sonin.mn
"Зочин" булангийн хойморт АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташегийн албаны Иргэн-цэргийн харилцааны бүлгийн дарга, ахмад Лансинг Р.Вилсонг урьж ярилцлаа.
 
Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
 
-"Соёмбо" сонины уншигчдад мэндчилгээ дэвшүүлж, ажил, албаны өндөр амжилтыг хүсэн ерөөе. Намайг Лансинг Р.Вилсон гэдэг. АНУ-ын Хойд Каролина хотод төрсөн. Вержинийн Цэргийн дээд сургуулийг түүхч мэргэжлээр, мөн иргэн-цэргийн харилцааны дамжааг төгсөж, энэ чиглэлээр 7 дахь жилдээ ажиллаж байна АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташегийн албаны Иргэн-цэргийн харилцааны бүлгийн даргаар ажиллаад 3 сар гаруйн хугацааг ардаа үджээ.
 
Иргэн-цэргийн харилцааны бүлгийн үндсэн үйл ажиллагааны талаар тодруулж өгнө үү?
 
-Иргэн-цэргийн харилцаа гэдэг нь өргөн агуулгаараа нэг талаас цэргийн алба хаагчид, нөгөө талаас иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтарч гүйцэтгэх бүтээлч үйл ажиллагааны цогц юм. Аль ч шатны захирагч, дарга нь цор ганц цэргийн хүчээ бус, үйл ажиллагаа явуулж байгаа бүс, орчныхоо талаар байнгын мэдээлэлтэй байж, орон нутгийн иргэдийн итгэлийг хүлээж, тэдний үйл ажиллагаанд бүтээлч дэмжлэг үзүүлэх нь юу юунаас чухал. Энэ нь цаад утгаараа иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, батлан хамгаалах салбарын үйл ажиллагааг иргэд, байгууллага, хамт олонд ил тод, нээлттэй сурталчлах үйл явц юм. Тиймээс даяарчлагдсан енөөгийн нийгэмд мэдээллийн хэрэгсэл нь дэлхийн хамгийн том нөлөө үзүүлэгч эх сурвалж гэдгийг сайтар мэдрэх шаардлагатай.
Бид иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх чиглэлээр гол төлөв сургалтуудыг зохион байгуулдаг. Ер нь сургалт гэхээс илүүтэйгээр харилцан мэдээлэл, туршлага, санал бодлоо солилидог арга хэмжээ юм. Ингэснээр түншлэлийн харилцаагаа улам бүр нэмэгдүүлэх ач холбогдолтой. Мөн алслагдсан хөдөө орон нутагт цэцэрлэг барих төсөлд анхаарлаа хандуулж байгаа. Тухайлбал, Улаанбаатар хотын захын дүүрэг, Замын-Үүдэд цэцэрлэг байгуулж, хүүхдүүдийн ирээдүйн хөгжилд багагүй хувь нэмэр оруулсан. Энэ чиглэлээр Баян-Өлгий аймагг дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж, судалгааны ажил явуулсан. Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн сургалтуудыг хөдөө, орон нутагт түлхүү явуулж, малын эмч, малчдад дэмжлэг үзүүлж байгаа.
ЗХЖШ-ын Иргэн-цэргийн харилцааны хэлтэстэй хамтран ажиллаж, Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын иргэн-цэргийн харилцааны офицерууд, сэтгэл зүйчид, соёл хүмүүжлийн ажилтнуудтай мэргэжлийн сургалт, дадлага явуулах, харилцан туршлага, мэдээлэл солилцох ажлыг тогтмолжуулаад байна. Мөн ХХЕГ-тай хамтран ажиллаж, нохой сургах үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлсэн. Миний хувьд иргэн-цэргийн харилцааны бүлгийг удирдаж яваагийн хувьд Монгол Улс, АНУ- ын найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх, өмнөх бүлгүүдийн хэрэгжүүлсэн төсөл, бүтээлч ажлуудыг цаашид уламжпал болгон үр дүнтэй үргэлжлүүлэхийг үндсэн зорилгоо болгон шийдвэрлэж байна. Энэхүү боломжийг ашиглан бидний ажлыг байнга дэмжиж явдаг АНУ-ын Засгийн газар, Элчин сайдын яам, Монгол Улсын БХЯ, ЗХЖШ, ХХЕГ-ын удирдлага, ажилтнуудад талархаж явдгаа илэрхийлье.
 
