгаа гаргаж өгөх боломжгүй учраас УБТЗ болон ТЭЦ-III, ТЭЦ-IV өөрийнхөө орлогыг барьцаалаад арилжааны зээл авъя, тэгэхгүй бол болохоо байлаа гэдгийг хэлж байгаа. УБТЗ дээр л гэхэд ойрхон хоёр аваар гарлаа. Учир нь дэр модоор хийсэн 400 км замыг шинэчилж амжаагүй байгаа. Ядаж л үүнийгээ бетон дэрээр солих ажлыг хийхгүй бол дахин ямар ч аюултай зүйл болоо билээ, бид мэдэхгүй шүү дээ. УБТЗ бол Орос, Монголын дундын үйлдвэр. Энэ үйлдвэрийнхээ төлөө Оросын төмөр зам санаа зовох ёстой. Тэгэхээр 100 тэрбум рублийг шингээх гурван байгууллага бол ТЭЦ-III, ТЭЦ-IV, УБТЗ юм. Арилжааны шугамаар зээлээ авна, төлнө. Улсын төсөв болон Засгийн газар баталгаа гаргаж өгөхгүй. Компани болгон өөрийнхөө авсан зээлийг эргэн төлнө. Хариуцлагатай болно.
УБТЗ-д авах зээлийг хөдлөх бүрэлдэхүүн авахгүй гэх хориг байгаа. Ачааны вагон авч болохгүй. Үүнийг зөвхөн төмөр зам засварлах, шинээр тавихад л зарцуулна. Төмөр замаа хос болгох, аюулгүй байдлаа хангахад зарцуулна гэсэн үг. Манай хуулиар Төмөр замын аж ахуй, Тээврийн аж ахуй гэж хоёр хуваагдсан байдаг. Тээврийн аж ахуй нь улсынх, хувийнх хэнийх ч байж болдог. Зам улсынх, машин хувийнх гэдэгтэй адил. Төмөр зам бол зам нь ч машин нь ч улсынх байгаад байгаа юм. "Оросын төмөр зам"компани төдийгүй дэлхий даяараа зам болон тээвэр нь тусдаа болсон, хэн дуртай нь төлбөрөө төлөөд вагоноо явуул гэдэг системд орчихсон. Манай УБТЗ ч гэсэн үүн лүү шилжихээс өөр аргагүй. Энэ тохиолдолд хөдлөх бүрэлдэхүүнийг нь хувийн компаниуд худалдаж ав, улс дахин түүнд мөнгө зарахгүй гэж байгаа. Тиймээс 100 тэрбум рублээс төмөр замд оногдох хэсэг зөвхөн замыг тэгшитгэх, замыг хос болгоход зарцуулагдана. Улмаар цахилгаантай болгоход зарцуулагдана. Хамгийн эхлээд Богд хаан төмөр зам гэдгийг байгуулж, Улаанбаатар хотын дундуур транзит вагон явахыг болиулна. Транзит вагон явахаар зам хаагдах давтамж ихэсдэг. Вагоныг хотын гадуур явуулчихаар хотын дундах төмөр замыг “Railbus” явдаг, нийтийн тээвэрт зохицуулж болж байгаа юм. Явж байгаа машинд бага саад болж байж хотын түгжрэлийг эрс бууруулах боломжтой. Транзитын хэмжээ жил бүр эрс нэмэгдэж байгаа учир хотын гадуур явуулах юм бол хэнд ч саад болохгүй. Иймэрхүү шинэчлэлүүдийг УБТЗ-д хийхийн тулд Орос, Монгол хоёулаа л зээл олж өгч, ажил болгох хэрэгтэй л дээ.
 
-Халх гол сумыг шинэчлэх тухай төслөө ОХУ-ын Ерөнхийлөгчид танилцуулжээ. Хэрхэн шинэчлэх вэ. Хэдий хэмжээний өртөг мөнгө зарцуулахаар тооцоолсон бол?
 
-Наян жилийн өмнө дайн болж байсан газар Халх гол сумын нутаг. Ирэх жил болох Халх голын дайны 80 жилийн ойг угтаж тус сумын төвийг шинэчилж, Баянхонгор аймгийн шинэ жишиг хоёр сумын зургийг үзүүлсэн. Манай нефтийн зах зээлийн 80 хувийг дангаараа хангадаг “Роснефть” компаниас найман сая еврогийн хандив өгөхөөр болсон. Халх голын 80 жилийн баярт зориулаад ийм бэлэг өгье гэсэн. Тэр бэлгийн дагуу дараа жилийн наймдугаар сар гэхэд шинэ Халх гол сум баригдаж дуусна.
 
-Боомттой болох, боомт ашиглах асуудлуудад ямар шинэ ахиц гарсан бол?
 
