sonin.mn
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 7 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний сүүлч эх орондоо ирлээ. 
Монгол Улсын Зэвсэгт хүчний 7 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэх хугацаандаа дэлхийн хамгийн том дүрвэгсэдийн хуарангийн аюулгүй байдлыг хангаж, тэдний амь нас, эрүүл мэндийг олон удаагийн халдлага, дайралтаас эр зориг, авхаалж самбаа гарган хамгаалж, баатарлаг үйлс бүтээсэн юм. Тухайлбал, Бентью бааз дахь дүрвэгсдийн хуаранд цэргийн багийн шуурхай бүлгүүд НҮБ-ын цагдаа нартай хамтран бүслэн нэгжих ажиллагаа явуулах үед хамгаалалтын бүрэлдэхүүн рүү зэвсэглэсэн 5 этгээд чиглэсэн буудлага үйлдэхэд “UNMISS”-ын хүч хэрэглэх дүрмийн дагуу хариу арга хэмжээг шуурхай, шийдвэртэй хэрэгжүүлж, гэмт үйлдлийг таслан зогсоож олон мянган иргэний амь насыг аварсан нь нутгийн иргэдийн талархлыг хүлээсэн юм.
Мөн дүрвэгсдийн хуаран руу нутгийн 400-500 орчим иргэн мод, чулуу, хүйтэн зэвсгээр зэвсэглэн дайрч эмх замбараагүй байдал үүсгэснийг шуурхай бүлгийн хүчээр таслан зогсоож, дүрвэгсдийн аюулгүй байдлыг хангасан. Хойд Лийч мужийн Рубкона сумын Калжак суурингийн ойролцоо отолтод орсон НҮБ-ын цувааг татан гаргах арга хэмжээнд оролцож, цувааны хамгаалалтыг хүчжүүлэн, нисдэг тэрэгний талбайг бэлтгэн зурвасыг хамгаалж, эмнэлгийн татан гаргалтыг бие даан гүйцэтгэж, цувааны аюулгүй тээвэрлэлтэд дэмжлэг үзүүлсэн гээд тэдний гүйцэтгэсэн бахархам үүргүүд цөөнгүй. 
Цэргийн багийн хувьд тусламж, хүмүүнлэгийн ажиллагаа нь нутгийн иргэдийн итгэлийг олох, эерэг хандлага, харилцааг бий болгох зэрэг ач холбогдолтой байдаг. Манай цэргийн багийнхны хувьд хүүхдүүдийн боловсрол, иргэдийн эрүүл мэндэд чиглэсэн тусламж, хүмүүнлэгийн ажлыг өрнүүлдэг уламжлалтай. Тус багийн хамт олны хувьд ч гэсэн нутгийн иргэдийн хүүхдүүдийн тоглоомын талбайг тохижуулан “Хүүхдийн инээд” арга хэмжээг зохион байгуулж, Париан суурингийн сургуулийн барилгыг засварлан хүлээлгэж өгсөн гээд багагүй ажлыг хийж нутгийн удирдлага, иргэдийн талархлыг хүлээжээ. Ийнхүү цэнхэр дуулгат энхийг сахиулагчид маань үүргээ амжилттай гүйцэтгээд ирлээ.
 
 
 
 
 
Хошууч Х.ГАНЗУЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин