Далаад оны сүүлээр аавыг маань өнгөрсөний дараа гэрийн гадаах бүх ажил дунд сургуулийн жаалхаан хүү миний толгой дээр ёстой буудаг юм билээ /зураг дээр аав хүү хоёр/. Сургуулийн захирал, ангийн багшаасаа арав хоногийн чөлөө аван, хоёрзуу гаруй км газар замын машинд дайгдан Цагаанчулуутын хаваржаандаа ирж, ээж дүү хоёртойгоо нэгдэл нийгмийн эр эм нийлсэн зуу гаруй ямаагаа самнаж дуусаад сургуульдаа яаран буцан, хоёр гурван сар эрдэм номдоо шамдан, бүх шалгалт шүүлгээ онцсайн дүнтэй өгөөд эргээд л ард хоцорсон ээж дүүдээ яаран, Хүнгүйн голын зусландаа ирж, гурванзуу гаруй хурга ишиг, арваад бяруу, хоёр гурван шүдлэн үрээ, нэг тайлаг тэмээ аавын зааж өгсөн арга, ёс журмаар хөнгөлөн засч билээ.
 
 
Хэд хоногийн дараа нэг зассан бяруу үнээ рүү харайгаад байхаар нь бариад үзсэн чинь харин би өрөөсөн засаалыг нь сандраад авалгүй мартаж орхисных байж. Тэгээд тэр бяруу надаар хоёр удаа засуулж билээ. За тэгээд л аавын хийж байсан унаа солих, эмнэг сургах, хонь үхэр төхөөрөх, хазаар чөдөр зангидах, арьс шир бордож сур элдэх, дээс томох, тэмээ хомнох, гэр буулгаж барих, отор нүүдэл хийх, хадлан тэжээл авах гээд хийх ажил юу эс мундахав. Тэдний дотроос хамгийн хэцүү нь тэмээний эрэл л байв. Бусдыг нь бол аавын байхад ч өлхөн хийдэг байлаа. Манайх үргэлж тэмээгээр нүүдэг, зургаа долоон сайхан атан тэмээтэй айл байв.
Зуны гурван сар бид сургуулийн амралтаараа гэртээ ирэхдээ зэрэгцүүлэн манай аав тэмээгээ ноослон харсан зүгт зуны гурван сар сул тавиад явуулчихдаг байв. Энэ хугацаанд говь нутгийн таананы ам нь цангасан тэмээ баруун зүгт салхи сөрөн, ганц ганцаараа салан дээд тал нь хоёрзуугаад км явдаг гэж аав маань хэлдэг байж билээ. Тиймээс ч манай тэмээнүүд баруун тийш яваад яваад Дааган дэл, Бүрчигтэй, Увс аймгийн Завхан сумын нутаг Жороогийн Цагаан Түнгэ ордог л доо. Энэ нь манай зуслангаас бараг зуугаад км гэсэн үг.
Аавыг өнгөрсөн жилийн тэр зун ээж биднийгээ аваад бүх мал идээгээ туугаад өөрийн төрсөн нутаг зэргэлдээ Сантмаргаз сум руу нүүхийм болоод явчихав. Тэгээд намайг найман сарын ид халуунаар За миний хүү яваад хэдэн тэмээгээ олоод ир гэдэг юм байна. Би ч ухасхийн хөтөлгөө морьтой өглөө үүрээр таван литр хар цай, хэдэн боорцог ааруул богцолж аваад л эгц урагшаа дөчөөд км аавынхаа Аргалын харын өвөлжөө хүрээд баруун тийш морьдынхоо жолоо залан хөдөө сээрээр самнан, эзгүй хээрээр эмээлээ дэрлэж хоноглосоор Дааган дэл хүрч тэмээгээ ихэнхийг цуглуулсаар айлын өвөлжөө өвсний хашаа бараадуулж бөөгнүүлсээр ганц олоогүй Хар тэмээгээ гурав хоног хайж хайж бүр аргаа ядан орхиод олсон таван тэмээгээ бөөгнөрүүлж аваад гэрийн зүг жолоо эргүүлж билээ /зураг дээр тэмээний эрэл/.