Энэ удаагийн сургалтын давуу тал юунд орших вэ?
 
-Манай бүлэг 3 сарын өмнөөс ЗХЖШ-ын ИЦХХ-тэй нягт хамтран ажиллаж байна. Энэ үйл ажиллагаанд тус хэлтсийн дарга, хурандаа С.Төмөрхуяг ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаад бид хүндэтгэлтэй ханддаг. Энэ удаагийн сургалт нэлээд үр дүнтэй болсны дээр олон давуу талтай. Магадгүй монголд ажиллаж байгаа хугацаан дахь маш их ачаалалтай, бас сонирхолтой, идэвхтэй, бүтээлч 7 хоног байсан гэхэд эргэлзэх зүйл огт алга. Бид хоёр орны Зэвсэгт хүчний иргэн-цэргийн харилцаа, түүний төлөвлөлт, зохион байгуулалт, ажиллагааны газар оронд явуулж байгаа иргэн-цэргийн харилцааны ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцож, түүх, соёл, зан заншлын талаарх ойлголтоо улам бүр нэмэгдүүлж чадлаа. Олон жилийн туршлагатай, мэргэжлийн багш нар сургалтыг удирдсаны дээр Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын офицеруудыг өргөнөөр хамруулснаараа онцлогтой байсан. Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх явцад монгол цэрэг ямар асуудалтай тулгарч болох вэ, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар хэд хэдэн асуудлыг хөндлөө.
Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид дэлхийн цэрэг болсныг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Энэхүү ажиллагаанд цэрэг хандивлагч орнуудын дотор монгол цэргийн үүрэг гүйцэтгэх чадвар, туршлага, чанд хатуу сахилга, багаар ажиллах, богино хугацаанд шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх ур чадварт нь бүрэн итгэдэг. Хамгийн чухал нь цөөн хоногт илүү их мэдээллийг түгээсний зэрэгцээ сургалтад оролцсон офицеруудын сэтгэх ур чадвар, сурах эрмэлзэл, бүтээлч үйл ажиллагаа өндөр байсныг багш нар ендрөөр үнэлсэн. Тэдний сэтгэгдлээс дүгнэхэд монголын цэргийн алба хаагчдын идэвх оролцоо, бүтээлч хандлага нь дэлхийн бусад орнуудынхаас илүү байсан нь энэ удаагийн сургалтын ач холбогдлыг өргөж байна.
 
Монгол орны талаарх сэтгэгдлийг тань сонсохыг хүсч байна...
 
-Би өөрийгөө их азтайд тооцож байна. Эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу одоогоор 3 сарын хугацаанд танай сайхан оронд ажиллаж, монгол орны түүх, соёл, зан заншилтай танилцаж байгаадаа баяртай байна. Анх Монгол Улсад ажиллах болсон тухай баярт мэдээг сонсоод туйлын ихээр баярласан. Монгол хүн, монголын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчидтай хамтарч ажиллах нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Би өөрөө түүхч мэргэжилтэй хүний хувьд монгол орны түүхийг сайтар уншсан, одоо ч уншсаар явна. Манай улсын номын санд дэлхийн эртний улсуудын түүх, түүний дотор Чингис хааны түүхтэй холбоотой ном, бүтээлүүд англи хэл дээр олон бий. Миний хувьд өнгерсөн хугацаанд Баян-Өлгий, Дорноговь, Дорнод аймагт очиж ажилласан. Боломж байвал монголын бүхий л аймгаар явж, говь, хангай, тал нутгийн сайхныг улам бүр мэдрэхсэн гэж бодож явна. Түүх, соёл, зан заншлын хувьд өргөн агуулгатай, өнө эртний баялаг түүхтэй, эр зориг, эрдэм чадал, хүн чанарын өлгий болсон монгол оронд ажиллаж, монголчуудтай, монголын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчидтай нөхөрлөж байгаа нь миний амьдралын хувьд түүхэн дурсамж, их хувь заяа гэж үнэлэхээс өөр яахан билээ.
 