-“Танай нүүрс жилдээ 30 сая тонн гарахаар бол газраа үнэгүй аваад өөрийн гэсэн боомттой бол, таван сая тонн орчим байх юм бол төлбөрөө төлөөд одоо байгаа боомтуудыг ашиглаад яв” гэсэн л дээ. Хэрэв боомттой болох юм бол өөрсдөө тохижуулж, экологийн шаардлага хангасан буюу төмөр замаас усан зам руу шилжих үед нүүрс нь тоос босддоггүй байх байшин барих ёстой гэсэн зүйлийг ярьж байгаа. Манай нүүрсний компаниуд жилд гаргах хэмжээгээ бодож байгаад багахан бол тэдний боомтод хөлсийг төлөөд явчих, их хэмжээгээр байх юм бол өөрийн гэсэн боомттой болсон нь дээр л дээ. Энэ өнгөрсөн жил шийдэгдсэн асуудал юм. Үүнд саад болж байгаа нэг зүйл нь Таван толгой-Сайншандын төмөр замын асуудал. Уг төмөр замыг барихгүй бол нүүрс дахиад төмөр зам руугаа ирж амжихгүй. Боомттой болъё гэвэл энэ төмөр замыг баригдаж дуусахтай зэрэгцэх хэрэгтэй. 20, 30 сая тонн нүүрс одоогийн төмөр замаар явж багтахгүй шүү дээ. Мөн дээрээс нь 100 тэрбум рублийн зээлээр хийх нэвтрүүлэх чадамжийг нэмэгдүүлэх ажилтай уялдаж байгаа. Сайншандад төмөр зам бариад оччихлоо гэж бодоход Сайншандаасаа Наушкаар гарах үед нь ачаалал нь дүүрчихнэ. Тийм нөхцөл байдал үүсвэл ажил явахгүй. Боомттой болох, төмөр замын шинэчлэлийг хийх, Сайншандаас Цогтцэций рүү төмөр зам тавих зэрэг нь бүгд хоорондоо уялдаатай. Ингэж байж бид дэлхийн зах зээлд нүүрсээ зарна. Өнөөдөр Сайншанд хүрсэн төмөр зам байхгүй учраас Хятадын компаниудын хэлсэн үнээр нь дэлхийн зах зээлээс хямд үнээр  өгч байна.
 
-Азийн хүүхдийн наадмыг 2020 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөжээ. Уг наадмыг зохион байгуулахад тусалж, дэмжхийг чуулганд оролцсон орнуудын төлөөлөгчдөд уриалж байсан. Энэхүү наадмын тухай мэдээлэл өгөөч?
 
-Азийн хүүхдийн наадам зохион байгуулах ажлын хүрээнд бүтээн байгуулалтууд хийж байгаа. Гэхдээ төсвөөс биш. Байт суурийн талбай байгуулагдлаа. Налайх дүүрэгт хөнгөн атлетикийн олон улсын тэмцээн явуулж болохуйц талбай байгуулагдаж байна. Буянт-Ухаа спорт ордны хажууд тивийн хэмжээний усанд сэлэлтийн уралдаан явуулж болох усан спортын төв, 10-15 мянган хүний суудалтай хөл бөмбөгийн стадион баригдахаар төлөвлөж байна. Энэ бүхэн Ерөнхийлөгчийн ивээл дор явагдаж байгаа. Азийн хүүхдийн наадам болоод өнгөрөхөд бид тивийн хэмжээний тэмцээн авч болохоор спортын материаллаг баазтай болж үлдэхээр зорьж байна. Монголын компаниудад энэ ажилд хандив өгөөч гэсэн уриалгыг илгээж байгаа. Оросын компаниудад ч энэ хүсэлтийг хүргүүлж байна. Энэ хүүхдийн наадам нь Оросоос анх үүссэн. Хоёр дахь гадаад улс нь манайх болж байгаа юм. Дараа нь өөр улс авах байх л даа. Ирэх хүүхдүүдэд зориулсан орон сууц гэх мэт ложистокоо одооноос хийж байна. Спортоор дамжуулж хүүхдийн хүмүүжилд нөлөөлж байгаа хэрэг шүү дээ. Мөн Монгол Улсыг Азид сурталчилж өгөх нэг боломж бүрдэнэ. Ирэх жил Орос, Монгол, Хятадаар “Silk way rally” болно. Париж-Дакартай тэнцэхүйц хэмжээний, олон мянган хүнийг нэгтгэсэн том уралдаан болох гэж байгаа. Иймэрхүү том арга хэмжээнүүдийг зохион байгуулснаар улсаа суртчлаад зогсохгүй, эдийн засагт нэмэр болох юм.
 
О.АРИУНЦЭЦЭГ
Эх сурвалж: "Өдрийн" сонин