Бусах замдаа шөнө хээр мөн л эмээлээ дэрлээд тохмоо дэвсээд одон орон судлалын багш Маабазар багшын хичээл, тэнгэрийн тоо томшгүй олон одыг харж хэвтэхдээ дэлхий ертөнцийн тухай шохоорхон бодож, орчлон ертөнц амьдрал ахуйн учир начрын тухай толгойгоо гашилган бодон хэвтээд зүүрмэглэх шиг болоход хэн нэгэн чихэнд Хүү минь ямар ч юманд санаа зовних хэрэггүй, бүх юм маш энгийн бөгөөд гурван юмны нэгдэлд оршдог юм гэж шивнэх шиг болж билээ. Өглөө босоод хартал дэвсээд унтсан төхөм байдаггүй.
Эргэн тойронд хартал үүд хоймрын чинээ газар харганы ёроолд эмээлийн тохом хэвтэж байх юм. Салхинд хийсээд л явж дээ гэж бодоод морьдоо эмээллэж мордоод замдаа Загиржав Адиагийнхаар буугаад амны цангаагаа гарган хүйтэн хярам залгилах зуураа юу болсон тухайгаа өгүүлтэл Адиа Манай нутагт газрын гүүц гэж тийм юм байдаг юм, хээр дэвсээд унтаж байгаа хүний тохом энэ тэрийг аваад шидчихдэг юм зүгээрээ зүгээр гэж тайтгаруулж билээ. Газрын гүүц нь байсан уу, Тэнгэр элч нь байсан уу ямар ч гэсэн надад нэг тийм юм тохиолдох нь тохиолдсон юм.
Тэгээд гэртээ таван тэмээгээ туусаар ирэхэд манай нутгийн Цэрэндорж ах манай ээж, дүү хоёрыг нүүлгэхгүй байх талаар ихэд нухацтай зөвлөн цай ууж ёстой л нэг үглэн зөвлөн сууж байв. Манай нутгийнхан түүнийг Үглээ Цэрэндорж гэж авгайлдаг ч Цэрэндорж ах их сайн хүн байсан, тиймдээ бэлэвсэрч хоцорсон ээж бидэнд тэгэхэд аавын ёсоор ахын ёсоор чин сэтгэлийн зөвлөгөө өгч байж. Цэрэндорж ах Танайх нүүгээд явахаар энэ сайхан өвөлжөө хаваржаа зуслан хувхайрч нутаг эзгүйрнэ. Нүүхээр энэ хэдэн үхэр тугал чинь мөөрөөд Сүвний амаар орохгүй. Тэр хэдэн сайхан морьд чинь нутаг гүйгээд тогтохгүй. Энэ хэдэн хүүхэд чинь нутаг орноо санана. Зуны зун амралтаараа нутагтаа ирмээр байдаг, чамайг гээд Сантруу явах болдог. Ийм л байна. Битгий нүү гэж ятгасаны дээр Хар тэмээгээ миний хүү олсонгүй ирлээ. Яаж нүүхэв гэж ээж хэлээд бид нүүхээ больж билээ. Тэр нь ч зөв болсон байх. Тэр мөчөөс хойш ээж маань аавын буйрыг нутагтаа сахин хаашаа ч явалгүй яг хорин жил болоод Цагаанчулуутынхаа хаваржаандаа малаа төллүүлж байгаад далан гурван насандаа туулай жил дээрээ Тэнгэрт халиж билээ.
Манай нутагт 1967-68 оны мичин жилийн өвөл айхтар зуд болсныг би сайн санадаг юм. Тэр зуднаар манай аав ээж хоёр ганц ч борлон үхүүлэлгүй онд мэнд орж Аймгийн аварга малчин болж байлаа. Энэ нь аав ээжийн маань нөр их хөдөлмөр, Аргалын хар уулсын маань нөмөр нөөлөг байсан болов уу. Аймгаас манайд аварга малчин цол олгох дарга нар, Туяа сонины сурвалжлагч нар ирж зуданд эсэн мэнд орсон аваргын ажил хөдөлмөрийн нууцыг асууж туршлагыг нь судлахад манай аав гүндүүгүй, гүдэсхэн хүн тул Надад нууц энэ тэр туршлага гэж юу байхав. Аргалын харын ууландаа хамаг малаа дураар нь эзэнгүй тавьчихдаг юм гэж хээвнэг хариулж билээ.