Монгол цэргийн талаарх таны сэтгэгдэл...?
 
-Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө тангараг өргөсөн монгол цэргийн олон зууны гайхамшигт түүхийг судалж, хүндэтгэж яваа хүний нэг нь би. Өнөө цагийн цэрэг эрс үндсэн үүргээ үлгэр жишээ гүйцэтгэхийн хамт олон талт бусад чиг үүргийг амжилттай гүйцэтгэж байна. Түүний дотор энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоо нэмэгдэж, үүрэг гүйцэтгэх чадвар нь улам бүр дээшилж байгаад талархах учиртай. Би Афганистан улсад үүрэг гүйцэтгэж байгаа монгол цэргүүдийн ур чадвар, бүтээлч үйл ажиллагааны талаар олон арван жишээг хэлж чадна. Монгол Улсад олон улсын болон хоёр орны хамтарсан сургалтууд үр дүнтэй явагдаж байна. Тэр бүхний үр дүнд монгол цэргийн дадлага, ур чадвар улам нэмэгдэж, ажиллагааны туршлага хуримтлуулж байгаа нь мэдээж. НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд оролцож байгаа монгол цэргийн ур чадварыг гадаадын орнуудын төр, засгийн тэргүүн, мэргэжилтнүүд, цэргийн алба хаагчид маш өндрөөр үнэлдэг нь мэдрэгддэг.
 
Цаашид төлөвлөж байгаа ажлуудаас онцлохгүй юу?
 
-АНУ-ын Иргэн-цэргийн харилцааны бүлгээс зохион байгуулах сургалтын тоог аль болох нэмэгдүүлж, харилцан туршлага судлахын хамт мэдээллийн солилцоог өргөжүүлнэ. Хоёр орны хамтарсан сургалт дадлага, багш нарын болон оролцогчдын тоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарлаа хандуулна. Цаашид Монгол Улсын Зэвсэгт хүчний иргэн-цэргийн харилцааны мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, тэдний бүтээлч үйл ажиллагааг дэмжих чиглэлээр төлөвлөсөн ажлууд бий.
 
Сүүлийн асуултыг танд үлдээе...
 
-Миний хувьд Монгол Улсын Засгийн газар, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагад маш их талархаж байгаа бөгөөд миний амьдралд тохиох дурсамж энд байх хугацаанд нэмэгдсээр байна. Цаашид Монгол Улсад үргэлжүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байгаа. Хожим Монгол Улсад аялал, жуулчлалын чиглэлээр ирж, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах чин эрмэлзэлтэй яваа. Энэ удаагийн сургалтын үйл ажиллагааг ийнхүү өндөрлөж байгаа боловч иргэн-цэргийн харилцааны хувьд шинэ ажлын эхлэлийг тавьж байгаа хэмээн ойлгож байна. Сургалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Элчин сайдын яамны ажилтнууд, соёлын зөвлөх А.Уянгатэгш, Ч.Энхцэцэг нарт баярласнаа илэрхийлье. Мөн энэхүү сургалтад идэвхтэй оролцсон Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдынхаа цаашдын бүтээлч ажилд нь улам их амжилтыг бэлгэдэн ерөөе.
 
 
Бэлтгэл хурандаа Б.ОТГОНБАЯР
Эх сурвалж: "Соёмбо" сонин