Миний ээж яаж арваад хүүхдийнхээ гутал хувцасыг оёж, зуны аагим халуунд нэгдлийн гурванзуугаад хонь өдөрт хоёр удаа сааж, араг аргаар аргал түүж, өвлийн хүйтэнд араг аргаар цас хайлж биднийг хооллож ундалж хүний зэрэгтэй болгосон юм болоо. Одоо бодоход ээж маань хоногт гурав дөрвөн цаг л унтаж, хүзүү голдуу яс мөлжиж, хусам, хоолны үлдэгдэл голдуу идэж, бидэнд цай хоолныхоо хамгийн дээжийг нь өгч байж.
Ээж аав маань биднийг ер нь хоол хувцас хунар гээд юугаар ч дутааж байгаагүй. Яахав хөдөөгийн тэр үеийн амьдрал, зуны дэлгэр цаг гээд бид арав хүртлээ чармай нүцгэн өссөн. Харин арван наснаас хойш ичээд нэг даалибан дотоожорхуу юм өмсөнө. Ээжийн зуны гурван сарын турш хамгийн их хэлдэг хэлц үг нь Хай, тэр үхэр тугал, хонь хурга нийллээ Цогоо миний хүү гүйгээрээ л гэдэг байлаа. Би ч голын сайр говийн зангуун дээгүүр хар хурдаараа хөл нүцгэн гүйн үхэр тугал, хонь хургыг хоёр тийш салгадаг байв. Одоо бодоход тэр хурдаараа л ээжийнхээ ачийг хариулж байж дээ. 2014 онд Улаанбаатарт болж өнгөрсөн олон улсын марафон гүйлтийн насныхаа ангилалын мянгаад хүнээс мөнгөн медаль авч, хоёрт орсон нь багадаа хонь хурга, үхэр тугалаа нийлүүлэхгүй гэж өдөржин гүйжээснийх байх /зураг дээр марафон/.
Хэрэв нэг л өдөр хонь хурга нийлвэл тэр өдрийн нэгдэлд тушаах дал наян литр сүү будаа. Аав ээж хоёр маань сум нэгдлээс өгдөг үйлдвэрлэлийн даалгаварыг хамгийн түрүүнд аминыхаа үхэр тугалыг сааж байгаад ч, аминыхаа хэдэн ямааны ноолуураас нөхөж байгаад ч, аминыхаа амбан шарыг улсын махны даалгаварт тушааж байгаад ч хаадаг хүмүүс байж билээ. Ер тэр үеийн хүмүүс тийм л байсан, нам засгийн даалгавар ч хатуу байж.
Аав нүүхдээ биднийг Линг гэж нэрлэдэг хамгийн номхон бор тэмээндээ хоёр сэгс тэгнэн нэхий дэвсэн, үстэй дээлэнд сайтар ороон боорцог ааруул өвөрт хийж өгөн, жингийн тэмээний хамгийн эхэнд өөрийн гараар хөтлөн нүүдэг байлаа. Мөн өвөл сургуулийн амралтаар мөн л энэ маягаар сумын сургуулиас гуч гаруй км тэмээгээр өдөржингөө аялан үдэш орой Аргалын харын өвөлжөөндөө сургуулийн хүүхэд биднийгээ уур савсуулан авчирч ирдэг байсан нь санаанаас огт гардаггүй юм.
Манай аав архинд нэг их дурлаад байдаггүй хүн байсан. Гэхдээ нүүдэл суудал хийх үед харгана дотор тал шил юм тавьчихаад тэмээ хомнох, ачаа татах зуураа хаяа хаяа балгаж харагддаг байсан. Одоо бодоход тэр нь дулаацуулах, хүч тамир өгөх зэрэгтэй л холбоотой байсан болов уу. Аав цагаан сар улсын баяраар ч архи амсдаггүй байсан. Харин манай баруун саахалтын айл Түвдэндорж Жаажаагийн Наран ах Эрхүү хотын дээд сургуулийн оюутан зуны амралтаараа ирэхээр Жаажаа аавыг заавал дуудаж одоо Монгол Нүүрс нийгэмлэгийн дарга Наран ахын авчирсан шил водка хувааж уун орой нь Аав нь Жаажаагийн очоод Водка гэж юм уугаад ирлээ гээд их л сэтгэл нь хөөрсөн ирдэгсэн.
 
 
ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт